Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 203/МА2023/00004

 

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 10 өдөр Дугаар 203/МА2023/00004 Даланзадгад сум

 

 

 

Ц.Батсайханы нэхэмжлэлтэй, Д.Хүүдоржид

хариуцагдах иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 143/ШШ2022/00516 дугаар шийдвэртэй,

Ц.Батсайханы нэхэмжлэлтэй,

Д.Хүүдоржид хариуцагдах,

Өмнөговь аймаг, Даланзадгад сумын Баруунсайхан 1 дүгээр баг Гурвансайханы 9-43 тоот хашаа, газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цогнэмэхийн давж заалдах гомдлоор 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цогнэмэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цагааны Батсайхан би Шаахайтын Чулуунцэцэгтэй ханилан амьдарч байгаад эхнэр маань 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нас барсан юм. Эхнэрийг нас барсны дараагаар өв залгамжлалаар эхнэрийн маань нэр дээр байсан Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Баруун сайхны 1 дүгээр багт орших Гурвансайханы 9-43 тоот хашаа, газрыг миний охин Батсайханы Нарансолонго бид хоёрт шилжүүлсэн. Уг өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн охин Нарансолонго бид хоёрын газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулсан. Гэтэл манай эхнэрийн холын хамаатан гэх Довдонгийн Хүүдорж гэх хүн гэнэт манай хашаанд ирж буугаад охин бид хоёрыг хашаа руу оруулахгүй, уулзаж хэл амаа ололцох гэхээр зодож нүдэх гээд айлгаад өнөөдрийг хүртэл манай газар дээр амьдарсаар байна. Би өөрөө хөдөө Мандал-Овоо суманд мал маллаж амьдардаг. Охин маань оюутан болохоор Гурвансайханы 9-43 тоот хашаа, газартаа байнга ирээд хэл ам хийгээд байж чаддаггүй. Хааяа ирээд уулзах гэхээр хэл ам, сүрдүүлгээс нь айгаад яах учраа олохгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх маань зөрчигдсөн хэмээн үзэж, Гурван сайхан 9-43 тоот хашаа, газрыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Хүүдорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Одоо бидний амьдарч буй энэ газрыг манай хүргэн Ц.Эрдэнэбулган нь иргэн Ганчулуун гэдэг хүнээс худалдаж авсан тул бид буусан юм. Би болон манай гэрийнхэн Батсайхан гэдэг хүнийг огтоос танихгүй бөгөөд 2 удаа ирж уулзсан байдаг. Уулзахдаа энэ газар манай газар гэж хэлсэн бөгөөд бид хариуд нь хүүхдүүд худалдаж авсан болохоор бид мэдэхгүй, газар худалдсан хүнтэйгээ учраа олох хэрэгтэй байх гэсэн тайлбарыг өгөөд явуулсан байдаг. Бид тэр хүнийг хэл амаар доромжилж, зүй бусаар огт харьцаагүй. Иймд уг асуудлыг зохих журмын дагуу үнэн зөв байдлаар шийдэж биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.1, 108.2 дахь хэсэгт тус тус зааснаар Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Баруун сайхан 1 дүгээр баг, Гурвансайханы 9-43 тоотод байрлах газрыг хариуцагч Д.Хүүдоржийн эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлээс хашааг албадан чөлөөлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Батсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Хүүдоржоос улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Батсайханд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.Ганчулуунд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй болохыг дурдаж , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цогнэмэх давж заалдах гомдолдоо:

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг Баруунсайханы харьяа Гурвансайханы 9-43 тоот газрыг хүргэн болох Ц.Эрдэнэбулган 2019 онд Ш.Ганчулуунаас 3 сая төгрөгийн үнэ бүхий малаар худалдан авсан. Түүнээс хойш тухайн газарт С.Цогнэмэх миний бие Ц.Хүүдоржийн хамт 3 дахь жилдээ амьдарч байна.

Бид хүний газар дээр дур мэдэн буугаагүй Ш.Ганчулууны хувьд шүүх хуралдаанд бидний амьдарч байгаа газрыг 2012 онд эгчтэйгээ ярилцаж өвөлжөөгөөр сольж авахаар амаар хэлцэл хийж авсан байна гэдэг нь харагддаг. Энэ хэлцэл хүчин төгөлдөр үү, үгүй юу гэдгийг Даланзадгад сумын 1-р баг Баруунсайханы харьяа Гурвансайханы 9-43 тоот газрын хамтран өмчлөгч Б.Нарансолонго бүрэн мэдэж байх боломжтой харагддаг. Гэтэл анхан шатны шүүх газрын хамтран өмчлөгч Б.Нарансолонгын эрх ашиг зөрчигдөж байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй, гэрчээр татаж оролцуулах боломж олголгүй, биднийг хууль бусаар бусдын газар дээр амьдарч байсан мэтээр хандаж хэт 1 талыг барьж хуулийг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.д Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй гэж зааснаар хариуцагч талын зүгээс тухайн газар дээр амьдраад тодорхой хугацааг өнгөрүүлсэн, өнөөдрийн хувьд хууль ёсны өмчлөгч биш ч гэсэн ямар хэлцлээр, хэнээс худалдан авсан талаар үнэн бодит тайлбараа гаргасан. Мөн гэрч Ц.Эрдэнэбулганы гэрчийн мэдүүлгийг ямар учраас үнэлэх боломжгүй байгаа талаараа анхан шатны шүүх яагаад дүгнэлт хийхгүй байгаа юм бэ.

Бодит амьдрал дээр амаар хэлцэл хийж дамжуулан худалдсан газрын асуудал маш их байдаг. Нэхэмжлэгч Ц.Батсайхан нь эхнэр Чулуунцэцэг, төрсөн дүү Ганчулуун 2-ын хооронд яригдсан газрын асуудлыг бүрэн мэдэж байгаа болохоор шүүх хуралдаанд ирж оролцоогүй гэж харагддаг. Ш.Ганчулуун, Ц.Батсайхан нар хоорондоо учир байдлаа олох боломжийг шүүх бүрдүүлээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40,2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн хуулийн шаардлагыг анхан шатны шүүх хангаагүй гэж үзэж байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Төлөөлөл нь хуульд зааснаар, эсхүл сайн дураар буюу гэрээгээр төлөөлөх хэлбэртэй байна., 32.4-т Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийгөө сайн дурын үндсэн дээр бусдаар, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно. гэснийг зөрчиж Батсайхан нь 2 хүний өмч болох Даланзадгад сумын 1-р баг Баруунсайханы харьяа Гурвансайханы 9-43 тоот газрыг шаардах эрхийг дангаар хэрэгжүүлж, Нарансолонгыг ямар нэг байдлаар төлөөлөх нотлох баримтгүй байхад Батсайханыг өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна.

Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №143/ШШ2022/00516 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж. нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмгөөлөгчийн хувьд аль болох асуудлыг эвлэрүүлэх зарчмаар шийдэхийг бодож хариуцагчид санал болгосон. Маргаан бүхий газрын өмчлөгч нь Ц.Батсайхан гэдэг нь үйл баримтаар болон хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар баталгаатай тогтоогдож байна. Та нар энэ газрын өмчлөгч биш хүнээс худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэдэг юм уу? ийм үйл баримттай асуудал яригдаж байгаа учраас Ц.Батсайхантай гэрээ хийгээд газраа авах боломжтой буюу энэ талаар өмгөөлөгч миний бие эвлэрүүлэх боломжтой гэсэн боловч хариуцагч тал нэхэмжлэгчийн саналыг хүлээж аваагүй. Ц.Батсайхан өөрөө энэ хүмүүсийг огт танихгүй учраас гэнэт газар дээр нь хүмүүс ирээд буучихсан. Тэгснээ Ш.Ганчулуун гээд хамааралгүй хүний нэр хэлсэн учраас манай эхнэрийн хамаатны хүмүүс юм байна гэж ойлгосон гэдэг. Үүнийг би анхан шатны шүүх хуралдаан дээр залруулж танихгүй хүмүүс байсан байна гэдгийг хэлсэн. Газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл дээр яагаад Ц.Батсайхан гэдэг хүн өөрөө ирж уулздаггүй юм бэ гэхээр энэ гурван жил орчмын хугацаанд Ц.Батсайхан өөрөө биечлэн уулздаг боловч Д.Хүүдорж нь н.Эрдэнэбулгантайгаа уулз, эсвэл Ш.Ганчулуунтайгаа уулз гээд хөөгөөд явуулчихдаг. Аргаа бараад Ц.Батсайхан нь Д.Хүүдорж гуайн хүргэн н.Эрдэнэбулгантай уулздаг. Тэгэнгүүт Баянбулаг хороолол дахь гэртээ оруулаад дотроосоо цоожлоод зодож, нүдэх гээд өвгөнийг айлгаад явуулсан учраас аргагүй эрхэнд шүүхэд хандсан. Одоо надад энэ хүмүүстэй хүн ёсоор ярих зүйл үлдээгүй учраас хуулийн байгууллагаараа явъя гэдэг шийдэлд хүрээд хуулийн байгууллагаараа асуудлаа шийдүүлж байгаа гэдгийг хэлье. Өв залгамжлалын дагуу авсан энэ маргаан бүхий газрын өмчлөл дээр ямар ч маргаангүй гэдгээ талууд анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбарлаж хэлсэн. н.Нарансолонго, Ц.Батсайхан гэдэг хоёр хүний өмч юм. Ц.Батсайхан гэдэг хүнээс зөвшөөрөл аваагүй, мэдэхгүй хүнтэй ямар ч гэрээ контрактгүй, ямар нэгэн бичиг баримт үйлдээгүй байхад газар дээр нь очоод буучихсан ийм асуудал байгаа. Тэгэхлээр Д.Хүүдорж нь тухайн газрыг хууль бусаар эзэмшиж байна. Хууль бусаар эзэмшиж байгаа учраас хууль бус эзэмшлээс нь өмчлөх эрхээ шаардаж Иргэний хуулийн 101, 106 дугаар зүйлүүдэд заасны дагуу өмчлөлийн зүйлээ шаардсан. Анхан шатны шүүхийн шийдвэр эрх зүйн хүчин төгөлдөр, хууль зүйн үүднээс зөв үнэлэлт, дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна. Талуудын маргаад байгаа итгэмжлэлийн асуудал байна. Өөрөөр хэлбэл энэ газар н.Нарансолонго, Ц.Батсайхан гэдэг хоёр хүний газар. Н.Нарангарав өмгөөлөгч зөвхөн Ц.Батсайханыг төлөөлж байна. н.Нарансолонгын асуудал энд яригдахгүй байна. н.Нарансолонго энэ асуудлыг мэдэхгүй байгаа юм биш үү гэдэг зүйлийг ярьдаг. Иргэний хуулийн 108 дугаар зүйлд зааснаар энэ газар н.Нарансолонго, Ц.Батсайхан нарын өмч мөн. Гэхдээ энэ хоёр хүн хоорондоо маргаагүй. Энэ газраа өөрөө бусдын эзэмшил, хууль бус эзэмшил буюу гуравдагч этгээд Д.Хүүдоржийн эзэмшлээс шаардаж байгаа тохиолдолд заавал н.Нарансолонгын зөвшөөрлийг авах н.Нарансолонгын итгэмжлэлийг авах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл дундын өмчлөлд байгаа учраас хуульд заасны дагуу төлөөлөөд нэг нь бусдын хууль бус өмчлөлөөс өмчлөгчийн үүргээ бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Шүүх хуралдаан дээр Ш.Ганчулуун н.Нарансолонготой энэ асуудлаар ярьсан. н.Нарансолонго нь энэ асуудлыг аав мэднэ, аавтай яриарай гэж хэлсэн гэж тайлбар гаргадаг. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр н.Нарансолонго гэдэг хүн Д.Хүүдорж гэдэг хүнээс өөрийн өмчлөлийн газраа нэхэмжилж байгаа аавтайгаа нэг ашиг сонирхолтой байгаа нь харагдаж байна. Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цогнэмэх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манайх буюу Д.Хүүдоржийнх гэдэг айл Гурвансайханы 09-43 тоотод тодорхой хугацаанд амьдраад өнөөдрийг хүрсэн. Гэтэл гэнэт Ц.Батсайхан гэдэг хүн манай газар гэж хэлсэн байдаг. Би ч тэр хүний царайг хараагүй. Бид нар Ш.Ганчулуун гэдэг хүнээс авсан гэдгээ Ц.Батсайханд хэлсэн. Тэгээд тэр хүнтэйгээ учраа олоод ирээ гэж хэлэх гэсэн чинь шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Хамгийн гол нь би Ц.Батсайхан, Нарансолонго гэдэг хүмүүсийн царайг хараагүй. Шүүх хуралд орохдоо хамт оръё, цугтаа асуудлаа шийдвэрлүүлье гэдэг асуудлыг би анхан шатны шүүх хуралдаан дээр, түүний дараа ч гэсэн зөндөө удаа санал тавьсан. Гэтэл өмгөөлөгч Н.Нарангарав тийм байх шаардлагагүй. Хуулийн заалтаар ийм байж болно гээд нэг бол өмгөөлөгч нь болдог, нэг бол бие төлөөлөгч нь болдог гэсэн. н.Нарансолонго гэдэг хүн нас биед хүрсэн хуулийн өмнө хариуцлага хүлээх чадвартай. Өөрсдөө биеэрээ ирээд бид нартай уулзаж яагаад болдоггүй юм бэ? Ш.Ганчулуун нь тэр айлын нас барсан хүнийх нь дүү гэсэн. Тэр хүнтэйгээ учраа олох бүрэн боломжтой. Үнэхээр тэр газрыг өөрийнхөө албан ёсны гэрчилгээтэй газар гэж бодож байгаа бол Ш.Ганчулуундаа хэлдэг юм уу, Ш.Ганчулуунаа шүүхэд өгдөг юм уу гээд Ш.Ганчулуунтай учраа олчихвол бид нар авах боломжтой. Гэтэл Ш.Ганчулуунтайгаа учраа олдоггүй, уулздаггүй. Хүний эзэнгүй газар дээр дур мэдэж бид нар буугаагүй. Мөн бид нарыг доромжилсон. Хамаатан садан гэж хэлсэн байдаг. Ц.Батсайхан, н.Нарансолонго гэх хүмүүстэй би шүүхийн танхимд, хуулийн өмнө үнэн зөв, учраа олох хүсэлтэй байна. Энэ хүмүүс үнэхээр байдаг эсэхийг би мэдэхгүй байна. Үнэхээр хууль ёсны гэрчилгээтэй юм бол өөрөө ирээд учраа олох ёстой гэж бодож байна. Эсвэл Ш.Ганчулуунтайгаа уулзаад учраа олох ёстой. Энэ асуудлаар анхан шатны шүүх хэтэрхий нэг талыг бариад шийдвэрлэсэн гэж үзэж сэтгэл дундуур байна. Нөгөө талын өмгөөлөгчөөс та нар эвлэрлийн гэрээгээр уулзаж болно. Тэгэхдээ Ш.Ганчулуунаас авахгүйгээр Ц.Батсайханаас худалдаж ав гэсэн. Бид нарт Ц.Батсайханаас худалдаж авах санхүү, эдийн засгийн боломж байхгүй. Тэтгэврээс өөр орлогогүй хоёр хүн амьдардаг. Бид нарыг элэг бариад энэ газрыг авах гэж шийдвэр гаргуулж байна гэж боддог. Үнэхээр тэгж авах гээд байгаа бол Ш.Ганчулуунаа шүүхэд өгөөд авах хэрэгтэй гэж бодож байна. Үнэхээр гомдолтой байна. Үнэхээр хуулийн дагуу байдаг бол бид хуулийг зөрчихгүй. Хамгийн гол нь үнэн зөвөөр шийддэг байх ёстой. Эрдэнэбулган гэж хүнийг гэрчээр оролцуулах, мэдүүлэг авах талаар оролцуулах боломжтой юм бол уу, асууж сураглах бол уу гэж бодсон боловч тэгээгүй. Би их гайхаж байна. Эрх зүйн бүрэн чадамжтай хүмүүс өөрсдөө ирэхгүй байгаад гайхаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Давж заалдах гомдлыг дэмжих байр суурьтай оролцож байна. Маргааны зүйл болох газар дээр одоо Д.Хүүдорж амьдарч байгаа. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдүгээр баг Баруунсайханы харьяа Гурвансайханы 09-43 тоот газрыг анх Д.Хүүдорж хүргэн Ш.Ганчулуунаасаа аман хэлэлцээрээр худалдаж аваад гурван жил гаруй хугацаанд амьдарч байгаа. Ш.Ганчулуун нь н.Эрдэнэбулгантай наймаа хийж авсан талаар анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан. Ш.Ганчулуун нь энэ маргааны газрыг н.Чулуунцэцэг гэх төрсөн эгчтэйгээ ярилцаад өвөлжөөний газраар сольж авахаар тохиролцож авсан нь тайлбараар харагддаг. Энэ хэлэлцэл хүчин төгөлдөр үү, үгүй юу гэдгийг хамтран өмчлөгч н.Нарансолонго бүрэн мэдэж байх боломжтой. Гэтэл хамтран өмчлөгч н.Нарансолонго энэ хэрэгт хэргийн оролцогчийн байр сууринаас оролцоогүй нь учир дутагдалтай харагддаг. Итгэмжлэлээр төлөөлж байгаа Н.Нарангаравын хувьд зөвхөн Ц.Батсайханыг итгэмжлэлээр төлөөлж оролцоод байгаа харагддаг. н.Нарансолонго нь Ц.Батсайханы шаардлагатай ашиг сонирхлын зөрчилгүй, уг хэргийг хянан шийдвэрлэхэд н.Нарансолонго оролцох шаардлагагүй гэх нотолгоо хавтаст хэрэгт авагдаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т заасныг зөрчсөн гэж үздэг учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.Ганчулууны өмгөөлөгчөөр оролцож байна. Тухайн маргааны зүйл болох Гурвансайханы 09-43 тоот газрын гэрчилгээ нь хавтаст хэрэгт авагдсанаар Ц.Батсайхан, н.Нарансолонго нарын өмч гэж харагддаг. Мөн гэрчилгээн дээр Ц.Батсайхан, н.Нарансолонго нар нь 50, 50 хувийн эзэмшилтэй ханддаг. Тэгэхээр нэхэмжлэгч Ц.Батсайханыг нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх эрхгүй этгээд гэж дүгнэж хэлдэг боловч Ц.Батсайханы талд шийдвэрлэгдсэн байдаг. Хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг дэмжиж байна. Давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ц.Батсайхан нь нас барсан эхнэр Шаахайтын Чулуунцэцэгийн өв залгамжлалаар өөрт нь болон түүний охинд шилжиж ирсэн Өмнөговь аймаг дахь Даланзадгад сумын, Баруун сайхны 1 дүгээр багт орших Гурвансайханы 9-43 тоот хашаа, газрыг Довдонгийн Хүүдоржийн хууль бус эзэмшлээс гаргуулахыг хүсчээ.

 

Хариуцагч Д.Хүүдорж нь энэ газрыг манай хүргэн Ц.Эрдэнэбулган нь иргэн Ганчулуун гэдэг хүнээс худалдаж авсан тул бид буусан юм. Би болон манай гэрийнхэн Батсайхан гэдэг хүнийг огтоос танихгүй бөгөөд 2 удаа ирж уулзсан байдаг. Уулзахдаа энэ газар манай газар гэж хэлсэн учир уг асуудлыг зохих журмын дагуу үнэн зөв байдлаар шийдэж биднийг хохиролгүй болгож өгнө үү гэж маргасан байна.

 

Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 1 дүгээр баг, Гурвансайханы 9-43 тоот, 4608006239 нэгж талбарын дугаартай, 750 м2. талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч нь Ц.Батсайхан, Б.Нарансолонго нар болох нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000432708 дугаартай гэрчилгээгээр тогтоогдсон байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар маргаан бүхий газар нь хууль ёсны өмчлөгчөөс өвлөх үндэслэлийн дагуу өв залгамжлагчид шилжсэн нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу баталгаажсан нь нотлогдсон байх бөгөөд үүнийг үгүйсгэх өөр нотлох баримтгүй байна.

 

Анхан шатны шүүхээс хууль ёсны өмчлөгчийн эрх зүйн байдал, хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах нэхэмжлэгчийн эрх болон .маргааныг хянан шийдвэрлэх үндэс болсон Иргэний хуулийн 106, 108-110 дугаар зүйлүүдийн холбогдох заалтуудыг зөв тайлбарласан байх бөгөөд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Батсайхан нь өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардлагыг хэрэгжүүлэн бусдын хууль бус эзэмшлээс өмчлөлийн газраа бүхэлд нь шаардах эрхтэй байна гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Маргаан бүхий хашаа газар нь 2 хүний өмч хэдий ч зөвхөн Ц.Батсайханы нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэсэн нь маргаан бүхий газрын хамтран өмчлөгч Нарансолонгын өмчлөх эрхийг баталгаажуулсан бүртгэлийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм.

 

Дээрх газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлсөн тухай шүүхийн шийдвэрт Б.Нарансолонго гомдол гаргаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цогнэмэхийн Ц.Батсайхан нь Б.Нарансолонгыг ямар нэг байдлаар төлөөлөх нотлох баримтгүй байхад түүнийг өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрийг өөрчлөх тухай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 143/ШШ2022/00516 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА

 

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ