Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 623

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар О.Отгонцэцэг,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Гантулга /№ 1163/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хотчин овогт Мөнхсайханы М.Бт холбогдох эрүүгийн 1708021600199 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 6-29 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Хотчин овогт Мөнхсайханы М.Б /РД: ./

                                                                                                                                 

Холбогдсон хэргийн талаар:  яллагдагч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бын өгсөн: “...Надад хүлээн зөвшөөрөхгүй 4 үйлдэл байгаа. Гангаама, Сүхбат, Нэргүй, Э.Ганбат нарын эд зүйлийг авсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Анх Баянгол дүүрэг дээр баригдсан. Баригдаж очиход эрүүгийн төлөөлөгч намайг цахилгаан бороохойгоор зодож намайг энэ хэргүүдийг үйлдсэн гэж хэл гэсэн. Уг нь энэ хэрэг миний үйлдсэн хэрэг биш. Миний танил Мөнхтөр ахтай урьд архи уугаад сууж байхад Мөнхтөр ах өөрийгөө уг хэргүүдийг хийсэн талаар хэлж байсан. Тэгэхээр нь би эрүүгийн төлөөлөгч намайг зодох үед уг хэргийг өөрөө хийсэн мэтээр хэлсэн.  Би айсандаа уг хэргийг хийсэн гэж хэлсэн. Энэ хэргийг үнэн зөв шийдэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч М.Б нь:

1. 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүнбаянцагаан 4-6 тоотод оршин суух хохирогч Б.Цээсүрэнгийн байнга амьдрах өвлийн байшингийн цонхоор нэвтэрч “Шарп” маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 295.000 төгрөгний хохирол учруулсан,

2. 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүнбаянцагаан 4-6 тоотод оршин суух хохирогч Ц.Золзаяагийн байнга амьдрах өвлийн байшингийн цонхоор нэвтэрч, “Шарп” маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, нийт 295.000 төгрөгний хохирол учруулсан,

3. 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүнбаянцагаан 6-10 тоотод оршин суух хохирогч Б.Чинбатын байнга амьдрах өвлийн байшингийн цонхоор нэвтэрч “Монел” маркийн 32 инчийн зурагт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж нийт 290.000 төгрөгний хохирол учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч М.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн орчимд Баянхошууны 7 дугаар хорооны тийшээ явчихаад буцаад гэр лүүгээ явж байтал 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүнбаянцагааны гудамжуудаар явж байтал тэнд байх жалганы урд талын гэр хорооллын нэг айл хүнгүй байгаа бололтой гэрэлгүй харагдсан. Тэр хашаанд 1 гэр, 2 байшинтай байсан ба хашааны хаалга онгорхой байсан учир хашааны хаалгаар ороод нүүрсний амбаарын хажууд байсан төмрийг аваад монгол гэрийн хаалгын цоожийг хөшиж онгойлгоод гэрт орж зурагтыг нь аваад гараад иртэл хажуу талын хашаанд байх байшингаас нь хүн гарч ирэх шиг болохоор нь би харагдчихаж магадгүй гэж санаад зурагтыг нь уг хашаанд байх эвдэрхий машины кабинд хийчихээд хашааг нь даваад зугтаасан.

Тэндээс би гараад доошоо уруудахдаа уг гудамжнаас урагш 2 дахь гудамжинд ороод явж байтал ногоон хаалгатай, хашаандаа хоёр байшинтай айл гэрэлгүй байхаар нь уг хашаа руу хашааг нь давж ороод нүүрсний амбаар орчимд байсан хугархай тахир төмрийг аваад эхлээд хаалганы урд талаас харсан байшингийн вакум цонхыг нь төмрөөр хөшиж ороод 32 инчийн зурагт байхаар нь аваад нөгөө байшинд нь мөн вакум цонхыг нь төмрөөр хөшиж ороод зурагтыг нь аваад гарсан. Тэгээд би хоёр зурагтыг нь тэвэрчихээд хашаанаас гараад гудамжинд нь явж байтал уг гудамжны баруун талаас машины гэрэл тусаад уг гудамж руу машин ороод ирэхээр нь гудамжинд миний явж байсан замын харалдаа байх хашааных нь хаалга онгорхой байсан хашаа руу ороод уг хоёр зурагтыг тэнд байсан машинд оруулаад тавьсан. Тэгээд би уг хашаанаас гараад буцаад эхний зурагт авсан айлын гудамж руу орсон чинь цагдаа нар мөр шалгаад явж байгаад надтай таараад намайг дуудаад миний гутлын мөрийг харсанаа адилхан байна гээд намайг цагдаа дээр авч ирсэн. Тэгээд би айлын хашаанд тавьсан зурагтуудаа зааж өгөөд цагдаа дээр авчирсан...." гэх мэдүүлэг, /1хх-ийн 127-128х/,

хохирогч Б.Цээсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 14 цаг 30 минутын орчимд гарч явахдаа байшингийнхаа хаалгыг түгжээд явсан юм. Намайг явахад манай хашаанд хүн үлдээгүй охины гэрт хүн байгаагүй. Намайг гадуур явж байтал 21 цагийн орчимд манай төрсөн хүү Тамир над руу залгаад танайд ирсэн чинь танай хашааны хаалга онгорхой байшингуудын чинь цонх онгорхой хулгай орсон бололтой байна гэж хэлсэн. Тэгээд шууд гэрт ирэхэд хаалганд ямар нэгэн гэмтэлгүй хаалга цоожтой байсан ба манай байшингийн урд зүгт харсан вакум цонх онгорхой байдалтай байсан. Мөн манай хашаанд байх манай төрсөн охин Золзаяагийн байшингийн цонх онгорхой байдалтай байсан ба гэрээс нь зурагт алдагдсан байсан учир цагдаагийн байгууллагад хандсан. Манай хашаанд барзгар том хээтэй гутлын мөр байсныг цагдаа нар ирж зургийг нь авсан.Шарп маркийн 32 инчийн зурагт алдагдсан байсан. Манайх уг зурагтыг 2007 онд 1.450.000 төгрөгөөр авч байсан юм. Зурагтаа би 350.000 төгрөгөөр үнэлнэ. Уг зурагтанд ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Өөр алдагдсан эд зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /1хх-ийн 18-21х/,

хохирогч Ц.Золзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Манайх хашаандаа хоёр байшинтай юм. Нэг байшинд нь би нөхөр хүүхдийн хамт, нөгөө байшинд манай аав, ээж хоёр амьдардаг юм....2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн орчимд манай аав Цээсүрэн над руу залгаад "танай гэрт хулгай орсон байна чи хүрээд ир" гэж хэлсэн,. Тэгээд би 23 цагийн орчимд гэртээ ирсэн чинь цагдаа нар ирсэн байсан ба манай байшингийн вакум цонх онгорхой байдалтай, хаалга эвдрэлгүй цоожтой байсан, гэрээс зурагт алдагдсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 16-17х/,

хохирогч Б.Чинбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр би гэрээсээ 09 цаг гэж гарч явсан. Намайг гэрээс гарахад гэрт эхнэр Батгэрэл гэрт үлдсэн. Би гадуур ажилтай явж байгаад 11 цагийн орчимд гэртээ ирэхэд манай эхнэр гэртээ байгаагүй. Манай эхнэр ахынхаа хүүхдийг нь харж өгдөг юм. Тэгээд би тийшээ явсан юм байна гэж мэдээд ахынх нь гэр лүү очиж гэрийн түлхүүр аваад гэртээ ирж байж байгаад би 14 цагийн орчимд гэрээ түгжээд гарч явсан. Үүнээс хойш манай гэрт хүн байгаагүй юм. Манай хашаанд 2 байшин байдаг боловч хүнгүй байдаг юм. Ингээд би гадуур ажилтай явж байгаад 20 цаг гээд гэртээ ирсэн чинь гэрийн хаалга цоожгүй онгорхой байдалтай байхаар нь гэртээ ороод харсан чинь гэрийн хойморт байсан зурагт алга болсон байсан. Тэгээд харахад манай хашаан дотор том дөрвөлжин гэхээр хээтэй гутлын мөр байсан учир цагдаад хандсан. Монел маркийн 32 инчийн зурагт алдагдсан байсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 90-91х/,

гэрч С.Батгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Өнөөдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 14-20 цагийн хооронд манай гэрт хулгайч ороод гэрт байсан Монел маркийн 32 инчийн ЛЕД зурагт алдагдсан байсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 92-93х/,

гэрч Ц.Тамирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр аав Цээсүрэн над руу залгаад ирээд аваарай гэж хэлж байсан юм. Тэгээд би аавыг гэртээ ирчихсэн байх гэж бодоод гэрт нь 21 цагийн орчимд очиход хашааны хаалга нь онгорхой байхаар нь аавыг ирчихсэн юм байна гэж санаал хашаанд орсон чинь аавын байшингийн гэрэл нь унтраастай байхаар нь би аавыг ирээгүй юм байх даа гээд гайхаад очоод цонхоор нь харсан чинь цонх нь онгорхой байдалтай байсан. Тэгэхээр нь эгч Золзаяагийн байшинг очиж шалгахад мөн цонх нь онгорхой байдалтай байхаар нь хулгай орсон байна гэж мэдээд аавд утсаар хэлсэн. Тухайн үед байшингуудын хаалга цоожтой байсан учир би байшингуудад ороогүй. Ингээд удаагүй аав ирээд цагдаад мэдэгдсэн. Цагдаа нарыг ирсэний дараа харахад хашаанд хашаа давж орж ирсэн бололтой хүний гутлын мөр байсан. Цагдаа нараас уг мөрийн зургийг нь авсан....Манай аав Цээсүрэнгийн гэрээс 32 инчийн шарп маркийн зурагт, эгч Золзаяагийн гэрээс шард маркийн 32 инчийн зурагт алдсан байна гэж уг хүмүүс ирээд хэлсэн..." гэх мэдүүлэг /1хх-ийн 24х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн мэргэшсэн шинжээч Г.Ганцэцэгийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн "мөр судлалын шинжилгээ" хийсэн №1518 дугаартай дүгнэлт /1хх-ийн 106-109х/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх-ийн 3-7, 75-78х/, хулгайд алдагдсан гэх зурагтуудад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 8-11, 82-83х/, хулгайд алдагдсан гэх “Шарп” маркийн 32 инчийн зурагтыг хохирогч Б.Цээсүрэнд хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл, /1хх-ийн 13х/, хулгайд алдагдсан гэх “Шарп” маркийн 32 инчийн зурагтыг хохирогч Ц.Золзаяад хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл, /1хх-ийн 12х/, хулгайд алдагдсан гэх “Монел” маркийн 32 инчийн зурагтыг хохирогч Б.Чинбатад хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл, /1хх-ийн 84х/, "Аривжих-Эстимейт" ХХК-ны үнэлгээчин Ч.Манлайбаатарын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 18/027, 18/028, 18/026 тоот дүгнэлтүүд /1хх-ийн 32-33, 36-37, 95-96х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

4. 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн 28-361 тоот хашаанд оршин суух хохирогч Ц.Очирбатын байнга амьдрах монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, 32 инчийн “Монел” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 290.000 төгрөгний хохирол учруулсан,

5. 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн 28-361 тоот хашаанд оршин суух хохирогч Э.Баясгалангийн байнга амьдрах монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, 32 инчийн “ТСЛ” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 280.000 төгрөгний хохирол учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

М.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...Би 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Гандангаас доош уруудаад Баянбүрд орохоор явж байгаад мөнгөн олмоор санагдаад хулгай хийх зорилгоор айд хайж явж байгаад Самъяа хийд гэсэн бичигтэй газрын урдуур өгсөөд зүүн тийш явж байгаад хашааны завсраар харсан чинь дотор нь хоёр цоожтой гэр байсан ба дотогш яваад орсон чинь нэг гэрийнх нь урд талд ногоон өнгөтэй жийп машин байсан ба доод талд нь тахир төмөр харагдахаар нь аваад зүүн талд нь байрлах монгол гэрийн хаалганы цоожийг нөгөө төирөөрөө хөшиж ороод хойморт нь өнгөт зурагт байхаар нь түүнийг авч гараад, баруун талд байрлах айлын үүдэнд тавьчихаад тэр айлын үүдний амбаарыг хөшиж орсон чинь гэрийн хаалга цоожгүй байхаар нь дотогш ороод мөн л хойморт нь зурагтын тавиур дээр хөр өнгөтэй зурагт байхаар нь авч гараад үүдэнд тавьсан нөгөө зурагтаа нөгөө гартаа бариад нарийн гудамжаар дээш өгсөөд явж байсан чинь нэг жижиг машин зогсож байхаар нь таксинд явах уу гэсэн чинь нөгөө жолооч явна гэхээр нь хоёр зурагтаа хойд суудал дээр нь тавиад 10 дугаар хороолол руу явж, нэг ломбард руу ороод зурагт авах уу гэсэн чинь авна гэхээр нь нөгөө хоёр зурагтаа нийлүүлээд 240.000 төгрөгөнд барьцаанд тавьчихаад мөнгөөрөө хувцас, хунар авч ПС тоглоом тоглоод хоол идээд дуусгачихсан    " /1хх-ийн 247х/ гэх мэдүүлэг,

хохирогч Э.Баясгалангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28-361 тоотод хүүхдийн хамт түр оршин суудаг юм, тухайн хэрэг гардаг өдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 07 цаг 20 минутын орчим гэрээсээ гарсан бөгөөд орой 19 цаг 30 минутын орчим гэртэй ирсэн манай гэрийн хаалга эвдэрсэн байдалтай байхаар нь гэртээ орсон манай ТЛС загварын зурагт алга болсон учир цагдаагийн байгууллагад мэдэгдсэн тухайн өдөр манай хүүхэд хөдөө байсан учир би гэртээ ганцаараа байсан, цагдаа нар ирээд үзлэг хийж байхад хажуу айлын Манлай ахын гэрийг эзэнгүй байсан учир шалгаж үзэхэд гэрийн хаалгыг нь эвдлээд мөн хулгай орсон зурагт нь алдагдсан байсан...", "...2018 оны 03 дугаар сарын 16-ны өглөө 07:30 минутын орчимд би гэрээсээ гараад ажилдаа явсан. Ингээд 17:30 минутын орчимд гэртээ ирсэн чинь гэрийн хаалганы цүүг хөшөөд хулгай орсон байсан. Манайхаас ТСЛ маркийн 32 инчийн зурагт алдагдсан байсан. Өөр алдагдсан зүйл байгаагүй....Уг хулгайн улмаас буюу манай монгол гэрийн хаалганы цүүг хөшсөнөөс болоод хаалганы мод хагарч цуурсан. Уг хаалгыг би 2016 оны 05 дугаар сард 450.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Уг хаалга би авсан үнээр үнэлнэ...." гэх мэдүүлэг, /1хх-ийн 209-211,212-213х/,

хохирогч Ц.Очирбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "....Би Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28-361 тоотод 2000 оноос хойш амьдарч байгаа юм, манайх ам бүл 3, нөхөр зээгийн хамт амьдардаг юм. Манай гэр бүл 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 02 цаг 30 минутын үед гэрээс гараад Багануур дүүрэг явсан бөгөөд маргааш нь буюу 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 21 цагийн орчим манай хажуу талд байдаг Э.Баясгалан гэх охин миний дугаар луу залгаад манай гэрт хулгай ороод зурагт алдагдсан байна мөн танай гэрийн хаалгыг эвдлээд хулгай орсон байна гэж хэлсэн, тухайн үед байсан учир найз Лхагвааг гэрч болгон гэртээ оруулаад цагдаа нараар үзлэг хийлгэсэн. Түүний маргааш өдөр буюу 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн орчим гэртээ ирсэн, манай 32 инчийн Монел загварын зурагт алдагдсан байсан өөр ямар нэгэн эд зүйл алдагдаагүй байсан...", "...Тухайн үед манай хашаанд цагаан өнгийн Ниссан патрол пикап маркийн автомашин байсан, саарал өнгийн Уаз пургон маркийн автомашин байсан. Өрр автомашин байгаагүй. Ногоон өнгийн автомашин манай хашаан байгаагүй. Харин армотурын төмрийг амбаарын хажууд тавьчихсан байсан. Уг төмөр нь манай хашаанд л байсан төмөр байх. Олон янзын төмөр байдаг болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Одоо тэр төмөр нь байхгүй хулгай орсны дараа хаячихсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 217-221хх/,

гэрч Ж.Манлайгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө би эхнэрийн хамт Багануур дүүрэг рүү явсан юм. Ингээд Багануурт байж байтал 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр манайгэрт хулгай орсон байна гэж манай хашаанд байдаг Баясгалан нь надад хэлээд хулгайн талаар мэдсэн. Манай гэрээс Монел маркийн 32 инчийн зурагт алдагдсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 222х/,

хохирогч Э.Баясгалангаас 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 200-201х/, рэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 202-204х/, хохирогч Э.Баясгалангийн хулгайд алдсан гэх ТЛС маркийн зурагтыг 280.000 төгрөгөөр, хулгайн үйлдпийн улмаас эвдэрсэн гэх монгол гэрийн хаалгыг 270.000 төгрөгөөр үнэлсэн "Аривжих-Эстимейт" ХХК-ны 18/115 тоот дүгнэлт /1хх-ийн 233-235х/, хохирогч Ц.Очирбатын хулгайд алдсан гэх “Монел” маркийн зурагтыг 290.000 төгрөгөөр үнэлсэн "Аривжих-Эстимейт" ХХК-ны 18/119 тоот дүгнэлт /1хх-ийн 238-240х/, М.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 6-8х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар,

 

6. 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Тасганы 7-95 тоотод оршин суух  хохирогч П.Ганбатын байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, “Самсунг” маркийн 49 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгуйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 1.430.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэүүлэг,

М.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "....Би 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хороололд байрлах Гаме Арина гэх нэртэй цахим тоглоомын газарт тоглож байгаад орой 18 цагийн үед Баянхошуу руу гэр рүүгээ явж байсан юм. Тэгээд Монголын үндэсний телевизийн ертөнцийн зүгээр зүүн талаар дээш алхаж яваад нэг харанхуй гудамжаар ороод өгсөөд явж байсан чинь нэг ногоон өнгийн хаалгатай хашаан дотор гэрэлгүй байшин харагдахаар нь хашаа руу нь хартал хашаа нь онгорхой байхаар нь яваад ортол улаан өнгийн тоосгон байшин байсан ба урд талд нь төмөр, мод зэргийг овоолсон байхаар нь тэндээс нь нэг төмөр аваад хоёр цонхны баруун талд байрлах цонхыг нөгөө төмрөөрөө хөшиж онгойлгоод байшин руу нэвтрэн орж өрөөний баруун урд байрлах цагаан өнгийн тавиур дээр зурагт байсныг аваад гарах гэж байтал ширээн дээр нь нэг мөнгөн аяга байхаар нь нөгөө зурагтаа түр тавьчихаад мөнгөн аягаг очиж аваад зурагтыг суурины хойд талд улаан өнгийн модон авдар байхаар нь цоожийг хөшиж онгойлгоод авдар дотор байсан боолттой хувцас байх шиг байсан ба авдарнаас авар эд зүйл байхгүй байхаар нь мөнгөн аяга, зурагтаа аваад орж ирсэн цонхоор эргэж гараад мөнгөн аягаа өмсөж явсан куртикныхаа халаасанд хийгээд зурагтаа өргөөд хашаан дотор явж байсан чинь хамар хашааны айлаас нэг эгч гарч ирээд мэдсэн юм шиг над руу дөхөөд байх шиг байхаар нь нөгөө зурагтаа хашаа давуулж хаячихаад блоког хашаагаар даваад зугтчихсан юм. Тэгээд гарч зуггаж байгаад 3-4 дүгээр хороолол руу алхаад явж байтал ломбард гэсэн хаягтай газар байхаар нь ороод нөгөө мөнгөн аяга 25.000 төгрөгөөр барьцаанд тавьчихсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 49х/,

 хохирогч П.Ганбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "....2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 22 цаг өнгөрч байхад манай ах Мөнхбат над руу залгаад танай гэрт ирсэн чинь гэрт чинь хулгай орсон байна гэж хэлээд хулгайн талаар мэдсэн юм. Манай ах Мөнхбатад манай гэрийн түлхүүр байдаг ба манай гэрийг эзгүйд эргэжтойрдог юм. Манайхаас Самсунг маркийн 49 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга алдагдсан. Өөр эд зүйл алдагдаагүй. Гэтэл манай зурагтыг байшин хашаа хоёрын завсарт хийгээд орхичихсон байсан учир уг зурагтыг хүлээн авсан. Мөн дараа нь мөнгөн аягыг хүлээн авсан....Манай хаалга цонхонд эвдэрсэн зүйл байхгүй...." гэх мэдүүлэг /2хх-ийн 31-32х/,

гэрч П.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  "...2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 20 цаг 30 минутын орчимд дүү Ганбатын гэр очиход Ганбатын байшингийн урагшаа харсан баруун талын вакум цонхны салхивч нь онгорхой байдалтай байсан. Тэгэхээр нь тухайн үед надад түлрүүр нь байсан учир байшингийн хаалгыг онгойлгоод ороход Ганбатын гэрээс зурагт нь алга болсон байсан. Тэгээд би Ганбатад энэ талаа утсаар хэлсэн ба би цагдаад дуудлага өгсөн. Сүүлд нь сонсоход мөнгөн аяга нь мөн алга болсон байсан гэсэн..." гэх мэдүүлэг /2хх-ийн 33х/,

гэрч С.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  "....М.Б гэх хүн нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр мөнгөн аяга барьцаанд тавьсан байна. Уг хүнийг ямар хүн байсан содон шинж тэмдгийн талаар болон өөр хүнтэй ирсэн эсэх талаар одоо санахгүй байна. Уг барьцаанд тавьсан мөнгөн аягыг цагдаа нар ирээд хурааж авсан. Барьцаанд тавьсан мөнгийг тэр дор нь төлж барагдуулсан учир манай зүгээс гомдол санал байхгүй. Уг хүн манайд өөр эд зүйл тавиагүй байна..." гэх мэдүүлэг /2хх-ийн 36-37х/,

П.Ганбатаас 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх-ийн 18-19х/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 20-22х/, Эд мөрийн баримт буюу хулгайд алдагдсан гэх мөнгөн аягыг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /2хх-ийн 25х/, хураан авсан мөнгөн аягыг хохирогч П.Ганбатад хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /2хх-ийн 26х/, хэргийн газрын үзлэгээр хураан авсан 49 инчийн зурагтыг хохирогч П.Ганбатад хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /2хх-ийн 27х/, М.Б нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр "Сүртэй-2" нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт өөрийн нэрээр хулгайлсан гэх мөнгөн аягыг 25.000 төгрөгөөр барьцаанд тавьсан болохыг нотолсон барьцаат зээлийн газрын баримт /2хх-ийн 50х/, хохирогч П.Ганбатын хулгайд алдсан гэх эд зүйлсийг 1.430.000 төгрөгөөр үнэлсэн "Аривжих-Эстимейт" ХХК-ны 18/116 тоот дүгнэлт /2хх-ийн 39-40х/, М.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 186-195х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

7. 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 10-15 тоотод оршин суух хохирогч Р.Гангаамаагийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, “Самсунг” маркийн 48 инчийн зурагт, орны бүтээлэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 1.035.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч М.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "....Би 2018 оны 02 дугаар дундуур байх яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна, цагаан сарын үеэр байх би өдөрхөн хорооллын Өргөөгийн хойд талын Гаме-Арена гээд интэрнет тоглоомын газарт тоглож байгаад оройхон 19 цагийн үед байх би хорооллын эцсийн хойшоо гэр хороолол дунд явж байгаад нэг хашаан завсараар харсан чинь тэр айл хүнгүй гэрэл нь унтраалттай байсан, тэгэхээр нь хашаан дээгүүр нь давж орсон чинь нэг том машин байсан машин доор байсан нуман хэлбэртэй төмөр байхаар нь аваад байшингийн зүүн талын захын цонхыг хөшиж онгойлгоод орсон чинь хажууд том хар зурагт байхаар нь аваад гарсан, тэгээд хашааны хаалгыг нь онгойлгоод төв зам руу гараад такси бариад 10 дугаар хороололд очоод 200-300 мянган төгрөгөнд тавьсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 90х/,

хохирогч Р.Гангаамаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "....2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 12 цаг гэж гэрээ цоожилж гараад 20 цаг гээд гэртээ ирсэн чинь манай байшингийн вакум цонхыг түлхэж онгойлгоод хулгай орсон байсан. Манай гэрээс Самсунг маркийн 48 инчийн зурагт, орны бүтээлэг алдагдсан байсан...", "....Нуман хэлбэртэй төмрийн хувьд бол хэрэг гарснаас хойш нэлээн хэд хоногийн дараа би хашаагаа цэвэрлэж байгаад харахад манай хашаанд хулгай орсон цонхны харалдаа газарт урт дэгээ төмөр байсан. Тэр төмрийг харчихаад би хаанаас гараад ирэв ээ гэж бодож байсан юм. Саяхан манай үүдээр хаягдал төмөр авна гээд Портер машин явж байхаар нь уг төмрийг хашаанд байсан төмрийн хогнуудтай хамт тушаачихсан учир одоо уг төмөр байхгүй. Багцаагаар 1 метр орчим урттай нарийхан дэгээ гэмээр хэлбэртэй армотурын төмөр байсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 72-73, 74-75х/,

Иргэн Р.Гангаамаагаас 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх-ийн 63-64х/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 66-68хх/, Хохирогч Р.Гангаамаагийн хулгайд алдсан гэх эд зүйлсийг 1.305.000 төгрөгөөр үнэлсэн "Аривжих-Эстимейт" ХХК-ны 18/ 117 тоот дүгнэлт /2хх-ийн 85-86х/, М.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 186-195х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуулаар,

 

8. 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 9-49 тоотод оршин суух  хохирогч Б.Баярсайханы байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, “Самсунг” маркийн 32 инчийн зурагт, мөнгөн аяга 5 ширхэг, соёмбо архи 1 шил, оргилуун дарс 1 шил зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 1.376.100 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч М.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "....Би 2018 оны 02 дугаар сарын эхээр гэртээ байж байгаад гэрээсээ гараад хороололд Өргөөгийн ард талын Гаме-Арена тоглоомын газарт тоглож байгаад оройхон 19 цагийн үед хорооллын эцэс рүү хойд замаараа алхаж явж байгаад хойшоо гэр хороолол руу яваад нэг хашааны завсараар харсан чинь тэр айл аүнгүй монгол гэр байхаар нь хашаан дээгүүр нь давж ороод хогийн савны хажууд нарийхан урт төмөр байхаар нь хаалганы цоожыг нь хөшиж онгойлгосон, тэгээд дотогш орсон чинь гэрийн хойд хэсэгт хавтгай дэлгэцтэй 32 инч орчим зурагт байсан зурагтыг нь аваад хажууд нь авдар байхаар нь татсан чинь онгойчихсон, тэгээд авдран доторхыг ухсан чинь 4 ширхэг том, жижиг мөнгөн аяганууд байсан тэгээд аваад гарсан юм тэгээд доошоо уруудаад явж байсан чинь өөдөөс цагдаагийн машин ирж байхаар нь би зурагтыг нь ойролцоо хашаа давуулаад шидсэн мөнгөн аягыг куртикныхээ дотор талд нуугаад явсан, тэгээл хорооллын эцсээр доошоо уруудаад далангаар гараад 10 дугаар хороолол руу гарсан тэгээд 10 дугаар хороололд ломбарданд 4 мөнгөн аягаа 250.000 төгрөгөөр тавьсан юм. Яг ямар нэртэй ломбард гэдгийг нь мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /2хх-ийн 139х/,

хохирогч Б.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би эхнэр хүүхдийн хамт 2018 оны 02 дугаар сарын 08-ны орой 19 цагийн үед гэрээсээ гарсан. 20 цаг 50 минутын үед эхнэр хүүхдийнхээ хамт гэртэй ирэхэд гэрийн хаалганы үүдний амбаарны хаалганы цоож нь эвдэрсэн байсан. Дотогш ороход гэрийн хаалга онгорхой байсан. Тэгээд гэрт ороход хойморт байсан авдарны хаалгыг онгойлгосон, хувцасны шкафны хаалга онгорхой, стенк тавилга дээр байсан хар өнгөтэй Самсунг брендийн 32 инчийн зурагт байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Дараа нь гэрээс эд зүйлс зүйл байгаа эсэхийг шалгаж үзэхэд авдар дотор байсан их гарын 4 ширхэг мөнгөн аяга, жижиг гарын 1 ширхэг мөнгөн аяга нийт 5 ширхэг мөнгөн аяга байхгүй байсан. Мөн авдар дотор байсан 1 шил 0.75 гр Соёмбо нэртэй цагаан архи, 1 шил оргилуун дарс байхгүй байсан. Өөр алдагдсан зүйл байгаагүй..." гэх мэдүүлэг /2хх-ийн 117-118х/,

гэрч П.Уранзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 19:30 минутанд би нөхөр хүүхдийн хамт гэрээс гараад эмнэлэг орчихоод буцаад 20:50 минутанд гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдэж хулгай орсон байсан. Манай гэрээс зурагтын тавиур дээр байсан Самсунг маркийн 32 инчийн зурагт, авдар дотор байсан их гарын болон дунд гарын нийт 5 ширхэг мөнгөн аяга, мөн авдар дотор байсан Соёмбо арх, оргилуун дарс зэрэг эд зүйлс алдагдсан....Шинэ жилээр бид хоёр тэр алдагдсан соёмбо арх, оргилуун дарс хоёрыг аваад тавьчихсан байсан ба он гаргахдаа айлд гаргасан учир уг архи, оргилуун дарс хоёрыг хэрэглээгүй байсан учир авдар нь дотроо хийчихсэн байсан юм. Мөн манай гэрт 5 ширхэг мөнгөн аяга байдаг ба тэр таван аяга алдагдсан байсан. Уг аягануудыг бид хоёр хэрэглэдэггүй авдартаа хадгалчихдаг байсан юм. Уг эд зүйлсийг хулгай орохын өмнөх өдөр би авдар дотроос юм авах гээд үзэхэд байсан ба авдараа цоожилсон. Хулгай орсны дараа авдарны хаалга онгойсон байхаар нь үзэхэд алга болсон байсан юм...." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 124х/,

гэрч П.Ганзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  "...Манай ах эгчийн гэрээс Самсунг маркийн 32 инчийн зурагт, 5 ширхэг мөнгөн аяга, соёмбо архи, оргилуун дарс зэрэг эд зүйл алдагдсан байсан. Зурагтыг нь бол байнга үзэж байдаг учир мэднэ. Ах эгч хоёр маань 2017 онд хурим хийгээд бэлгэнд 5 ширхэг мөнгөн аяга ирж байсан юм. Уг 5 ширхэг мөнгөн аягаа манай ах эгч хоёр хэрэглэхгүй авдартаа хийгээд хадгалчихдаг байсан. Мөн шинэ жилээр бид нар хэрэглэх гээд авсан Соёмбо архи, оргилуун дарс зэргийг өөр газарт шинэ жил тэмдэглэсэн учир шинэ жилээр хэрэглээгүй хадгалчихая гээд авдартаа хийж байсан юм. Тэр нь тэр чигтээ байсан юм. Тэр эд зүйлс нь алга болсон. Уг эд зүйлс байсан талаар би мэднэ..." гэх мэдүүлэг /2хх-ийн 125х/,

Иргэн Б.Баярсайханаас 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх-ийн 106-107х/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 108-114х/, хохирогч Б.Баярсайханы хулгайд алдсан гэх эд зүйлсийг 1.376.100 төгрөгөөр үнэлсэн "Дамно" ХХК-ны БГ2-18-154 дугаартай дүгнэлт /2хх-ийн 134-135х/, М.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 186-195х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

 

9. 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 17-52 тоотод оршин суух иргэн Э.Ганбатын байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, “Хаейр” маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 389.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч М.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би орой яг хэдэн цагийн орчим гэдгээ санахгүй байна харанхуй болсон байхад Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 17 дугаар гудамжаар явж байгаад нэг хашаан дээгүүр харахад нэг монгол гэр цоожтой байж байхаар нь би дотогшоо ороод монгол гэр рүү очиход амбаарынх доор нүүрс цохидог бололтой алх шиг махир төмөр байж байхаар нь цоожийг нь цохиж эвдээд дотогшоо орсон. Би тэр гэр рүү ороод 32 инчийн хар өнгийн зурагт хоймор дээр нь стейкэн дээр байж байхаар нь авч гараад шууд Энхбаярын замаас такси бариад явсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 181х/,

хохирогч Э.Ганбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн орчим гэрээсээ гарахдаа хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн цоожоор гэрээ цоожлоод таамбарынхаа хаалгыг хятад улсад үйлдвэрлэсэн дардаг цоожоор цоожилоод явсан юм. Тэгээд 21 цагийн орчим гэртээ ирэхэд таамбарын хаалга онгорхой, гэрийн хаалга онгорхой байхаар нь гэр лүүгээ ороод харахад гэрийн хойморт байсан 32 инчийн Хаейр маркийн хар өнгөтэй зурагт хулгайд алдагдсанбайхаар нь цагдаагийн байгууллагад хандаж дуулага өгсөн..." гэх мэдүүлэг /2хх-ийн 170-171х/,

Иргэн Э.Ганбатаас 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх-ийн 159-160х/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 161-167х/, хохирогч Э.Ганбатын хулгайд алдсан гэх зурагтыг 389.000 төгрөгөөр үнэлсэн "Голд Стандарт Эстимейт" ХХК-ны №1 дугаартай дүгнэлт /2хх-ийн 176-177х/, М.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 186-195х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

10. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 18-131 тоотод оршин суух хохирогч Б.Нэргүйн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч “Шарп” маркийн 32 инчийн зурагт, 1 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 325.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч М.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 01 дүгээр сарын 18-ны орой 21-22 цагийн орчим шиг санаж байна. Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 18 дугаар гудамжаар явж байхад гүйдэг хаалгатай төмөр хашаа байсан. Уг хашааны хаалга бага зэргийн завсар гарчихсан түгжээгүй байхаар нь дотогш орж харахад гэрэлгүй, эзэнгүй, вакум цонхтой, улаан хүрэн өнгийн тоосгон байшин байсан. Би тэр айлын хашаагаар ороход тухайн айлын хогны хажуу талд марих төмөр байж байхаар нь аваад байшингийн урд талын вакум цонхыг хөшиж онгойлгон дотогш орсон. Баяшин дотор ороод ханын тавиур буюу стейк дээр байсан хар өнгөтэй, 32 инчийн зурагтыг аваад орж ирсэн цонхоороо буцаж гарсан. Төв замтай ойрхон байсан болохоор зам руу очиж, такси бариад явсан. Фейсбүүк ашиглан хулгайлан авсан зурагтаа зарсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 228-229х/,

хохирогч Б.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр би гэртээ байгаагүй юм. Миний хүүхдүүд байсан би өглөө гараад орой ирэхэд нь гэрт хулгай орсон байсан гэсэн. Ууганбаяр нь манай хүү ба бид нар цуг манайд амьдардаг юм. Алдагдсан зурагт, мөнгөн аяга нь манай эд зүйлс байгаа юм. Тухайн үед би гэрт байхгүй байсан учир Ууганбаяр, Мөнхзул нар цагдаад хандсан байсан. Манай байшингийн урд хаалганы хажуу талын вакум цонхыг түлхэж хулгай орсон байсан. Манай гэрээс 2017 онд авч байсан 32 инчийн Шарп маркийн зурагт, 2017 онд авч байсан жижиг гарын мөнгөн аяга алдагдсан байсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 212-213х/,

гэрч Т.Буянхишигийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Ууганбаяр нь манай хүү ба манай гэрт цуг амьдардаг юм. Хулгай ордог өдөр би нөхрийн хамт өөр газар хоносон тул манай хүүхдүүд гэрт үлдсэн юм. Тэр өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өөр хүүхдүүд өглөө 07 цагийн орчимд гараад орой 23 цаг гээд ирэхэд хулгай орсон байсан гэсэн. Манайхаас 32 инчийн Шарп маркийн зурагт, жижиг гарын мөнгөн аяга алдагдсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 214-215х/,

гэрч Н.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 23 цаг 10 минутынорчимд орж ирэхэд том өрөөнд байсан зурагт байхгүй шүүгээнүүдийн хаалга онгорхой байсан тэгээд жижиг өрөөнд ортол цонх хагас онгорхой байсан, тэгээд цагдаад дуудлага өгсөн..Манайхаас 32 инчийн Шарп маркийн зурагт, жижиг гарын мөнгөн аяга алга болсон...." гэх мэдүүлэг /2хх-ийн 216х/,

Иргэн Н.Ууганбаяраас 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх-ийн 202-203х/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 204-206х/, хохирогч Б.Нэргүйн хулгайд алдсан гэх эд зүйлсийг 325.000 төгрөгөөр үнэлсэн "Аривжих-Эстимейт" ХХК-ны №18/118 дугаартай дүгнэлт /2хх-ийн 218-219х/, М.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 186-195х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар,

 

11. 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 18-45 тоотод оршин суух иргэн Д.Цолмонгийн байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожний цүүг эвдэн нэвтэрч, бэлэн 50.000 төгрөг, “Самсунг” маркийн 40 инчийн зурагт, хар өнгөтэй савхин хэтэвч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 470.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч М.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "....2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр шиг санаж байна 18-19 цагийн орчим Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 18 дугаар гудамжаар явж байхад хар өнгийн төмөр хаалгатай хашааны төмөр хаалга нь онгорхой байхаар нь дотогш ороход гэрэлгүй байшин, монгол гэр байсан. Тухайн байшин, монгол гэрт хүн байхгүй болохоор нь монгол гэрийн таамбарын цоожийг байшингийн урд байсан модон иштэй сүхээр цохиж эвдэж гэр рүү орсон. Гэрийн хаалга нь цоожгүй байсан. Гэр дотор ороод авдран дотроос бараан өнгийн түрийвч авсан. Түүн дотор 10.000 төгрөгний дэвсгэрт 1 ширхэг, 5000 төгрөгний дэвсгэрт 1 ширхэг, 500 төгрөгний дэвсгэрт 4 ширхэг, 100 төгрөгний олон мөнгөн дэвсгэрт байсан яг хэдэн ширхэг байсныг мэдэхгүй. Мөнгийг тухай үед тоолж үзээгүй. Гэрийн хойморт байсан мөлхөө тавилга дээрээс хар өнгийн 40 ЛСД зурагтыг авч гараад хажуу талын байшингийн хойгуур тойроод явж байхад зүүн талын айлаас нэг хүн гарч ирээд урд талынхаа айл руу гүйгээд ороход нохой дайрахаар нь айсандаа байшингийн хойд талд зурагтыг тавиад зугтсан..." гэх мэдүүлэг /3хх-ийн 30-31х/,

хохирогч Д.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр манайх гэр бүлээрээ Орхон аймаг руу явсан юм. Явахдаа хаалгаа цонхоо түгжээд хаагаад явсан юм. Ингээд 2018 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 03 цагийн орчимд гэртээ ирсэн чинь манай монгол гэрийн амбаарын хаалга онгорхой, амбаарын гэрэл асаалттай, гэрийн хаалга онгорхой байдалтай байсан. Хаалгануудын цоожны цүүг нь хөшиж салгасан байдалтай байсан. Цоож нь бол эвдрэлгүй бүтэн байсан. Ингээд гэртээ ороод эд зүйлээ бүртгэж үзэхэд авдарны таг онгорхой байдалтай авдарт байсан эд зүйлсийг гаргаад тавьчихсан байсан ба манайхаас зурагт, хар өнгийн савхин түрийвчтэй бэлэн мөнгө алдагдсан байсан. Тэгээд цагдаад дуулага өгөөд шалгуулсан ба манай зурагтыг хашаанд байшингийн хажууд тавьчихсан байсанг олж авсан...Манайхаас 2012 онд 1.500.000 төгрөгөөр авч байсан Самсунг маркийн 40 инчийн зурагт, 2013 оны орчим авч бйасан хар өнгийн арьсан түрийвч, түрийвчин дотор байсан бэлнээр 50.000 төгрөг алдагдсан байсан..." гэх мэдүүлэг /3хх-ийн 3-4х/,

Иргэн Д.Цолмонгоос 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх-ийн 241-242х/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 243-249х/, Хохирогч Д.Цолмонд хулгайд алдагдсан гэх зурагтыг хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /2хх-ийн 250х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын ахлах шинжээч Б.Түвшинбаярын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн "гарын мөрийн адилтгалын" шинжилгээ хийсэн №01/194 дугаартай: -Хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн 1,2,3 гэж дугаарласан 3 ширхэг гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ.

-Шинжилгээнд тэнцэж байгаа 2 дугаартай 1 ширхэг гарын мөр нь санд MN0000CXfl05770 дугаараар бүртгэгдсэн Мөнхсайхан овогтой М.Бын гарын дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгээрээ тохирч байна гэсэн дүгнэлт /3хх-ийн 9-15х/,

Хохирогч Д.Цолмонгийн хулгайд алдсан гэх эд зүйлсийг 420.000 төгрөгөөр үнэлсэн "Ашидбилгүүн" ХХК-ны 318/017 дугаартай дүгнэлт /3хх-ийн 20-22х/, Яллагдагч М.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 186-195х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

12. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16-07 тоотод оршин суух хохирогч Р.Сүхбатын байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, “Ленова” маркийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт  280.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч М.Бын сэжигтэнээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "....Би 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 22 цагийн орчим Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 16 дугаар гудамж гэсэн хаягтай гудмаар явж байхад нэг цайвар цэнхэр өнгөтэй төмөр хашаан дотор нэг гэрэл нь унтраалттай, вакум цонхтой, тоосгон улаан хүрэн өнгийн байшин байсан. Би тэр айлын хашааг давж ороход байшингийн зүүн талд машины хугархай нум байхаар нь аваад байшингийн хойд талын цонхыг хөшиж онгойлгон дотогш орсон. Намайг башин руу дотогш ороход буйдан дээр Ленова маркийн хар өнгийн жижиг нөүтбүүк байж байхаар нь аваад орж ирсэн цонхоороо буцаж гарсан юм..." гэх мэдүүлэг /3хх-ийн 75х/,

хохирогч Р.Сүхбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би хөдөөгүүр ажилтай 2,3 хоног явж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 11 цагийн орчид гэртээ ирэхэд хүнгүй байсан юм. Тэгээд би ядарсан байсан тул том өрөөнд зурагт асаачихаад харж хэвтэж байгаад унтаад өгсөн байсан. Тэгээд 16,17 цагийн орчимд нэг сэрсэн чинь хүн орж ирж байгаа чимээ гарах шиг болохоор нь манай хүүхдүүд орж ирж байгаа юм байх гэж бодоод босоогүй хэвтэж байтал дахиад түчигнэх чимээ гарах шиг болсон ба хүүхдүүд орж ирэхгүй байхаар нь гайхаад босоод харсан чинь жижиг өрөөний цонх онгойчихсон байсан. Тэгээд харсан чинь цонхны тавцан дээр гутлын мөр байхаар нь хулгай орсон байна гэж мэдээд цагдаад дуулага өгсөн юм. Манай байшин доод давхартаа 3 өрөөтэй учир том өрөөнөөс жижиг өрөөнд болж байгаа зүйл харагддаггүй ба гаднаас үүдэнд орж ирж байгаа хүн харагдахгүй юм. Би том өрөөнд хэвтэж байсан учир тухайн хулгайчийг орж ирэхийг нь хараагүй ба чимээг нь л сонссон байсан. Гэхдээ уг хүнийг хараагүй ба гарч явсаных нь дараа л жижиг өрөөнд орсон байна лээ. Манай гэрээс Ленова маркийн зөөврийн компьютер алдагдсан. Өөр алдагдсан зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /3хх-ийн 50-51х/,

гэрч Ж.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 11 цагийн орчимд манай нөхөр Сүхбат гэртээ унтаад гэртээ ганцаараа үлдсэн юм. Сүхбат олон хоногоор ажилтай явж байгаад ирсэн учир ядраад орж ирээд л унтсан гэсэн. Манайх 7 өрөөтэй байшин ба том өрөөнд Сүхбат унтаж байхад нь жижиг өрөөнд чимээ гарах шиг болохоор нь босоод очиж харахад жижиг өрөөний цонр онгорхой байдалтай байсан чир хулгай орсон байна гэж мэдээд цагдаагийн байгууллагад хандсан байсан. Тэгээд Сүхбат над руу утсаар хэлэхээр нь би шууд гэр лүүгээ ирсэн ба цагдаа нар надтай цуг ирээд шалгасан юм. Манай гэрээс Ленова маркийн зөөврийн комьютер алдагдсан байсан. Өөр алдагдсан эд зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /3хх-ийн 54х/,

Иргэн Р.Сүхбатаас 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 41-42х/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 43-47х/, хохирогч Р.Сүхбатын хулгайд алдсан гэх эд зүйлсийг 280.000 төгрөгөөр үнэлсэн "Аривжих-Эстимейт" ХХК-ны 18/120 дугаартай дүгнэлт /3хх-ийн 70-71х/, М.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 186-195х/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч нарын зүгээс хохирогч Р.Гангамаа, Э.Ганбат, Б.Нэргүй, Р.Сүхбат нарын гэрээс эд зүйл хулгайлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны үед мөрдөн байцаагч М.Быг хүчээр тулгаж хэрэг хүлээлгэсэн гэж маргасан болно.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судалж үзэхэд: М.Б нь хохирогч Р.Гангамаа, Э.Ганбат, Б.Нэргүй, Р.Сүхбат нарын гэрээс эд зүйл хулгайлсан үйлдэлдээ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт уг хэргүүдийг өөрөө үйлдсэн тухайгаа мэдүүлсэн, М.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хавтас хэрэгт авагдсан, түүний өгсөн мэдүүлэгт дурдсанаар тухайн айлуудын гэр доторх эд зүйлийн байрлал, хулгайлж авсан эд зүйлүүдийг хаанаас авсанаа хэлсэн нь, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүдтэй тохирч байх ба хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар М.Б нь дээрхи хохирогч нарын гэрээс эд зүйл хулгайлсан болох нь нотлогдон тогтоогдсон. Мөн мөрдөн байцаагчийг тулгаж хэрэг хүлээлгэсэн гэх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс энэ талаар зохих байгууллагуудад гомдол гаргасан зүйлгүй байна.  

Иймд шүүгдэгч М.Быг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

М.Б нь нийт 12 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд зүйлийг нь хулгайлан авч нийт 6.755.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба Үүнээс хохирогч Б.Цээсүрэн, Ц.Золзаяа, Б.Чинбат, Ц.Очирбат, П.Ганбат, Б.Баярсайхан, Д.Цолмон нарт учруулсан хохиролыг эд зүлийг биет байдлаар  буцаан өгөх, эд зүйлийн үнийн дүнг төлөх зэргээр төлж барагдуулсан болох нь хохирогч нарын өгсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Одоо түүнээс нийт 2.579.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Баясгалан /РД:ЗЕ90092415/-д 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийг, хохирогч Р.Гангаамаад 1.035.000 төгрөг, Б.Нэргүйд 325.000 төгрөг, Э.Ганбатад 389.000 төгрөг,  Р.Сүхбатад 280.000 төгрөг олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч М.Бт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохиролын зарим хэсгийг төлж барагдуулсан байдал, хувийн байдлыг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үдээстэй хар өнгийн 1 хос гутлыг шүүгдэгч М.Булантамир нь гэмт хэрэг үйлдэх үедээ өмсч явсан байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц усгах нь зүйтэй байна.     

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хотчин овогт Мөнхсайханы М.Быг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар М.Бт 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.Бын цагдан хоригдсон нийт 111 /нэг зуун арван нэг/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баас нийт 2.579.000 /хоёр сая таван зуун далан есөн мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Э.Баясгалан /РД:УЮ92010382/-д 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийг,

хохирогч Р.Гангаамаа /РД:ХЕ69020683/-д 1.035.000 /нэг сая гучин таван мянга/ төгрөгийг,

хохирогч Б.Нэргүй /РД:ЧИ54011612/-д 325.000 /гурван зуун хорин таван мянга/ төгрөгийг,

хохирогч Э.Ганбат /РД:ПЮ83072114/-д 389.000 /гурван зуун наян есөн мянга/ төгрөгийг,

хохирогч Р.Сүхбат /РД:ЧО70110616/-д 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн М.Бын хэрэг үйлдэх үедээ өмсөж байсан гэх үдээстэй хар өнгийн 1 хос гутлыг устгуулахаар тус дүүргийн эд зүйл устгах комисст шилжүүлсүгэй.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгч М.Бын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ