Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 633

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, 

улсын яллагч М.Очбадрах,

шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Жигд овогт Аззаяагийн А.Төд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811015620722 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: 1997 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ОХУ-ын Эрхүү хотын Хөдөө аж ахуйн их сургуулийн 3 дугаар курсын оюутан, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг Баян-Овоонд оршин суух бүртгэлийн хаягтай, одоо Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо 94а тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Жигд овогт Аззаяагийн А.Т /РД: ./,

 

Холбогдсон хэргийн талаар: А.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Т нь 2018 оны 5 дугаар сарын 16-ны орой Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ш.Амгаланбаатартай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж  биед нь духны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн шанаа, хэвлийн баруун дээд хэсэг зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч А.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 5 дугаар сарын 16-ны 23 цаг өнгөрч байхад Одбаяр, Одбаярын найзтай зурагтын хуучин эцсийн орчимд явж байтал 2 залуу хажуугаар гарахдаа нэг нь намайг мөрлөсөн. Намайг яагаад байгаан хөгшөөн гэхээр нь би замаа хараад явж чадахгүй байна уу гэж хэлсэн. Чи надтай үзэх гээд байгаа юм уу гэж над руу дайрахаар нь бид хоёр барьцалдаж авсан. Би тэр залууг түлхэхэд тэр залуу буцаж над дээр ирээд намайг цохихоор нь би зөрүүлээд цохиход манай 2 найз намайг аваад явсан. ...Нэг удаа толгой руу гараараа цохисон. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 38 х/,

хохирогч Ш.Амгаланбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Зурагтын хуучин эцэс дээр урдаас 3 залуу алхаж байсан. Зөрөөд өнгөрөхөд 1 залуу нь намайг хүчтэй мөрлөсөн. Би яаж байнаа гээд эргээд хартал намайг хоёр гараараа элгэдсэн. Бас дух руу цохиод миний өмссөн малгайтай цамцнаас зуурч дараад өшиглөсөн. ...Миний зүүн талын нүд хавдаж шалбарсан, хамар хавдаж хөндүүрлэсэн, дух маань хавдсан, баруун хавирга орчим хөндүүрлэн өвдөж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 16х/,

гэрч Г.Хаш-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018.05.16-ны шөнө 01 цагийн үед Амгаланбаатар бид хоёр Гандан руу айлд очихоор явж байтал Телевизийн хуучин эцсийн автобусны буудлын хажуугаар би урд талд нь Амгаланбаатар ард явж байсан гэтэл хажуугаар өнгөрч явсан 3 залуугийн нэгэнтэй нь Амгаланбаатар барилцаж аваад зодолдохоор нь би болон Амгаланбаатартай зодолдсон залуутай хамт явж байсан хоёр найз нь хамт салгалцсан. ...Манай найз Амгаланбаатарын хөмсөг нь шалбарсан, дух нь хавдсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 22х/,

гэрч П.Одбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 16-ны орой найз А.Т, Мөнх-Эрдэнэ бид гурав уулзаад манайх руу Монголын Үндэсний телевизийн ойролцоо явж байтал бид нарын өөдөөс 2 залуу ирж байсан. Тэр хоёр залуу бид нарын хажуугаар гарахдаа нэг залуу нь А.Тийг мөрлөсөн. А.Т тэр залуутай маргалдаад хоорондоо барьцалдаад А.Т тэр залууг цохисон. Тэгээд бид нар хажуунаас нь салгаад бид гурав манай гэрт ороод байж байтал удалгүй цагдаа нар орж ирээд А.Тийг аваад явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 23х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн №6345 тоот дүгнэлтэд: "...Ш.Амгаланбаатарын биед духны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн шанаа, хэвлийн баруун дээд хэсэг зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 32х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч А.Тийг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч А.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнийг 450.000 төгрөгөөр торгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Жигд овогт Аззаяагийн А.Тийг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Тийг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар А.Тийг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ