Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00146

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00146

 

,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2022/02911 дугаар шийдвэртэй,

,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй,,,,,,,,,,,,,,,д холбогдох,

20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч,,,,,,,,,,,,,,, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баясгалан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.а. Зээл 20,000,000 төгрөг гаргуулна.

Хариуцагч,,,,,,,,,,,,,, нь эгч н.Жавхлантай хамт амьдарч байгаад, гэрлэлтээ цуцлуулсан. Анх 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өөрийн Голомт банкинд хугацаатай хадгалж байсан 20,000,000 төгрөгийг авч,,,,,,,,,,,,,,,д бэлнээр зээлүүлсэн.,,,,,,,,,,,,,, тухайн үед өөрийн үеэл М.Чандманы хадам эх Д.Алтанцэцэгт 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр болсон гэж надад хэлж, Голомт банкны тэр үеийн хүүгээр тооцож, мөнгийг буцааж өгөхөөр амаар тохиролцсон. Гэтэл одоог хүртэл зээлсэн мөнгөө хүүтэй нь өгөөгүй. Хэрэв миний 20,000,000 төгрөг хадгаламждаа байсан бол өнөөдрийн байдлаар Голомт банкны 2016 оны тайлангийн 136 дугаар хуудсанд хугацаатай хадгаламжийн хүү 14,8 хувь байсан гэж тооцвол 7 жил 101 хоногийн хүүг нэмээд нийт 47,681,495 төгрөгийг гаргуулж авах үндэслэлтэй байна. Гэвч 20,000,000 төгрөгийн 50 хувь буюу 10,000,000 төгрөгийг нэмж нийт 30,000,000 төгрөгийг,,,,,,,,,,,,,,эс гаргуулах хүсэлттэй байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ,,,,,,,,,,,,,,гээс 20,000,000 төгрөгийг зээлж аваагүй. Хамт амьдарч байсан Э.Жавхлангаас 20,000,000 төгрөг зээлсэн. Э.Жавхланд буцааж төлсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ... гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйл 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч,,,,,,,,,,,,,,эс зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс 307,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч,,,,,,,,,,,,,,эс улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хэрэгт ,,,,,,,,,,,,,, нь надад 20,000,000 төгрөг шилжүүлсэн, зээлүүлсэн талаар нотолсон баримт байхгүй.

,,,,,,,,,,,,,,гийн эгч, хүүхдүүдийн маань эх Э.Жавхлангаас 20,000,000 төгрөг зээлсэн ба түүнийгээ буцааж өгсөн талаарх баримтаа шүүхэд гаргаж өгсөн байхад шүүх энэ баримтуудыг үгүйсгэж дүгнэлт хийгээгүй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой судалж, дүгнэлт гаргах үүрэгтэй атал гэрч Э.Жавхлан нь би,,,,,,,,,,,,,,д мөнгө зээлээгүй гэж мэдүүлэг өгсөн үндэслэлээр ,,,,,,,,,,,,,, бидний хооронд зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Э.Жавхланд,,,,,,,,,,,,,, нь авсан зээлээ буцаан өгсөн дансны хуулга, миний Д.Алтанцэцэгтэй байгуулсан зээлийн гэрээнд ,,,,,,,,,,,,,, гэрч хэмээн гарын үсэг зурсан бичгэн баримт зэргийг харьцуулан дүгнэж, хууль зүйн дүгнэлт гаргах ёстой байсан.

Нэгэнт аман хэлбэрээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэсэн бол ,,,,,,,,,,,,,, хэдийд ямар хэлбэрээр надад мөнгийг шилжүүлж өгсөн, яагаад түүний эгч Э.Жавхлангийн дансанд тухайн цаг үед 23,000,000 төгрөг шилжүүлсэн, ,,,,,,,,,,,,,, ямар хугацаатайгаар мөнгө зээлдүүлсэн, хэзээ түүнд зээлсэн мөнгөө буцааж өгөх үүрэгтэй байсан зэрэг үйл баримтуудад дүгнэлт өгөх үүрэгтэй байсан.

,,,,,,,,,,,,,, нь 2015 оны 10 дугаар сард надад 20,000,000 төгрөг зээлсэн юм бол яагаад 7 жилийн хугацаа өнгөрсний дараа шүүхийн журмаар нэхэмжлэл гарган нэхэмжилж байгаа,нэг ч удаа надаас зээл төлөхийг шаардаж байсан удаагүй, баримт ч хавтаст хэрэгт байхгүй.

,,,,,,,,,,,,,, нь надад мөнгө зээлүүлсэн гэж, 2021 оны 8 дугаар сард надад зээлсэн 20,000,000 төгрөгөө төлөхгүй гэж мэдэгдсэн хэмээн илт худал мэдүүлсэн.Э.Жавхлан ч надаас үндэслэлгүй их хэмжээний мөнгө гаргуулахаар нэхэмжилснийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба мөн Э.Жавхлан, ,,,,,,,,,,,,,, нарын эгч Ч.Оюунгэрэлд Э.Жавхлан нь надтай хамтран 35,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн шүүхийн шийдвэр гараад байна. Ингээд энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Э.Жавхлан нь ямар нэг аргаар надаас мөнгө гаргуулах, намайг үзэн ядах хувийн субьектив хандлагаа урьтал болгож, өөрийн дүүгээр энэхүү нэхэмжлэлийг гаргуулсан юм.

,,,,,,,,,,,,,, нь надад 20,000,000 төгрөг зээлж, түүнийг би гэрч Д.Алтанцэцэгт дамжуулан зээлүүлж, нотариат дээр зээлийн гэрээ байгуулах үед хамт байлцан гэрч хэмээн гарын үсгээ зурсан юм бол яагаад тэр үед шууд надтай бас зээлийн гэрээ байгуулаагүй юм, энэ талаар ямар ч тайлбар байдаггүй. Иргэний хуулийн 75.2.1-т заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа зогсох, тасалдах нөхцөл байдал үүсээгүй, энэ талаар баримт хэрэгт байхгүй, Нэхэмжлэгчийн тайлбар мэдүүлэг ч байхгүй.Э.Жавхлан,,,,,,,,,,,,,,д холбогдуулан шүүхэд хүүхдийн тэтгэлэг, асрамж тогтоолгох нэхэмжлэлийг 2021 онд гаргаснаас хойш ,,,,,,,,,,,,,,д шаардах эрх үүссэн юм бол би Э.Жавхлантай 2017 оноос эхлэн хамтран амьдрахаа больсон. Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас тайлбар, татгалзал гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, нь хариуцагч,,,,,,,,,,,,,,д холбогдуулан 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 10,000,000 төгрөгөөр багасгаж, зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хх-67/

1.а. Хариуцагч,,,,,,,,,,,,,, нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Д.Алтанцэцэгтэй 20,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 7,5 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулахад уг гэрээнд нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, гэрчээр оролцсоноор гарын үсэг зурсан ба уг зээлийн мөнгийг ,,,,,,,,,,,,,, нь өөрийн данснаас 20,000,000 төгрөгийн гүйлгээ хийж, хариуцагчид зээлдүүлсэн байна. /хх26-28/

1.б. Гэрч Д.Алтанцэцэг гэрчийн мэдүүлэгтээ,,,,,,,,,,,,,,эс 20,000,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлж, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүүгийн хамт 26,000,000 төгрөгийг,,,,,,,,,,,,,,д төлсөн. Зээлийн гэрээ байгуулахад ,,,,,,,,,,,,,, гэрчээр орж гэрээнд гарын үсэг зурж байсан. Надад зээлсэн мөнгө хэнийх нь мөнгийг сайн мэдэхгүй, гэрч Э.Жавхлан гэрчийн мэдүүлэгтээхариуцагч,,,,,,,,,,,,,,д би 20,000,000 төгрөг зээлдүүлээгүй гэж тус тус мэдүүлжээ. /хх67-71/

Хариуцагч,,,,,,,,,,,,,, нь ...20,000,000 төгрөгийг хамтран амьдрагч Э.Жавхлангаас зээлсэн гэх тайлбар нь гэрч Э.Жавхлангийн мэдүүлгээр няцаагдаж байх тул ,,,,,,,,,,,,,,гээс зээлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

2. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, тодорхой хугацаа заахгүйгээр байгуулагдсан талаар зөв дүгнэжээ.

2.а. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,гээс хариуцагч,,,,,,,,,,,,,,д 20,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтаар зээлийн харилцаа үүссэн гэж үзнэ.

2.б.Хариуцагч,,,,,,,,,,,,,, нь нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,гийн төрсөн эгч Э.Жавхланд 22,000,000 төгрөг шилжүүлсэн гэж байгаа боловч зээлдэгч буюу нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,д зээлсэн 20,000,000 төгрөгөө буцаан төлсөн гэдгээ нотолж, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.

2.в. Анхан шатны шүүх ..,Нэхэмжлэгчийн төрсөн эгч Э.Жавхлан, хариуцагч,,,,,,,,,,,,,, нарын хооронд хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулахтай холбоотой маргаан 2021 онд үүсэж, үүнээс хойш хариуцагч зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,гээс зээлсэн 20,000,000 төгрөгийг төлөхгүй болохоо мэдэгдсэнээс хойш зээлийн гэрээний дагуу шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж тайлбарласан нь Иргэний хуулийн 75.2.1, 76.1, 76.2-т заасантай нийцсэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэх юм. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2022/02911 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Бат-Эрдэнийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Ш.ОЮУНХАНД