Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/102

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн

Улсын яллагч Н.Мөнхбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбатын Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Э.А-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1816002350095 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д овогт Э-ийн А.

Шүүгдэгч Э.А-ийн 2018 оны 10 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах “АТБ” супермаркетийн цонхоор нэвтрэн орж, 700.000 төгрөг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна.

ТОДОРХОЙЛОХ нь

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Э.А-ийн 2018 оны 10 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах “АТБ” супермаркетийн цонхоор нь нэвтрэн орж, 700.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь:

Шүүгдэгч Э.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...Би  2018 оны 10 дугаар сарын 08-ны орой гэртээ байж байгаад дээшээ эгчийнх рүүгээ явсан. Эгчийндээ очсон  чинь хашаа нь цоожтой нүүчихсэн байсан. Тэгээд буцахдаа “АТБ” дэлгүүрийн ард талын сааданд сууж байгаад дэлгүүрийн цонх нь онгорхой байхыг харсан. Тэр цонхоор нь ороод  халаасанд байсан алчуураар нүүрээ ороогоод кассанд байсан 700.000 мянган төгрөгийг нь аваад орсон цонхоороо буцаж гарсан ... Цонх нь онгорхой байсан. 2-3 хоног юм идээгүй явсан тэгээд хулгай хийх болсон ...Бичлэг дээр гарч байгаа хүн би мөн... Хохирлоо төлж барагдуулсан ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ё.Х-ын өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 09 цагт супермаркетаа онгойлгож ажилчдаа оруултал кассчин Отгонбаяр  кассны мөнгөний хайрцагт байсан орлогын үлдэгдэл болох бэлэн 300.000 төгрөг, Хаан банкнаас солиулж ирсэн 100 төгрөг, 50 төгрөгийн бутархай дэвсгэртүүд болох бэлэн 400.000 төгрөг, нийт 700.000 төгрөг алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд хулгай орсон байна гэж үзээд супермаркетын дотор талыг ажиглатал баруун талын хананд өрөөтэй  байсан цайнууд нурсан байдалтай, түүний цаад талд байдаг агааржуулалтын хоолой гадгаш гаргасан вакум цонхны порчик онгойсон байсан. Тэгээд цагдаа дуудсан ...” гэх мэдүүлэг /ХХ44-45/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Ё.О-ын өгсөн "... 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 09 цагийн үед дэлгүүрээ онгойлгоод орж ирсэн тэгээд кассын машинаа асаах гээд лангууны ар талаар орсон чинь газраас эд зүйл хөглөрсөн кассын машин дотор ямар ч мөнгө байхгүй байсан. Тэгээд гайхаад үзсэн чинь кассын машины ширээн доогуур байсан хайрцагтай задгай мөнгө байгүй алга болсон байсан. Тэгээд хулгай орсон талаар мэдээд цагдаад хандсан юм. Тэгээд лангуугаа тойроод үзсэн чинь цайны эгнээний лангуунаас цайнууд нурсан, цаад талд нь байх цонхны порчик нээлттэй байсан..." гэх мэдүүлэг /ХХ50-51/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ3-9/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ12-17, 28, 32/, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ21-25/ телекамерийн бичлэг бүхий CD түүнд үзлэг хийсэн шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянавал мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт  “хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд нэвтэрч үйлдсэн тохиолдолд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.

Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд нэвтэрч үйлдсэн шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох хоёр жилийн хоёрны нэг болох нэг жилээс багагүй дээд хэмжээ болох найман жилийн хоёрны нэг болох дөрвөн жилээс ихгүй хугацаагаар хорих ялыг шүүх оногдуулж болно гэж ойлгох нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг заасныг баримтлан шүүгдэгч Э.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ялаар шийтгэж хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолын биелэлтийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан Сум дундын 5 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоол /ХХ112-114/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоол /ХХ115-118/, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 4 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулсан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоол /ХХ119-121/, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоол /ХХ122-125/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаар шүүгдэгч Э.А урьд нь удаа дараа 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон ял шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хангагдсан гэж үзэн шүүх хорих ял оногдуулахдаа харгалзан үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 23  ширхэг боодолтой 50 төгрөгийн дэвсгэрт, задгай 88 ширхэг 50 төгрөгийн дэвсгэрт, 8 ширхэг боодолтой 100 төгрөгийн дэвсгэрт, задгай 80 ширхэг 100 төгрөгийн дэвсгэрт, 18 ширхэг 1.000 төгрөгийн дэвсгэрт, 2 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт, 1 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт, 9 ширхэг 500 төгрөгийн дэвсгэрт, 3 ширхэг 10 төгрөгийн дэвсгэрт, 1 ширхэг 1 төгрөгийн дэвсгэрт, нийт 279.931 төгрөгийн дүн бүхий Монгол Улсын мөнгөн дэвсгэртүүдийг хохирогч Ё.Х-т, малгайтай улаан хүрэн өнгийн цамц, 1 /нэг/ ширхэг цагаан хар алаг пүүз 1 /нэг/ хос зэргийг шүүгдэгч Э.А-д тус тус буцаан олгож, бэлэн хоолны хайрцагийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст” даалгаж, хохиролд шүүгдэгч Э.А 430.000 /дөрвөн зуун гучин мянга/ төгрөг төлсөн, хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Э-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.А-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.А-ийн баривчлагдсан 2 хоног, цагдан хоригдсон 35 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Э.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 23  ширхэг боодолтой 50 төгрөгийн дэвсгэрт, задгай 88 ширхэг 50 төгрөгийн дэвсгэрт, 8 ширхэг боодолтой 100 төгрөгийн дэвсгэрт, задгай 80 ширхэг 100 төгрөгийн дэвсгэрт, 18 ширхэг 1.000 төгрөгийн дэвсгэрт, 2 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт, 1 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт, 9 ширхэг 500 төгрөгийн дэвсгэрт, 3 ширхэг 10 төгрөгийн дэвсгэрт, 1 ширхэг 1 төгрөгийн дэвсгэрт, нийт 279.931 төгрөг дүн бүхий Монгол Улсын мөнгөн дэвсгэртүүдийг хохирогч Ё Х-т, малгайтай улаан хүрэн өнгийн цамц 1 ширхэг, цагаан хар алаг пүүз 1 хос зэргийг шүүгдэгч Э.А-д тус тус буцаан олгож, бэлэн хоолны хайрцагийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст” даалгасугай.

7. Хохиролд шүүгдэгч Э.А 430.000 төгрөг төлсөн, хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА