| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0577/Э |
| Дугаар | 608 |
| Огноо | 2018-08-15 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Батхишиг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 608
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
улсын яллагч Б.Батхишиг,
хохирогч Э.Лувсандамчаа,
иргэний хариуцагч И.Батбаяр,
шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ /¹0690/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Еөг овогт Батбаярын Б.Оод холбогдох эрүүгийн 1803002420224 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо Дамбадаржаагийн 81 дүгээр гудамж 44 В тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн 1365 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 147 дугаар зүйлийн 147.2-т тус тус зааснаар 3 жил 1 cap хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай Еөг овогт Батбаярын Б.О /РД: ./
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 3 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнийн 00 цаг 50 минутын үед Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо Зуслангийн зам, Иргэдэд үйлчлэх төвийн зүүн замд “Хьюндай Аксент” маркийн 76-94 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн эхрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 9.3-т заасан "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газар цагт 60 км, -ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Э.Лувсандамчааг мөргөн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч Э.Лувсандамчаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...манай ангийхан цэргийн баярыг тэмдэглэе гэж, ...Хасбатын Яргайтад байдаг зусланд очихоор болсон. Бид нар 18 цаг 30 минутын орчим сургуулиасаа гарч 19 цаг өнгөрч байх үед Хасбатын Яргайтад байдаг зусланд 7-лаа очсон. Бид нар хоол унд хийж идчихээд бөөндөө архи уугаад сууцгаасан. Би ойролцоогоор 23 цаг өнгөрч байх үед Болдсүх гэх найзтайгаа муудалцсан, тухайн үед би яг юунаас болж муудалцсанаа сайн мэдэхгүй байна. Нэг ухаан орсон чинь эмнэлэгт сэргэсэн. Яг юунаас болж эмнэлэгт хэвтсэнээ мэдэхгүй байна" гэх мэдүүлэг /хх-ийн 25-26х/,
гэрч Б.Цогтбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байх үед би өөрийн эзэмшлийн саарал өнгийн “Тоёота Приус-30” маркийн ...дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Шарга морьт дахь зуслан руугаа очих зорилгоор Чингэлтэй дүүргийн нутаг Зуслангийн зам, Иргэдэд үйлчлэх төвийн зүүн замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр ойролцоогоор 40-50 орчим км/цагийн хурдтай явж байтал 100 гаруй метрийн зайд эсрэг урсгалын зорчих хэсэг дээр нэг эрэгтэй хүн, харин замынхаа баруун талд буюу явган хүний зам дээр бас нэг эрэгтэй хүн тус тус зогсож байсан нь эсрэг урсгалын машины гэрэлд харагдсан. Тэгтэл яах ийхийн зуургүй цагаан өнгийн “Хьюндай Аксент” маркийн сери, дугаарыг нь анзаараагүй тээврийн хэрэгсэл нь зам дээр зогсож байсан тэр хүнийг нилээн хүчтэй мөргөн, тухайн хүн нь замынхаа баруун тал руугаа шидэгдэж унасан. ...би өөрийнхөө ...дугаараас 102, 103-т дуудлага өгсөн" гэх мэдүүлэг /хх-ийн 63-64х/,
иргэний хариуцагч И.Батбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...”Хьюндай Аксент” маркийн 76-94 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийнх. Би хүү Б.Оод машин жолоодох зөвшөөрөл өгсөн. ...миний зүгээс бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 51-52х/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4000 дугаартай шинжээчийн дүгнэлт: "Э.Лувсандамчаагийн биед дагз ясанд баруун ёрвон дайрсан зөрөөгүй, зүүн талын ёрвон дайрсан зөрөөтэй урагш дагз ясны суурийн хэсгийн налуу ховил /clivus/ хүрсэн шугаман хугарал, их тархины 2 тал бөмбөлгийг холбох эвэрлэг биеийн арын хэсгийн тархилаг эдийн няцрал 1,1x0,7 см, хүзүү, нүүр, хэвлийн баруун тохой, шуу, зүүн тохойнд зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн шанаанд шарх, зүүн гарын сарвуунд шарх, 2 нүдний зовхи, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна" /хх-ийн 66х/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: "...асфальтан, шулуун тэгш, хуурай, суурингийн доторх, гэрэлтүүлэгтэй, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 4 эгнээгээр зорчдог, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй, осол болсон гэх газрын урд талд 141x192,9 метрт "1.17" буюу "Явган хүний гарц" гэсэн анхааруулах тэмдэг, "5.16.а, б" буюу "Явган хүний гарц" зевшөөрсөн тэмдэг, "5.32" буюу "Автобусны буудал" тэмдэг, "7.13.а" буюу явган хүний гарц тэмдэглэлтэй, хойд талд тэмдэг, тэмдэглэлгүй. 6,30 метрийн өргөнтэй зам байв" /хх-ийн 8х/,
Ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд: /хх-ийн 9-16х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээчийн 3564 дугаартай дүгнэлт: "Hyundai Accent” маркийн 76-94 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл. ...капот зүүн урд болон зүүн талд хонхойж, будаг халцарч, ховхорч зэвэрсэн, салхины шил цуурч шил цуурч бутарч хагарч, дотогш чиглэлд цөмөрсөн, дээвэр урд хэсэгт доош чиглэлд хонхойж нугарсан, зүүн их гэрлийн гэр, бүрхүүл хагарч эвдэрсэн эвдрэл гэмтлүүд урдаас хойш чиглэлд хатуу мохоо зүйлтэй харилцан үйлчлэхэд буюу мөргөх үед үүссэн байх үндэслэлтэй" /хх-ийн 81-93х/,
Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 346 дугаартай дүгнэлт: "Хьюндай Аксент” маркийн 76-94 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн эхрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 9.3 "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газар цагт 60 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Э.Лувсандамчаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9. "Явган зорчигчид дор дурьдсан зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх, г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах" гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтлийн байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Хьюндай Аксент маркийн 76-94 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөрөөр хурдыг тодорхойлвол тоормосны мөр 65,5 метр - 102,8 км/цагийн худтай явсан гэх үндэслэлтэй байна" /хх-ийн 109-110х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.Оыг автотээврийн хэрэгслийн жолооч өдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Э.Лувсандамчаа нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд нийт 1.000.000 төгрөг хүлээн авсан “...цаашид хохирол гомдолгүй, ...” болохоо илэрхийлсэн бичгийн баримтыг /хх-ийн 153х/ шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгч Б.Оыг гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад учруулсан хохиролоо төлж барагдуулсан гэж үзэв.
Шүүгдэгч Б.Оод ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлсөн, хувийн байдлыг нь харгалзан үзэж шүүхээс түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдан ирсэн “Хьюндай аксент” маркийн 76-94 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 00870498 дугаартай гэрчилгээг, энэ хэрэгт шүүгдэгч, иргэний хариуцаг нар нь бусдад төлөх төлбөргүй тул тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний хариуцагч И.Батбаярт буцаан олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Еөг овогт Батбаярын Б.Оыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Б.Оод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Б.Оыг тэнсэнгийн хугацаанд оршин суух, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Э.Лувсандамчаад эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь зааснаар шүүгдэгч Б.Оод шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолуулахаар, түүний ¹780570 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
5. Энэ хэрэгт хураагдан ирсэн “Хьюндай аксент” маркийн 76-94 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 00870498 дугаартай гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч И.Батбаярт буцаан олгосугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй, Шүүгдэгч Б.Оргилблдод урьп авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ