| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0188/Э |
| Дугаар | 188 |
| Огноо | 2018-10-17 |
| Зүйл хэсэг | 10.1, |
| Улсын яллагч | Р.Машлай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Р.Машлай,
хохирогч Г.Е,
шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Ж.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807002950163 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, *******ай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай, ******* овогт Ж. Д нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 40 минутын үед ******* ний хойд талын засмал зам дээр улсын дугаартай Тоёота Эстима маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар явах тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ч.ын жолоодон явсан улсын дугаартай Тоёота Рав 4 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж улмаар уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Г.Еийн биед бүсэлхийн 1, 3-р нугалмын хөндлөн сэртэнгийн далд хугарал, тархи доргилт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Д нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр улсын дугаартай Тоёота Эстима маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа ******* ний хойд талын засмал замаар Тэрэлжээс Улаанбаатар руу замын хөдөлгөөнд оролцон иргэн Ч.ын жолоодож явсан улсын дугаартай Тоёота Рав 4 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж улмаар уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Г.Еийн биед бүсэлхийн 1, 3-р нугалмын хөндлөн сэртэнгийн далд хугарал, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Дгийн өгсөн: “Би 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг өнгөрч байхад Тэрэлжид байрлалтай байшин руу тог тавиулах гээд очсон. Гэтэл гарц хаалттай байсан. Хаалтыг нээгээд зам руу орох гэхэд сигнал дуугарч урдуур машин орж ирээд би тухайн машиныг мөргөсөн. Өөрийн буруутай үйл ажиллагаа болон санамсар болгоомжгүй байдлаас болж осол гарсан. Миний 100 хувийн буруу. Хохирогчийн биед учирсан гэмтэл хуучин, шинэ нь хамаагүй шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул би хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Еийн өгсөн: “2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Домогт мэлхий хад лагерийн зуслангаас ирж яваад Налайх дүүргийн 01 дүгээр хорооны дээр машинтай явж байхад урдаас “Истима” маркийн машин гарч ирсэн. Жолооч оо эгч баруун тал руу рүлээ эргүүлж мод мөргөөд зогссон. Тухайн үед миний гар, нуруу янгинаж өвдөж байсан. Налайх дүүргээс оо эгчийн аав ирээд 30-40 минутын дараа Налайхын эмнэлэгт очиход манай дээр рентген байхгүй байна. Хот орж эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Улаанбаатар хот орж “Грандмед” эмнэлэгт үзүүлж нурууны зураг авахуулахад нурууны сэртэнгийн яс хугарсан гэж гарсан. “Интермед” тархины бичлэгт ороход эрүүл байсан. Эмч нар “намайг эмнэлэгт хэвтэх шаардлагагүй, нурууны бүсээ сайн зүүгээд, 2 сар хэвтрийн дэглэм сахиарай” гэж хэлсэн. 1 сарын дараа эмчид үзүүлэх гэхэд надад мөнгө байхгүй. Би одоо болтол эмнэлэгт үзүүлж чадаагүй байна” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад шинжээч Э.ын өгсөн: “Тухайн тооромзны мөрийг ашиглан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь аюул саадыг харсан үедээ зогсоох арга хэмжээ авч хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдөх хүртэл инерцийн хүчээр явсан мөр байх тул хурдыг тогтоох боломгүй. Тээврийн хэрэгслийн зорчигч нь хамгаалах бүс хэрэглээгүй нь зам тээврийн осол гарахад нөлөөлөх шууд шалтгаан болохгүй” гэх мэдүүлэг,
/хх-ийн 42 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/255 дугаар:
“1. Г.Еийн биед бүсэлхийн 1, 3-р нугалмын хөндлөн сэртэнгийн далд хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааран.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт,
/хх-ийн 57 дугаар хуудас/
Шинжээчийн 24 дүгээр:
1. улсын дугаартай Тоёота-Истима маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ж.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7-7 /Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйд зам тавьж өгнө/ гэсэн заалтыг зөрчсөн байна улсын дугаартай Тоёота Рав-4 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ч. нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.
2. Жолооч Ж.Д, Ч. нар нь хэдэн км/цагийн хурдтай явж байсныг тодорхойлох боломжгүй байна.
3. Тухайн зам нь тэгш гадаргуутай ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, халтиргаа гулгаагүй, 2 талдаа үзэгдэх орчин хязгаарлагдсан зүйлгүй, тэмдэг, тэмдэглэл хийгдсэн зам байх тул тухайн замын зохион байгуулалт осол гарахад нөлөөлсөн зүйлгүй.
4. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон, осол хэрэг болсон газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зурагтай танилцахад Тоёота Рав-4 маркийн дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч. нь зогсоох арга хэмжээ авсан гэх тооромзны мөр ослын газрын үзлэгээр тогтоогдсон байна. Тоёота Истима маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Д нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан гэх тооромзны мөр илрээгүй учир зогсоох арга хэмжээ аваагүй байна.” гэх дүгнэлт,
/хх-ийн 61 дүгээр хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-15/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн нарын өгсөн мэдүүлэг, улсын яллагчийн судалсан шинжээч нарын дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс дүгнэхэд шүүгдэгч Ж.Д нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр улсын дугаартай Тоёота Эстима маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар явах тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө гэсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан заалтыг зөрчиж ******* ний хойд талын засмал замаар Тэрэлжээс Улаанбаатар руу замын хөдөлгөөнд оролцон иргэн Ч.ын жолоодож явсан улсын дугаартай Тоёота Рав 4 маркийн тээврийн хэрэгслийг мөргөн осол гаргаж улмаар уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Г.Еийн биед бүсэлхийн 1, 3-р нугалмын хөндлөн сэртэнгийн далд хугарал, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол учруулан Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Ж. Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэн Ч.т 7.245.200 төгрөг, хохирогч Г.Ед 545.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Ж. Дг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Дд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг Ж.Дд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.Дд мэдэгдсүгэй.
5. Ж.Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Еьд 545.000 төгрөг, Ч.т 7.245.200 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Ж.Дд оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ