Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 115/2018/0015/з |
Дугаар | 221/МА2019/0071 |
Огноо | 2019-02-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2019/0071
“М и” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Л, Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С нарыг оролцуулан Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 115/ШШ2018/0028 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, “М и” ХК-ийн нэхэмжлэлтэй, Замын-Үүд дэх Гаалийн газар, тус газрын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 115/ШШ2018/0028 дугаар шийдвэрээр: “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.3, Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М и” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Гаалийн үнийг тодорхойлсон тайлбар хуудас”-ыг хүчингүй болгож, нэхэмжлэгчид илүү ногдуулсан гаалийн болон бусад татвар болох 73,070,651.43 төгрөгийг Замын-Үүд дэх Гаалийн газраас гаргуулж, нэхэмжлэгч “М и” ХК-д буцаан олгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч Замын-Үүд дэх Гаалийн газар давж заалдах гомдолдоо: “...Импортын барааны 03-2091004-13-132493, 03-2091004-13-132500 дугаартай гаалийн мэдүүлгээр “М и” ХК-ийн мэдүүлсэн барааны үнийг гаалийн улсын байцаагч Д.Б хянаж тодорхойлсон үнийг зөв гэж үзэх дараах үндэслэлүүд байна. Үүнд:
1. 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан XGEMGCL1307-03 тоот гадаад худалдааны гэрээний 15 дугаар зүйлд “Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор барааны үнийг 100 хувь төлнө” гэж заасан боловч “М и” ХК нь гэрээний уг заалтыг зөрчиж, 2013 оны 7 дугаар сарын 30, 2013 оны 8 дугаар сарын 14, 22, 23-ны өдрүүдэд буюу 29 хоногийн хугацаанд төлбөрийг 4 хувааж төлж, төлбөр төлөх гэрээний хугацааг 22 хоногоор хэтрүүлсэн,
2. Гэрээний дагуу 5 төрлийн арматурыг 17,340,000 /арван долоон сая гурван зуун дөчин мянга/ юань төлж авахаар заасан боловч 4 хуваан нийт 17,300,000 /арван долоон сая гурван зуун мянга/ юань төлж, баримтаар 40,000 /дөчин мянга/ юань дутуу төлж, гэрээний заалтыг зөрчсөн,
3. Гэрээнд ф12мм-ийн хэмжээтэй арматур 900 тонныг импортлохоор заасан боловч 03-2091004-13-132493 дугаартай импортын мэдүүлгээр ф12мм-ийн хэмжээтэй арматур 832.161 тонн. 03-2091004-13-132500 дугаартай импортын мэдүүлгээр ф12мм-ийн хэмжээтэй арматур 301,864 тонн буюу нийт ф12мм-ийн хэмжээтэй арматур 1134 тонн болж байгаа түл 234 тонноор илүү ф12 мм-ийн хэмжээтэй арматурыг импортолж, гэрээний заалтыг зөрчсөн,
4. Гэрээнд Инкотермс 2010 DАР Эрээн нөхцөлтэй гэж заасан боловч Олон улсын гадаад худалдааны ИНКОТЕРМС-2010 бараа нийлүүлэх нөхцөлийн дагуу DAP-Delievered At Place (named place of destination) буюу DАР-(нэрлэсэн газарт хүлээлгэн өгөх) гэрээгээр урьдчилан тохиролцож ачаа барааг нийлүүлэх, нэрлэсэн газрын нэрлэсэн цэгээс хүлээн авснаас хойш ачаа бараатай холбоотой бүх зардлуудыг хүлээн авагч тал хариуцах үүрэгтэй байсан боловч “М и" ХК нь энэ үүргээ зөрчиж, БНХАУ-ын Эрээн хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Замын-Үүд өртөө хүртэлх тээврийн зардлыг хариуцан гаалийн байгууллагад тээврийн зардлыг гаалийн байгууллагад мэдүүлээгүй. Мөн “М и” ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй анх танилцаад Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухай 01/562 тоот албан бичгээр хүргүүлсэн.
Иймд Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг, 8.3.1 дэх заалтын дагуу гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, эсхүл түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, тоон үзүүлэлт нь хангалтгүй байсан гэх үндэслэлээр гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлсон гаалийн улсын байцаагч Д.Б-ийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж, дараагийн шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Гаалийн үнийг тодорхойлсон тайлбар хуудас”-аар нэхэмжлэгч “М и” ХК-ийн 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн 03-2091004-13-I32493R дугаар мэдүүлгээр гаалийн хилээр нэвтрүүлсэн 2 158 018 кг, 03-2091004-13-I32500R дугаар мэдүүлгээр гаалийн хилээр нэвтрүүлсэн 301 864 кг барааны гаалийн үнийг шалгаад “төлбөрийн баримтын хугацаа өөр, гэрээнд заасан марк, тоо хэмжээгээр биш” гэх үндэслэлээр тухайн барааны гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсон хэлцлийн үнийн аргыг хэрэглэхээс татгалзаж, уялдуулан хэрэглэх үнийн аргаар тодорхойлсон байна.
Үүнийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч, тус шийдвэрийг хүчингүй болгуулахаар “...Засгийн газрын санхүүжилт хугацаа хоцорч хийгдсэн учраас гэрээний төлбөрийг хувааж төлсөн, гэхдээ хилээр бараа орж ирэхэд бид гэрээний үүргээ биелүүлж барааныхаа үнийг 100 хувь төлсөн байсан, ...арматур төмөр нь хэмжээний хувьд онцлог бөгөөд харилцан адилгүй боодлоор багцалсан ирдэг учраас гэрээнд заасан тоо хэмжээгээ барих боломжгүй, энэ талаар гэрээнд тохиролцсон байгаа” гэж маргасан, хариуцагчаас гаалийн үнийг уялдуулан хэрэглэх үнийн аргаар тодорхойлсон үндэслэлээ “...2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн XGEMGCL1307-03 дугаар гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлэн төлбөрийг дутуу төлсөн, ....хилээр оруулсан барааны тоо хэмжээ гэрээний хавсралтад заагдсан хэмжээтэй зөрсөн, зарим нь гэрээнд заасан хэмжээнээс илүү, зарим нь дутуу орж ирсэн” гэж тайлбарлажээ.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтуудыг зөв үнэлж, “...Гаалийн улсын байцаагч нь “М и” ХК-ийн импортоор оруулж ирсэн барааны гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсон хэлцлийн үнийн аргаар тодорхойлохоос татгалзаж, өөр аргаар буюу тодруулбал бусад аргуудыг шууд алгасан гаалийн үнийг тодорхойлох сүүлийн арга болох уялдуулан хэрэглэх үнийн аргаар тодорхойлсон нь хууль болоод нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Тодруулбал,
1. Нэхэмжлэгч “М и” ХК нь Барилга, хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Ган туйвангийн үнэ тогтворжуулах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр төмөр бетон бүтээцийн MNS JISG3112:2002 стандартын шаардлага хангасан 1 тн арматур төмрийг 1 150 000 төгрөгөөс дээшгүй үнээр хэрэглэгчдэд нийлүүлэх, харин нөгөө талаас “ХААН Банк” ХХК-иар дамжуулан 15 000 000 000 /арван таван тэрбум/ төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгох замаар уг хөтөлбөрийг санхүүжүүлэх үүргийг хүлээхээр тохиролцжээ.
Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч “М и” ХК нь БНХАУ-ын “Ш А, С” корпорацитай 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн XGEMGCL1307-03 дугаартай гэрээгээр 5100 тн арматур төмрийг 17 340 000 юаниар худалдан авахаар тохиролцож, гэрээний төлбөрийг гэрээнд гарын үсэг зурагдсан өдрөөс хойш 7 хоногийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн байх боловч “Ган туйвангийн үнэ тогтворжуулах гэрээ”-ний санхүүжилт нэхэмжлэгч хуулийн этгээдээс үл хамаарах шалтгаанаар тогтоосон хугацаанд хийгдээгүй, хүлээгдэж байсантай холбоотойгоор гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй гэж үзэх боломжтой, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгч нь 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 4 000 000 юань, 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 5 000 000 юань, 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 5 200 000 юань, 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 3 100 000 юань, нийт 17 300 000 юанийг “Ш А, С” корпорацид барааг гаалийн хилээр нэвтрүүлэхээс өмнө шилжүүлсэн нь төлбөр төлсөн баримтуудаар тогтоогджээ.
Ийнхүү төлбөрийг шилжүүлэхдээ гэрээний хавсралтад заасан үнийн дүнгээс 40 000 юанийг дутуу шилжүүлсэн боловч энэ нь худалдагч талаас 2 удаагийн ачилтаар нийт 5082 тн буюу 17 278 800 юанийн үнэ бүхий арматур төмрийг нийлүүлж, худалдан авагчаас шилжүүлсэн 17 300 000 юанийн зөрүү болох 21 105.20 юанийг “М и” ХК-д буцаан шилжүүлсэн зэрэг баримтыг гаалийн мэдүүлэгт хавсаргасан байхад хариуцагчаас тухайн баримтуудыг харьцуулан дүгнэхгүйгээр “...төлбөрийн баримтын хугацаа өөр” гэж үзсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нь гаалийн мэдүүлэгт мэдүүлсэн барааны үнийг гэрээнд заасны дагуу бүрэн төлсөн болох нь тогтоогдож байна.
2. Нэхэмжлэгч “М и” ХК нь БНХАУ-ын “Ш А, С” корпорацитай байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн XGEMGCL1307-03 дугаартай гэрээгээр 5 төрлийн нийт 5100 тонн арматур төмрийг хэмжээ хамаарахгүйгээр 1 тонныг 3400 юаниар худалдан авахаар тохиролцсоны дагуу худалдагчаас тухайн барааг 2 хувааж нийлүүлсэн, ингэхдээ эхний удаагийн 44 вагоноор нийлүүлэгдсэн барааны хувьд,
1. 2013 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 03-2091004-13-I32356R дугаартай мэдүүлгээр:
22 мм-ийн диаметртэй арматур төмөр 578 650 кг,
25 мм-ийн диаметртэй арматур төмөр 845 710 кг,
28 мм-ийн диаметртэй арматур төмөр 292 419 кг, нийт 1 716 779 кг[1]
2. 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 03-2091004-13-I32392R дугаартай мэдүүлгээр:
25 мм-ийн диаметртэй арматур төмөр 177 958 кг[2]
3. 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 03-2091004-13-I32373R дугаартай мэдүүлгээр:
25 мм-ийн диаметртэй арматур төмөр 431 328 кг,
28 мм-ийн диаметртэй арматур төмөр 296 075 кг, нийт 727 403 кг[3]
Хоёр дахь удаагийн 40 вагоноор нийлүүлэгдсэн барааны хувьд,
4. 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 03-2091004-13-I32493R дугаартай мэдүүлгээр:
12 мм-ийн диаметртэй арматур төмөр 832 161 кг,
16 мм-ийн диаметртэй арматур төмөр 750 690 кг,
22 мм-ийн диаметртэй арматур төмөр 575 173 кг, нийт 2 158 024 кг[4]
5. 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 03-2091004-13-I32500R дугаартай мэдүүлгээр:
12 мм-ийн диаметртэй арматур төмөр 115 125 кг,
16 мм-ийн диаметртэй арматур төмөр 186 739 кг, нийт 301 864 кг[5] буюу нийт 5 082 022 кг арматур төмрийг оруулж ирсэн болох нь тогтоогдож байна.
Үүнийг 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн XGEMGCL1307-03 дугаартай гэрээгээр тохиролцсон барааны нэр, төрөлтэй харьцуулан дүгнэвэл,
12 мм-ийн диаметртэй арматур төмөр 900 000 кг худалдан авахаас 947 286 кг-ийг нийлүүлсэн нь 47 286 кг-аар илүү,
16 мм-ийн диаметртэй арматур төмөр 900 000 кг худалдан авахаас 937 437 кг-ийг нийлүүлсэн нь 37 437 кг-аар илүү,
22 мм-ийн диаметртэй арматур төмөр 1 200 000 кг худалдан авахаас 1 153 823 кг-ийг нийлүүлсэн 46 177 кг-аар дутуу,
25 мм-ийн диаметртэй арматур төмөр 1 500 000 кг худалдан авахаас 1 454 996 кг-ийг нийлүүлсэн нь 45 004 кг-аар дутуу,
28 мм-ийн диаметртэй арматур төмөр 600 000 кг худалдан авахаас 588 494 кг-ийг нийлүүлсэн нь 11 506 кг-аар дутуу буюу нийт дүнгээр 5 082 022 кг арматур төмөр нийлүүлсэн нь гэрээгээр тохиролцсон нийт 5 100 000 кг арматур төмрөөс 17 978 кг дутуу байна.
Гэхдээ тус гэрээний 3-т “Тоо хэмжээ: 5100 тонн (нийт жин ба размер тус бүр +10/-10%-ийн хэлбэлзэлтэйгээр зөвшөөрөв)” гэж тусгасан, нэхэмжлэгчээс гэрээний энэ заалтыг тайлбарлахдаа “...тухайн барааны онцлогоос хамаараад тоо хэмжээний хувьд гэрээнд зааснаас зөрөх тохиолдол гардаг тул талууд гэрээгээ дүгнэж зөрүү үнийг төлөх эсхүл буцаан авах зэргээр сүүлд нь тооцоо нийлдэг” гэснийг үгүйсгэх үндэслэлгүй байх бөгөөд худалдагч БНХАУ-ын “Ш А, С” корпораци нь 5 082 022 кг буюу 17 278 800 юанийн үнэ бүхий арматур төмрийг нийлүүлсэн гэж үзэж, худалдан авагчаас шилжүүлсэн 17 300 000 юанийн зөрүү болох 21 105.20 юанийг “М и” ХК-д буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул маргаан бүхий гаалийн мэдүүлгүүдээр оруулж ирсэн арматур төмрийг “...гэрээнд заасан марк, тоо хэмжээгээр биш” гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Гаалийн байгууллага нь дараах тохиолдолд бодит мэдээллийг үндэслэн гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлж болно”, 8.3.1-д “гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, эсхүл түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, тоон үзүүлэлт нь хангалтгүй байсан бол”, 8.3.2-т “мэдүүлэгч гаалийн үнийн үнэн зөвийг нотолж чадаагүй бөгөөд гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэлгүй гэж үзсэн бол” гэж заажээ.
Нэхэмжлэгч “М и” ХК нь 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 03-2091004-13-I32493R дугаар мэдүүлгээр мэдүүлсэн 2 158 018 кг, 03-2091004-13-I32500R дугаар мэдүүлгээр мэдүүлсэн 301 864 кг барааны гаалийн үнийг хэлцэлд дурдсан үнэ /1 тн барааны үнэ 3400 юань/-ээр тодорхойлон мэдүүлж, холбогдох бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгсөн байх бөгөөд хавсаргасан баримтуудаас үзвэл, гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, эсхүл түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, тоон үзүүлэлт нь хангалтгүй байсан, мэдүүлэгч гаалийн үнийн үнэн зөвийг нотолж чадаагүй бөгөөд гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэлгүй гэж үзэх үндэслэл дээр дурдсан үйл баримтуудаас тогтоогдохгүй байна.
Харин хариуцагчаас тайлбарлан маргаж буй “... гэрээгээр тогтоогдсон төлбөр төлсөн хугацаа гэрээнд зааснаас өөр буюу 22 хоногоор хэтэрсэн, төлбөрийг гэрээнд зааснаас дутуу төлсөн улмаар худалдагч талаас нийлүүлсэн барааны тоо, хэмжээ гэрээнд заасан тоо, хэмжээнээс зөрсөн” зэрэг нөхцөл байдлууд нь гаалийн үнийг тодорхойлохтой шууд хамааралгүй өөрөөр хэлбэл, төлбөрийг хугацаа хожимдуулж төлсөн болон гэрээнд зааснаас дутуу төлсөн нөхцөл байдал нь хэлцлийн үнэд нөлөөлөөгүй байхын зэрэгцээ төлбөрийг хугацаа хэтрүүлж төлсөн нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан улмаар тухайн бараа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбарласанчлан тоо, хэмжээний хувьд ширхгээр жинлэгдэх боломжгүй, боодлоор багцлагдаж тонноор жинлэгддэг онцлогтой зэргээс хамааран гэрээнд тусгагдсан тоо, хэмжээнээс зөрүүтэй нийлүүлэгдэх боломжтой болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн маргаан бүхий актыг гаргах үндэслэл болсон үйл баримт нь хуульд заасан гаалийн мэдүүлэгт тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэлгүй гэж үзэх үндэслэл биш харин худалдагч БНХАУ-ын “Ш А, С” корпорацитай байгуулсан гэрээний үүргийн зөрчилд хамаарах ойлголт гэж үзэхээр байна.
Ийнхүү импортолж буй барааны гаалийн үнийг хэлцлийн үнийн аргаар тодорхойлох боломжгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад хариуцагчаас хуульд заагаагүй үндэслэлээр гаалийн үнийг хэлцлийн үнийн аргаар тодорхойлохоос татгалзаж, гаалийн үнийг тодорхойлох бусад аргуудыг шууд алгасан уялдуулан хэрэглэх үнийн аргаар тодорхойлсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
Харин хариуцагчаас “...”М и” ХК нь БНХАУ-ын Эрээн хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Замын-Үүд өртөө хүртэлх тээврийн зардлыг хариуцах учраас гаалийн байгууллагад тээврийн зардлыг мэдүүлэх үүрэгтэй байсан боловч мэдүүлээгүй хэлцлийн үнийн аргыг хэрэглэх нэг үндэслэл болсон” гэж тайлбарлан маргасан байх боловч маргаан бүхий актад энэ үндэслэл тусгагдаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс энэ талаарх гомдолд дүгнэлт хийх шаардлагагүй.
Түүнчлэн ”М и” ХК-ийн дээрх үйл ажиллагаатай холбогдуулан 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Гаалийн ерөнхий газрын даргын баталсан 50/15 тоот удирдамжийн дагуу тус хуулийн этгээдэд бүрдүүлэлтийн дараах шалгалт хийсэн тухай илтгэх хуудасны дүгнэлт хэсэгт “...БНХАУ-ын компанитай байгуулсан гадаад худалдааны гэрээний дагуу арматур төмрийн төлбөрийг /юань/ гуйвуулж бараагаа татан авдаг нь гадаад худалдааны болон санхүүгийн баримтаар тогтоогдсон импортын барааны үнэлгээний 1 дүгээр аргаар үнэлж гаалийн бүрдүүлэлт хийгдэж байсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. ...Гаалийн мэдээллийн баазад арматур төмрийг барааны ангилалын 13 кодоор мэдүүлж бүрдүүлэлт хийгдсэн байгаа нь гаалийн газар, хороод нэг төрлийн барааг өөр өөр ангилалын бүрдүүлэлт хийгдэж байна гэж дүгнэхэд хүрлээ” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүхэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 115/ШШ2018/0028 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Замын-Үүд дэх Гаалийн газрын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
[1] 2хх-91-146
[2] 2хх-147-160
[3] 2хх-161-188
[4] 1хх-182-2хх-56
[5] 2хх-57-90
/Гаалийн мэдүүлэг тус бүрийн барааны нэр, төрөл, хэмжих нэгж, тоо хэмжээ хэсэгт арматур төмрийн төрөл болон хэмжээг тусгасан байх бөгөөд мэдүүлэгт хавсаргасан БНХАУ-ын “ШИНХУА АЯРН, СТЕЛ” корпорациас ирүүлсэн нэхэмжлэх /commercial invoice/ болон хүргүүлсэн барааны жагсаалт /packing list/ нь мэдүүлэгт тусгасан барааны нэр төрөл, тоо хэмжээтэй тус тус тохирч байна/