Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 198

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч Р.Машлай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,

хохирогч Ч.Н,

шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт М Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807003840165 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******од төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс казак, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *******,******* тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, одоо *******ны ******* тоотод түр оршин суух,

- урьд Налайх дүүргийн шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 60 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 134 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн,

- Налайх дүүргийн шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 91 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 2, 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн,

- Налайх дүүргийн шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоол 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 5 жил 2 сар хорих ял шийтгүүлсэн,

- Ховд аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 6 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн,

- Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сар хорих ял шийтгүүлсэн, регистрийн ******* дугаартай, ******* овогт М М нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ************** тоотод байрлах хашаанд хураалттай байсан иргэн Ч.Нын эзэмшлийн 720.000 төгрөгний үнэ бүхий 5 ханатай Монгол гэрийг эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч М.М нь ******* тоотод оршин суух С.Жы хашаанд хураалттай байсан Ч.Нын эзэмшлийн 5 ханатай гэрийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 13 цагийн үед Х.Зд худалдсан үйл явдал болсон байна.

            Энэхүү үйл явдал нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М нь мэдүүлэг өгөхгүй гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Нын өгсөн: “Би найз болох М.Мийг эхнэрээсээ салаад хотоос нүүж ирэхээр нь  өөрийн 5 ханатай гэрийг өгнө гэж ярьж байсан юм. Үнэ хөлс тохироогүй ч гэсэн найз болох М.Мт гэрээ өгье гэсэн бодолтой байсан. Гэтэл надад хэлэхгүйгээр авчихсан болохоор нь гомдоод Цагдаагийн байгууллагад өгсөн байсан. Одоо бол М.Мээс авах авлагын зүйл, гомдол санал байхгүй. М.М манайд нэг хэсэг амьдардаг байсан. Урьд нь түүнд 5 ханатай гэрээ өгнө гэж ярилцаж байсан удаатай” гэх мэдүүлэг болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 5-7 дугаар хуудас/

Шүүгдэгч М.Мийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл,

/хх-ийн 8-9 дүгээр хуудас/

Хөрөнгийн үнэлгээний НА-18-223 тоот тайлан, гэрч Х.З, М.Аийн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлэг, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан гэрч Х.Зы “хураалттай буулгачихсан гэр байхаар нь гэрийг нь үзээд өөрийн хүүгийн найз Аийн портер машинаар тээвэрлүүлэн өөрийн бэр Кгийн хашаанд нь буулгуулсан” гэх, гэрч М.Аийн “З манайд ирээд гэр ачаад өгөөч гэхээр нь Налайх дүүргийн 4-р хороо тоотоос З эгчийн бэр Кгийн хашаанд буулгуулсан.” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч М.М нь ******* тоотод оршин суух С.Жы хашаанд хураалттай байсан Ч.Нын эзэмшлийн 720.000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай гэрийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 13 цагийн үед хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан Х.Зд худалдан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул гэм буруутай байна.

Харин шүүгдэгч М.Мийн хулгайлсан 5 ханатай гэрийг Х.З нь бусдыг хөлслөн эзэмшилдээ авсан байхад түүнийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэж Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хэсэгт зааснаар хүндрүүлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж зүйлчилж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч М.М нь 57 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдсэн эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хохирогч Ч.Н нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн ба бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.           

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт М Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* овогт М Мийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мийг 2 жил тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн 2.2, 2.5, 3.3-т зааснаар зан үйлээ засах, оршин суух газар, ажил өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. М.М нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 57 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ч.Н нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн ба бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлд зааснаар М.Мт хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ