Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00148

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00148

 

 

Д.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2022/02192 дугаар шийдвэртэй,

Д.Нгийн нэхэмжлэлтэй, ,,,,,,,,,,,, ХХК-д холбогдох,

Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохиролд 2,780,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ,,,,,,,,,,,,,,, нь 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдөр 15 цаг 24 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 9-р хороо Ногоон нуурын гудамж Сод Монгол ШТС-ын зүүн замд ,,,,,,,,,,,,ны өмчлөлийн Vitz маркийн 84-90 УБП улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Ч.Очийн жолоодон явсан иргэн Д.Нгийн өмчлөлийн 24-44 УБО улсын дугаартай Lexus маркийн RХ350 загварын автомашиныг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д заасан жолооч замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж осол гаргасан.

Мөргүүлсэн Lexus RХ350 маркийн автомашинд ямар хохирол учирсан талаарх оношилгоог UB авто центрээр хийлгэж, хөрөнгийн үнэлгээний Итгэлт-Эстимейт ХХК-аар үнэлүүлэхэд 2,605,000 төгрөг болсон. Хөрөнгийн үнэлгээнд 120,000 төгрөг, оношилгоонд 55,000 төгрөг төлсөн.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу иргэн ,,,,,,,,,,,,,,, хохирол төлбөрийг төлж барагдуулахгүй байна.

Vitz маркийн 84-90 УБП улсын дугаартай автомашин нь ,,,,,,,,,,,," ХХК-ийн өмчлөлд байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар 2,780,000 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,, ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Т.Буянравжих, Б.Батцэцэг нар нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ,,,,,,,,,,,, ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, өрхийн хэрэглээнд зориулж, 38 сарын хугацаатай 25,000,000 төгрөгийн зээл авсан. Мөн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Т.Буянравжихтай фидуцийн гэрээг байгуулж, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан тээврийн хэрэгслийг ,,,,,,,,,,,, ХХК-ийн нэр дээр шилжүүлж авсан. Гэрээг бичгээр байгуулсан бөгөөд талууд харилцан тохиролцож, гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр болсон.

Энэхүү фидуцийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.9-д фидуцийн хөрөнгийг эзэмшиж ашиглаж байх хугацаандаа гуравдагч этгээдэд хохирол учруулсан тохиолдолд үүнтэй холбоотой аливаа шаардлага, гомдол, нэхэмжлэлээс банкийг чөлөөлж, үүссэн үр дагаврыг бие даан хариуцах үүрэгтэй гэж фидуцийн гэрээний үүрэг хүлээгч тал Т.Буянравжихад танилцуулсан байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсний дараа ,,,,,,,,,,,, ХХК нь шүүхэд зээлийн гэрээ, фидуцийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн нэхэмжлэгч талаас зам, тээврийн акт, зөрчлийн шийдвэр хүлээлцсэн баримтыг гаргаж өгсөн байсан. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчийг буруу тодорхойлсон, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсгийг үндэслээд өмчлөгч ,,,,,,,,,,,, ХХК-ийг энэхүү хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж байгаа боловч талуудын харилцан тохиролцсон гэрээнд фидуцийн хөрөнгийг эзэмшиж ашиглаж байх хугацаандаа гуравдагч этгээдэд хохирол учруулсан тохиолдолд үүнтэй холбоотой аливаа шаардлага, гомдол, нэхэмжлэлээс банкийг чөлөөлж, үүссэн үр дагаврыг бие даан хариуцах үүрэгтэй гэж заасан.

,,,,,,,,,,,, ХХК-ийн жолооч, хөдөлмөрийн гэрээний үүргийн дагуу ,,,,,,,,,,,, ХХК-ийн өмчлөлийн автомашины жолоодож явах үедээ бусдад гэм хор учруулсан бол ,,,,,,,,,,,, ХХК нь жолоочийнхоо өмнөөс бусдад учирсан эд хөрөнгийг нөхөн төлөх үүрэг хүлээдэг. ,,,,,,,,,,,,,,, нь Батцэцэгийн эцэг нь тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,гийн тайлбар, татгалзлын агуулга: Хэргийн материалтай бүрэн танилцсан, нэхэмжлэгчтэй зөрчлийн талаар тохиролцоно. Өндөр үнэлгээ нэхэж байгаа учраас төлөх боломж байхгүй. Тухайн зөрчил гаргасан машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж авмаар байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,, ХХК-иас гэм хорын хохиролд 2,780,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,, ХХК-аас 59,430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Нд олгож шийдвэрлэсэн байна.

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 5.1.Т.Буянравжих нь фидуцийн хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч ,,,,,,,,,,,, ХХК-д шилжүүлэхтэй холбоотойгоор эрх бүхий байгууллагад бүртгүүлэх, гэрчилгээг авах, даатгуулах, фидуцийн хөрөнгийн өмчлөх эрхийг ,,,,,,,,,,,, ХХК-д шилжүүлэх буюу өөрт буцаан шилжүүлж бүртгүүлэхтэй холбоотой бүхий л арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэх үүрэгтэй. ,,,,,,,,,,,, ХХК нь фидуцийн хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт фудицийн гэрээ дуусгавар болох үндэслэлийг заасан.

Тээврийн хэрэгсэл эзэмшигч гэдэгт тээврийн хэрэгслийг бодитоор эрх мэдэл, нөлөөлөлдөө авч, зардал хураамжийг хариуцан ашиглаж буй этгээдийг ойлгоно. Хуульд тусгагдсан өмчлөгч хэмээх нэр томьёо нь зөвхөн тухайн тээврийн хэрэгслийн өмчлөх эрх бүхий этгээд дангаар эзэмшиж буй нөхцөлд л ач холбогдолтой. Харин машиныг өмчлөгчөөс өөр этгээд түүний зөвшөөрлийн үндсэн дээр эзэмших, ашиглах эрхтэй нөхцөлд өмчлөгч хариуцагч болохгүй, гагцхүү эзэмшигч л хариуцлагыг хүлээнэ.

5.2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн зарим зохицуулалт, тодруулбал, эзэмшил, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгахтай холбоотой хэм хэмжээг тайлбарлаж хэрэглэлгүй зөвхөн хариуцагч фидуцийн хөрөнгийн өмчлөгч мөн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон гэж дүгнэж хариуцагч ,,,,,,,,,,,, ХХК, гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,гийн эрх зүйн байдлыг тодруулаагүй.

,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэгчид учруулсан гэм хорын хохирол 2,780,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. ,,,,,,,,,,,,,,, нь фидуцийн хөрөнгийн хамтран өмчлөгч Б.Батцэцэгийн төрсөн эцэг болох нь нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар тогтоогдсон.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн болон фидуцийн гэрээ байгуулан Тоёота Vitz маркийн 84-90 УБП улсын дугаартай автомашиныг ,,,,,,,,,,,, ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаа болон хариуцагч ,,,,,,,,,,,, ХХК-ийн тайлбараар нотлогддог. Хариуцагч ,,,,,,,,,,,, ХХК болон иргэн Т.Буянравжих, Б.Батцэцэг нарын хооронд байгуулсан гэрээ Иргэний хуульд нийцэж байх ёстой. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,, тайлбар, татгалзал гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

1.      Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2.      Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч ,,,,,,,,,,,, ХХК-д холбогдуулан тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол төлбөрт 2,780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Т.Буянравжих, Б.Батцэцэг нар нь ,,,,,,,,,,,, ХХК-тай зээлийн болон фидуцийн гэрээг байгуулж, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан тээврийн хэрэгслийг ,,,,,,,,,,,, ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Банк хариуцагч биш. гэж маргажээ.

 

3. Хэрэгт дараах баримт авагджээ:

3.а. ,,,,,,,,,,,,,,, нь 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдөр 15 цаг 24 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 9-р хороо Ногоон нуурын гудамж Сод Монгол ШТС-ын зүүн замд ,,,,,,,,,,,, ХХК-ийн өмчлөлийн Vitz маркийн 84-90 УБП улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Ч.Очийн жолоодон явсан иргэн Д.Нгийн өмчлөлийн 24-44 УБО улсын дугаартай Lexus маркийн RХ350 загварын автомашиныг мөргөж, хохирол учруулсан болох нь Замын Цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтны 2022 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн магадлагаагаар тогтоогдсон.

Уг осолд ,,,,,,,,,,,,,,, нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн буруутай болохыг тогтоожээ./хх9/

Тоёота Lexus маркийн RХ350 маркийн 24-44 УБО улсын дугаартай автомашины жолооч Ч.Оч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Зөрчилд шийтгэл ногдуулах тухай 0333556 дугаартай шийтгэлийн хуудсаар ,,,,,,,,,,,,,,,г Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар 100 нэгжтэй тэнцэх, 100,000 төгрөгөөр торгосон баримт хэрэгт авагдсан, талууд энэ талаар маргаагүй байна. /хх-10/

3.б. Буянт- Оюу ХХК -ийн тодорхойлолтоор Тоёота Lexus маркийн RХ350 маркийн 24-44 УБО улсын дугаартай автомашиныг тухайн үеийн байдлаар оношлоход хойд баруун дугуй хагарсан, хойд баруун обуд хагарсан эдгээр эд ангийг солих шаардлагатай, тэнхлэг тохиргоо хийх шаардлагатай гэжээ. /хх13/

3.в. Итгэл-Эстимэйт ХХК нь Д.Нгийн өмчлөлийн Тоёота Lexus маркийн 24-44 УБО улсын дугаартай авто машинд учирсан эвдрэл, хохирлын үнэлгээг шууд зардал 1,875,000 төгрөг, шууд бус зардал 730,000 төгрөг, үнэлгээгээр тогтоосон нийт дүн 2,605,000 төгрөг гэж үнэлсэн. /хх-14-15/

3.г. ,,,,,,,,,,,,,,,гийн жолоодож явсан Тоёота Vitz маркийн 84-90 УБП улсын дугаартай автомашины өмчлөгчөөр ,,,,,,,,,,,, ХХК бүртгэлтэй тухай авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаа хэрэгт авагдсан. /хх-6, 32,33/

3.д. Гуравдагч этгээд болох ,,,,,,,,,,,,,,,гийн охин Б.Батцэцэг, Т.Буянравжих нар нь ,,,,,,,,,,,, ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн болон фидуцийн гэрээ байгуулан Тоёота Vitz маркийн 84-90 УБП улсын дугаартай автомашиныг ,,,,,,,,,,,, ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ, авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ, авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, хариуцагчийн тайлбараар нотлогдсон.

Б.Батцэцэг, Т.Буянравжих нар нь дээрх зээлийн гэрээний үүргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлж барагдуулан гэрээний үүрэг дуусгавар болсон болох нь хариуцагчийн тайлбар, ,,,,,,,,,,,, ХХК-ийн дансны хуулгаар тогтоогдсон./хх 62/

Талуудын байгуулсан фидуцийн гэрээний 3.2.9-д фидуцийн хөрөнгийг эзэмшиж, ашиглаж буй хугацаандаа гуравдагч этгээдэд хохирол учруулсан тохиолдолд үүнтэй холбоотой аливаа шаардлага гомдол нэхэмжлэлээс банкийг чөлөөлж, үүссэн үр дагаврыг зээлдэгч бүрэн хариуцахаар талууд тохиролцжээ /хх57-61/

 

4.   Анхан шатны шүүхээс хариуцагч ,,,,,,,,,,,, ХХК-ийн нэр дээр Тоёота Vitz маркийн 84-90 УБП улсын дугаартай автомашин бүртгэлтэй гэх шалтгаанаар ,,,,,,,,,,,,,,,гийн гаргасан ослын улмаас бусдын Lexus маркийн RХ350 загварын автомашинд учруулсан хохирол 2,605,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний зардал 120,000 төгрөг, оношилгооны зардал 55,000 төгрөг, нийт 2,780,000 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,, ХХК-аас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

4.а. Иргэний хуулийн 499 дүгээр зүйл нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах тухай нарийвчилсан зохицуулалт юм.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.

4.б. Хэргийн баримтаас үзэхэд хэдийгээр Тоёота Vitz маркийн 84-90 УБП улсын дугаартай автомашин ,,,,,,,,,,,, ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй боловч шууд эзэмшигч нь Б.Батцэцэг, Т.Буянравжих нар бөгөөд осол гаргасан гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,д тээврийн хэрэгслийг Б.Батцэцэг, Т.Буянравжих нар шилжүүлэн өгсөн байна.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дах хэсэгт зааснаар өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.

Тухайн тохиолдолд шууд эзэмшигч Б.Батцэцэг, Т.Буянравжих нар нь осол гаргасан гуравдагч этгээд буюу тээврийн хэрэгсэл ашиглагч ,,,,,,,,,,,,,,,д тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн, зээл болон фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсон байхад хэргийн нөхцөл байдлыг харьцуулан үзэхгүйгээр зөвхөн бүртгэлд үндэслэж ,,,,,,,,,,,, ХХК-нд гэм хорын төлбөр харьцуулсан нь үндэслэлгүй.

Автотээврийн хэрэгсэл буюу хөдлөх хөрөнгийн хувьд өмчлөх эрх заавал бүртгүүлснээрг үүсдэггүй.

Автотээврийн тухай хуульд заасан тээврийн хэрэгслийн бүртгэл нь мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар өмчлөлийн харилцааг гэхээс илүүтэй автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх үйл ажиллагаа болон автотээврийн хэрэгсэлд тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлох, автотээвэрлэлт болон автотээврийн хэрэгслийг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

5.   Хариуцагч ,,,,,,,,,,,, ХХК нь анхан шатны шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

Хариуцагчаар татагдсан ,,,,,,,,,,,, ХХК-ийн хувьд дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч Д.Нгийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй буюу нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийг зөв тодорхойлсон гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Д.Н нь гэм хорын хохирол учруулсантай холбоотойгоор зохих этгээдэд холбогдуулан шаардлагаа гаргах эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

6. Зохигчдын хүсэлтийг үндэслэн иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2022/02192 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ,,,,,,,,,,,, ХХК-д холбогдох тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол төлбөрт 2,780,000 төгрөг гаргуулах тухай Д.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ,,,,,,,,,,,, ХХК-ийн төлсөн 59,430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Ш.ОЮУНХАНД