Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 203/МА2023/00002

 

 

 

 

 

Г.Батчимэгт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Прокурор В.Төгсбаяр /цахимаар/,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/253 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Солонгын бичсэн эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Г.Батчимэгт холбогдох 2229000850124 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

.... овогт Ганболдын Батчимэг, 1988 оны ...... дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн .......... суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, Оюу толгой ХК-д туслах ажилтан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ......... аймаг, ........сум, 5 дугаар баг, Зүүнсайханы ........... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй /регистрийн дугаар ............/

Яллагдагч Г.Батчимэг нь 2022 оны .........дугаар сарын .........-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн ......... сумын нутаг дэвсгэр Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох чиглэлийн нүүрс тээврийн хатуу хучилттай засмал замын 86 дахь километрт ................. улсын дугаартай тоёота марк-2х-110 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл 3.7а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “... Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч .............. эрүүл мэндэд нь хүнд хохирол, ........... амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь ...........ийн үйлдлийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Батчимэгт холбогдох эрүүгийн хэргийг шинжээчийн дүгнэлтүүдийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дааснаар дахин шинжилгээ хийлгэх, яллагдагч Г.Батчимэгийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг холбогдох хууль журмын дагуу тогтоолгох зэрэг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол шүүгдэгч Г.Батчимэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

Прокуророос яллагдагч Г.Батчимэгт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон, хэргийн бодит байдлыг нотлох хуульд заасан бүх арга хэмжээг авсан гэж үзэж, яллах дүгнэлт үйлдсэн.

Тодруулбал, “...2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолууд /.........../, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол нь /Г.Батчимэг/ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т "Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь шинжилгээний объектыг шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийн хамт шүүхийн шинжилгээний байгууллага, эсхүл шинжээчид хүргүүлнэ.", Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3 дугаар зүйлийн 1-т "Шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэх шийдвэрээ шинжилгээний объектын хамт хүргүүлнэ." гэж заасантай тус тус нийцээгүй байна...”гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, шинжлүүлэгчийг өөрийн биеэр, мөрдөгчийн тогтоолын хамт гэж шинжээч дүгнэлтдээ дурдсан атал, шүүх дүгнэлт хийгээгүй.

Өөрөөр хэлбэл Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дээрх хэрэгт авагдсан нотлох баримт болох шинжээчийн дүгнэлтүүдийг шинжлэн судлаагүй, энэ нь хуулиар хориглолт тогтоосон асуудал тул шүүх энэ талаар гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн үед шийдвэрлэх боломжгүй гэж үзэж, хэлэлцэхгүй орхих, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай боловч шүүх дээрх журмыг зөрчин, хэргийн нөхцөл байдлыг тогтоосон эсэхэд дүгнэлт хийж, прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж, эс зөвшөөрч байна.

 

Мөн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2-т зааснаар дахин шинжилгээ хийлгэх эрх шүүхэд байгаа боловч уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.

 

Монгол Улсын Дээд шүүхийн нийтийн шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 29 дугаартай тогтоолоор баталсан шүүхийн шийдвэрийг боловсруулах журмын шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагын 2.2.4- д зааснаар “...Шинжээчийн дүгнэлт нь бусад баримттай адил хүчин чадалтай ба шүүх хэрэгт цугларсан бусад нотлох баримттай харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлнэ.

 

Шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтаар нотлогдоогүй, тэдгээрээр үгүйсгэгдэж байгаа тохиолдолд түүнийг нотолгооны бусад хэрэгслээс илүүд авч үзэхгүй...” гэж заасан байна.

Учир нь ................ нарт учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлттэй хэргийн оролцогчид бүгд танилцсан...Бусад нотлох баримтуудаар гэмтэл учирсан нь тогтоогдсон атал шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

 

Шүүхийн шийдвэрт: “...Эрүүл мэнд, спортын сайд, хууль зүйн сайдын 2016 оны А/......., А/1. дүгээр хамтарсан тушаалаар баталсан жолооч согтууруулах ундаа, эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 1.6-д "Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно." гэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/...... дугаар тушаалаар баталсан замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журмын 2.24.9-т "жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, эсхүл өөрийн үйлдлээ хянах чадваргүй тохиолдолд Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйл. Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 хамтарсан тушаалаар баталсан "жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам"-д заасныг баримтлан, зөрчлийг баримтжуулах, тээврийн хэрэгслийг түр саатуулах зэрэг холбогдох арга хэмжээ авах" гэж зааснаар яллагдагч Г.Батчимэгийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг холбогдох журмын дагуу шалган тогтоогоогүй байна...” гэж дүгнэн хэт нэг талыг барьж яллагдагчид ял завшуулах гэж байгаатай санал нийлэхгүй байна.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаартай тогтоолд “...Жолооч согтуугаар үйлдсэн бол ялыг хүндрүүлэхээр заасан бөгөөд хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр согтуу байсан нь үйл баримтаараа хангалттай нотлогдсон байвал согтуурлын хэмжээ тогтоосон акт хэрэгт авагдаагүй нь хэргийн зүйлчлэл болон хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхгүй...” гэсэн байдаг.

Яллагдагч Г.Батчимэгийг цагдаагийн хэлтсийн албан хэрэгцээний драгер багажаар, эрх бүхий албан тушаалтан үлээлгэсэн буюу Эрүүл мэнд, спортын сайд, хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дүгээр хамтарсан тушаалаар баталсан магадалгааг бөглөн танилцуулж гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Мөн хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулсан яллагдагч Г.Батчимэг яллагдагчаар өгсөн мэдүүлэгт драгер багажийг цагдаагийн албан хаагч үлээлгэсэн 1.64 хувийн согтуурал гарсан гэж мэдүүлдэг, гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Хуяг-Эрдэнэ нь Г.Батчимэгтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар мэдүүлсэн зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан атал хэт нэг талыг барьж яллагдагчид ашигтай байдлаар дүгнэсэн нь хууль зүйд нийцэхгүй шүүгчийн захирамж гаргасан байна гэж дүгнэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар шүүх нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр тухайн нотлох баримт нь хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд дүгнэлт хийх ба мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоодог.

Шүүх яллагдагч Г.Батчимэгт холбогдох хэргийг анхан шатны журмаар бус, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцсэн тул хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаагүй болно.

Иймд “...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай...” гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт, шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байна.

 Мөн хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон эсэх асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17 дахь заалтуудын алинд ч хамаарахгүй юм.

Дээрх байдлуудаас дүгнэж үзэхэд шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхгүй байх хуулийн шаардлагад нийцэхгүй буюу хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг хуулийн зорилтыг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад дээрх заалтыг зөрчин хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэжээ.

Прокурор В.Төгсбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Прокурорын эсэргүүцэл үндэслэл бүхий байна. Тийм учраас прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хангаж шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

          Прокуророос яллагдагч Г.Батчимэгийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан ....... эрүүл мэндэд хүнд хохирол, ........... амь насыг хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөгчийн нь шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 2022 оны 03 дугаар сарын 10, 11, 14-ний өдрүүдийн тогтоолд “.............. нарыг өөрийн биеэр, эмнэлгийн бичиг баримтын хамтаар шинжээч эмчийн мэдэлд шилжүүлсүгэй.” /хх-77-78, 83-84, 89-90, 101-102/ гэж заасны дагуу 2022 оны 03 дугаар сарын 15, 16-ны өдрүүдийн 153, 154, 155, 156 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдэд ...шинжээчийн мэдэлд .............. нарыг тогтоолын хамт. ...Биед үзлэг хийж эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд  /хх-79-80, 85-86,  89-90, 91-92,  103-104/ гэж бичигдсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоохтой холбоотой эмнэлгийг бичиг баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлэх ажиллагааг хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл хохирогч нарын эрүүл мэндэд хохирол учирсан эсэхтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шинжээч эмчид эмнэлгийн бичиг баримтыг хүргүүлэв гэж  мөрдөгч тогтоолдоо заасан байх бөгөөд шинжээч эмч нь хэрэгт авагдаагүй эмнэлгийн бичиг баримттай танилцаж дүгнэлтээ гаргажээ.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д “харьцуулан шинжлэх хэв загвар, дээж” гэж шинжилгээ хийгдэж байгаа хүн, амьтан, ургамлын хэсэг, амьтан, ургамлын гаралтай түхий эд, бүтээгдэхүүн, цогцос, компьтерын программ, цахим мэлээлэл, өгөгдөл, гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, баримт бичиг, химийн хорт болон аюултай бодис зэрэг шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад шинжээчид зайлшгүй шаардлагатай хуульд заасан журмын дагуу хураан авч бэхжүүлсэн бусад объектыг “,  мөн хуулийн 12 дугаар зүйлд шинжилгээний объектод тавигдах нийлэг шаардлагын талаар заасан бөгөөд уг зүйлийн тайлбарт “-Энэ хуулийн 12.1-д заасан “шинжилгээний объект” гэж шинжилгээ хийж байгаа ул мөр, эд мөрийн баримт, хүрээлэн байгаа орчны бүрэлдэхүүн хэсэг, баримт бичиг, цахим технологийн техник, программ хангамж, цахим хэлбэрт байгаа мэдээлэл, гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, амьтан, ургамал, хүний бие, цогцос болон түүний хэсэг, харьцуулан шижлэх хэв загвар, дээж, хэргийн бусад материалыг ойлгоно.” гэж тус тус зааснаас үзэхэд мөрдөгч нь шинжээчид харьцуулан шинжлэх хэв загвар, дээж, шинжилгээний объектыг хүргүүлээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хохирогч нарын эмнэлгийн баримт бичгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлэх мөрдөгчийн ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа болно. Иймд хяналтын прокурорын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох” тухай эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ 

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/......дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Хяналтын прокурор Т.Солонгын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ГЭРЭЛМАА

                                  ШҮҮГЧИД                                 Л.НЯМДОРЖ

                                                                                   Ц.ОТГОНЦЭЦЭГ