Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2019/0013

 

“Х х б” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Л.С, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0682 дугаар шийдвэртэй, “Х х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0682 дугаар шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 67 дугаар зүйлийн 67.3, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Х х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийгмийн даатгалын ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох “Х х б” ХХК-иас 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг дараа төлөх нийгмийн даатгалын шимтгэлд тооцон суутгахгүй байгаа Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Х х б-с 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд илүү төлсөн 1,240,419,904 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг дараа төлөх шимтгэлд тооцон суутгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0682 дугаар шийдвэрийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гардаж аваад бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгийг үндэслэн давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан “нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар” (цаашид “А/84 дүгээр заавар” гэх) нь 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр батлагдаж, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Засгийн газрын захиргааны хэм хэмжээний акт батлан гаргах эрх хэмжээг хэрэгжүүлж, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар ... зааврыг батлан гаргажээ” гээд, түүний хууль зүйн үндэслэлийг “Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 64.1, 64.3, 64.4-д тус тус заасныг зөрчсөн нь тогтоогдож байна”, Түүнчлэн, тогтоох хэсэгт “Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсгийг” тус тус үндэслэж тухайн зааврыг хууль зөрчиж батлагдсан гэж дүгнэсэн. Шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл болох Захиргааны ерөнхий хууль нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр батлагдсан байх бөгөөд Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий газар тус зааврыг батлахдаа Улсын Их Хурлаас батлаагүй, дагаж мөрдөж эхлээгүй байсан хуулийг баримтлах, түүнд нийцүүлэх ямар ч боломжгүй байсан болно. Гэвч Шүүх дээрх дүгнэлтийг хийж шийдвэр гаргахдаа А/84 дүгээр заавар батлах үед дагаж мөрдөж эхлээгүй байсан хуулийг үндэслэл болгож, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Түүнчлэн, Нийгмийн даатгалын байгууллага нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Агентлаг нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар, хүрээний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чигүүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн” гэж заасны дагуу Засгийн газар Нийгмийн даатгалын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хэрэгжүүлэхгүй байхад), хууль зөрчиж байх хугацаанд Засгийн газрын агентлаг болохын хувьд салбарын хүрээний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлснийг буруутай боломжгүй гэж үзэж байна.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг баримталсан. Энэхүү зарчмыг “...иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдолд” хэрэглэнэ гэж хуульчилсан. Нийгмийн даатгалын ерөнхий газар даатгуулагч, ажил олгогчид чиглэсэн захиргааны хэм хэмжээний акт баталж, түүнийг дагаж мөрдүүлэхээр бүх аймаг, хэлтсийн нийгмийн даатгалын хэлтсүүдэд үүрэг чиглэл өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. А/84 дүгээр зааврын 3.9 дэх хэсгийг баримталснаар ажил олгогчийн зүгээс төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ буурч мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх үр дагавар үүснэ. Нэхэмжлэгч буюу ажил олгогчийн зүгээс ийнхүү итгэж тухайн зааврыг баримтлах юм байна гэсэн итгэл үүссэн болно.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийгмийн даатгалын ерөнхий газар нь удирдах албан тушаалтан өөрчлөгдсөнөөр өмнөх удирдлагын баталсан зааврыг мөрдөхөөс татгалзаж эс үйлдэл гаргаж даатгуулагч, ажил олгогчийн эрх ашгийг хохироож байна.

Гэтэл Шүүх нэхэмжлэгчийн гаргасан энэхүү хууль зүйн үндэслэлийн талаар шийдвэр гаргахдаа огт дүгнэлт өгөөгүйгээс шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхээр байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрт дүгнэлт өгч, энэхүү зарчмыг яагаад баримтлахгүй болох хууль зүйн үндэслэлийг маш тодорхой тайлбарлах байсан.

Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд:

1. Шүүх А/84 дүгээр заавар хууль зөрчиж батлагдсан гэж хуулийг буруу хэрэглэж дүгнээд түүний улмаас тухайн нотлох баримтыг буруу үнэлсэн болно. Тус заавар нь 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр батлагдаж, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдсөнөөс хойш 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр байсан бөгөөд хожим буюу 2018оны 10 дугаар сарын 30-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар (энэхүү захиргааны хэргийг шүүх шийдвэрлэхийн өмнөх өдөр) хүчингүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацаа болох 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байсан болохыг үнэлээгүй.

2. Энэхүү захиргааны хэрэгт Шүүгчийн захирамжаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 796 дугаар шийдвэр (цаашид “796 дугаар шийдвэр” гэх) нь нотлох баримтаар авагдсан бөгөөд тус шүүхийн шийдвэрийг Нийгмийн даатгалын ерөнхий газар хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй шийдвэр хүчин төгөлдөр болсон байдаг. 796 дугаар шүүхийн шийдвэрт “Засгийн газар ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоогоогүй нь Нийгмийн даатгалын тухай хуулийг болон уг хуулийн зүйл заалтыг хэрэгжүүлэхэд баримтлахаар батлагдсан зааврыг мөрдөхгүй байх үндэслэл болохгүй” гэж дүгнээд тухайн хэргийн нэхэмжлэгчийн (татвар зөвлөгөө өгөх эрх бүхий этгээд) нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, тодорхойгүй тооны ажил олгогч нар А/84 дүгээр зааврын дагуу нийгмийн даатгалын тайлангаа өгөхөөр болсон.

Ийнхүү А/84 дүгээр заавар хэрхэн батлагдсан процесс, түүнийг дагаж мөрдүүлэхээр аймаг нийслэлийн нийгмийн даатгалын хэлтсүүдэд Ерөнхий газрын даргын чиглэл очиж байсан эсэх, программ хангамжийн боломжоос хамаарч хүлээгдсэн тухай, мөн Засгийн газар хууль биелүүлж шимтгэл төлөх дээд хэмжээг тогтоохгүй байсан цаг хугацаанд Нийгмийн даатгалын газрын шийдвэрийг дагаж мөрдөх эсэхийг дүгнэсэн Шүүхийн шийдвэр нь өөрөө нотлох баримт болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж “А/84 дүгээр зааврыг дагаж мөрдөх нь зөв байна гэсэн үйл баримтыг Шүүх дахин нотлох шаардлагагүйгээр үнэлэх байсан, гэсэн ч шүүх тухайн шийдвэрт заасан үйл баримтыг нотлох баримтаар үнэлээгүй.

Иймд, дээр дурдсан хууль зүйн үндэслэл бүхий гомдлыг хянаж үзэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0682 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

Нэхэмжлэгч “Х х б” ХХК-иас “2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг дараа төлөх нийгмийн даатгалын шимтгэлд тооцон суутгахгүй байгаа Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Худалдаа хөгжлийн банкнаас 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд илүү төлсөн 1,240,419,904 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг дараа төлөх шимтгэлд тооцон суутгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нийгмийн даатгалын шимтгэл төлөгч Худалдаа хөгжлийн банк Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/84 дүгээр тушаалаар баталсан зааврыг мэдээгүйгээс ажил олгогчийн хариуцан төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний нийт сангаас тооцож, холбогдох дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст илүү төлөлт хийж, шилжүүлсэн тул илүү төлсөн шимтгэлийг нөхөн тооцуулах агуулгаар тодорхойлон маргажээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах зааврыг баталж, уг зааврын 3.9-д “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байхаар мөрдөж эхэлнэ...” гэж заасан байх бөгөөд хариуцагчаас уг зааврыг дагаж мөрдөөгүй нь хууль бус гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлагдаж, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн бөгөөд энэ хуулиар Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн “Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг ... даатгалын хэлбэр тус бүрээр ялгавартайгаар тогтооно” гэсэн заалтыг “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг ... Засгийн газар жил бүр тогтооно” гэж өөрчлөн найруулжээ.

Дээрх хуульд заасны дагуу Засгийн газар нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 251 дүгээр тогтоолыг гаргахаас өмнө ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг шинэчлэн тогтоогоогүй бөгөөд тухайн маргаж буй цаг хугацаанд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоох” тухай Засгийн газрын 1996 оны 80, 1998 оны 92 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр үйлчилж байсан байна.

Тодруулбал, Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын 1 дэх заалтаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 1996 онд баримтлах дээд хэмжээг 80,000 төгрөг байхаар тогтоосон бөгөөд уг тогтоолын 2-т ажил олгогчийн хувьд энэ хэмжээг хамааруулахгүй байхаар заажээ. Үүний дараа Засгийн газар нь 1998 оны 92 дугаар тогтоолоор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар шинэчлэн тогтоож, өмнө гаргасан 1996 оны 80 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгосноор  Засгийн газрын 80 дугаар тогтоолын 2 дахь заалт 2017 оны 251 дүгээр тогтоол батлагдан гарах хүртэл хэвээр үйлчилж байжээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн хуулийн 19 дүгээр зүйлийн 1/-д ажил олгогч, даатгуулагч нь илүү төлсөн шимтгэлийг эгүүлэн авах буюу дараа төлөх шимтгэлд тооцон суутгахыг зохицуулсан хэдий ч энэ маргааны хувьд “Х х б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал бөгөөд Засгийн газраас тухайн үед уг хэмжээг шинэчлэн тогтоогоогүй, өмнөх тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар тушаал гаргаж, нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байхаар тогтоосон нь хууль дээдлэх үндсэн зарчимд нийцээгүй гэж үзэж, хариуцагч дээрх А/84 дүгээр тушаалаар баталсан зааврын дагуу бус Засгийн газрын тогтоолд заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн НД7, НД8 тайлангуудыг хүлээн авч баталгаажуулсныг хууль бус гэж үзэхгүй бөгөөд хариуцагчийн энэ үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн илүү төлсөн гэх нийгмийн даатгалын шимтгэлийг дараа төлөх нийгмийн даатгалын шимтгэлд тооцуулахад үндэслэл болсон дээрх А/84 дүгээр тушаалыг мөн газрын даргын 2018 оны А/187 дугаар тушаалаар хүчингүй болгосон байна.

Харин анхан шатны шүүх Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 онд гарсан А/84 дүгээр тушаалтай маргаагүй байхад уг тушаалыг гарах үед батлагдаагүй байсан Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт хийж, шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь буруу, мөн шийдвэрийн тогтоох хэсэгт Нийгмийн даатгалын тухай хуулийн зүйл, заалтыг буруу бичсэнийг зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0682 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 67 дугаар зүйлийн 67.3” гэснийг хасч, “15.7” гэснийг “7” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ