Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00153

 

Д.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2022/02330 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.С-ын хариуцагч Т- ХХК-д холбогдуулан гаргасан автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Т- ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, 60.1 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, авто зогсоолыг захиалсан. Орон сууцны үнэ 174,035,176 төгрөг, авто зогсоолын үнэ 30,000,000 тегрег, нийт 204,035,176 төгрөгийг Т- ХХК-д төлсөн. Гэрээний хавсралт 3-аар дулаан автозогсоолын план зураг батлагдах үед миний бие тус компаниас бусдаас хамааралгүй нэг автозогсоолыг 30,000,000 төгрөгийн ханшаар худалдаж авахаар талууд тохиролцож Орон сууц захиалан бариулах гэрээ-нд тусгасан. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тус компанийн борлуулалтын албаны ажилтан Б.Хулантай уулзаж 61 блок буюу одоогийн нэршлээр 265 байрны доод талын 241 дугаартай дулаан автозогсоолыг худалдан авахаар тэмдэглүүлсэн. Гэвч талуудын тохиролцсон гэрээг хариуцагч зөрчиж, авто зогсоолын үнийг нэмж, үндэслэлгүйгээр 45,000,000 төгрөгөөр худалдан борлуулах тухай шаардсан бөгөөд ийнхүү өөрчлөгдсөн тухай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулаагүй. Ийнхүү тус компанийн зүгээс автозогсоолын үнийг шууд нэмсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул миний зүгээс талуудын байгуулсан №Б1-1303-33 дугаартай гэрээний дагуу автозогсоолын төлбер болох 30,000,000 төгрөгийг тус компанид төлж гэрээний үүргээ биелүүлсэн. Иймд 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Стадион оргил (17013). Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамжинд байрлах 26Б байр буюу Б1 блокын доор байрлах 241 дүгээр автозогсоолын хууль ёсны өмчлөгч нь Д.С- мөн болохыг тогтоолгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Уг гэрээнд нэг автозогсоолын гэрээг 30,000,000 төгрөгөөр байгуулна гэж заасан. Харин талуудын хооронд автозогсоол худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Дээрх гэрээнд нэг автозогсоолын гэрээг 30,000,000 төгрөгөөр байгуулна гэж зааснаар гэрээ байгуулсан гэсэн үг биш юм. Автозогсоолын тухай асуудлыг орон сууц шилжүүлсний дараа Д.С- манайд санал тавьсан. Манайхаас гэрээ байгуулаагүй, автозогсоолыг шилжүүлэх боломжгүй. Захиалагч тал хүсэлт гаргасан тохиолдолд гэрээнд өөрчлөлт ордог. Д.С-ын хувьд 30,000,000 төгрөгөөр худалдан авах санал ямар нэг бичиг баримтаар баталгаажаагүй. Эдийн засгийн нөхцөл байдал хэцүү байна. Хотхоны доор байрлах нэгдсэн зогсоол нь ямар нэг ашиг өгдөггүй. Иймд манайх 30,000,000 төгрөгөөр гэрээ хийх боломжгүй тухай мэдэгдсэн. Энэ дагуу Д.С- манай байгууллагад хандан 45,000,000 төгрөгийн нэхэмжлэхийг хүлээн аваад гарын үсэг зураад нэхэмжлэхийн дагуу 30,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 15,000,000 төгрөг төлөөгүй байгаа. Өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой хэлцэл, бичгээр гэрээ байгуулсан байхыг шаарддаг. Гэрээ огт байгуулагдаагүй, үнийг бүрэн төлөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.1-т заасан үндэслэлгүй тул Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Стадион оргил (17013), Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамжинд байрлах 26Б байр буюу Б1 блокын 241 дугаартай автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай Д.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийнхээ үндэслэлд ... авто зогсоолын гэрээ байгуулагдаагүй, ... авто зогсоолыг 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй гэжээ. Шүүх талуудын хоорондын байгуулагдсан хэлцлийн төрөл нь худалдах, худалдан авах гэрээ эсхүл ажил гүйцэтгэх гэрээний аль төрөл болох талаар зөв дүгнэлт хийж, үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр шууд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь хэрэгт авагдсан баримтууд, орон сууц захиалгын гэрээ, хариуцагч талаас шүүх хуралдаанд хэлж байсан тайлбар зэргээс үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээний заалтуудаас үзвэл талууд автозогсоолын план зураг батлагдах үед /гэрээ байгуулах үед авто зогсоолын план зураг батлагдаагүй байсан тул гараашны байрлал, дугаарыг тохиролцох боломжгүй байсан/ 30,000,000 төгрөгийн үнэлгээгээр тооцон автозогсоолыг шилжүүлэн өгөх саналыг худалдагч талаас гаргаж, үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн тул талуудын хооронд орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан. Харин авто зогсоолын план зураг батлагдсаны дараагаар 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Т- ХХК-ийн борлуулалтын албаны ажилтан Хулантай уулзаж 241-р зогсоол авахаар тэмдэглэгээг хийлгэсэн. /үүнийг гэрээ гэж талууд хүлээн зөвшөөрч бичсэн байдаг/ Үүний дараагаар нэхэмжлэгчийн зүгээс авто зогсоолын төлбөр болох 30,000,000 төгрөгийг хариуцагч талын дансанд шилжүүлсэн, мөн хариуцагч талаас авто зогсоолыг биет байдлаар нь нэхэмжлэгч Д.С-д шилжүүлэн өгч, одоог болтол ашиглаж байгаа юм. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.2-д зааснаар хариуцагч Т- ХХК нь авто зогсоолыг 30,000,000 төгрөгөөр тооцон шилжүүлэх талаар орон сууц захиалгын гэрээн дээр тусгаж, үүний дагуу нэхэмжлэгч Д.С- төлбөрийг төлсөн, мөн авто зогсоолын план зураг батлагдсаны дараа 241-р зогсоолыг шилжүүлэх талаар хариуцагчийн борлуулалтын ажилтан баталгаажуулж, авто зогсоолыг шилжүүлэн өгсөн зэрэг үйл баримтууд нь талуудын хооронд авто зогсоолын гэрээ байгуулагдсан болохыг тодорхой харуулж байна. Энэ талаар хариуцагч талаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Д.С-ын хувьд 30 сая төгрөгөөр авах санал ямар нэг бичиг баримтаар баталгаажаагүй гэсэн байдаг. Талуудын хооронд ямар нэгэн бичгээр хэлцэл байгуулагдаагүй гэж тайлбар гаргадаг бөгөөд үүнийг шүүгч хүлээн авч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь хуулийн үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.8, 42.9 дэх хэсэгт зааснаар Т- ХХК-ийн зүгээс 30,000,000 төгрөгөөр авто зогсоолыг шилжүүлэн өгөх талаарх гэрээний саналыг орон сууц захиалгын гэрээнд тусгаж, үүнийг нь Д.С- хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, татгалзаж байгаа талаар ямар нэгэн хариуг ирүүлээгүй, төлбөрийг бүрэн шилжүүлсэн, авто зогсоолыг шилжүүлэн авах талаар талууд тэмдэглэл үйлдсэн, ашиглаж байгаа зэрэг нь талуудын хооронд хэлцэл хийгдсэн болохыг нотолж байна. Түүнчлэн хариуцагч талаас дээрх үйлдлүүд хийгдсэний дараа буюу талуудын хооронд байгуулагдсан хэлцлийн дагуу 241 тоот авто зогсоолыг шилжүүлэн өгөх талаар тэмдэглэл /гэрээ/ үйлдсэний дараагаар, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичгийн гэрээг байгуулахыг шаардах үед төлбөрийг 45,000,000 төгрөг болгон үндэслэлгүйгээр нэмэгдүүлж байгаа нь хуулийн болон бодит үндэслэлгүй юм. Гэтэл анхан шатны шүүхээс эдгээр нөхцөл байдал, баримтуудыг анхааран үзэхгүйгээр талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор хохироож байна. Цаашилбал, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийнхээ үндэслэлд ... нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Т- ХХК-д 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үнийг төлснөөр бус Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр үүснэ гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байдаг. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хелс төлөх үүргийг тус тус хүлээх учиртай. Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд 30,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн бөгөөд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ эсхүл худалдах, худалдан авах гэрээний аль хэлбэр байгуулагдсан талаар зөв дүгнэж чадаагүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Иргэний хуулийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусахар болно гэж заасан бөгөөд энэ тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа үйлдэл бус нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дах хэсэгт заасны дагуу ажлын үр дүнг хүлээн авах буюу өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан болохыг шүүх анхаарч үзсэнгүй. Нөгөө талаас шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдсанчлан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үнийг төлснөөр шилжихгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

4.а.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэлд заасан үндэслэл, шаардлагад хуульд зааснаар хариу тайлбар ирүүлэх нь хэргийн оролцогч нарыг мэтгэлцэх боломжоор хангаж буй явдал юм. Тийм учраас энэхүү мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх үүднээс хуульд тусгайлан хариу тайлбар гаргах хугацааг зааж, зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагыг тодорхойлсон байдаг. Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийг гардан авч, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн дотор хариу тайлбар ирүүлэх үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Талуудын хооронд 2020 онд орон сууц захиалах гэрээ байгуулагдсан. Орон сууцыг 1 м.кв 2,800,000 төгрөгөөр тооцсон. Гэрээ байгуулагдсанаас хойш ковид 19 цар тахлын нөхцөл байдлын улмаас барилгын материалын үнэ, тээвэр, бусад зардал нэмэгдэж, орон сууцны зардал 1-2 дахин нэмэгдэж орон сууцны 1 м.кв үнэ 5,500,000 төгрөг болсон. Гэвч бид захиалагч буюу нэхэмжлэгчид анхны үнэ 1 м.кв 2,800,000 төгрөгөөр орон сууцыг шилжүүлсэн. Гэхдээ бид авто зогсоолыг 30,000,000 төгрөгөөр шилжүүлэх боломжгүй. Тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой гэж үзсэн учир нэхэмжлэгч манай борлуулалтын албанд хандаж, 241 тоот зогсоолыг 45,000,000 төгрөгөөр худалдан авахаар тэмдэглэгээ хийлгэсэн. Тэмдэглэгээ хийлгэснээс хойш 2 сарын дараа 30,000,000 төгрөгийг манай компанийн дансанд шилжүүлсэн. Талуудын хооронд 241 тоот авто зогсоолд гэрээ байгуулагдаагүй, үнийг бүрэн төлөөгүй атлаа шүүхэд өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гомдолд гэрээний төрлийг буруу тодорхойлсон гэж дурдсан. Талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй учир энэ нь чухал шаардлагатай асуудал биш. Энэ төрлийн гэрээг практикт худалдах, худалдан авах гэрээ гэж тодорхойлдог жишиг тогтож байгаа. Хүсэл зоригийг хүлээн авах, хүлээн зөвшөөрөх гэсэн 2 ойлголт байна. Хүсэл зоригийг хүлээн авснаар хуульд заасан тодорхой шаардлагуудыг үл хөдлөх эд хөрөнгийн тухайд баримталдаг. Тухайлбал, гэрээ, хэлцэл бичгээр байгуулах, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх. Улсын бүртгэлийн тухай хуулиар гэрээ хэлцлийн үндсэнд бүртгэл хийгддэг. Үл хөдлөх эд хөрөнгийн тухайд бичгээр заавал гэрээ байгуулсан байхыг шаарддаг. Манай байгууллага авто зогсоолыг хүлээлгэж өгөөгүй. Хэрэв авто зогсоолыг ашиглаж байгаа бол нэхэмжлэгч талын дур зоригийн асуудал байна. Хэлцлийн агуулгыг хуулиар шаарддаг. Хэлцлийн агуулга тодорхой байж хэлцэл байгуулагдсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хэлцлийн зорилго, гол нөхцөл, талуудын эрх, үүрэг зэрэг хэлцлийн агуулга тодорхой байж хэлцлийг байгуулагдсан шаардлага хангагддаг. Гэтэл байгуулагдаагүй учир хангагдахгүй байна. Орон сууц захиалан байгуулах гэрээг авто зогсоолын улмаас гэрээ байгуулсан гэж тайлбарласан. Нэхэмжлэгч авто зогсоолоо авч чадахгүй байгаа учир орон сууц захиалах гэрээг цуцлах тухай санал хүсэлт гаргаагүй. Хэрэв санал хүсэлт гаргасан бол бид хүлээн авах бүрэн боломжтой байсан. Хэрэг хянан шийдвэрлэх зөрчлийн тухайд хуулийн заалтыг буруу ойлгож тайлбарлаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Д.С- нь хариуцагч Т- ХХК-д холбогдуулан автозогсоолыг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсоны дагуу үнийг бүрэн төлсөн, гэвч хариуцагч компани нь үндэслэлгүйгээр үнээ нэмсэн тул Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Стадион оргил /17013/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 26Б байр, Б1 блок, 241 тоот автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгоно гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч Д.С- нь автозогсоолын үнэ 45,000,000 төгрөгийн нэхэмжлэхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, үнийг бүрэн төлөөгүй гэх үндэслэл заан нэхэмжлэлээс татгалзжээ.

3.Зохигчид 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Т- ХХК нь Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Стадион оргил, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 26б байр, 1303 тоот, 60.1 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2021 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Д.С- нь орон сууцны үнэ 168,200,000 төгрөгийг гэрээний 2-т заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцон, талуудын хэн аль нь гэрээний үүргийг биелүүлж, нэхэмжлэгч Д.С- нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тус орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь талуудын тайлбар, орон сууц захиалан бариулах гэрээ, Худалдаа хөгжлийн банк-ны шилжүүлгийн баримт, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 5-6, 9-10, 18-р тал/

3.а.Талууд дээрх орон сууц захиалан бариулах гэрээг байгуулахдаа автозогсоолын план зураг батлагдах үед нэг автозогсоолын гэрээг 30,000,000 төгрөгөөр байгуулах-аар гэрээний агуулга хэсэгт тусгаж, нэхэмжлэгч Д.С- нь хариуцагч Т- ХХК-д 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 30,000,000 төгрөгийг төлсөн байна. /хх-ийн 4-р тал/. Улмаар хариуцагч Т- ХХК нь автозогсоолын үнийг 45,000,000 төгрөг болгон өөрчилснийг нэхэмжлэгч Д.С- хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан талаарх бичгийн баримт хэрэгт авагдсан. /хх-ийн 16-р тал/

3.б.Нэг тал нь төрлийн шинжээр тодорхойлогдох, ирээдүйд бий болох эд хөрөнгийг худалдах, нөгөө тал нь үнийг төлөхөөр тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

3.в.Талууд автозогсоолын үнийн тохиролцооны талаар маргаж байх бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох, улмаар гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй ба талуудын тохиролцоог өөрөөр тогтоох эрхийг шүүхэд хуулиар олгоогүй.

3.г.Нэхэмжлэгч Д.С-ын хувьд хариуцагч Т- ХХК-аас ирүүлсэн автозогсоолын нийт үнэ 45,000,000 төгрөг гэсэн баримтад гарын үсэг зурсан буюу Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авч, хүчин төгөлдөр болсон гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч Д.С- нь автозогсоолын үнийг бүрэн төлөөгүй тул өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, талууд өмнө гэрээгээр тохиролцсон тохиролцоогоо хожим өөрчлөх эрхтэй ба энэ нь мөн адил гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцнэ.

3.д.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв.

4.Харин анхан шатны шүүх бодитоор бий болоогүй буюу ирээдүйд бий болох эд хөрөнгийн талаарх маргаанд өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар зохицуулсан Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсгийг шууд хамааруулан дүгнэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрт дээрх заалтыг хассан өөрчлөлтийг оруулав.

5.Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо хариуцагч тал хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг. Хариуцагч Т- ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан ба өөрийн татгалзалтай холбоотой нотлох баримтуудыг шүүхэд гаргасан байна. Энэ тохиолдолд талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэхгүй юм. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг мөн хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2022/02330 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ..., 109 дүгээр зүйлийн 109.1 ... гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.С-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Г.ДАВААДОРЖ