Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/00056

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/00056

 

 

,,,,,,,,,,,, нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/02895 дугаар шийдвэртэй,

,,,,,,,,,,,, нэхэмжлэлтэй ,,,,,,,,,,,,,,,д холбогдох,

Хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхтуяа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан

1.а. 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү С.Тэнүүний эцэг мөн болохыг тогтоолгох,

1.б Хүү С.Тэнүүнд тэтгэлэг гаргуулахаар шаардсан.

,,,,,,,,,,,, нь 2011 онд анх ,,,,,,,,,,,,,,,той танилцаж, 2012 оноос уулзаж эхэлсэн. Улмаар 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүү С.Тэнүүн төрсөн. Төрсөн цагаас хүү С.Тэнүүн эхийн асрамжид өсөж байгаа, ,,,,,,,,,,,,,,,той хамтран амьдарч байгаагүй, эцгээс нь тэтгэлэг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: А.Солонгыг 2011 онд зүс мэддэг байсан. Учир нь тэрээр манай хадам ах болох М.Ганбаттай дотно харилцаатай байсан.

Улмаар 2014 онд ажилд оруулж өгсөн. Өмнө нь би анхны эхнэрээсээ албан ёсоор салж , 3 хүүхдийн тэтгэлгийг цаг бүрд нь өгч саяхан дууссан ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдээлэлд дууссан гэсэн дүгнэлт байгаа.

Надад танай ах М.Ганбат чинь ийм, тийм зантай намайг тоодоггүй, миний охин насаар тоглосон гэж байнга гомдоллодог байсан. Бид 2 уулздаг байсан нь үнэн, гэхдээ, жилд 1-2 удаа заримдаа огт сураггүй болдог. Би ,,,,,,,,,,,,д гэр бүлтэй болохоо хэлж байсан, тэрээр мэдэж байсан. Хүүхдийн эцэг тогтоолгох хүсэлтийг хүлээн авч байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Сартуул овогтой, Солонгын Тэнүүний эцэг Хунт овогтой, Чулуунтөмөрийн Цог /рд:МЗ81061016/ болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү С.Тэнүүнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг ,,,,,,,,,,,,,,,оос тэтгэлэг гаргуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, /рд:УМ89051064/-оос улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-т Хариуцагч хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. ,,,,,,,,,,,, бид хоёр 2011 онд танилцаж дотно харилцаатай болж уулзаж байсан нь үнэн. Би Солонгод гэр бүлтэй болохыг хэлж байсан бөгөөд тэрээр мэдэж байсан. Хүү С.Цэнгүүнийг эцэг болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбар гаргасан. Харин хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ гэсэн хэсэгт анхан шатны шүүхээс хариуцагчийн тайлбарыг дүгнэхдээ хүүхдийн эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэж дүгнэсэн байна. Хариуцагч миний бие С.Тэнүүний эцэг мөн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд эцэг болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч шүүхийн журмаар С.Тэнүүний эцэг мөн эсэх талаар тогтоолгох хүсэлтээ илэрхийлсэн. Гэтэл анхан шатны шүүхээс хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135.2.7-д заасныг баримтлан С.Тэнүүний эцэг ,,,,,,,,,,,,,,, болохыг тогтоосон нь үндэслэлгүй. Учир нь хариуцагчаас гаргасан тайлбарт С.Тэнүүний эцэг мөн талаар огт дурдаагүй байдаг ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн утга санаа агуулагдаагүй харин эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч шүүхээр тогоолгох утга санааг илэрхийлсэн. Анхан шатны шүүхээс эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй холбоотой шинжилгээ хийлгэх, шинжээч томилох ажиллагаа хийгээгүй байж ямар нотлох баримтыг үндэслэж ,,,,,,,,,,,,,,,ийг С.Тэнүүний эцэг болохыг тогтоож байгаа нь тодорхойгүй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогчид шүүх хуралдаан хэзээ хаана болох тухай хариуцагчид мэдэгдээгүй болно. Хэрэгт цугларсан баримтаас харахад шүүх хуралдааны товыг анхан шатны шүүхээс шуудангаар мэдэгдсэн гэх боловч хариуцагч байхгүй хөдөө ажиллаж байгаа гэж хэлээд гардаж аваагүй буцаасан шуудангийн баримт байдаг. Дээрх нотлох баримтаас харахад хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох мэтгэлцэх ИХШХШТХ-ийн 25, 26-д заасан эрх үүргийг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхээс хариуцагчийг хүлээсэн боловч ирээгүй учир шүүх хуралдаан үргэлжилсэн. Хариуцагчид мэдэгдлийг хүргүүлсэн боловч санаатайгаар хүлээж аваагүй байх магадлалтай тул процессын дагуу үргэлжлүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаалалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан

2.а. 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү С.Тэнүүний эцэг мөн болохыг тогтоолгох,

2.б. Хүү С.Тэнүүнд тэтгэлэг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Хэрэгт дараах баримт авагджээ. Үүнд:

3.а. Хүү С.Тэнүүн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, эх ,,,,,,,,,,,,ор овоглодог болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон./хх 4/

3.б. Зохигч .., 2011 онд танилцаж, дотно харилцаатай болсон, хааяа уулздаг байсан гэх тайлбарыг гаргажээ./хх 21/

 

4. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус зааснаар нотлох баримтыг зөв харьцуулан дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэх бөгөөд зохигчийн тайлбар нотолгооны хэрэгслийн нэг төрөл юм.

4.а. Хэргийн 21 дүгээр талд авагдсан хариуцагчийн тайлбарын агуулга нь Хүүхдийн эцэг тогтоолгох хүсэлтийг хүлээн авч байна. Би өмнө гэр бүлээс салсан, хариуцлагаа ухамсарладаг хүн, яав ч дахин ийм асуудалд орохыг хүсэхгүй. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг үгүйсгэж байна гэжээ. Тайлбарыг бүхэлд нь судлан үзэхэд үгүйсгэсэн агуулгатай байхад, анхан шатны шүүх хүүхдийн эцэг болохоо зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь буруу байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байх ёстой хэдий ч хүүхдийн эцэг мөн болохыг тогтоох асуудал нь талуудын тайлбараар гэхээс илүүтэй шинжлэх ухааны тусгай мэдлэг шаардагдах, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдох асуудал юм.

Шүүх мэтгэлцээнийг удирдан чиглүүлэх, талуудын эрх үүргийг тайлбарлах үүргийн хүрээнд эцэг тогтоох нь шинжээч томилуулах, шинжилгээнд дээж өгөх замаар тусгай мэдлэгээр тогтоогдох үйл баримт болохыг тайлбарлах нь зүйтэй юм.

 

5. Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо

5.а. Хүүхдийн эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэж дүгнэсэн буруу, ямар нотлох баримтыг үндэслэж эцэг болохыг тогтоож байгаа нь тодорхойгүй гэжээ.

Дээрх гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

5.б. Шүүх хуралдаан хэзээ хаана болох тухай хариуцагчид мэдэгдээгүй гэж гомдол гаргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд хуралдааны товыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.1 дэх хэсэгт зааснаар мэдэгдэж баримтжуулсан, харин хариуцагч хүндэтгэн үзэх шалтгааны талаар мэдэгдээгүй, хаягаа өөрчилсөн бол энэ тухай шүүхэд мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй тул эзгүйд шүүх хуралдаан явуулсныг буруутгах боломжгүй байна. Энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

6. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны .10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/02895 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ш.ОЮУНХАНД