Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 111/2018/0020/З |
Дугаар | 221/МА2019/0027 |
Огноо | 2019-01-10 |
Маргааны төрөл |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2019/0027
2019 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 221/МА2019/0027 | Улаанбаатар хот |
“Б н у х х”
НҮТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Б.Т, хариуцагч Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга Д.С нарыг оролцуулан, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 111/ШШ2018/0028 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.И-ын гаргасан давж заалдах гомдлоор, “Б н у х х” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга Д.С, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.И нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 111/ШШ2018/0028 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ТГ/01 дугаар Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.И, Жаргалант сумын Засаг дарга Д.С, “А х” ХХК-тай байгуулж, Баянхонгор аймгийн Засаг даргын баталсан гэрээг илт хууль бус болохыг тогтоосугай.
Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.И давж гомдолдоо: “...шүүхээс энэ хэрэгт хариуцагчаар оролцох явцдаа өөрийн тайлбараа гаргаж өгсөн. Би шүүх хуралдаан товлогдсон өдөр ээлжийн амралттай байсан бөгөөд шүүх хуралд биечлэн орох хүсэлттэй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн албан ёсны хүсэлтээ гаргасан боловч миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан улмаар шүүх хуралдааныг хийсэн байсан.
Би хүндэтгэн үзэх шалтгаантай байсан үндэслэлээ нотолсон баримт, ээлжийн амралтын мэдэгдлийн хамт хүргүүлсэн боловч хариуцагч Д.С-ийг шүүх хуралдаанд оролцож байгаа гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хийсэн байна.
Гэрээ байгуулахад би гэрээний нэг төл бөгөөд “А х” ХХК-тай би гэрээ байгуулсан бөгөөд гэрээний талуудын тохиролцсон тохиролцоог Жаргалант сумын Засаг дарга Д.С мэдэхгүй гагцхүү гэрээнд Д.С-ийн зүгээс тухайн нутаг дэвсгэрт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа компанийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэйгээр оролцсон болно. Иймд миний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хангаагүйд гомдолтой байна.
Би 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ТГ/01 дугаартай “Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлт хийх уул уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх ажлын байр нэмэгдүүлэх тухай Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.И, Жаргалант сумын Засаг дарга Д.С, “А х” ХХК-тай байгуулсан гэрээг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/682 дугаар захирамжаар албан ёсоор цуцалсан байсан бөгөөд би нотлох баримтаа шүүхэд гаргаж өгч амжаагүй байсан. Харин хариуцагч аймгийн Засаг дарга Г.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У нь ээлжийн амралттай байх хугацаанд оролцсон байсан. Тэгэхээр шүүх хуралдаан болох тэр хугацаанд гэрээ цуцлагдсан байсан юм.
Иймд миний шүүх хуралдаанд биелэн орох эрхийг хангаагүй биелэн орох эрхийг хангаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч “Б н у х х” НҮТББ-аас “Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.И, Жаргалант сумын Засаг дарга Д.С нарт холбогдуулан “А х” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбоотой дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч НҮТББ-аас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д зааснаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...маргаан бүхий гэрээ холбогдох хуулиуд болон хэм хэмжээний актыг зөрчсөн, холбогдох зөвшөөрөлгүйгээр алт олборолтын үйл ажиллагаа явуулж байгаагийн улмаас байгаль орчинд ихээхэн хохирол учирч газар эвдэгдэж байна” хэмээн шүүхэд ханджээ.
Нэхэмжлэгчээс маргаж буй гэрээ нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн гэсэн нь дараах байдлаар тогтоогдож байх тул анхан шатны шүүх уг гэрээг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.И, Жаргалант сумын Засаг дарга Д.С нар 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Байгаль орныг хамгаалах, уурхай ашиглах, үүлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай” ТГ/01 дүгээр гэрээг “А х” ХХК-тай байгуулж, уг гэрээг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б баталсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана” гэж заасан.
Гэтэл Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.И, Жаргалант сумын Засаг дарга Д.С нар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй “А х” ХХК-тай Байгаль орныг хамгаалах, уурхай ашиглах, үүлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ байгуулж, уг гэрээг аймгийн Засаг дарга баталсан нь хуулийн дээрх заалттай нийцээгүй байна.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан гэрээг нутгийн захиргааны байгууллагатай байгуулж ажиллахаар заасан байхад хариуцагч нар тусгай зөвшөөрөлгүй компанитай гэрээ байгуулж, уг гэрээний нийтлэг үндэслэлд “энэхүү гэрээ нь Баянхонгор аймаг Жаргалант сумын Бөөрөг хэмээх нутагт Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д “захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” захиргааны гэрээ илт хууль бус болох үндэслэлд хамаарч байна.
Мөн гэрээний 7.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 2018 онд төслийн үйл ажиллагаанаас байгаль орчин, хүн амд нөлөөлөх нөлөөллийг бууруулах, орон нутгийн хөгжлийг дэмжихэд зориулан орон нутгаас санал болгосон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулан хандив, хөрөнгө оруулалт олгох ба хэмжээ нь 100 сая төгрөгт багтана. Хандивыг доорх дурдсан хугацаанд энэхүү банкны дансаар шилжүүлж өгнө” гээд 50 сая төгрөг, 20 сая төгрөг, 30 сая төгрөгийг тодорхой хугацаа зааж байршуулахыг даалгасан заалт оруулсан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.6-д “захиргааны байгууллага гэрээний талуудаас хууль зөрчсөн зүйл шаардсан” гэсэн үндэслэлд хамаарч байна.
Маргаан бүхий газарт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Ж” ХХК нь тус газартаа нөхөн сэргээлт явуулахыг зөвшөөрч “А х” ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх гэрээ”, 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх гэрээ” 02 дугаартай гэрээг байгуулсан байна.
Шүүхээс уг гэрээнүүдтэй холбогдуулан дүгнэлт хийхгүй бөгөөд хариуцагчаас “маргаж буй газарт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй “Ж” ХХК-тай “А х” ХХК нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаар “Агь хаарвист” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь шилжүүлэн авсан тул “А х” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байгаа нь хууль зөрчөөгүй” гэх тайлбар үндэслэлгүй.
Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Иргэний хууль, Компанийн тухай, Нөхөрлөлийн тухай хуульд заасны дагуу нэгдэх, нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан тохиолдолд шинээр бий болсон эрх хүлээн авагчид, түүнчлэн хараат, охин компани нь толгой компанидаа тусгай зөвшөөрлийг шилжүүлж болно”, 49.2-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно” гэж зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлж болох бөгөөд нөхөн сэргээлтийн гэрээ байгуулагдсанаар тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
Түүнчлэн, хэрэгт авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 06/6022 дугаар албан бичиг, Жаргалант сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 04/05/347-1 дүгээр үйл ажиллагааг түр зогсоох тухай акт, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05/04/377-з дугаар үйл ажиллагааг түр зогсоох тухай акт, Улсын ерөнхий прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13/1722 дугаар албан бичиг, Байгаль орчны улсын хяналтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн зөрчлийн талаарх гомдол мэдээлэл шилжүүлэх тухай тогтоол зэргээр “А х” ХХК-ийг ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй атлаа, хууль бусаар алт олборлож байгаа нь нотлогдсон байна.
Иймд анхан шатны шүүхийн маргаж буй захиргааны гэрээг илт хууль бусад тооцсон шийдвэр үндэслэлтэй байна.
Харин хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.И-аас давж заалдах гомдол гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар гомдолд дурдсан үндэслэл буюу “...ээлжийн амралттай байсан бөгөөд шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй тул шүүх хуралдааны хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шүүх хуралдааныг хийсэн..., “А х” ХХК-тай байгуулсан гэрээг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/682 дугаар захирамжаар цуцалсан баримтаа шүүхэд гаргаж өгч амжаагүй... хэмээн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах” гомдлын хүрээнд хэргийг хянахад хариуцагч Д.И-аас шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хуралдаанд хэлэлцүүлж, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т “...шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэж болно” гэж заасан тул хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн нь хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах хэмжээний зөрчил биш байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 111/ШШ2018/0028 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.И-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ