Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 630

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа /¹0170/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сүхийн С.Эт холбогдох эрүүгийн 1803005000295  дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, сантехникч, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 25/479 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Сүхийн С.Э /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Э нь 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 16 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хүчит шонхор" хүнсний захын хашаан доторх замд “Тоёота приус-20” маркийн 56-82 УБН улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч 5 настай Р.Билгүүнийг мөргөж биед нь баруун шагайн гадна хашлага яс, өсөлтийн бүс дайрсан хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

гэрч Д.Нэргүйгийн "...2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн орчимд би нөхөр Ш.Рэнцэн, хүү Р.Билгүүн нарын хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо "Хүчит шонхор" захад мах үзээд явж байтал хүүхэд орлих шиг болсон, махны павилоноос гүйж гартал миний хүүхдийн баруун хөлийн өсгий хэсгээр нь Тоёота приус-20 маркийн 56-82 УБН улсын дугаартай автомашин урд талын дугуйгаараа мөргөсөн байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 23х/,

мөрдөгчөөс 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7х/, мөрдөгчөөс 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ЗТО, хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, фото зураг /хх-ийн 8-11х/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Рэнцэнгийн мэдүүлэг /хх-ийн 21-22х/, С.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 24х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 7227 дугаартай "...Р.Билгүүний биед баруун шагайн гадна хашлага яс, өсөлтийн бүс дайрсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26х/

Замын цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад И.Азбаярын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 154 дугаартай "...Тоёота приус-20 маркийн 56-82 УБН улсын дугаартай автомашины жолооч С.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсөн" гэх магадлагаа /хх-ийн 40-41х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 Иймд шүүгдэч С.Эыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч С.Э нь гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад учруулсан хохиролд нийт нэг сая төгрөг төлсөн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож /хх-ийн 66х/ байх ба насанд хүрээгүй хохирогч 5 настай Р.Билгүүний ар гэрээс “...цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч С.Эт ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, бусдад учирсан хохиролоо төлж барагдуулсан, хувийн байдлыг нь харгалзан түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулав.

 

Энэ хэрэгт хураагдан ирсэн  С.Эын ¹257554 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад эрх хасах нэмэгдэл ял хэрэглэхгүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц С.Эт буцаан олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Сүхийн С.Эыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Эт 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Эыг шүүхээс оногдуулсан торгох ялыг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Эыг торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. шүүгдэгч С.Эын ¹257554 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ