Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00197

 

 

 

 

 

 

 

 

 

Э.И-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Н-н Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/03865 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Э.И-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ББ-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, баталгаажуулалт хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.И нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Ц.М С.Э хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Э.И нь 2019 оны 10 дугаар сарын 23 ны өдөр Б-д нийгмийн эрүүл мэнд, байгууллагын бодлого төлөвлөлт хариуцсан орлогч даргаар ажиллаж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/81 дугаар тушаалаар эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллах болсон.

З.Б даргын зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуул гэдэг хугацаатай даалгавар надад өгсөн. Гэрээ байгуулахгүй гэдэг хариу өгөөгүй, харин хөдөлмөрийн гэрээний төсөлд нийт ажилчдаас хуулийн дагуу саналыг авч удирдах зөвлөлөөр батлах, бүтэц батлагдсан хэсэг нь тодорхойгүй байна гэдэг шалтгааныг хэлсэн. Хуульд заасан журмын дагуу хууль ёсны хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ байгуулах саналыг тавьсан. Хөдөлмөрийн дотоод журам, бүтцийг байгууллагаас огт танилцуулаагүй

Э.И 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр сахилгын шийтгэл оногдуулсан байсан. Сахилгын шийтгэл оногдуулсан гэдгийг огт мэдээгүй, мэдэгдээгүй. Э.И нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг өгөөгүй. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Б, Э-н даргын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/354 дүгээр тушаалаар Э.И-ийг тус төвийн нийгмийн эрүүл мэнд, бодлого төлөвлөлт хариуцсан орлогч даргаар томилж хөдөлмөрийн гэрээ байгуулж албан тушаалын тодорхойлолтод гарын үсэг зурж баталгаажуулсан.

2.2.Мөн 2021 оны 03 дугаар сарын 01-ний Б/81 дүгээр тушаалаар дээрх албан тушаалаас дэвшүүлж эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар томилсон байна. Энэ үеэс эхэлж ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулах санал хүргүүлсэн боловч саналаа ирүүлээгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд өгсөн үүрэг даалгавар удаа дараа биелүүлэхгүй, үндсэн чиг үүргийн ажлыг гүйцэтгэхдээ алдаа дутагдал гаргаж байсан учир Э-н даргын 2022 оны 04 дүгээр сарын 09-ний Б/153 дугаар тушаалаар Э.И болон нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл оногдуулсан. Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдаж мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Э.И хөдөлмөрийн гэрээ байгуулах саналыг удаа дараа тавьсан боловч хуулийн зөвлөхтэй уулзах санал гаргаснаар 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр уулзаж он, сар, өдрийн талаар ойлголцолд хүрч хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний аль зүйл, заалт таны хууль ёсны ашиг сонирхпыг зөрчиж байгаа талаарх саналаа 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор ирүүлэх үүрэг, чиглэл өгсөн боловч ирүүлээгүй тул Э-н даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны Б/224 дүгээр тушаалаар Э.И-ийг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Энэ шийдвэр нь хууль дүрэм журам зөрчөөгүй тул Э.И-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай /2021 оны/ хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.И-ийн хариуцагч Б-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

4.1.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарт удирдлагын зөвлөлийн хурлаар хөдөлмөрийн гэрээ бичгээр хүргүүлж, хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл, зүйл заалт, албан тушаалын тодорхойлолт хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа талаарх тайлбар, саналаа 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дотор ирүүлж, гэрээ байгуулах үүрэг чиглэл өгсөн боловч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байгаа нь ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзаж байна гэж үзэж ажил олгогч, ажилтан хоорондын хөдөлмөрийн харицааг хуулийн дагуу явуулах боломжгүй нөхцөл үүссэн тул 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ажил хүлээлцүүлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосоныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа нь нэхэмжлэгчийн хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөж байна.

4.2.Нэхэмжлэгч нь Б, Э-н удирдлагуудад удаа дараа хэлэлцэж байгаа асуудлаар ажил хэрэгч яриа хэлэлцээ өрнүүлэх, харилцан ойлголцох замаар тохиролцоонд хүрэх хүсэл эрмэлзэлтэй байсан бөгөөд хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт үйлчлэх хугацаа дуусахаас өмнө шинээр байгуулах гэрээ хэлэлцээр болон байгууллагын ажилчдын хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээнээс дордуулахгүйгээр харилцан тохиролцож ажилтныг илүү таатай нөхцөлөөр хангах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нийгмийн хамгаалалтай холбоотой хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэхээр санаачилга гаргасан.

4.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д "хөдөлмөрийн гэрээ" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог; гэж заасаны дагуу ажил олгогч ажилтны тохиролцооны баримт бичиг. Шүүх ажил олгогчийн удаа дараагийн хөдөлмөрийн гэрээ байгуулах саналыг хүлээж аваагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй эс үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасны дагуу талууд харилцан тохиролцсан гэж үзэх үндэслэлд хамаарсан дүгнэж гэж хуулийг буруу хэргийг тайлбарласан. Хөдөлмөрийн тухай 42 дугаар зүйлийн 42.1.1 -д ажил олгогчтой сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах гэж ажилтны бүрэн эрхийг хуульчилсан. Гэтэл хариуцагч Б, Э-н даргын 2022 оны 05 дугаар сарын 20- ны өдрийн Б 224 дүгээр тушаалаар Э.И-ийн хуульд заасан бүрэн эрхийг зөрчиж, ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Ажил олгогчийн санаачилгаар чөлөөлсөн тушаалыг шүүх дүгнээгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Э.И-ийн хөдөлмөрийн харилцаа хуулийн дагуу үргэлжлэн ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах талаар санал солилцоогүй нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болох үндэслэл болохгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна. гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан зөрчлийг гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Мөн Б, Э-н дарга З.Б нь нэхэмжлэгчийг эрхэлж байсан албан тушаалаас нь чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг гаргах эрх бүхий этгээд биш. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: З.Б дарга нь хуульд заасан эрх бүхий этгээд тул хуульд заасан дүрэм журмын дагуу тушаал шийдвэрээ гаргаж нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн. Энэ байгууллагын хуулийн зөвлөхийн хувьд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөх болсон Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлж тасаг нэгж болон орлогч дарга нарт хөдөлмөрийн гэрээг тарааж өгөөд саналаа ирүүлэх тухай мэдэгдсэн. Саналыг 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэгтгэж аваад хүний нөөцийн албаны дарга, хүний нөөцийн мэргэжилтэн нарын хамт сууж байгаад хөдөлмөрийн гэрээг шинэчлэн боловсруулсан. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцээд дахин танилцуул гэж буцаасан. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлаар хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг байгуулсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Э.И нь шударга ярьж байж хэргээ үнэн зөвөөр шийдвэрлүүлэх шаардлагатай, гэтэл худлаа хэлж байна. Хэргийн 33, 35, 38, 39, 42, 44 дүгээр талд хөдөлмөрийн гэрээ байгуулах саналаа хүргүүлсэн. 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн саналд хуулийн зөвлөхтэй уулзана гэсэн. Бид хоёр ярилцаад хугацаа нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөр байгуулагдах гэж байна өнөөдрөөр байгуулмаар байна гэхэд болно, байгуулна гэсэн. Гэтэл гэрээ байгуулахгүй яваад байсан тул дарга надад үүрэг чиглэл өгсөн. Э.И хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байгаа тул үүрэг даалгавар өгч байгааг хүргэж өгнө үү гэсний дагуу Э.И оруулж өгөхөд авахгүй гэсэн. Ингээд уншиж танилцуулаад танилцав гэж гарын үсэг зурсан нь хэрэгт баримтаар авагдсан. Э.И нь анх 2019 оны 10 дугаар сарын 23-ны Б/354 дүгээр тушаалаар Нийгмийн эрүүл мэнд, бодлого, төлөвлөлт хариуцсан орлогч даргаар томилогдсон. Уг албан тушаалд томилогдохдоо хөдөлмөрийн гэрээ албан тушаалын томилолтод гарын үсэг зурсан нь хэргийн 11 дүгээр талд авагдсан. Улмаар 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Б/81 дүгээр тушаалаар эмч, мэргэжлийн дарга эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар томилсон нь хэргийн 41 дүгээр талд авагдсан. Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын хувьд хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод гарын үсэг зураагүй. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй цалингаа аваад ажил үүргээ гүйцэтгэж байсан. Цалингаа аваад ажилдаа ирээд удирдах зөвлөлийн хурал болоход асуудал ярьж бужигнуулчхаад яваад өгдөг даргатай болсон.

Мөн Хөдөлмөрийн хууль шинэчлэн батлагдсантай холбоотой хөдөлмөрийн гэрээ байгуулах саналыг 3 удаа хүргүүлсэн боловч гарын үсэг зураагүй. Мөн хамт олноор хэлэлцүүлээгүй гэж байгаа боловч тухайн үед хамт олноор хэлэлцүүлээд тасаг нэгжийн дарга нараар гарын үсэг зуруулсан. 2022 оны 04 дүгээр сард би Э.И-тэй уулзаад та хөдөлмөрийн гэрээний аль зүйл заалтад санал нэгдэхгүй байгаа тухай бичиж өгнө үү гэхэд санал хүсэлтээ ирүүлээгүй тул Б, Э-н даргын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/224 дүгээр тушаалаар Э.И-ийг ажлаас чөлөөлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга гэдэг нь тухайн байгууллагад маш үүрэг хариуцлагатай албан тушаал байдаг. Гэтэл хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй ажлын байрны тодорхойлолтод гарын үсэг зурахгүй явж байгаа нь тухайн байгууллагад ажиллахад төвөгтэй байсан. 3 удаагийн санал хүргүүлсэн боловч хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураагүй. Иймд байгууллагаас татгалзлаа гэж үзэж, ажил олгогч нь мөн татгалзаж Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоос өөр арга байгаагүй. З.Б дарга анх ажилд орохдоо баг болж хамтарч ажиллахаар Э.И-ийг авч ирсэн. Би Э.И-тэй уулзаад З.Б дарга өөрийг чинь баг болж ажиллахаар дагуулж ирсэн, та 2 үе тэнгийн залуучууд байна, хоорондоо ярилц гэж хэлж байсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоос өөр арга байхгүй. Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нь хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолтод гарын үсэг зурахгүй байгаа нь ноцтой асуудал. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хянан үзээд гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Э.И нь хариуцагч Н-н ББ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Э.ИН-н ББ-д 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс нийгмийн эрүүл мэнд, байгууллагын бодлого төлөвлөлт хариуцсан орлогч даргаар ажиллаж байгаад 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажилласан, ажил олгогчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/224 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасныг үндэслэн түүнийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлжээ.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д талууд харилцан тохиролцсон бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болохоор зохицуулсан. Талууд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох талаар харилцан тохиролцсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хуульд нийцэхгүй байна.

6.1. Учир нь нэхэмжлэгч нь нийгмийн эрүүл мэнд, байгууллагын бодлого төлөвлөлт хариуцсан орлогч даргын ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад уг үүрэгт ажлаас чөлөөлөгдөж эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажилласан ба шинээр томилогдсон ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна.

Ажил олгогч ажилтны албан тушаалыг өөрчилсөнтэй холбогдуулан хөдөлмөрийн гэрээ байгуулахыг санал болгоход ажилтан хөдөлмөрийн гэрээний төсөлд нийт ажилчдаас хуулийн дагуу санал авч удирдах зөвлөлөөр батлах, байгууллагын бүтэц, эрхлэх ажил үүрэг, хариуцлага тодорхойгүй гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйд ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй ч энэ нь ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасан талууд харилцан тохиролцсон гэх үндэслэлд хамаарахгүйюм. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

6.2. Шүүх нэхэмжлэгчийг ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тул түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгох үүрэгтэй.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3-т дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж, 1.7-д дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, нягтлан бодох бүртгэлийн болон бусад данс, тооцоо байна гэж тус тус тодорхойлжээ.

Ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлснөөс тооцож, нэг сарын дундаж цалин хөлсийг 1,691,156 төгрөгөөр тодорхойлж, ажилгүй байсан хугацааг ажлаас чөлөөлөгдсөн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл тооцож, ажилгүй байсан 8 сарын цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 13,529,248 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалат хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/03865 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Э.И-ийг Н-н Б, Э-н эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажлын байранд эгүүлэн тогтоож, хариуцагч Н-н Б-с 13,529,248 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.И олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 295,797 төгрөгийг гаргуулж улсын орлогод олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.БЯМБАСҮРЭН