| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0193/Э |
| Дугаар | 193 |
| Огноо | 2018-10-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,
улсын яллагч Б.Батбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Оохой овогт О От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807005250180 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Налайх дүүрэг 2 дугаар хороо, 9-91 тоотод оршин суух, регистрийн МЮ81110776 дугаартай, Оохой овогт О О нь 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр согтуугаар Налайх дүүргийн 1 дүгээр хороо Мойлтын тохой гэх газарт байрлах зуслангийн байранд эхнэр Б.Б маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.О нь 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Мойлтын тохой гэх газар байрлах зуслангийн байрандаа гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Б, Э.О, Г.Ш нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар 23 цагийн орчимд эхнэр Б.Б маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О нь мэдүүлэг өгөхгүй гэсэн ба улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан:
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Бы өгсөн: “намайг хэвтэж байх үед нүүрэн тус газарт гараараа цохиж хоёулаа маргалдаад босож ирсэн. Тэгээд намайг орон дээр сууж байх үед О баруун зүүн ташаа мөн хоёр талын хавирга, эрүү орчимд хэд хэдэн удаа өшиглөж зодсон юм” гэх мэдүүлэг,
/хх-ийн 16-19 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Г.Шгийн өгсөн: “Б эгч орон дээрээ хэвтсэн О босоод зогссон байдалтай байхаар нь би дундуур нь ороод салгах гэхэд О миний хажуугаар хөлөөрөө 1-2 удаа Б эгчийг өшиглөж байсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 25-27 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Э.Оын өсгөн: “Намайг унтаж байхад хэрүүл маргаан болоод байх шиг болохоор нь босоод яваад очсон чинь О эхнэртэйгээ маргалдаж байсан тэгэхээр нь би Октябрийг аваад гарсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 7-8 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/454 дүгээр:
“1. Б.Бы биед баруун 6-р хавирга, зүүн 6-р хавирганы цууралт, эрүү, цээж, зүүн ташаа, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,
/хх-ийн 37 дугаар хуудас/
Хохирогч Б.Бы Налайх, Багахангай дүүргийн прокурорт гаргасан хүсэлт /хх-ийн 84-86 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээс дүгнэхэд Шүүгдэгч О.О нь 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Мойлтын тохой гэх газар байрлах зуслангийн байрандаа гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Б, Э.О, Г.Ш нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар 23 цагийн орчимд эхнэр Б.Б маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун 6-р хавирга, зүүн 6-р хавирганы цууралт, эрүү, цээж, зүүн ташаа, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас О.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Оохой овогт О.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.От 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.От 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг О.От мэдэгдсүгэй.
5. О.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар О.От оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ