Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 917

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, иргэдийн төлөөлөгч Г.Бямбасүрэн, улсын яллагч Ц.Ариунтуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э, түүний өмгөөлөгч Ж.Яринпил, шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Д.Нарангэрэл, гэрч Б.У нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б овогт Ц.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8  дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 02462 0575 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Ц.С, Монгол Улсын иргэн, Дундговь аймагт ..... өдөр төрсөн, 71 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гидрогеологич мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэртэй, ам бүл нэг, ..... тоотод оршин суудаг, регистрийн дугаар ...., урьд:

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 750,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.С нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7-338 тоотод “архи уулаа” гэх шалтгаанаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Э (талийгаачийн цусанд 4.2, ходоодны шингэнд 1.5, шээсэнд 5.3 промиль спиртийн агууламж илэрсэн) толгойн тус газар нь гараараа цохиж хүнийг алсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8  дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Шүүгдэгч Б овогт Ц.С нь 2018 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7-338 тоотод “архи уулаа” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Э-гийн толгой руу гараараа цохиж, гавал тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх 110 гр цочмог, баруун тал бөмбөлгийн чамархай, гавлын дунд хонхрын орчмын хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархайн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун зүүн тал бөмбөлгийн суурийн дух, чамархайн тархины эдийн няцрал, зүүн чамархайн яснаас гавлын урд хонхор луу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн булчин, хуйханд цус хуралт бүхий гэмтэл учруулсны улмаас хохирогч Б.Э нас барсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.С-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Миний бие энэ хэрэгт холбогдох өдөр гэртээ байж байсан. Ээж дүү нар ирсэн. Ц гэх үл таних эмэгтэй Б гэдэг хүнтэй хамт “сайн байна уу ч байхгүй” орж ирсэн. Тэр эмэгтэй “би зургаан охинтой, нэг хүүтэй, нөхөр нас барсан, хүү нас барсан, одоо би боож үхмээр байна” гээд байсан. Батбаярын цалин буусан гээд нэг шил архи авч ирсэн. Тэр хоёр тал шил архитай орж ирсэн. Би тал шил архи уудаггүй гэхэд тэр хоёр авчирсан тал архиа хуваагаад уусан. Тэгээд гаднаас бүтэн шил архи, 5 өндөг авч ирсэн. Тэр хоёрыг яаж танилцсан юм бэ гэсэн чинь хархорин зах дээр танилцаад ирсэн гэж байсан. Б-ынд хоёр хоноод ирсэн гэж байсан. Тэгээд тэр хоёрыг 5 цагт явуулсан. Тэр хоёр согтуурхаад байхаар нь яв гээд хөөж явуулсан. Тэгэхэд орой 8.30 цагт эргээд ирсэн. Тэгээд “архи уух уу” гэхээр нь би “уухгүй” гэж хэлсэн. Нэг шилтэй архи, ундаатай авч ирсэн байсан. Тэр үед би “манай хөгшинд хамаагүй архи өгч болохгүй шүү, наадах чинь бага архи уугаад ухаан алддаг юм“ гэж хэлсэн. Би зурагт үзэж байгаад “ядраад байна” гээд 22 цагийн үед түрүүлээд унтсан. Би 4 цагт сэрээд хөдөлсөн чинь шилтэй архи гараад ирсэн. Би түүнийг орны толгой дээр тавьсан байсан. Манай хөгшин миний урдуур унтаж байсан. Тэгээд тэр архийг аваад уусан байсан. Миний хөгшин яах гэсэн юм хүний архийг гэж хэлсэн. Батбаяр, Цэрэндолгор хоёр ч сэрээд ирсэн. Би үлдэгдэл архинаас тэр гуравт нэг нэг хийж өгсөн. Тэгээд би 4 цаг өнгөрөөгөөд “миний хөгшин чи бие засаж чадах уу” гэхэд “чадна” гэсэн. Уг нь “бие засаж чадахгүй” гэвэл би түүнийг гэртээ байдаг хувинд бие засуулдаг юм. Гэтэл талийгаач “чадна” гэж яваад хувин дээр тэр чигтээ хүчтэй унасан. Унахдаа хана руу хүчтэй савсан. Бие засдаг сав нь хагарсан. Цэрэндолгор энэ хэрэгт 3 удаа мэдүүлэг өгсөн байна лээ. Түүний мэдүүлгүүд бүгд худал байсан. Би наанаас нь очоод яаж байгаа юм бол гэж бодоод толгойг нь дээш нь татаад манай хөгшин сулхан дуугаар салхинд гээд хурхираад унасан. Салхинд гаргаад суулгаж байгаад оруулахаар зүгээр болоод инээд алдаад ороод ирдэг байсан юм. Яг тэр үед хурхирч байгааг нь унтаж байна гэж бодсон. Гадаа дулаахан байсан болохоор санаа зовоогүй, орж ирээд дуг хийгээд 5.30 цагт сэрээд харахад манай хөгшин орж ирээгүй байсан. Би яанаа нөгөөдөх чинь орж ирсэнгүй гээд гарахад үүдний таамбарт хэвтэж байсан юм. Би орж ирээд Батбаярт ах нь босгож дийлэхгүй байна миний дүү босгоод оруулаад ир гэж хэлсэн. Түргэний эмч зүүн нүдний дээд талд хөхөрсөн байна гэхээр нь “би лав гар хүрээгүй” гэж хэлсэн. Бид хоёр хамт амьдарч эхлэх үед манай хөгшин архи уудаггүй, харин би их уудаг байсан. Би 2012 оноос хойш архи уухаа бараг больсон, харин хөгшин маань архи их уух болсон...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Намайг Э гэдэг. Ээж ааваас гурвуулаа. 2018 оны 5 дугаар сарын 20-ны өглөө хашаандаа юм хийгээд байж байсан бөгөөд утас дугарахаар нь авахад С гуай залгасан. Тэрээр “Т нас барчихлаа, чи эмчтэй ярьдаа” гэсэн. Тэгээд би эмчтэй нь ярихад “тавин хэдэн настай эмэгтэй хүн нүдэндээ хөхрөлттэй нас барсан байна, цагдаа дуудсан байна” гэж хэлсэн. Би ганцаараа яахаа ч мэдэхээ байгаад хөгшин рүүгээ утасдаад, манай хүн ирсэн. Мөн хүүхдүүдээ дуудсан. Тэгээд гэрт нь яваад очсон. Би С гуайд “ийм л юм болох гээд байсан юм” гэж хэлсэн. Тэр үед С гуай “би зодоогүй” гэж хэлээд царай нь хувирсан. Нэг залуу байсан, би хүүхэд нь гэж ойлгосон. Миний дүү 2005 онд бидэнтэй амьдардаг байсан. Түүнээс өмнө Б гэдэг залуутай сууж байгаад 7 жил болоод, хүүхэд гарахгүй болохоор нь эв зүйгээр салсан. Дүү маань олон нийтийн жишгээр наймаа хийж байгаад, “Тахилтад газар өгч байгаа юм байна, газар хөөцөлдөж авна” гээд газар авсан. Би С гуайд гомдолтой байна. С нь барин тавин худлаа хэлдэг хүн. Одоо ч гэсэн хуулийн өмнө улалзахгүй худал хэлж байна. Харин нэг зүйлийг л үнэн хэллээ. Миний дүү үнэхээр энэ хүнийд очихдоо ганц хундага архи уудаггүй хүн байсан. Оршуулгын зардал 4,700,000 төгрөгийн зардал гарсан. 49 хоног дотор буян хураах зардалд 1,400,000 төгрөг гарсан. Мөн өмгөөлөгчид төлсөн зардлаа оруулаад нийт баримтаар 8,204,000 төгрөг болсон. Үүнээс хүүхэд нь 500,000 төгрөгөөр нэг удаа, 200,000 төгрөгөөр нэг удаа нийт 700,000 төгрөг өгсөн. Үүнийг хасаад 7,504,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг;

3. Хохирогч Г.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач Д.Э нь миний төрсөн дүү байгаа юм. Бид эхээс гурвуулаа, талийгаач маань манай хамгийн бага дүү байсан юм. ...С гуай залгаад “Т нас барчихлаа, чи энэ эмчтэй ярь даа” гэж хэлээд, нэг эмэгтэй хүн утас аваад “50 гаран насны хүн нас барсан байна. нүүр амандаа хөхрөлттэй юм байна, цагдаа дуудсан, ирэх байх” гэж хэлсэн. ...Намайг “ийм л юм болох гээд байсан юм” гэхэд С гуай их сонин болоод хөлс нь дааварлаад “үгүй ээ би зодоогүй, бие засах гэж байгаад унасан, хойшоогоо хана мөргөж унасан, 5 цагаас хойш хачин болоод байсан, хэсэг гадаа авч гарсан” гэж хэлсэн. ...С гуай ер нь үнэн ярина гэж байдаггүй, газар дээрээ барин тавин худлаа ярина, миний дүүг дандаа зоддог байсан. С өөрөө их архи уудаг байсан. ...Одоогийн байдлаар 8.2 сая төгрөгийн зардал гарсан. Манай охин 4.9 сая төгрөгийн баримт гаргаж өгсөн байгаа. Би одоо 850,000 төгрөгийн баримт өгнө...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 160-162 дугаар хуудас);

4. Гэрч Н.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “...2018 оны 5 дугаар 18-ны өдөр “Хархорин” зах дээр ганцаараа явж байгаад Б гэдэг залуутай танилцсан юм. Би тухайн үед жаахан халамцуу байсан бөгөөд Б “хоёулаа манайд очъё” гээд бид хоёр Тахилтын эцсээс бүр хойшоо яваад модон дотор байдаг Б-ын гэрт нь очсон юм. Бид хоёр Б-ынд 1 шил 0,75 литрийн хэмжээтэй “Шим” нэрийн архи хувааж уугаад, би тэндээ хоносон. 2018 оны 5 дугаар 19-ний өглөө бид хоёр хоол хийж идчихээд, үдээс хойш 15 цагийн үед Б “хоёулаа манай нэг таньдаг ахынд очъё” гэж хэлээд, бид хоёр Тахилтын эцэст байдаг 7 дугаар гудамжинд нэг хашаанд ирцгээсэн. Сүүлд түргэний дуудлага өгөхөд Тахилтын 7 дугаар гудамжны 300 хэд билээ тоот хэлж байсан. Б-ын ахынх гэх айлд очиход Б тэр айлын эзнийг С ах гэж дуудаж байсан. Би бүтэн нэрийг нь мэдэхгүй, харин эхнэрийг нь Энхтуяа гэж байсан. Б бид хоёрыг С гэх ахынд очиход С ах болон Э эгч хоёулаа халамцуу байсан. Б бид хоёр тэднийд ирэхээсээ өмнө тал шил архи авч очсон ба айлд яаж тал шил архитай орох юм бэ гээд дэлгүүрээс 0.75 литр хэмжээтэй “Шим” нэрийн нэг шил архи, 5 ширхэг өндөг худалдаж авч орсон юм. С ахынд ирээд тал шил архиа бид дөрөв хувааж ууж дуусгаад, бүтнээс нь нэг нэг жижиг хундагаар татаад дахиж уугаагүй. Үлдсэн архийг нь би С ахад өгөөд далд хийчих гэж хэлсэн. Тэгсэн чинь С ах тэр архиа өвөртлөөд унтчихсан байсан юм байна лээ. Би тухайн үед согтоод, нойр хүрээд байхаар нь 21 цагийн үед газраар зулж Батбаяр бид хоёр хамт унтсан. С ах орон дээр ачтайгаа цуг, Э эгч орны дэргэд газарт хэвтэж байгаад унтаад өгсөн. Тэгээд шөнө 00 цагийн үед гэж санаж байна С ахын “дарвайсан хар новш чинь алаад хаячихна шүү” гэж орилох чимээнээр би сэрсэн юм. Тэгээд би босоод хартал Э эгч орны дэргэд сууж байхад нь С ах “архинд дуртай новш” гэж хэлээд гараараа толгой хэсэг рүү нь нэг удаа хүчтэй цохиход Э эгч саваад газар унасан, тэгэхээр нь би “та болиоч хөгшин хүн байж хүн зодоод” гэж хэлтэл “наадах чинь архинд дуртай, миний өвөрт байсан архийг аваад ганцаараа уучихлаа” гээд уурлаад байсан. Тэгээд би босоод ус уучихаад унтаад өгсөн юм. Харин Энхтуяа эгч С ахад цохиулсныхаа дараа унасан чигээрээ газарт хэвтээд үлдсэн. 2018 оны 5 дугаар 20-ны өглөө 07 цагийн үед шиг санаж байна намайг босоход Э эгч байхгүй байсан, тэгэхээр нь би С ахаас “Э эгч хайчсан юм бэ” гэж асуухад “үүдэнд гаргаад хаячихсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад хартал үүдний амбаарт Э эгч баруун талаараа хэвтэж байсан бөгөөд би “Э эгчээ босоорой” гэж дуудахад сэрэхгүй байсан. Энэ үед С ах “наадах чинь тасарчихсан байгаа” гэж хэлж байсан. Дараа нь би жорлон орчихоод эргээд иртэл Б, Э эгчийг гэрт нь оруулчихсан байсан. Тэр үед би Э эгчийн биед хүрэхэд бие нь хөрчихсөн байхаар нь С ахад хэлтэл С ах Э эгчийг босгож суулгаж байгаад толгойг нь зүгээрээ гээд илээд байсан. Энхтуяа эгчийн зүүн нүд нь байхаа хөхөрчихсөн байсан. Саахынд ирэхэд Э эгчийн нүд зүгээр байсан юм. ...Би “дарвайсан хар новшоо алаад хаячихна шүү” гэж орилоход нь сэрсэн, тэгээд сэрээд харахад С ах Э эгчийн толгой руу нь гараараа их хүчтэй нэг удаа цохисон. Цохих үед “пад” гэж дугарсан. Э эгч орны дэргэд С ах руу хараад явган сууж байгаад баруун тал руугаа гулдайж унасан. Гэхдээ намайг унтах гэж байхад гар хөл нь хөдөлж байсан. Харин цохиулсныхаа дараа унтаж амжихааргүй, богино хугацаанд ойролцоогоор 2-3 минутын дотор ихээр хурхираад эхэлсэн. Тэгэхээр нь би ийм хурдан унтчихдаг юм байхдаа гэж бодсон. ...Э эгч намайг байх хугацаанд толгойгоороо ямар нэгэн зүйл мөргөж унасан асуудал байхгүй. 21 цагийн үед намайг унтах гэж байхад С ах “Энхтуяа эгчийг гаргаж шээлгэе, тэгэхгүй бол орондоо шээчихдэг юм” гэж хэлээд авч гараад шээлгэж байсан. ...Б, С ах Э эгчийг цохиж байхыг хараагүй. Тухайн үед унтаж байсан. Харин өглөө нь Б-д болсон асуудлын талаар хэлэхэд Б “угаасаа С ах Э эгчийг аймар зоддог юм” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 31-33 дугаар хуудас),

- 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “...Би шөнө “алаад хаячихна шүү унтаач дарвайсан хар хог чинь” гэх чимээнээр сэрэхэд байшин гэрэлтэй байсан. Тэр үед цаг харахад 00 цаг өнгөрч байсан. Би бугуйндаа цагтай байсан юм. Тэгээд сэрээд харахад өвгөн орон дээрээ суучихсан, талийгаач өөдөөс нь хараад явган сууж байсан. Би сэрээд “та яаж байгаа юм бэ, муухай орилоод байх юм” гэхэд өвгөн “тэгэхгүй яах юм, энэ дарвайсан юм ганцаараа нэг шил архи уучихлаа” гэж хэлэхээр нь би “уувал ууж л байг яагаад муухай орилоод байгаа юм” гэж хэлэхэд өвгөн “энэ чинь архи уухаараа орилоод байдаг байхгүй юу” гэж хэлээд баруун гараараа Т эгчийн толгой руу нэг удаа алгадсан. Т эгч баруун талаараа газар унасан. Алгадалт нь их хүчтэй байсан тул Т эгч их хүчтэй унасан. Газарт Т эгч мөргөж унах тавилга байгаагүй. Т эгч газар унаад удаагүй хурхираад унтах шиг болсон. Тэгэхээр нь би унтчихлаа гэж бодсон. Би Т эгчтэй унтаагүй, Т эгч газар бүхлээрээ унтсан. Би босож ус уучихаад буцаад унтсан. Өвгөн орон дээрээ суугаад үлдсэн. Би өглөө 05 цаг өнгөрч байхад ам хатаад сэрсэн юм. Тэгтэл Т эгч харагдахгүй байхаар нь би “Т эгч хаачсан юм” гэхэд өвгөн “гаргаад хаячихсан” гэж хэлсэн. Өвгөн орон дээрээ л сууж байсан. Би бие засах гээд гарахад талийгаач үүдний амбаарт баруун талаараа хэвтэж байсан. Би очоод “Т эгчээ сэрээрэй” гээд татахад талийгаач сэрэхгүй байсан. Би С өвгөнд “оруулаач ээ энэ цементэн дээр хөлдлөө ш дээ” гэж хэлэхэд өвгөн дугарахгүй байсан. Б сэрчихсэн байхаар нь “чи Т эгчийг өргөөд оруулаач ээ” гэж хэлчихээд гадаа гарч бие засчихаад орж ирэхэд Т эгчийг оруулчихсан байсан. Б босчихсон сууж байсан, Ба-ыг оруулсан гэж бодсон, талийгаачийг Б бид хоёрын унтсан газрын хажууд хэвтүүлсэн байсан. Би С өвгөнд “Т эгчийг орон дээр хэвтүүлье, гадаа зөндөө даарчихсан байхад нь газар хэвтүүлээд байж болохгүй байх аа” гэж хэлэхэд “наадах чинь орон дээр шээчихнэ, газар хэвтэж байг” гэж хэлсэн. Би очоод цамцыг нь сөхөөд “Т эгчээ босоорой” гэж хэлэхэд сэрэхгүй, бие нь их хүйтэн болсон байхаар нь “хөдлөхгүй байна, наад хүн чинь өнгөрчихсөн юм биш үү” гэхэд С гуай “айн” гээд хүрч ирээд өөрөө жижиг сандал дээр суугаад талийгаачийг хагас суулгаад толгойг нь илээд бариад байсан. Тэгэхээр нь би “нүд нь яагаад хөхөрчихсөн юм бэ” гэхэд өвгөн “наадах чинь өчигдөр орилж чаралж явж байгаад пийшин мөргөчихсөн” гэхээр нь би “пийшэн мөргөсөн хүн шалбардаг юм байгаа биз дээ та цохичихсон юм уу” гэхэд өвгөн “үгүй би юу гэж цохидог юм” гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө утсаар түргэн дуудаж байхад өвгөн “түргэн дуудаж яах юм бэ намайг зодсон гээд унана” гэхээр нь би “юу гэсэн үг юм наад хүн чинь болохоо байчихсан байна” гээд түргэн дуудсан. Б “гаръя наадах чинь гай болно” гээд намайг дагуулаад байшингаас гараад бид хоёр хашааны хаалга онгойлгож чадахгүй өвгөнийг дуудахад өвгөн гарч ирээд хаалга онгойлгож өгөөд “та хоёр хаачих гэж байгаа юм” гэхэд Б “ганц юм авъя” гэхэд өвгөн “10 цагаас нааш онгойхгүй ш дээ’’ гэж хэлсэн. Цаашаа явж байгаад Б “яана аа авгай нь өнгөрчихөөд байхад 10 цагаас нааш дэлгүүр онгойхгүй гэж хэлээд байх юм” гэж хэлсэн. Байшинд байхад Б тамхи татах гээд гарахаар нь би айгаад Б-тай хамт хашаа руу гарсан тэгээд би “чи одоо нам унтчих юм аа, өвгөн чинь аймар юм байна лээ ш дээ, Т эгчийг цохиод унагаасан” гэж хэлэхэд Б “тиймээ тийм наадах чинь дандаа зодож байдаг ш дээ, өөрөөс нь олон дүү ” гэж хэлж байсан. ...Байцаагч надаас “ягаан түмпэн яагаад хагарсан юм” гээд асуугаад байсан. Шөнө бол юм хагарах чимээ сонсоогүй. Туяа эгч ер нь сүр сүлдгүй туниа муутай хүн байсан. Өвгөн Т эгчийг цохих үед Б унтаж байсан, нөгөө жаахан эрэгтэй хүүхэд өвгөний орон дээр унтаж байсан..., ...Өвгөн цааш нь харуулаад толгойг нь барьж байхад нь ухаан орох нь уу гэж бодоод харахад зүүн нүд нь хөхөрсөн байсан. Тэгээд асуухад “пийшин мөргөсөн” гэж өвгөн хэлсэн. Урд орой нь Б бид хоёрыг очиход Т эгчийн нүд зүгээр байсан. Өвгөн Т эгчийг “тархи толгойны өвчтэй унадаг” гэж орой нь архи ууж байхдаа хэлж байсан. Т эгч үсээ авахуулаад ургаж байгаа бололтой нимгэн хар малгай өмссөн байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 168-170 дугаар хуудас),

- 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: “...С гуай гараараа нэг л удаа цохисон. С гуай баруун гараараа Т эгчийн зүүн шанаа руу нэг удаа цохисон. ...намайг нүүрэлдүүлсний дараа өмгөөлөгч гараад таны өрөөний рүү явахад С гуай “би одоо хамгийн дээд хэмжээ авах гээд байна, хамаагүй ингэж ярих юм бол хэцүү байдалд орох гээд байна” гэж хэлээд байж байцаагч буцаж ирсэн. ...тэгээд байцаагчийн сууж бай гэсэн газар тусдаа сууж байхад С гуай хүрч ирээд “чи мэдүүлгээ яаж өгөхөө мэдээрэй, би 25 жил авсан, их хугацаа ш дээ” гэж хэлэхэд харалдаа өрөөнөөс хоёр хүн гарч иртэл С гуай сандраад эргэж хараад буцаад явсан. Тэгээд байцаагчийн өрөөний харалдаа очоод намайг даллаад дуудахаар нь би толгой сэгсэрсэн, тэгсэн С гуай дахиж над дээр ирээд “чи ахыгаа бодоорой” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 171-172  дугаар хуудас);

5. Гэрч Б.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2018 оны 5 дугаар 20-ны өдөр үдээс хойш хэдэн цагт гэдгийг нь санахгүй байна. ...С ахын тахилтад байх гэрт нь очиход С ах, талийгаач Э эгч, танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн, бас манай ээж байсан ба С ах, Э эгч, нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нийлээд архи хувааж уугаад сууж байсан. Тэгэхээр нь би хөгшин настай хүн согтуу хүмүүс дунд байлгаад яахав гэж бодоод удалгүй ээжийг аваад явсан. Намайг С ахынхаас гарахад талийгаач Э эгч хэвийн шахуу байсан, гэхдээ согтолттой, С ах бараг эрүүл шахуу, нөгөө хоёр эрэгтэй, эмэгтэй хүн нь согтуу байдалтай үлдсэн. ...Ууж байсан архи нь хувийн үйлдвэрийн Монгол архи байсан, 0.75 литрийн хэмжээтэй байсан санаж байна. ...Э эгч (талийгаач) архи их уудаг, уухаараа ихээр ууж чадахгүй жаахан уугаад л тасарчихдаг. С урьд нь Э эгчийг зодоод цагдаад шалгагдаж байсан талаар цухас мэднэ...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 24-25 дугаар хуудас);

6. Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аав маань бие муутай болохоор архи уугаад байдаггүй. Харин Э гуай архи их уудаг байсан юм шиг байна лээ. Намайг очих болгонд л согтуу байдаг байсан юм. Харин энэ оны 1 сард манай аав Э гуайг зодоод шүүхээр шийтгүүлсэн гэж байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 26-27 дугаар хуудас);

7. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би цохиж зодож байхыг нь харж байгаагүй, харин тэр хавийн хүмүүсийн дам яриагаар С ах Э эгчийг зоддог талаар сонсож байсан. ...Намайг байх хугацаанд Э эгч унаж гэмтсэн асуудал байхгүй, ...Ц бид хоёрыг 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ирэхэд Э эгчийн нүд нь зүгээр байсан. Харин 2018 оны 5 дугаар сарын 20-ны өглөө босоод харахад хөхөрчихсөн байсан...” гэсэн (1 дүгээр хх-ийн 41-45 дугаар хуудас);

8. 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гэрч Н.Ц-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хх-ийн 34-38 дугаар хуудас);

9. Гэрч Н.Ц, яллагдагч Ц.С нарыг нүүрэлдүүлж авсан: Гэрч Н.Ц “...Би 2018 оны 5 сарын 19-ний орой 21 цаг өнгөрч байхад архиа дуусгаад унтсан, тэгээд шил архинаас нэг нэг хундага уугаад үлдсэн архийг С гуай аваад хөнжилдөө хийсэн. Өглөө ууна гэсэн. Тэгээд бид унтсан, Сац, талийгаач хоёр сэрүүн байсан. С гуай орон дээрээ суугаад үлдсэн, талийгаач болохоор аяга тавгаа цэвэрлээд яваад байсан. Би 00 цаг өнгөрч байхад С гуайн “унтаад өгөөч ээ шил архи ганцаараа уучихаад орилоод байх юм” гэж орилох чимээнээр сэрээд “та яагаад муухай орилоод байгаа юм бэ” гэхэд С гуай “энэ шил архийг ганцаараа уучихлаа” гэхээр нь би “уувал ууж л байг яагаад муухай орилоод байгаа юм” гэхэд С гуай “энэ чинь уучихаараа орилж хашхираад байдаг юм” гэж хэлээд гараараа толгойн шанаа хэсэг рүү нь цохиод, хажуу тийшээ унтаа байдалтай унасан. Тэгээд би ус уух гээд босоход талийгаач хурхирсан тэгэхээр нь “унтчихаж байгаа юм байна” гээд ус уучихаад унтсан. Өглөө 5 цаг өнгөрч байхад ам цангаад сэрсэн. Босож ус уучихаад С гуайгаас “Т эгч хаачсан юм” гэж асуухад С “гадаа гаргаад хаячихсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “яаж байгаа юм бэ” гэхэд “архи уучихаад орилж чарлаад унтуулахгүй байсан юм” гэж хэлсэн. Би бие засах гээд гарахад талийгаач үүдний амбаарт баруун талаараа хэвтэж байсан. Тэгэхээр нь би “Т эгчээ босоорой орон дээрээ хэвт” гэж хэлэхэд хөдлөхгүй байхаар нь Б, С гуай хоёрт “босохгүй байна өргөөд оруулчих” гэж хэлчихээд бие засах гээд гарсан. Тэгээд буцаж орж ирэхэд Б оруулчихсан, бид хоёрын унтсан гудасны хажүүд хэвтүүлсэн байсан. Тэгээд би талийгаач дээр очоод “Т эгчээ сэрээрэй” гэхэд сэрэхгүй, цамцыг нь сөхөөд үзэхэд бие нь хүйтэн байсан...” гэж, яллагдагч Ж.С “...2018 оны 5 сарын 19-ний өдөр 14 цагийн үед энэ хоёр ирсэн. Б, Ц хоёр 1 шил архи авчирсан. Тэр архинаас нь би нэг уусан. Манай ээж Д, Б, манай талийгаач, Ц бид нар хувааж уусан. Тэгээд би Б энэ хоёрыг 17 цаг өнгөрөөгөөд явуулсан. Тэгээд би урд талынхаа ганц бие хөгшнийд байж байхад 20 цаг 30 минутын үед манай хаалга цохихоор нь гараад харахад Б, Ц хоёр зогсож байсан. Тэр хоёр 1 шил архи , жижиг кола ундаатай хамт авчирсан байсан. Ц “та архи уух уу” гэхээр нь би “уухгүй, би одоо амарлаа, ядраад байна, манай хөгшинд архи битгий өгөөрэй, сүүлд нь янз бүрийн юм болох вий, ачааллаа даахгүй шүү” гэж хэлсэн. Тэгээд би 22 цагт унтаад өгсөн. Архи нь ширээн дээр байж л байсан. Шөнө 04 цагт би сэрсэн. Тэгсэн манай хөгшин босож ирээд миний дэргэд суусан. Би хөдөлсөн чинь энэ архиа хийчихсэн байсан. Би “энэ архиа уугаагүй юм байна ш дээ” гэж бодоод архийг нь аваад орны толгойн тэнд ил тавьсан. Тэгсэн манай хөгшин сэрээд босож ирээд архийг аваад доороосоо 100 грамм үлдээгээд уучихсан. Би “миний хөгшин босоод шээж чадах уу, чи тэр яндан мөргөчих вий” гэж хэлэхэд хөгшин “би чадна аа” гээд босоод явсан. Манай хөгшин яндан мөргөсөн байж магадгүй, яндан хөдлөх шиг болсон...” гэж тус тус мэдүүлсэн тэмдэглэл (1 дүгээр хх-ийн 192-196 дугаар хуудас);

10. 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилт 7-338 тоот гэсэн хаягтай. ...зүүн зүгт харсан цонхон доор толгой нь баруун тийш харсан, дээш харж хэвтсэн байдалтай, зүүн нүд хөхөрсөн, 2 нүд аниастай, ам бага зэрэг ангайсан, 2 гар нь хагас нугаларсан байдалтай, баруун сарвуу бага зэрэг атгасан гарын алга нь доош харсан, зүүн гарын сарвуу нь бага зэрэг атгасан гарын алга нь дээш харсан байдалтай байв...” гэсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хх-ийн 3-7 дугаар хуудас);

11. 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “...153 см урттай, толгойд хар хүрэн өнгийн 6 см урттай үстэй, мах мариа биедээ тохирсон, 53 настай эмэгтэй хүний цогцос байна. Хөшилт үүсээгүй хүүрийн толбо биеийн ард дарагдаагүй хэсгээр улаан хүрэн өнгөөр тод илэрсэн дарахад цайж 2 секундын дараа хэвэндээ орж, ...зүүн нүдний дээд зовхинд хөхөлбөр өнгийн цус хуралттай, цээжний урд дээд хэсэгт бүдэг шаргал өнгийн шаргал хуучин цус хуралттай биед өөр гэмтэл шархгүй цогцос байна...” гэсэн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хх-ийн 8-10 дугаар хуудас);

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1128 дугаартай “...цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх 110 гр цочмог, баруун тал бөмбөлгийн чамархай, гавлын дунд хонхрын орчмын хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархайн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун зүүн тал бөмбөлгийн суурийн дух, чамархайн тархины эдийн няцрал, зүүн чамархайн яснаас гавлын урд хонхор луу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн булчин, хуйханд цус хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрхи гавал тархины битүү гэмтэл нь үхэлд хүргэжээ. Талийгаачид шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 4.2, ходоодны шингэнд 1.5, шээсэнд 5.3 промиль спиртийн агууламж илрэв. Талийгаач нь 2-р бүлгийн цустай байна. Талийгаач нь гавал тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх 110 гр цочмог, баруун тал бөмбөлгийн чамархай, гавлын дунд хонхрын орчмын хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархайн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун зүүн тал бөмбөлгийн суурийн дух, чамархайн тархины эдийн няцрал, зүүн чамархайн яснаас гавлын урд хонхор луу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн булчин, хуйханд цус хуралт гэмтлүүдийн улмаас тархи хавагнаж, дарагдаж нас баржээ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хх-ийн 49-52 дугаар хуудас);

13. Шинжээч эмч Ө.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэг удаагийн болон 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох үед үүсгэгдэнэ. Гэмтэл авсан дариудаа их хэмжээний цусан хураа (зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх 110 гр цус хураа) богино хугацаанд үүсэж тархийг дарсан, энэ тохиолдолд талийгаач идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй, энэ гэмтлийг авсны дараа шууд комын байдалтай буюу унтаарсан байдалд орно. Цочмог гэдэг нь хурдан явцад үүссэн удаагүй цусан хурааг цочмог гэдэг. Явганаас унахад үүсэх боломжгүй, цохигдох үед үүсэх гэмтэл байгаа юм. Учир нь баруун, зүүн тал бөмбөлгийн суурийн дух, чамархай тархины эдийн няцрал, гэмтэл хүчтэй цохигдсоны дараа унахад үүсэх гэмтэл, өөрөөр хэлбэл хүчтэй цохигдсоны улмаас унахад дээрх гэмтлүүд үүсдэг юм. Түүний зүүн нүдний хөхрөлт нь цохисноос болж үүсээгүй цус хуралт буюу тархины гэмтлийн улмаас үүссэн цус хуралт байгаа юм. Эд эсийн шинжилгээгээр 110 гр цусан хураа нь 6 цагийн байдлыг илтгэсэн шинэхэн цусан хураа байсан тул цочмог цусан хураа гэж тодорхойлно. Ямар нэгэн хөдөлгөөн хийх болон юм ярьж чадахааргүй, унтаа байдалтай, хурхирсан байдалд орно. Цус болон ходоодны шингэнээс илэрсэн спиртийн агууламж нь хүнд зэргийн согтолтод хамаардаг. Хүнд зэргийн согтолтын үед онолын хувьд биеэ хамгаалах, эсэргүүцэх чадваргүй байдаг...” гэсэн мэдүүлэг (1 хх-ийн 53-55 дугаар хуудас),

- “...Талийгаачийн биед учирсан гавал тархины гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Талийгаачийн хувьд амь насыг аврах боломжгүй. Гавал тархины гэмтлийн цусан хураа, цус харвалт няцралт, шугаман хугарлууд хавсарсан учир амь нас аврах боломжгүй юм...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 197- 198 дугаар хуудас);

14. Цогцост үзлэг хийсэн шинжээч эмч Н.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...талийгаач Д.Э-ийн цогцост 2018 оны 5 дугаар сарын 20-ны өглөө 08 цаг 50 минутаас 09 цаг 30 минутын хооронд гадна үзлэг хийхэд нас бараад 3-4 цаг болсон байх боломжтой. Нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй ба нас барсан байх боломжтой гэж үзсэн цагаас урагшаа, хойшоо 2 цаг дотор байж болно...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 199-200 дугаар хуудас);

15. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн гэрч Н.Ц-ын сэтгэцийг шалгасан 739 дугаартай “...Н.Ц нь хэргийн талаар зөв тусган ойлгож, болсон хэрэг явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хх-ийн 204-206 дугаар хуудас);

16. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 552 дугаартай “...Ц.С нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ц.С-ын удамд сэтгэцийн өвчтэй хүн байдаг гэх эмнэлгийн бичиг баримт одоогоор үгүй байна. Ц.С нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай байсан байна. Ц.С нь хэрэг үйлдсэнээс хойш буюу одоо өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодож чадаж байна. Ц.С нь хэрэг хариуцах чадвартай байна. Ц.С-д уг гэмт хэргийн үйлдлийн үед санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна. Ц.С нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, эмнэлгийн шинжтэй албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хх-ийн 62-64 дүгээр хуудас);

17. Нийслэлийн яаралтай тусламжийн төвөөс ирүүлсэн “...Түргэн тусламжийн дуудлагын хуудас...” (1 дүгээр хх-ийн 228 дугаар хуудас);

18. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс ирүүлсэн 2 дуудлагын дэлгэрэнгүй лавлагаа (1 дүгээр хх-ийн 231-232 дугаар хуудас);

19. Шүүгдэгч Ц.С-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хх-ийн 88 дүгээр хуудас);

20. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоол (1 дүгээр хх-ийн 101-103 дугаар хуудас);

21. Яллагдагч Ц.С нь урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хх-ийн 108 дугаар  хуудас);

22. Яллагдагч Ц.С-ын цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа (1 дүгээр хх-ийн 13 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй хэдий ч шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн Б.У нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөөгүй болох нь нотлох баримт шинжлэн судлах үед тогтоогдсон тул шүүхийн хэлэлцүүлэгт түүний гэрчээр гаргасан мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгч Ц.С-ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээс бусад нотлох баримтаар батлагдсан хэсгийг шүүх харьцуулан үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас ...-д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан бөгөөд хохирогч Д.Э-ийн амь нас хохирсон үр дагаврыг энэ хэргийн хор уршигт хамааруулна.

Шүүгдэгч Ц.С-ын өмгөөлөгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтэд: “...Шүүгдэгч урьд тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн бөгөөд уг ялаас хэдий хэмжээг нь төлсөн, хэдий хэмжээ нь үлдсэн талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодорхойлолт авах шаардлагатай. Иймд хэргийг прокурорт буцаах саналтай байна..., ...мөн хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэдэг нь зөвхөн согтолтын зэргээр тодорхойлох, онолын ойлголт биш бөгөөд хэрэгт авагдсан баримтаар ийм нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.С нь урьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, энэ хэргийн амь хохирогч болох Д.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 750,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь энэ хуралдаанаар хянан хэлэлцэж буй эрүүгийн хэргийн хувьд шүүгдэгч Ц.С-ын гэм бурууг шийдвэрлэхэд саад учруулахгүйн зэрэгцээ амь хохирогчийн эсрэг урьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байсан эсэхийг нотлох ач холбогдолтой байна. Иймд шүүх бүрэлдэхүүн хэргийг прокурорт буцааж мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж үзлээ.

Задлан шинжилгээгээр амь хохирогч Д.Э-ийн цусанд 4.2, ходоодны шингэнд 1.5, шээсэнд 5.3 промиль спиртийн агууламж илэрсэн тул хүнд зэргийн согтолтод хамаарах бөгөөд онолын хувьд биеэ хамгаалах чадваргүй байдаг гэсэн шинжээчийн дүгнэлт, мэдүүлэгт үндэслэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтад зааснаар “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” хэмээн зүйлчлэх нь өрөөсгөл юм.

Учир нь хууль зүйн хувьд хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэдэг нь бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, гэмт этгээдийн үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг гэмт этгээд өөрөө ухамсарлан ойлгосон байхыг хэлэх бөгөөд гэмт этгээд хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байгааг лавтай мэдсэний үндсэн дээр гэмт санаа зорилгоо зориуд хэрэгжүүлсэн сэтгэхүйн харьцаагаар илэрнэ. Тодруулбал, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэсэн шинжийг зөвхөн эрүүл мэндийн шинжлэх ухаанд хөтлөгдөхгүйгээр, болж өнгөрсөн үйл явдал, гэмт санаа зорилго, үйлдлийн арга хэлбэр зэрэгт хууль зүйн дүгнэлт хийж тодорхойлно.

Шүүгдэгч Ц.С-ын хувьд амь хохирогч Д.Э-г биеэ хамгаалж чадахгүй болсон гэж ухамсарлан ойлгосны үндсэн дээр түүнд халдсан гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хохирогчийг “ганцаараа архи уусан” гэх шалтгаанаар толгой руу нь гараараа нэг удаа цохисон нь үхэлд хүргэсэн байх тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтад заасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.С мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Н.Ц-той нүүрэлдэж мэдүүлэхдээ “...Би “миний хөгшин босоод шээж чадах уу, чи тэр яндан мөргөчих вий” гэж хэлэхэд хөгшин “би чадна аа” гээд босоод явсан. Манай хөгшин яндан мөргөсөн байж магадгүй, яндан хөдлөх шиг болсон...” хэмээн худал мэдүүлсэн болох нь задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч Ө.С-ийн “...Түүний зүүн нүдний хөхрөлт нь цохиулснаас болоогүй, тархины гэмтлээс үүссэн цус хуралт юм...” гэсэн мэдүүлгээр нотлогдохын зэрэгцээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн “С нь барин тавин худлаа ярьдаг хүн. Одоо ч гэсэн хуулийн өмнө улалзахгүй худал хэлж байна” гэсэн мэдүүлгээр давхар батлагдаж байна.

Шүүгдэгч Ц.С нь 2018 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 00 цагийн үед амь хохирогч Д.Э-ийн толгой руу гараараа нэг удаа цохисон болох нь:

- Гэрч Н.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд шөнө 00 цагийн үед С ахын “дарвайсан хар новш чинь алаад хаячихна шүү” гэж орилох чимээнээр би сэрсэн юм. Тэгээд би босоод хартал Э эгч орны дэргэд сууж байхад нь С ах “архинд дуртай новш” гэж хэлээд гараараа толгой хэсэг рүү нь нэг удаа хүчтэй цохисон...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 31-33 дугаар хуудас),

- “...Би шөнө “алаад хаячихна шүү, унтаач дарвайсан хар хог чинь” гэх чимээнээр сэрэхэд байшин гэрэлтэй байсан. Тэр үед цаг харахад 00 цаг өнгөрч байсан. ...өвгөн орон дээрээ суучихсан, талийгаач өөдөөс нь хараад явган сууж байсан. Би сэрээд “та яаж байгаа юм бэ, муухай орилоод байх юм” гэхэд өвгөн “тэгэхгүй яах юм, энэ дарвайсан юм ганцаараа нэг шил архи уучихлаа” гэж хэлэхээр нь би “уувал ууж л байг яагаад муухай орилоод байгаа юм” гэж хэлэхэд, өвгөн “энэ чинь архи уухаараа орилоод байдаг байхгүй юу” гэж хэлээд баруун гараараа Т эгчийн толгой руу нэг удаа алгадсан. Т эгч баруун талаараа газар унасан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 168-170 дугаар хуудас),

- 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гэрч Н.Ц-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хх-ийн 34-38 дугаар хуудас),

- Гэрч Н.Ц, яллагдагч Ц.С нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл (1 дүгээр хх-ийн 192-196 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Гэрч Н.Ц нь шүүгдэгч Ц.С-ыг урьд танихгүй, өс хонзон, өр авлага үгүй буюу шүүгчдэгчтэй ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй нэгэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнд хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгч, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргуулсны үндсэн дээр зохих журмын дагуу мэдүүлэг авч, мөн түүний мэдүүлгийг газар дээр нь шалгаж, хэргийн нөхцөл байдлыг сэргээн дүрсэлсэн гэрэл зургаар давхар бэхжүүлж, яллагдагчтай нүүрэлдүүлэн мэдүүлэг авч, түүний мэдүүлгийн эх сурвалжийг бүх талаас нь магадлан шалгасан байна.

Шүүгдэгч Ц.С-ын амь хохирогч Д.Э-ийн толгой руу нэг удаа цохисон үйлдэл нь хохирогч Д.Э-ийн амь нас хохирсон хор уршигтай шалтгаант холбоотой болох нь:

- Шинжээч эмч Ө.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэг удаагийн болон 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох үед үүсгэгдэнэ. Гэмтэл авсан дариудаа их хэмжээний цусан хураа (зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх 110 гр цус хураа) богино хугацаанд үүсэж тархийг дарсан, энэ тохиолдолд талийгаач идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй, энэ гэмтлийг авсны дараа шууд комын байдалтай буюу унтаарсан байдалд орно. Явганаас унахад үүсэх боломжгүй, цохигдох үед үүсэх гэмтэл байгаа юм. Эд эсийн шинжилгээгээр 110 гр цусан хураа нь 6 цагийн байдлыг илтгэсэн шинэхэн цусан хураа байсан. Ямар нэгэн хөдөлгөөн хийх болон юм ярьж чадахааргүй, унтаа байдалтай, хурхирсан байдалд орно...” гэсэн мэдүүлэг (1 хх-ийн 53-55 дугаар хуудас),

- Цогцост үзлэг хийсэн шинжээч эмч Н.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...талийгаач Д.Э-ийн цогцост 2018 оны 5 дугаар сарын 20-ны өглөө 08 цаг 50 минутаас 09 цаг 30 минутын хооронд гадна үзлэг хийхэд нас бараад 3-4 цаг болсон байх боломжтой. Нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй ба нас барсан байх боломжтой гэж үзсэн цагаас урагшаа, хойшоо 2 цаг дотор байж болно...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 199-200 дугаар хуудас),

- Гэрч Н.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өвгөн “энэ чинь архи уухаараа орилоод байдаг байхгүй юу” гэж хэлээд баруун гараараа Т эгчийн толгой руу нэг удаа алгадсан. Т эгч баруун талаараа газар унасан. Алгадалт нь их хүчтэй байсан тул Т эгч их хүчтэй унасан. Т эгч газар унаад удаагүй хурхираад унтах шиг болсон. Тэгэхээр нь би унтчихлаа гэж бодсон...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 168-170 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.С, амь хохирогч Д.Э нар нь албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч 2005 оноос хойш 13 жил хатран амьдарсан байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч Ц.С-ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүнийг алсан хэмээн хүндрүүлэх хууль зүйн үндэслэл болж байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.С-ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчид хүч хэрэглэж амь хохирсон хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг хүний амь насыг санаатай хохироосон буюу хүнийг алсан гэм буруутай гэж үзнэ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ц.С-ыг хүнийг алах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь насанд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заасан тул амь хохирогчийн оршуулгын зардлыг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд ...-д шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хууль зүйн туслалцаа авахад гаргасан зардал нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд хамаарахгүй. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийн хүсэл зоригоор хуульд заасан эрхийнхээ дагуу сайн дураараа өмгөөлөгч сонгон авах нь хуулиар бий болсон шаардлага биш тул өмгөөлөгчид төлсөн хөлсийг зайлшгүй гарсан зардал гэж үзэхгүй. 

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э-с нэхэмжилсэн нийт 8,204,000 төгрөгийн зарим хэсэг болох амь хохирогч Д.Э-г оршуулахтай холбоотой гарсан зардлыг хэрэгт хавсаргасан баримтын хүрээнд 6,824,982 төгрөгөөр тогтоож, үүнээс шүүгдэгчийн ар гэрээс шилжүүлсэн 700,000 төгрөгийг хасаж 6,124,982 төгрөгийг шүүгдэгч Ц.С-с гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э-д олгохоор, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөлөгчид төлсөн 1,000,000 төгрөгийн хөлс болон баримтаар тогтоогдоогүй 379,018 төгрөгийн нэхэмжлэлийг нэгтгээд нийт 1,379,018 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн дүгнэлт: “...Шүүх шүүгдэгч Ц.С-ыг хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад зааснаар түүнд 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгчээс 6,124,982 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн дүгнэлт: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгчийн гэм буруу нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон байх тул улсын яллагчийн хэлсэн зүйлтэй 100 хувь санал нэг байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт: “...Шүүгдэгч 71 настай эрэгтэй хүн бөгөөд монгол эрэгтэй хүний дундаж наслалт 65 гэсэн албан ёсны судалгаа байдаг. Иймд түүний насны байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад заасан хугацаатай хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад дэглэмийг тогтоож өгнө үү...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, улсын яллагч, өмгөөлөгч нарын саналыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.С-д арван дөрвөн жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн 71 настай хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.С нь урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 750,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн байх бөгөөд тэрээр уг ялаа зохих хэмжээгээр биелүүлж байснаа шүүх хуралдаанд мэдүүлсэн болно.

Тэрээр урьд торгох ял шийтгүүлсэн, харин энэ тогтоолоор өөр төрлийн ял болох хорих ял шийтгүүлсэн бөгөөд түүний торгох ялын биелэлтийг тооцох боломжгүй байгааг харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ... тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу урьд шийтгүүлсэн торгох ялыг тусад нь эдлүүлэхээр нэмж нэгтгэлгүй үлдээв.

Хэрэв шүүгдэгч Ц.С нь урьд шийтгүүлсэн торгох ялаа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын санал, прокурорын дүгнэлтээр уг ялыг хорих ялаар солих хуулийн зохицуулалт тусдаа бийг дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.С-ын цагдан хоригдсон нийт 156 (нэг зуун тавин зургаа) хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж, түүнд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 02462 0575 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтад заасныг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2.Б овогт Ц.С-ыг хүнийг алах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.С-д арван дөрвөн жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.С-ын цагдан хоригдсон нийт 156 (нэг зуун тавин зургаа) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д оногдуулсан арван дөрвөн жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.С-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

7.Шүүхийн тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ц.С-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.С-с 6,124,982 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 1,379,018 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.С-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ                                     Б.БАТАА  

        ШҮҮГЧИД                                       Г.ГАНБААТАР

                                                                    Б.ДАШДОНДОВ