Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00086

 

кз 

 

 

 

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00086

 

 

,,,,,,,,,,,,, ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2022/03095 дугаар шийдвэртэй,

,,,,,,,,,,,,, ХХК-ийн нэхэмжлэлтэй, ,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох,

Компанид учруулсан хохиролд 304,231,879 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,, хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ,,,,,,,,,,,,,,,,, нь 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд ,,,,,,,,,,,,, ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. ,,,,,,,,,,,,,,,,,, Э.Ганбаатар нарын 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийн дагуу Э.Ганбаатар нь ,,,,,,,,,,,,, ХХК-ийг ,,,,,,,,,,,,,,,,,ээс шилжүүлэн авч, өнөөдөр гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байна. Хувьцаа худалдах худалдан авах гэрээний 5.1.4, 8.6-д зааснаар компанид учирсан бодит хохирлыг ,,,,,,,,,,,,,,,,, хариуцахаар тохиролцсон. Э.Ганбаатарыг ,,,,,,,,,,,,, ХХК-ийн захирлаар ажиллаж эхэлснээс хойш тус компани бусад аж ахуй нэгж байгууллага болон хувь хүмүүст өр төлбөртэй болох нь тогтоогдож, байгууллагуудаас нэхэмжлэх ирж, зарим маргаануудыг шүүх шийдвэрлэсэн.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,, ХХК-ийн захирлаар ажиллаж байх үедээ Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1-ээс 84.4.4, 85 дугаар зүйлийн 85.2.1, 85.2.2, 85.2.4 дэх заалтуудыг тус тус зөрчиж, хууль болон компанийн дүрэм, журамд зааснаар эрх мэдлээ хэрэгжүүлж чадаагүй,компанийн нэрийг хувийн сонирхлоор ашигласан, үндэслэлтэй шийдвэр гаргаж чадаагүй, байгууллагын бичиг баримтыг зохистой хадгалаагүй, хуурамч мэдээлэл өгсөн, сонирхлын зөрчлөөс зайлсхийж чадаагүй, бусад компани, хувь хүмүүсээс их хэмжээний бэлэн мөнгө болон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээлээр авч, зээлийг буцаан төлөх ёстой байтал хууль зөрчиж компанийн орлогын мөнгийг зориулалтын бусаар захиран зарцуулсан байна. Хохирлын хэмжээг бид дараах гурван хэсэгт хуваан тодорхойлсон. Үүнд:

1.1.Албан байгууллагуудын нэхэмжлэхүүд:

2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Гэрэлт шинэчлэл ХХК-ийн нэхэмжлэхээр 15,081,500 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Сайхан хараа ХХК-ийн нэхэмжлэхээр 8,225,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Бэст-Эргэл ХХК-ийн нэхэмжлэхээр 6,600,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Өү энд Жи ХХК /Гялс/-ийн нэхэмжлэхээр 908,809 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Барилгын хөгжлийн төв ХХК-ийн нэхэмжлэхээр 189,270 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Оюу Оч трейд ХХК-ийн нэхэмжлэхээр 3,552,000 төгрөг, нийт 6 байгууллагын нэхэмжлэхээр 34,556,079 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн. Энэ өр төлбөр өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байгаа учир үүнийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, хариуцан төлөх ёстой гэж бидний зүгээс үзсэн байгаа.

1.2.Шүүхийн шийдвэрүүд:

Улсын дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 769 дүгээр тогтоолоор 76,000,000 төгрөг. Энэ нь Хан Хур Холдинг ХХК-тай байгуулсан Залуус хороолол хотхонд бетон зуурмаг нийлүүлэхээр гэрээ байгуулж, 11 орон сууц авч гуравдагч этгээдүүдэд худалдан борлуулсан атлаа гэрээнийхээ дагуу бетон зуурмаг нийлүүлээгүй байдаг. Үүнтэй нь холбоотойгоор мөн орон сууцны маргаан үүсээд явсан. Дээрх үйл баримттай холбоотойгоор компанийн анхан шатны баримтын бүрдлийг н.Ганбаатарт бүрэн шилжүүлж өгөөгүй, тайлан тооцоондоо тусгаагүй, төрийн сангийн мэдээлэлд оруулаагүй байдаг. Компани үйл ажиллагаа явуулж байх үед авсан өр төлбөрийг эргүүлэн төлөөгүй учир компанид их хэмжээний хохирол учирсан гэж үзэж байгаа. Мөн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4908 дугаар шийдвэрээр 49,780,500 төгрөг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2341 дүгээр шийдвэрээр 11,500,000 төгрөг, мөн шүүхийн 2016.03.23-ны өдрийн 2394 дүгээр шийдвэрээр 22,760,000 төгрөг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1039 дүгээр магадлалаар 56,600,000 төгрөг, нийт 5 удаагийн шүүхийн шийдвэрийн дагуу 216,640,000 төгрөгийн хохирол учруулсан. Эдгээр шийдвэрүүдийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад манай байгууллага төлж барагдуулсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байгаа. Иймд энэ хохирлыг ,,,,,,,,,,,,,,,,, хариуцах ёстой гэж үзсэн.

1.3.Тэд-Аудитын дүгнэлт:

,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, ажиллагаа явуулах үедээ Тэд-Аудит ХХК-аас компанийн 2014-2015 оны үйл ажиллагаанд аудитын дүгнэлт гаргуулахад, уг дүгнэлтээр ,,,,,,,,,,,,,,,,, нь өөрийн эзэмшлийн Эн Ар Си ХХК-д ямар нэгэн санхүүгийн баримтгүй 53,034,800 төгрөгийг шилжүүлсэн байсан. Уг үйлдэл нь Компанийн тухай хуулийн 12 дугаар бүлэгт заасан сонирхлын зөрчилтэй хэлцэл байх тул 90 дүгээр зүйлийн 90.1, 90.2-т зааснаар компанид 53,034,800 төгрөгийг хохирол учруулжээ. Иймд ,,,,,,,,,,,,,,,,,ээс нийт 304,231,879 төгрөгийг гаргуулж ,,,,,,,,,,,,, ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ,,,,,,,,,,,,,,,,,ийн хувьд 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ,,,,,,,,,,,,, ХХК-ийн хувьцаа эзэмшигч байгаад 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Э.Ганбаатар гэх хүнд хувьцаагаа шилжүүлсэн, гүйцэтгэх захирлын үүргийг н.Ганбаатар гэх хүн шилжүүлж авсан. ,,,,,,,,,,,,,,,,, өөрөө өөртөө хохирол учруулна гэсэн ойлголт байхгүй. Учир нь тухайн үед ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч байсан, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор бусад байгууллагатай гэрээний эрх зүйн харилцаанд орсон асуудал байна. Компанийн тухай хуулийн холбогдох заалтуудад заасан зөрчлийг гаргасан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Компанийн дүрэм, журамд зааснаар эрх мэдлээ хэрэгжүүлж чадаагүй, компанийн эрх ашгийг дээдэлж чадаагүй, компанийн нэрийг хувийн сонирхлоор ашигласан гэх боловч яг ямар үйлдлээр компанийн нэрийг хувийн сонирхлоор ашигласан гэдэг нь тодорхойгүй, бичиг баримтыг зохистой хадгалж чадаагүй, хуурамч мэдээлэл өгсөн, компанийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаагүй гэх боловч хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, нь өөрөө өөртөө хуурамч мэдээлэл өгч, өөрийнхөө эсрэг үндэслэлгүй шийдвэр гаргахгүй, мөн баримт бичгийг зохистой хадгалаагүй гэх үндэслэлүүд баримтаар тогтоогдохгүй байна. ,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,, ХХК-ийн хувьцааг Э.Ганбаатар гэх хүнд шилжүүлж өгсөн өдрөөс хойш н.Ганбаатарын өмнө болон ,,,,,,,,,,,,, ХХК-ийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, ямар нэгэн хохирол учруулаагүй. Тухайн компаниудаас авсан бараа бүтээгдэхүүн нь ,,,,,,,,,,,,, ХХК-д тодорхой хэмжээний үр шимийг шингээсэн ба тухайн үр шим шингэсэн хэлбэрээр н.Ганбаатар гэх хүн ,,,,,,,,,,,,, ХХК-г шилжүүлж авсан. Хохирлын хувьд:

2.1.Бусад байгууллагаас ирсэн нэхэмжлэхүүдийг үндэслэн хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, энэ хохирлыг ,,,,,,,,,,,,, ХХК төлчихсөн, өөрөөсөө зардал гаргасан баримт байхгүй. Үүнийг бодит хохирол гэж үзэхгүй, үүнд хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,ийн ямар буруутай үйлдэл байгаа нь баримтаар тогтоогдохгүй.

2.2.Шүүхийн шийдвэрүүдийн дагуу хохирол нэхээд байна. Улсын дээд шүүхийн тогтоолд зааснаар ,,,,,,,,,,,,, ХХК нь 76,000,000 төгрөгийг У.Ганбатад төлөөд, ,,,,,,,,,,,,, ХХК нь У.Ганбатаас Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хороолол, 4 дүгээр орцны 11 давхрын 697 тоот орон сууцыг авсан байгаа. Энэ байдлыг хохирсон гэж үзэхгүй. Тэгээд ч ,,,,,,,,,,,,, ХХК үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд бусадтай гэрээний харилцаанд орсон, уг гэрээний үүргийг биелүүлж чадаагүй учраас төлбөр гаргуулсан шүүхийн шийдвэрүүд байна. Эдгээр шүүхийн шийдвэрүүд биелэгдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэх боловч талууд эвлэрсэн, тохиролцсон гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна. Эвлэрч, тохиролцоно гэдэг тухайн шийдвэрт заасан үнийн дүнгийн багасгаж, эсхүл өөр байдлаар тохиролцож дуусгавар болдог үйл ажиллагаа. Тэгэхлээр шийдвэрт заасан үнийн дүнг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, ХХК төлчихсөн гэж үзэх боломжгүй, энэ нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,ийн учруулсан хохирол биш юм.

2.3.Мөн Эн Ар Си ХХК-д мөнгө шилжүүлсэн байгаа бол ,,,,,,,,,,,,, ХХК тусдаа нэхэмжлэл гаргаад шаардах боломжтой, тэгээд ч шилжүүлсэн гэдэг нь тогтоогдохгүй, үүнийг сонирхлын зөрчилтэй хэлцэл гэж үзэхгүй юм.

Иймд хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,, ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа, ямар буруутай шийдвэр гаргасны улмаас тус байгууллагад ямар бодитой хохирол учруулсан болох нь ойлгомжгүй, баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 1.Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6, 85 дугаар зүйлийн 85.2-т зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,ээс 53,034,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 251,197,079 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,837,124 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,ээс 423,124 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4.Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: ,,,,,,,,,,,,, ХХК-ийн нэхэмжлэлтэй, Лувсанбалдангийн Нарангэрэл (ЧМ50030709)-д холбогдох иргэний хэргийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх-ээс 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хянан шийдвэрлээд гаргасан 182/ШШ2022/03095 дугаартай шүүхийн шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,, ( ШТҮД:2875,Чингэлтэй дүүрэг, 4 хороо, 51-503 тоот, 99017762) миний зүгээс 2022 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр гардан авч танилцаад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн (50,034,800 төгрөгт холбогдох) хэсэг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1 Нэхэмжлэгч байгууллагад 53,034,800 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй тухайд:

Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчийг Эн Ар Си ХХК-д шилжүүлсэн гэх" 53,034,800 төгрөгийг санхүүгийн баримтгүйгээр, үндэслэлгүйгээр шилжүүлсэн гэж тайлбарладаг. Эн Ар Си ХХК-д шилжүүлсэн үйлдлийг нь баримтгүй бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байвал тухайн байгууллагаас мөнгөн хөрөнгийг эргүүлэн нэхэмжлэх эрх нь нээлттэй юм. Үнэхээр баримтгүй бөгөөд үндэслэлгүйгээр мөнгө хүлээн авсан байдаг бол Эн Ар Си ХХК нь эргүүлэн төлөх нь зүйн асуудал юм. Энэ нь тусдаа нэхэмжлэлээр шийдвэрлэгдэнэ. Эн Ар Си ХХК-аас нэхэмжлэх хууль, эрх зүйн асуудал нээлттэй, ямар нэгэн байдлаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж болохгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байхад тухайн төлбөрийг ,,,,,,,,,,,,,,,,,ийн компанид учруулсан хохирол гэж үзэх нь буруу байна. ,,,,,,,,,,,,,,,,,ээс тухайн мөнгөн хөрөнгийг гаргуулан шийдсэн ч Эн Ар Си ХХК-аас нэхэмжлэх эрх нь үгүйсгэгдэхгүй, хадгалагдаж байх учир шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болж байна. Иргэний эрх зүйн харилцаанд хэн ч үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй бөгөөд шүүх ч шийдвэрээрээ энэ нөхцөлөөр хангах учиргүй болно. Тухайн учирсан гэх хохирлыг өөр аргаар арилгах боломжтой байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

Компанийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т учирсан хохирол"-ыг гэм буруутай этгээд нөхөн төлөх асуудлыг зохицуулсан байна. Эн Ар Си ХХК-д шилжүүлсэн гэх 53,034,800 төгрөг нь хэлцлийн улмаас компанид учирсан хохирол биш юм. Хэлцлийн улмаас учирсан хохирол, гэрээний зүйл (шилжүүлсэн гэх мөнгөн хөрөнгө) гэх харилцан адилгүй ялгаатай хоёр өөр ойлголтыг хольж хутган, зааг ялгааг нь салган авч үзээгүйн улмаас гэрээний зүйл-д хамаарч буй 53,034,800 төгрөгийг учирсан хохирол гэж буруу дүгнэсэн байна.

4.2. Хариуцагч нь өөрөө өөртөө хохирол учруулсан байх боломжгүй тухайд:

Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.1-т компанийн бүх энгийн хувьцааг нэг этгээд эзэмшиж байгаа бөгөөд уг этгээд гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа бол энэ хуулийн арван хоёрдугаар булгийн заалтууд үл хамаарна гэж зохицуулсан гэж үзэх үндэслэлтэй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна. ,,,,,,,,,,,,,,,,,ийн хувьд тухайн цаг үед ,,,,,,,,,,,,, ХХК- ийн энгийн хувьцааг дангаар эзэмшиж байсан мөн давхар гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байгаа болно. Энэ нөхцөлд ,,,,,,,,,,,,,,,,,ийн аливаа этгээдтэй хийсэн хэлцлийг сонирхлын зөрчилтэй хэлцэл гэж үзэх боломжгүй байна. Учир нь тухайн этгээд өөрөө өөртөө хохирол учруулах үйлдэл гаргах зорилгоор хэлцэл хийх боломжгүй юм. Анхан шатны шүүхээс сонирхлын зөрчилтэй хэлцэлд хамаатуулсан нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэг үндэслэлгүй байна.

4.3 53,034,800 төгрөгийг шилжүүлсэн гэх хөдөлшгүй баримт авагдаагүй тухайд:

Аудитын дүгнэлт нь мөнгөн хөрөнгө шилжүүлсэн гэх хөдөлшгүй баримт болохгүй бөгөөд дансны хуулга байхгүй талаар шүүх хуралдааны үеэр тайлбарлаж маргасан. ,,,,,,,,,,,,, ХХК-ийн тухайн үеийн дансны хуулгыг шүүж үзэхэд дээрх гүйлгээ хийгдээгүй байсан болно. Нэхэмжлэгч үнэхээр шилжүүлсэн гэж үзвэл дансны хуулгыг гарган өгөх боломжтой байсан боловч гаргаж өгөөгүй. Энэ нь тус гүйлгээг хийсэн гэдгийг үгүйсгэж байгаа хэрэг болно.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Гомдолд дурдахдаа 50,034,800 төгрөгийг хаанаас хэрхэн шилжсэн нь тодорхойгүй зөвхөн аудитын дүгнэлтээр тодорхойлогдож байна гэх тайлбарыг өгсөн. Тухайн аудитын дүгнэлт нь 2018 онд хийгдсэн. Уг аудитаар компанийн харилцах дансны бүх гүйлгээнүүдийг нэг бүрчлэн шалгаж тодорхой дүгнэсэн. Компанийн дансны хуулгаар Эн Ар Си ХХК-ийн гүйцэтгэх захирал ,,,,,,,,,,,,,,,,, нь 100 хувь хувьцаа эзэмшдэг учраас гэрээ хэлцэл хийхгүйгээр 50,034,800 төгрөгийг шилжүүлсэн талаар аудитын дүгнэлтэд тодорхой тусгагдсан учраас энэ талаар дахин нотлох баримт гаргаж өгөх шаардлагагүй гэж үзээд аудитын дүгнэлтийг дараа нь шүүхэд гаргаж өгсөн. Мөн ,,,,,,,,,,,,,,,,, нь хувь иргэнийхээ хувиар тухайн компанийн хувьцааг эзэмшиж байгаа хэдий ч компани нь Иргэний хуульд заасны дагуу тусдаа бие даасан субъект бөгөөд Компанийн тухай хуульд зааснаар ,,,,,,,,,,,,,,,,, нь компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байх үедээ компанийн эрх, ашгийг дээдлэн, хүндэтгэж ашигтай байдлаар үйл ажиллагаагаа зохион байгуулах байсан боловч компанийн үйл ажиллагаа зогссоноор орлогыг хувьдаа буюу Эн Ар Си ХХК-д шилжүүлэн авсан үйлдэл гаргасан. Уг үйлдлийг шүүхээс Компанийн тухай хуулийн дагуу ,,,,,,,,,,,,,,,,,д олгохоор шийдвэрлэсэн учраас гомдол үндэслэлгүй. Түүнчлэн, ,,,,,,,,,,,,, ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр анх нэхэмжлэл гаргасан бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 304,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ,,,,,,,,,,,,, ХХК-аас н.Ганбаатарыг хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлт гаргасан. н.Ганбаатараас итгэмжлэл аваад хамтарсан байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн боловч шүүгчийн захирамжаар хангахгүй орхисон. Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийг бүхэлд нь хянах учраас тухайн хүсэлтийг шийдвэрлэсэн захирамжид хяналт тавьж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1 Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулж компанид учруулсан хохиролд 304,231,879 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт дараах баримт авагджээ, Үүнд:

3.а. ,,,,,,,,,,,,, ХХК нь гадаад худалдаа, бетон зуурмагийн үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ,,,,,,,,,,,,,,,,, нь 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр Б.Энхбаяраас ,,,,,,,,,,,,, ХХК-ийн 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг хувьцаа, 100%-ийн эрх, үүрэг, хариуцлага, эд хөрөнгө, бичиг баримтыг шилжүүлэн авч, ,,,,,,,,,,,,, ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр тухайн компанийн 100%-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал болжээ. /хх68-76/

3.б. ,,,,,,,,,,,,,,,,, нь 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр ,,,,,,,,,,,,, ХХК-ийн нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг хувьцаа, 100%-ийн эрх, үүрэг, хариуцлага, эд хөрөнгө, бичиг баримтыг Э.Ганбаатарт шилжүүлэн өгсөн байх ба, хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрээр Э.Ганбаатар нь тухайн компанийн 100%-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал болсон, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар ,,,,,,,,,,,,, ХХК-ийн 60%-ийн хувьцааг Э.Ганбаатар, 40%-ийн хувьцааг Н.Батсайхан нар эзэмшиж, Э.Ганбаатар гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа болох нь талуудын тайлбар, бичгийн баримтаар тогтоогдсон. /хх57, 78-83/

3.в. Нэхэмжлэгч тал нэр бүхий зургаан байгууллагын албан бичиг, нэхэмжлэхүүдийн дагуу нийт 34,556,079 төгрөгийн хохирол учирсан гэх бөгөөд дээрх нэхэмжлэх, албан бичгийн үндэслэл болсон гэрээ хэлцлүүд тодорхойгүй, тус байгууллагууд ,,,,,,,,,,,,, ХХК-тай тухайн үедээ ямар эрх зүйн харилцаанд орсон, ямар үнийн дүнтэй гэрээ хэлцлүүд байсан, гэрээний үүргийг хэзээ, хэрхэн биелүүлсэн, төлбөрийг ,,,,,,,,,,,,,,,,,ийг ажиллаж байх үед шаардаж байсан эсэх нь тодорхойгүй, ,,,,,,,,,,,,, ХХК нь шаардсан байгууллагуудад төлбөр төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрсөн, үүнийг компанид учруулсан хохирол гэж үзэхгүй гэж анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ./хх12-22/

3.г. Хэрэгт Улсын Дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 769 дүгээр тогтоол, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4908 дугаар шийдвэр, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2341 дүгээр шийдвэр, мөн шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2394 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1039 дүгээр магадлал зэрэг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд авагдсан. /хх23-25, 30-33/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ,,,,,,,,,,,,,,,,,ийн гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй, харин ,,,,,,,,,,,,, ХХК нь хэвийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой бусадтай эрх зүйн харилцаанд орсон, гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлж чадаагүйтэй холбоотой өр төлбөрийн маргааныг шүүх шийдвэрлэсэн байдал тогтоогдсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4. ,,,,,,,,,,,,, ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Тэд-Аудит ХХК-д аудитын дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хүргүүлсэнд Тэд-Аудит ХХК нь ...бэлэн мөнгөний гүйлгээтэй холбоотой анхан шатны нотлох баримтууд, бэлэн мөнгө, бараа материал, үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй тайлангууд, авлага, өглөгийн тооцооны бүртгэл, тооцоо нийлсэн актууд, гэрээ хэлцлүүд, гүйлгээ баланс гэх мэт баримтуудын дутуу байдлаас хамаарч аудитын дүгнэлт гаргах боломжгүй гэжээ. /хх186/

Дээрх асуудлын хүрээнд анхан шатны шүүх энэхүү албан бичгээс Тэд-Аудит ХХК нь ,,,,,,,,,,,,, ХХК-аас тавьсан асуултад хариулт өгсөн байдал харагдах ба, ...Хас банкны 5001128008 тоот харилцахын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд 234,918,061 төгрөгийн орлого олсноос ...234,918,061 төгрөгийн зарлага гарснаас ... Эн Ар Си ХХК-д 53,034,800 төгрөгийг зарлагдсан байгааг илрүүлжээ. Энэ баримтыг үндэслэн нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, өөрийн эзэмшлийн Эн Ар Си ХХК-д ямар нэгэн санхүүгийн баримтгүй 53,034,800 төгрөгийг шилжүүлсэн, уг үйлдэл нь сонирхлын зөрчилтэй хэлцэл гэж тайлбарлана гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.1-д компанийн бүх энгийн хувьцааг нэг этгээд эзэмшиж байгаа бөгөөд уг этгээд гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа бол сонирхлын зөрчилтэй холбоотой заалтууд үл хамаарахаар зохицуулсан.

 

Хэрэгт авагдсан баримтаар дээрх 2 компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь ,,,,,,,,,,,,,,,,, байсан болох нь тогтоогдож байгаа тул Компанийн тухай хуулийн сонирхлын зөрчилтэй холбоотой зохицуулалтыг уг маргаанд хэрэглэх боломжгүй юм.

 

Талууд 53,034,800 төгрөгтэй холбоотой асуудал, ямар эрх зүйн харилцааны үндсэн дээр уг мөнгөн хөрөнгө шилжсэн талаар тодорхой тайлбар гаргаагүй. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, ХХК нь үндэслэлгүйгээр Эн Ар Си ХХК-нд 53,034,800 төгрөгийг шилжүүлсэн гэж үзэж байгаа бол тус компаниас шаардах нь зүйтэй.

 

5. Нэхэмжлэгч Эн Ар Си ХХК-д 53,034,800 төгрөгийг шилжүүлсэн үйлдлийг баримтгүй, үндэслэлгүй гэж үзэж байгаа бол тухайн байгууллагаас мөнгөн хөрөнгийг эргүүлэн шаардах эрх нь нээлттэй гэсэн агуулгаар давж заалдах журмаар гомдол гаргасныг дээр дурдсан үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 251,197,079 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй учир давж заалдах шатны шүүхээс энэ талаар тусгайлан эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2022/03095 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6, 85 дугаар зүйлийн 85.2, 89 дүгээр зүйлийн 89.3.1-д тус тус зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох Компанид учруулсан хохиролд 304,231,879 төгрөг гаргуулах тухай ,,,,,,,,,,,,, ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,ийн төлсөн 423,124 төгрөгийг шүүгчийн захирамжаар улсын орлогоос буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Ш.ОЮУНХАНД