| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/0810/Э |
| Дугаар | 503 |
| Огноо | 2020-09-23 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Д.Дамдинсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 503
Г.Б-, Б.Б- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Г.Б-, Б.Б- болон тэдний өмгөөлөгч Н.Намжилцогт, Н.Жамъяндорж нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 884 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 914 дүгээр магадлалтай, Г.Б-, Б.Б- нарт холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Жамъяндоржийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***, ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Б-н Б-,
2. Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Г-н Б-.
Б.Б-, Г.Б- нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагироканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
мөн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Б.Б- нь өөрийн гэртээ 0.0682 грамм цэвэр жинтэй, Г.Б- нь өөрийн биедээ 3.3907 грамм болон 13.5695 грамм цэвэр жинтэй дээрх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Б-, Г.Б- нарыг бүлэглэн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-, Г.Б- нарт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэдгээрт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-, Г.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.Б-, Г.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Жамъяндорж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүхээс Б.Б-, Г.Б- нарын хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэжээ. Үүнд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг харгалзан үзээгүй талаар дурджээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтооно” гэж заасныг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулжээ. Хуулийн энэхүү заалт нь заавал биелэгдэх шинжтэй зохицуулалт гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна.
Өмгөөлөгч миний зүгээс дүгнэхэд анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” мөн зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ..." гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх ,... гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус заажээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-, Г.Б- нарт ял оногдуулахдаа гэмт хэргийн шинж хэр хэмжээ, тэдгээрийн үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгч, чин санаанаас гэмшсэн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдал зэргээс гадна сурч боловсрох эрхийг ханган үүднээс нийгэмшүүлэхэд чиглэсэн ял шийтгэл оногдуулсан нь дээрх хуулийн зүйл заалтуудыг бүрэн хангаж шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэр нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилго, хүлээлгэх үндэслэлд нийцсэн байна гэж дүгнэж байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Намжилцогт хэлсэн саналдаа “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд шүүх заавал хорих ял оногдуулах хуулийн зохицуулалт байхгүй. Шүүхээс энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял оногдуулахдаа оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан ялгамжтай оногдуулж байгаа. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, өмгөөлөгч, улсын яллагчийн дүгнэлт зэргийг үндэслэсэн.
Миний үйлчлүүлэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн учир хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцогдоно. Мөн хадгалсан бодисын хэмжээ бага, бусдаас худалдаж аваагүй, бусдад түгээгүй зэрэг байдлыг харгалзаж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь заавал хэрэглэхийг үүрэг болгосон зохицуулалт биш юм. Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршгийн талаар бодит дүгнэлт хийж чадаагүй байна.
“Мансууруулах бодистой холбоотой хэрэг, зөрчил нь Монгол улсын үндэсний эрх ашиг, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой үр дагавар үүсгэх нөхцөл байдлыг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Жамъяндоржийн гаргасан гомдлыг үндэслэн Г.Б-, Б.Б- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хүрээнд хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Б-, Г.Б- нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагироканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
Б.Б- нь өөрийн гэртээ 0.0682 грамм цэвэр жинтэй, Г.Б- нь өөрийн биедээ 3.3907 грамм болон 13.5695 грамм цэвэр жинтэй дээрх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч тус бүрийг 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэр, сэдэл, хандлага зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзаж үзээгүй нь Эрүүгийн хуулийн зорилго, хууль ёсны зарчимд нийцээгүй гэж дүгнэн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэснийг буруутгах, няцаан үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг болно.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.
Иймд магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Жамъяндоржийн гаргасан “...анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилго, хүлээлгэх үндэслэлд нийцсэн, Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй гэж үзэж байх тул магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 884 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 914 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Жамъяндоржийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН