Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 339

 

“М ж б к” ХХК-ийн гомдолтой,

Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын

хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын

 улсын байцаагч Э.Д-д холбогдох

зөрчлийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:           Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:              Г.Банзрагч

                               Х.Батсүрэн

                               Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:    М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Гомдлын шаардлага: “...улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0066571 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0214 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 344 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ийг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0214 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 4, 10.2 дугаар зүйлийн 3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.3, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “М ж б к” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч Э.Д-гийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0066571 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, “М ж б к” ХХК-д оногдуулсан 0066571 дугаартай 20,000,000 /хорин сая/ төгрөгийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 344 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0214 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан “М ж б к” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч Э.Д-д холбогдуулан гаргасан 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0066571 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

  1. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г гомдолдоо: “...Нэхэмжлэгч талын хувьд давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.
  1. а/ 344 тоот магадлалын Хянавал хэсэгт түүнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээнд хамруулсан сорилын дүнгээр “WaterСos” брендийн бүтээгдэхүүний саванд хийж хэрэглэж байсан усыг тус брендийн лацтай задлаагүй устай харьцуулахад хатуулаг өндөр болох нь тус тус тогтоогдсон байна...” гэжээ.
  1. Иргэн Б.Батцэцэг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр үйлчилгээ авсан гэх атлаа 18 хоногийн дараа буюу 25-ны өдөр эрх бүхий байгууллагад өргөдөл гаргасан, усны дээжүүдийг 07 дугаар сарын 01-ний өдөр лабораторид авчирсан байдаг. Цаг хугацааны хувьд авч үзвэл шинжилгээнд хамруулсан усаар иргэн Б.Батцэцэгт үйлчилгээ үзүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй, нөгөө талаас савласан усыг задлаад ердийн нөхцөлд байлгахад түүний бүтцэд өөрчлөлт ордог тул лацтай задлаагүй устай харьцуулсан шинжилгээгээр нэхэмжлэгч талыг буруутгах боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчид холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн цагаас эхлэн улсын байцаагч Э.Д, хяналтын прокурорт хандан усан массажны үйлчилгээ үзүүлснээр ямар үр нөлөө үзүүлдэг, шинжилгээний дүнд дурдагдсан 3 усны үзүүлэх нөлөөний ялгаа, сөрөг нөлөө үзүүлэх эсэх, үзүүлэх бол 3 усны үзүүлэх эерэг нөлөөний ялгаа, энэхүү 3 усны аль нь Монгол Улсад мөрдөгддөг усан массажны үйлчилгээнд шаардагдах стандарт шаардлагад нийцэж байгаа талаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулах”-аар удаа дараа хүсэлт, гомдол гаргасан боловч хэрэгсэж үзээгүй. Энэ талаар анхан шатны шүүхэд хүсэлт гаргасны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Монгол Улсад усан массаж хийх арга аргачлал болон ямар ус хэрэглэх талаар гаргасан стандарт норм дүрэм байхгүй гэсэн албан тоот ирсэн.

 

  1. б/ 344 тоот магадлалын Хянавал хэсэгт анх зөрчлийн хэргийг Зөрчлийн тухай хуулийн 16.17 дугаар зүйлийн 4-т заасан Түүхий эд, бараа бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлд тавих эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй гэсэн зөрчилд холбогдуулан нээсэн боловч шалгалтын явцад зөрчлийн шинжтэй үйл ажиллагаа нь дээрх байдлаар уг хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн Бараа ажил үйлчилгээг хууран  мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдаж гүйцэтгэсэн болох нь батлагдсан тул хуульд заасан шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй...” гэжээ.
  1. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч талын усан массажны үйлчилгээ үзүүлэх зар сурталчилгааны хуудас авагдсан. Үүнийхээ дагуу усан массажны үйлчилгээ үзүүлж байсан, өөрөөр хэлбэл, хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх арга хэрэглэсэн зүйл байхгүй. Улсын байцаагч Э.Д нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчлийн хэрэг нээснээс өөр зүйл хэсгээр шалгаж, шийтгэл оногдуулах гэж байгаа талаар огт мэдэгдээгүй бөгөөд нэхэмжлэгч тал 0066571 тоот шийтгэлийн хуудас гарсны дараа буюу 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хэргийн материалтай танилцахдаа анх харсан. /2019.08.28-ны өдөр мэдүүлэг өгсөн, мөн өдөр хэргийн материалын зарим хэсэгтэй танилцсан, 2019.09.02-ны өдөр хэргийн материалтай танилцсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоно/ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1-т ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгааг мэдэх эрхийг зөрчилд холбогдогчид хуулиар олгосон байхад улсын байцаагч Э.Д үүнийг зөрчиж, нууц далд аргаар шийтгэл оногдуулсан. Мөн Э.Д нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсэн тогтоолдоо өөрчлөлт оруулаагүй, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 3-т зааснаар зөрчлийн хэрэг нээгээгүй байж шууд шийтгэлийн хуудас бичсэн.
  1. в/ 344 тоот магадлалын ХЯНАВАЛ хэсэгт ...Гэтэл уг хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангахаас бус танилцуулах үүрэггүй...” гэжээ.

 

  1. Өмгөөлөгч Ц.Г намайг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зөрчилд холбогдогчоор тогтоосон, мэдүүлэг авсан, хэргийн материалын зарим хэсэгтэй танилцуулсан, шийтгэлийн хуудас бичигдсэн. 09 дүгээр сарын 02-ны өдөр хэргийн материалтай бүрэн танилцсан. Үүнээс харахад улсын байцаагч Э.Д зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусахаас өмнө зөрчилд холбогдогчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангах нь битгий хэл, тэгэхийг оролдоо ч үгүй. Бодит байдал ийм байхад давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэнд гомдолтой байна.
  1. г/ Хавтаст хэрэгт 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөр огноолсон 17-320/121 тоот Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл гэх баримт авагдсан байгаа. Ийм ажиллагаа хийгдээгүй, миний бие оролцоогүй, гэрч Ч.Ануцэнд гэх хүн байгаагүй, гэрэл зураг аваагүй, бичлэг хийгээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад улсын байцаагч Э.Д нь нэхэмжлэгч талын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 3-т заасан хэрэгт шалгагдаж байгаагаа мэдэх эрхийг хууль бусаар хязгаарласнаас шууд шалтгаалж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан эрхээ эдэлж чадаагүй. Хавтаст хэрэгт эх сурвалж нь тодорхой биш 2 ш СD авагдсан байгаа. Энэхүү СD-г хэзээ, хаана, хэн, ямар техник хэрэгслийн тусламжтайгаар бичсэн болохыг тогтоолгох хүсэлт гомдлыг удаа дараа бичсэн боловч улсын байцаагч Э.Д, хяналтын прокурорын зүгээс хэрэгсэж үзээгүй.
  1. Эдгээрийг харгалзан үзэж, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Давж заалдах шатны шүүх дараах байдлаар зөв шийдвэрлэжээ.

13. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: Иргэн Б.Батцэцэгээс “... арьсанд өндөр нөлөө үзүүлэх хүчилтөрөгчтэй эрдэс бодис витаминтай анагаагч ус болох Watercos брэндийн бүтээгдэхүүний саванд ус хийж үйлчилсэнд гомдолтой байна” гэх гомдол мэдээллийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст гаргасны дагуу тус хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагчаас 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр зөрчлийн хэрэг нээсэн; I хавтаст хэргийн 82 дахь талд авагдсан гомдол гаргагч компанийн сурталчилгааны хуудаст “... “Хүчилтөрөгчтэй усан массаж”-ний үр дүнд 5 төрлийн цэвэрлэгээ болон арьсан дахь гүн бохирдлыг цэвэрлэн, арьсыг эрүүлжүүлж чангалахаас гадна чийгшил өгөх үүрэгтэй...” гэсэн; зөрчлийн хэрэг хянан шалгах ажиллагааны явцад нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгээр “WaterСos” брендийн бүтээгдэхүүний шошго бүхий саванд өөр төрлийн /San Benedetto/ ус хийж үйлчилгээ үзүүлж байсан нь болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээнд хамруулсан сорилын дүнгээр “WaterСos” брендийн бүтээгдэхүүний саванд хийж хэрэглэж байсан усыг тус брендийн лацтай задлаагүй устай харьцуулахад хатуулаг өндөр болох нь тус тус тогтоогдсон байна.

14. Иймд, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдаж, гүйцэтгэх ... бол ... хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар торгуулийн шийтгэл ногдуулсан улсын байцаагчийн үйлдэл хуульд нийцжээ.

15. Гомдол гаргагчаас “... Иргэн Б.Батцэцэг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр үйлчилгээ авсан гэх атлаа 18 хоногийн дараа буюу 25-ны өдөр эрх бүхий байгууллагад өргөдөл гаргасан, усны дээжүүдийг 07 дугаар сарын 01-ний өдөр лабораторид авчирсан байдаг. Цаг хугацааны хувьд авч үзвэл шинжилгээнд хамруулсан усаар иргэн Б.Батцэцэгт үйлчилгээ үзүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй, нөгөө талаас савласан усыг задлаад ердийн нөхцөлд байлгахад түүний бүтцэд өөрчлөлт ордог тул лацтай задлаагүй устай харьцуулсан шинжилгээгээр нэхэмжлэгч талыг буруутгах боломжгүй гэж үзэж байна ...” гэж тайлбарлаж байгаа ч гомдол гаргагчийн нийтэд санал болгосон үйлчилгээ нь бодит байдалд нийцээгүй буюу “WaterСos” брендийн бүтээгдэхүүний шошго бүхий саванд өөр төрлийн ус хийж үйлчилгээ үзүүлж байсан нь баримтаар тогтоогдсон энэ нөхцөлд “шинжилгээнд хамруулсан усаар иргэн Б.Батцэцэгт үйлчилгээ үзүүлсэн эсэх” асуудлыг тухайлан тогтоогоогүй нь зөрчлийг шалган шийдвэрлэхэд саад болохгүй.     

16. Мөн хэрэглэгчийн хувьд тухайн үйлчилгээнд “WaterСos” гэх брендийн бүтээгдэхүүнийг ашиглаж байгаа гэсэн итгэл үнэмшлийн үндсэн дээр үйлчилгээг сонгож байгаа энэ тохиолдолд нийтэд санал болгосон бүтээгдэхүүнээс өөр бүтээгдэхүүн ашиглах нь Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтад буй “хууран мэхлэх” шинжийг агуулж байгаагийн зэрэгцээ энэхүү зөрчил нь заавал материаллаг хохирол шаардахгүй буюу “хэлбэрийн бүрэлдэхүүн”-тэй зөрчил байхаар хууль тогтоогч тусгайлан заасан учир гомдол, мэдээлэл гаргагч нь хохирсон эсэх болон усны стандарт зөрчсөн эсэх нь хэрэгт ач холбогдолгүй, энэ талаар гаргасан “усан массажны үйлчилгээ үзүүлснээр ямар үр нөлөө үзүүлдэг, шинжилгээний дүнд дурдагдсан 3-н усны үзүүлэх нөлөөний ялгаа, сөрөг нөлөө үзүүлэх эсэх, үзүүлэх бол 3-н усны үзүүлэх сөрөг нөлөөний ялгаа, энэхүү 3-н усны аль нь Монгол Улсад мөрдөгддөг усан массажны үйлчилгээнд тавигдах стандарт шаардлагад нийцэж байгаа талаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулахаар удаа дараа хүсэлт гомдол гаргасан боловч хэрэгсэж үзээгүй” гэх гомдлоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг болон шийтгэлийн хуудсыг үгүйсгэх боломжгүй.     

17. Түүнчлэн, анх зөрчлийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 1-нд нээсэн даруйд холбогдогчоос Ц.Г, Г.Батболд нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон бичиг хэрэгт авагдсан; төлөөлөгч нараас хариуцагч болон прокуроруудад удаа дараа хүсэлт, гомдол гаргах байдлаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцсон зэргээс үзэхэд холбогдогчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул “... зөрчилд холбогдогчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангах нь битгий хэл тэгэхийг оролдоогүй ... Өмгөөлөгч Ц.Г намайг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зөрчилд холбогдогчоор тогтоосон, мэдүүлэг авсан, хэргийн материалын зарим хэсэгтэй танилцуулсан, шийтгэлийн хуудас бичигдсэн 09 сарын 02-ны өдөр хэргийн материалтай бүрэн танилцсан ...” гэсэн гомдол үгүйсгэгдэж байна.

18. Анх улсын байцаагчаас зөрчлийн хэргийг Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 4-т заасан “Түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлд тавих эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй” гэсэн зөрчилд холбогдуулж нээсэн авч шалгалтын явцад холбогдогчийн үйл ажиллагаа нь уг хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зөрчлийн шинжийг агуулж байсан үндэслэлээр шийтгэлийн хуудаст зүйлчлэлийг өөрчилсөн нөхцөл байдал тогтоогджээ.

19. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг авч үзэхэд энэ тухай нарийвчлан зохицуулаагүй учир шууд хариуцагчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх боломжгүй байхын зэрэгцээ шийтгэлийн хуудсыг гаргасан өдөр буюу 2019 оны 8 дугаар сарын 28-нд “төлөөлөгч Ц.Г-д зүйлчлэл өөрчилсөн талаар болон бусад материалыг танилцуулах гэтэл танилцах боломжгүй талаар хариу ирсэн” гэж хариуцагчийн тайлбарт дурдсаныг төлөөлөгчөөс үгүйсгэж маргаагүй тул  “... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1-т: ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгааг мэдэх эрхийг хуулиар олгосон байхад улсын байцаагч Э.Д үүнийг зөрчиж нууц далд аргаар шийтгэл оногдуулсан ...” гэх гомдол мөн няцаагдаж байна. 

20. Нөгөө талаас, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, мөн зүйлийн 2-т заасан “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэх “шударга ёс”-ын зарчим үйлчилж байхад “нэг зөрчилд холбогдуулж зөрчлийн хэрэг нээсэн атлаа өөр зөрчилд холбогдуулж шийтгэл ногдуулсан” гэх агуулгаар гаргасан гомдлоор гаргасан зөрчил, түүнд оногдуулсан шийтгэлийн хуудсыг бүхэлд үгүйсгэх үндэслэлгүй, анхан шатны шүүх “зөрчлийг хангалттай тогтоогүй, процессын зөрчил гаргасан” гэж дүгнэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь буруу юм.

21. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21ий өдрийн 344 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ийн хяналтын журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.
  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

                  ШҮҮГЧ                                                                       М.БАТСУУРЬ