| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0587/Э |
| Дугаар | 615 |
| Огноо | 2018-08-17 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 615
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга Н.Анармаа,
улсын яллагч Ц.Майбаяр,
шүүгдэгч Ч.Онарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Арц богд овогт Чүлтэмийн О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711015680708 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эсгүүрчин мэргэжилтэй, “Уран Уян” цайны газар ажиллуулдаг, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 03-20 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Арц богд овогт Чүлтэмийн Ч.О/РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Ч.Онь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ч.Онь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Пийс таур" худалдааны төвийн 1 давхарт С.Нинжбадгарын гээгдүүлсэн 350.000 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч Ч.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би үйлдсэн хэрэг болон сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2017оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо “Пийс таур” худалдааны төвийн 1 давхарт байх “Хаан” банкны экспресс банкаар орлого хийх санаатай ороод гурван АТМ-ын баруун талын АТМ-д картаа хийх гээд очсон чинь мөнгө гардаг хэсэг нь онгорхой дотор нь мөнгө байсан. Тэгэхээр нь хэн нэгнийх юм болов уу гэж бодоод ойр орчмоо харсан чимь мөнгө хайсан хүн харагдахгүй болохоор нь мөнгийг аваад гарсан. Тэгээд ажил дээрээ очоод тоолсон чинь 350.000 төгрөг байсан. Тэгээд би тэр өдөртөө орой ажлаа тараад Алтжин зах орж тэр мөнгөөр гэртээ хүнс цуглуулж, жимс, идэж уух зүйл авсан. Гэртээ очоод орой нь хүүхдүүдээ пицца захиалж өгсөн шиг санагдаж байна, өөр яаснаа санахгүй байна. Тэгээд л өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулаад дууссан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 53х-54х/
хохирогч Б.Нинжбадгарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Пийс малл” худалдааны төвийн 1 дүгээр давхарт “Хаан” банкны зэрэгцээ гурван ширхэг АТМ-ын голын АТМ-д 15:59 минутын үед өөрийн картаа уншуулан мөнгө авах хэсэг дээр дараад 350.000 төгрөг гэж бичээд үргэлжүүлэх товчийг дарсан. Тэгээд түр хугацаанд хүлээх үед таны хүсэлтээр гүйлгээ цуцлагдлаа гэсэн мэдээлэл гараад ирсэн. Тэгэхээр нь хажуу талын АТМ-д уншуулахад мөн дээрх алдаа заагаад байсан. Тэгээд би картаа аваад “Хаан” банкны лавлах руу залгаж ATM болохгүй байна миний мөнгө гарч ирэхгүй байна гэж хэлчихээд дээшээ ажил руугаа яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа утсаа хартал таны данснаас 350.000 төгрөгийн зарлага гарлаа гэсэн мессеж ирсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 20х, 50х/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн "...Хохирогч Б.Нинжбадгар нь баруун талын машинд 1 удаа картаа уншуулаад буцаж аваад голын АТМ-д картаа уншуулж байх ба тэр үед эхний уншуулсан АТМ-ийн бэлэн мөнгө олгодог хэсэг нээгдэж мөнгө гарч ирэх ба тэр үед хар өнгийн урт курткатэй, 30-35 орчим насны эмэгтэй АТМ-ыг чиглэн ирж гарч ирсэн мөнгийг аваад урдаа бариад явах ба мөнгөн дэвсгэртийн өнгө ялгагдахгүй байв..." гэх тэмдэглэл /хх-ийн 17х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Ч.О-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Арц богд овогт Чүлтэмийн О-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.О-ийг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.О-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Ч.О-ийг торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэгт нь үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ