Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2016/ДШМ/013

 

Х.Н, Х.Ж нарт  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолтой, Х.Н, Х.Ж нарт  холбогдох эрүүгийн 201604000138 дугаартай хэргийг шүүгдэгч Х.Жийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.А, шүүгдэгч Д.Н, Х.Ж, өмгөөлөгч Х.З, Т.К, иргэний нэхэмжлэгч Н.Е, прокурор Т.С, орчуулагч Т.Мнар оролцов.

 

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1974 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 42 настай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ***** регистрийн дугаартай, А овогт Хын Н,

 

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1981 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 35 настай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд 2006 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар ял шийтгэгдэж, өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан, *********регистрийн дугаартай, Ш овогт Хын Ж нар нь бүлэглэн согтуугаар 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 20-нд шилжих шөнийн 00 цагаас 01 цаг 30 минутын хооронд Өлгий сумын 4 дүгээр багийн нутагт байрлалтай, Цахилгаан шугам сүлжээний газрын эд зүйл хадгалах агуулах уруу хууль бусаар нэвтэрч, дотор нь байсан УАЗ маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг /олгойтой/ цоо шинэ дугуйг хулгайлж, 290000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

“1. Шүүгдэгч А овогт Хын Н, Ш овогт Хын Ж нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Х.Н, Х.Ж нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Х.Н, Х.Ж нарт оногдуулсан 3 сар, 10 хоногийн баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Энэ  хэрэгт шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нын цагдан хоригдсон 48 хоног, шүүгдэгч Х.Жийн цагдан хоригдсон 2 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. ” гэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Ж шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Х.Ж намайг Х.Нтай бүлэглэн орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Миний бие тухайн гэмт хэргийг үйлдээгүй бөгөөд тухайн өдөр шөнийн цагаар Х.Нтай хамт байгаагүй.

2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өглөөний 08 цаг 30 минут орчимд н.Китанханы гэрийн хашааны үүдэнд Х.Нтай таарахад тэрээр “УАЗ-469 маркийн машины 2 ширхэг дугуй байна. Та худалдаж авах уу” гэсэн. Би зөвшөөрч, Х.Нын хамт н.Ш гэгчийнд очиж уг 2 ширхэг дугуйг өргөж авч ирээд, н.Китанханы машинаар гэртээ хүргүүлж, мөнгөөр худалдаж авсан. 

Гэтэл мөрдөн байцаалтын шатанд прокурор А.С, мөрдөн байцаагч н.Хуат нар “Чи хэргээ хүлээчих, Х.Нтай бүлэглэн хулгайлсан гэж мэдүүлбэл шүүхээс чамд тэнсэн ял онооно” гэж өөрсдөө мэдүүлэг бичиж, надаар гарын үсэг зуруулсан.

Миний бие гэмт хэрэг үйлдээгүй тул намайг цагаатгаж өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.                                                                                                      

 

Х.Н, Х.Ж нарын үйлдсэн гэмт хэрэг нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шүүгдэгч Х.Н мэдүүлэг, гэрч Х.Д, Т.Ш, Т.С, З.Кнарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ф.Е, Н.Е нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хулгайлагдсан 2ш дугуйг хүлээлгэж өгсөн тэмдэглэл  зэрэг  хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх тул анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Х.Жийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Ялтан Х.Жийн “Хулгайн гэмт хэрэгт холбогдолгүй тул надад холбогдох  хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж  өгнө үү.“ гэх гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг судалбал: Анхан шатны шүүхээс Х.Жт ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон гэж дүгнэж, түүнийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь үндэслэлтэй байна.

 

 Х.Жийн үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох  хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

 Иймд ялтан Х.Жийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Х.Жийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   С.ӨМИРБЕК

 

 

                                ШҮҮГЧИД                                                                         М.НЯМБАЯР

 

 

                                                                                                                                            Д.КӨБЕШ