| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0598/Э |
| Дугаар | 629 |
| Огноо | 2018-08-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 629
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
улсын яллагч М.Очбадрах,
шүүгдэгч Ц.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Агиргэд овогт Цэндээхүүгийн Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811021560720 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инжежер мэргэжилтэй, "Сэцэн бээл" ХХК-нд механик ашиглалтын инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 28-76 тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Агиргэд овогт Цэндээхүүгийн Ц.Б/РД: ./,
Холбогдсон хэргийн талаар: яллагдагч Ц.Бнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Бнь 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Элигант" салоны хажууд хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Т.Батнасангийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Ц.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Батнасангийн ажил ойрхон байсан тул орж сальфетка авч цусаа тогтоохоор орсон чинь Батнасан ажил дээрээ ирэхгүй гээд байсан байж ирчихсэн байж байсан. Тэгэхээр нь би "чи яагаад худлаа яриад байгаа юм, нааш ир, гарч уулзъя" гэж хэлээд ажлыг нь тойрч байрнуудын дунд очсон бөгөөд би "чи ажил дээрээ ирэхгүй гээд байсан биз дээ, яагаад худлаа яриад байгаа юм бэ" гэсэн чинь Батнасан "үйлчлүүлэгч дуудсан юмаа" гэсэн. Тэгэхээр нь би "үйлчлүүлэгч чинь хүн, би хүн биш юмуу" гэж уурлаж Батнасантай маргалдсан. ...Би Батнасанг цохиж зодсоноо санахгүй байгаа бөгөөд Батнасан надтай ярилцахгүй гээд явах гээд байхаар нь татахдаа л цохичихсон юм шиг байгаа юм. ...Тухайн үед Батнасангийн биед гэмтэл учирсан байсныг мэдээгүй бөгөөд хэд хоногийн дараа утсаар ярьсан чинь "миний чих өвдөөд эмнэлэгт үзүүлсэн чинь хэнгэрэг шүүрэлттэй байна, бараг хэнгэрэг чинь цоорчихсон юм шиг байна" гэж хэлсэн гэсэн. Бас толгой өвдөөд байна гэсэн. Би Батнасангийн биед үүсгэсэн. Өөр хүн бол үүсгээгүй ээ. Би Батнасанг худлаа яриад байна гээд дух руу нь гараараа бол чичиж байснаа санаж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 28-29х/,
хохирогч Т.Батнасангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Надтай тэр өдөр уулзъя, ярих юм байна гээд байсан бөгөөд би "чи эрүүлдээ ирж уулзаа, би согтуу байхад чинь юу ярих бэ дээ" гэж хэлсэн чинь байнга л залгаад байсан юм. Тэгэхээр нь би утсаа унтраачихаад ажил дээр ирэхгүй амарчихъя гэж бодож байсан чинь өдөр ирэх ажилтай болоод ажил дээрээ ирчихсэн чинь Ц.Борж ирээд ажил дээрээ байхгүй гээд байсан байж худлаа ярьлаа гээд уурласан. Ц.Бминий зүүн талын чих,/ шанаа орчимд нэг удаа гараараа цохисон бөгөөд дух руу бас гараараа чичиж цохисон. Тэр үед дух хэсэгт бага зэрэг хавдаж, чих, толгой өвдөөд байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14х/,
гэрч Д.Түмэннасангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ц.Бгэж залуу Батнасангаар хэд хэдэн удаа ирж үсээ засуулж байсан юм. Тэгээд л зүс харж байсан. Ц.Бгэж залуу Батнасанг "утсаа авсангүй, ажил дээрээ байхгүй гэчихээд ажил дээрээ ирсэн байна" гээд уурлаад орилоод байсан. Ц.ББатнасангийн хажуу талаас нь нэг талынх нь чих, хацар орчимд нь нэг удаа алгадсан. Өөрөөр бол цохиж зодоогүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 17х/,
ШШҮХ-ийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №8167 шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Ц.Б-ыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Агиргэд овогт Цэндээхүүгийн Б-ыг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-ныг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Ц.Бныг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ