Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 602

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин, 

улсын яллагч Ц.Майбаяр,

шүүгдэгч Ж.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Баянцагаан овогт Жамсрангийн Ж.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014250004814 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Гандан тэгчлэн хийдийн Гунгаа чойлон дацан хурлын лам, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 4-11 тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Баянцагаан овогт Жамсрангийн Ж.П /РД: ./,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Ж.П нь бусдыг хуурч залиласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.П нь бусдыг хуурч, сүсэг бишрэлийг далимдуулан 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Практикал” даатгалын байранд Г.Нямдоржоос ажил бүтээх дуудлага хийж, судар дотор байлган ном уншиж байгаад 7 хоногийн дараа өгнө гэж 3000 евро буюу 7.088.850 төгрөгийг,

2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Содномжамцаас түр хугацаагаар зээлэх нэрээр 8 сая төгрөгийг,

2014 оны 01 дүгээр сараас 2014 оны 08 cap хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Ж.Энхбаяраас хуучны хөөрөг, есөн эрдэнэ хийдэг мөнгөн сав өгнө гэх мэтчилэн хуурч 5 удаагийн үйлдлээр нийт 28.800.000 төгрөгийг,

2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо 57 дугаар байрны 10 тоот дахь гэртээ Б.Цогтбаярт засал хийж өгнө, тахил дээр 888.000 төгрөг тавьж 3 хоногийн дараа ном уншиж мөнгөө буцааж ав гэж 888.000 төгрөгийг,

2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “Дэнжийн 1000-н” цагаан байрны орчимд маргааш өгье гэж 2.500.000 төгрөгийг тус тус авч бусдад нийт 47.276.850 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Г.Нямдоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2013 оны 11 дүгээр сарын үед би төслийн ажил хөөцөлдөөд шийдвэр гарахыг нь хүлээгээд сууж байсан ба энэ ажиллагаа бүтэхгүй байгаад байхаар нь манай хадам ээжийн шүтэж ном уншуулдаг лам байхаар нь би ном уншуулсан юм. Тэгээд арга чарга байна уу гээд лам дээр очтол "чи хийж байгаа ажлынхаа үнийн дүнгийн хувийг өөрөө мэдээд аваад ирээ" гэхээр нь миний хөөцөлдөж байсан ажил маань 300 сая төгрөгний ажил байсан болохоор би тэр ламд 3000 евро өгсөн юм. Тэгээд энэ мөнгийг авахдаа надад "би мөнгийг чинь аваад судар дотроо байлгайж ном уншиж байгаад 7 хоногийн дараа буцааж өгнө, тэгээд чиний ажил бүтнэ" гээд авсан юм. Тэгээд тэр цагаас хойш сарын хугацаанд холбоотой байсан ба эхлээд бол номоо уншиж байнаа гээд л байсан сүүлдээ удахгүй буцааж өгнөө зав гарахгүй байна гээд байсан юм. Тэгээд алга болсон. Тэгээд 2014.04-р сард гудамжинд таарсан чиньяг маргааш өгнө гэжхэлээд байхгүй болсон...,

...Ж.П надтай нэг хүн уулзуулсан чинь тэр хүн надад тус болж чадахгүй юм байна гэж хэлсэн. Тухайн үед надад Алтанхуяг сайд, Баттулга, Сайханбилэг гэх хүмүүстэй уулзуулж өгнө гэж хэлж байсан. Би тэр үгэнд нь итгээгүй, тэр хүмүүстэй ч уулзаагүй. Ж.П нь миний хохирол болох 3000 еврог 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр буцааж өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 40х-42х/,

хохирогч Б.Содномжамцын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүнсний нэгдүгээр дэлгүүрийн хажууд явж байсан чинь Ж.П ламтай таарсан бөгөөд тэр лам "өө ашгүй дэ надаа 8 сая төгрөг яаралтай зээлээч би 14 хоногийн хугацаатай авъяа буцаагаад 8.800.000 төгрөг болгож өгнө" гэсэн юм. Тэгэхээр нь би итгээд за тэгье гээд бид хоёр нотариат ороод зээлийн гэрээ батлуулаад би мөнгийг нь өгсөн юм. Тэгээд тэр цагаас хойш дахиж уулзаагүй алга болсон. ...2014 оны 04-р сарын үед байх үндсэн мөнгөнөөс хасуулая гээд 2.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд үлдсэнийг нь наадмын өмнө гээд алга болсон.." гэх мэдүүлэг /хх-ийн 44х-45х/,

хохирогч Ж.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2014 оны цагаан сарын дараа өөрийн эхнэр Оюунгэрэлийн ажлын газрын танилаар дамжуулан Ж.П гэх хүнтэй танилцаж байсан юм. Тухайн үед цагаан сарын дараа Ж.П нь БГД-ийн нутаг дэвсгэрт 10 дугаар хороололд байр түрээслээд ном уншиж хүн үзэж хардаг байсан. Тэгээд би тэр Ж.П гэх хүнтэй очиж уулзаад засал ном хийлгэж эхлээд ихэд шүтдэг болсон юм. Ж.П нь 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр эхнэр Оюунгэрэлд гурван ширхэг хуучны хөөрөг үзүүлээд энэ хөөргөөр ажил төрлийг чинь бүтээгээд хөөргийг танд өгнө та энэ дундаас шилж байгаад аваарай надад яаралтай 3,0 сая төгрөгийн хэрэг байна гэж хэлээд 3,0 сая төгрөгийг эхнэрийн ажлын газар болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс аваад явсан гэсэн. Дараа нь 2014 оны 03 дугаар сарын 31-ны өдөр бурхан дээр тавьдаг мөнгөн бумбыг надад харуулаад 17 дугаар зууны үеийн ид шидтэй бумба байгаа юм би ном уншаад таны ажил төрлийг сайн бүтээгээд өгнө би үүнийг хүнээс худалдаж танд авч өгөх гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгснээ надад 10,0 сая төгрөг хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би найз нөхдөөсөө зээлээд 10,0 сая төгрөгийг зээлчихээд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Хангарьд ордны ойролцоо Ж.Птай уулзаад бэлнээр 10,0 сая төгрөгийг өгсөн юм. Мөн 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Очироор огтлогч бичигтэй дээр үеийн судар байна энэ судар нь 16 дугаар зууны үеийн оргинал судар байгаа юм яг энэ судрыг би танд гандангийн номын сангаас аваад ном уншаад залж өгье гэж хэлээд 7,0 сая төгрөгийг бэлнээр аваад явсан юм. Би тухайн үед энэ судрын талаар таньдаг ламаас асуухад уг нь тийм судар байдаг юм гэж хэлж байсан. Тэгээд Ж.Птай тааралдаад нөгөө судар яасан бэ юу болж байна гэхэд удахгүй танд өгнө гээд хуураад яваад байсан юм. Тэгээд 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Ж.П нь надаас 5.0 сая төгрөгийг хэдхэн хоногийн хугацаатай зээлж аваад удахгүй авчираад өгнө гэж хэлсэн тухайн үед надад мөнгөний хэрэг яаралтай гараад байна удахгүй гэж хэлээд л зээлээд авсан юм. Дараа нь 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ажлын өрөө болон гэр орондоо байрлуулахад тохиромжтой бартай дээр үеийн гуулин тамга авчирч үзүүлээд ажил үйлс сайн бүтээдэг та үүнийг хэд хоног ажил дээрээ тавьчих гэсэн юм. Түүний дагуу хэд хоног ажлын өрөөндөө байрлуулсан юм. Тэгснээ надад 3.0 сая төгрөг хэрэгтэй байна би тамгаа авахдаа 3.0 сая төгрөгийг өгчихнө гэж хэлэхээр нь зээлсэн юм. Түүний дараа 2014 оны 8 дугаар сард манай дүүгийн хүүхдийн бие нь муудаад тариа хэрэгтэй байна гэхээр нь "Монос"-с 300.000 төгрөгний тариа авч өгсөн тэгтэл надад 500.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би Ж.Пд уг мөнгиийг нь хэлснээр зээлүүлсэн. ...Тухайн үед Ж.П нь ажил мэргэжилийнхээ хувьд хүнийг хуурахааргүй, бурхан шашинтай холбоотой лам дээлтэй, ном харуй уншаад яваад байгаа хүн хэзээ ч хүнийг хуурахгүй байх гэж боддог байсан юм. Мөн би өөрийнхөө сүсэг биширлийн хувьд тэр хүнийг шүтэж явсан юм...

...Надаас 4 удаагийн үйлдлээр 25.800.000 төгрөг, манай талийгаач энхэр Оюунгэрэлээс дамжуулж 3.000.000 төгрөг авсан байдаг. ингээд нийт 28.800.000 төгрөгийг надаас авсан. ...2016 оны зун надруу дүү нь гээд нэг залгаж байгаад миний дансруу 3.000.000 төгрөг шилжүүлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 113-115х/,

хохирогч Б.Цогтбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "..."Би 2014 оны 7 дугаар сарын эхээр Ж.П гэх лам хүнтэй танилцаад хааяа нэг очиж үзүүлж харуулдаг байсан бөгөөд 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр над руу залгаад чиний заслыг хийнэ хүрээд ир гэж гэртээ дуудсан бөгөөд гэр нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 57-10 тоотод ганцаараа очсон. Тэгээд миний заслыг хийхэд 3 хоног ном уншина одоо 888.000 төгрөг тахил дээр тавиад гурав хоногийн дараа ном уншиж дуусаад мөнгөө буцааж аваарай гэхээр нь би уг хэлсэн мөнгийг нь тахил дээр нь тавиад ном уншуулаад явсан. 17-ны өдөр Ж.П над руу залгаад яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа, 2.500.000 төгрөг нэг хоногийн хугацаатай өгчихөөд маргааш буцаагаад өгнө гэхээр нь Дэнжийн 1000-н цагаан байрны орчим машин дотор өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 182х-183х/,

гэрч Н.Гэрэлт-Одын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Содномжамцаас мөнгө авах үед хамт явсан. Тэр мөнгийг яах гэж авсныг мэдэхгүй. Би тэр Содномжамцаас авсан 8 сая төгрөгнөөс надаа 4 сая төгрөг өгсөн ба тэр үед манай хүүхдийн бие муудаад байсан болохоор би Ж.П ахаас зээлж аван.Тэгээд би авсан мөнгөнөөсөө эргүүлж төлөөгүй юм. Харин дараа нь Ж.П ах 2.800.000 төгрөгийг Содномжамцад хүргээд өг гэхээр нь би хүргэж өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 46-47х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Ж.Пыг бусдыг хуурч залиласан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ж.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөг торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Пын орлого олох боломж, өөрийн саналыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Баянцагаан овогт Жамсрангийн Ж.Пыг бусдыг хуурч залиласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Пыг 800 нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Пыг шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Пт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ