| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2018/0178/э |
| Дугаар | 186 |
| Огноо | 2018-11-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Э.Ууганзаяа,
Хохирогч: Т.Д,
Хохирогчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч: Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ургийн овогт Ц-гийн Ц-д холбогдох 1835002840189 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багт оршин суудаг, одоо Увс аймгийн Тэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас Соёлын тэргүүний ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан, Алтан гадас одонтой, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдаж байсан, регистрийн дугаар ХО66100402, Т овогт Ц-ыгийн Ц.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Ц нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Д руу тамхины үнсний сав шидэж баруун нүдэнд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Ц-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Ц нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 9 дүгээр багийн нутагт байрлах Ш.Н-гийн гэрт хохирогч Т.Д руу шилэн үнсний сав шидэж, үүний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:
Хохирогч Т.Д хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 9-р багт оршин суудаг Н гэдэг хүний охины хөшиг тайлах найранд очсон юм. Найранд байсан манай хамаатны Ц гэдэг хүн архи уугаад согтчихоод намайг хэл амаар доромжлоод "эцэг эх чинь тэгж ингэж үхсэн" гэх мэтийн зүйл яриад байсан. Би Ц-д "чи наад ам хэлээ татаарай" гэж хэлтэл миний зүүн талын чих рүү алгадчихаар нь би чихээ дараад сууж байтал тамхины үнс хийдэг шилэн савыг над руу шидээд миний баруун нүдийг оночихсон юм. Тэгтэл миний баруун нүдний дээд зовхи зүсэгдээд, цус гараад хавдчихсан. Бас баруун нүд юм харж болохгүй байсан. Тухайн өдрөө би ямар нэгэн эмнэлэгт хандаагүй байж байгаад маргааш нь аймгийн төв рүү гэртээ очоод шарх нь гайгүй болчих байх нүд хараа орчих байх гэж бодоод хэдэн өдөр харсан юм. Ерөөсөө өөрчлөлт гарахгүй байхаар нь би аймгийн эмнэлэгийн нүдний тасагт үзүүлтэл хот руу явах бичиг хийж өгсөн юм. Бас аймгийнхаа Онош гэдэг нэртэй хувийн эмнэлэгт үзүүлсэн. Би тухайн өдөр архи уучихсан байсан ба нэг их согтуу байгаагүй. Эрүүл саруул ухаантай байсан, болсон асуудлыг бүгдийг нь санаж байгаа. Ц намайг цохиж зодоход нь би зөрүүлээд цохиж зодсон асуудал огт байхгүй. Ц бид хоёрт ямар нэгэн өш хонзон өр авлага болон хувийн маргаантай асуудал байгаагүй. Тухайн үед Ц согтуу байсан нь энэ хэрэг гарах болсон гэж үзэж байна. Би 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Сондра нэртэй хувийн эмнэлэгт нүдний мэс засалд орсон. Мэс заслаас гараад Нэгдүгээр төв эмнэлгийн нүдний тасагт хэвтэж эмчлүүлж байгаад 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гарсан. Одоогоор гэрээр нүдэндээ эм дусааж байгаа. Би гомдолтой байгаа. Эмчилгээний зардалд 5 сая төгрөг гарсан. Баримтуудаа бүрдүүлээд өгсөн. Би Улаанбаатар хотод хагалгаанд ороод Улаангом суманд 2018 оны 9 дүгээр сарын 12-нд ирсэн би хохирлоо барагдуулж авмаар байна. Сондра эмнэлэгт 4.350.000 төгрөгний нүдний болор суулгах хагалгаанд орсон, Улаанбаатараас ирж очсон зардал 132.000 мянган төгрөг, нүдний эм тариа авсан 107.500 төгрөг, зөвлөх эмчийн үзлэгт 30.000 төгрөг болсон. Гэтэл Ц надад мөрдөн байцаалтын шатанд 1 сая төгрөг л өгнө гээд хот явахад зардал гэж 120.000 төгрөг авах уу гэхээр нь би тухайн үед авахгүй, бүрэн хохирол төлбөрөө авна гэж хэлсэн нь үнэн. Одоо миний хохирлыг бүрэн бүтэн яаралтай гаргаад өгчихвөл надад гомдол санал байхгүй. Би хагалгаанд орохоор хот руу явахдаа хүнээс мөнгө зээлж авсан тул надад хэцүү байна.” /хх-ийн 16-18 тал/ гэх мэдүүлэг,
иргэний нэхэмжлэгч Т.Б-ы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2016 оны 1 дүгээр сарын эхээр тамхины үнсний савыг авч байсан. Хэдэн төгрөгөөр худалж авч байсан, хэн худалдаж авч байсан талаар санахгүй байна. Одоо дээрхи үнсний савыг ашиглахгүй байгаа” /хх-ийн 20 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Д.Б-ы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Т.Д нь миний төрсөн аав юм. 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Тэс сумын 9-р багт Н ахын гэрт хүргэж өгсөн. 2018 оны 7 дугаар сарын 24-нд манай хүргэн ах болох Н-ын гэрт манай ээж аав хоёр байсан би Улаангомоос очиж авч ирсэн. Намайг очиж авахад манай аавын баруун нүдний дээд талд язарч шалбарсан, баруун нүдний доод зовхи хөхөрч улаасан байсан. Аав хэлэхдээ 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Н-гын охин Ш-ийн хөшиг тайлах хуримын ажил болоод дуусаж байхад Ц над руу тамхиний үнсний шилэн сав шидээд миний нүд рүү цохичихлоо, миний нүд юм харахгүй байна гэж хэлсэн. 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Онош эмнэлэгт үзүүлсэн, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж хот руу явж хагалгаанд орох хэрэгтэй гэж хэлсэн. 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нүдний болор солиулах хагалгаанд орсон. Урьд өмнө нүдий эмчид үзүүлж байгаагүй, манай аавын нүд эрүүл байсан.” /хх-ийн 21 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Ш.Н-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр миний охин Ш-ийн хуримын ажил болсон. Манай ах дүү, эхнэрийн ах дүү нар ирсэн байсан. Хүмүүс цайлж байсан ба үр хүүхдийн ажил сайхан боллоо гээд архи ууж согтоод унтсан. Болсон асуудлын талаар мэдсэн юм байхгүй. Д миний хадам ах, харин Ц миний авга ахын хүүхэд юм.” /хх-ийн 22 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Н.Я-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр миний эгч болох Ш хүнтэй сууж манайхан найр хийж ээж, аавын ах дүү нар ирсэн байсан. Хүмүүс найрлаж байсан. Э бид хоёр гадаа машинд сууж байсан. Хүмүүс нэлээн согтсон байсан. Орой 22 цагийн үед манай гэрт Д ах, Ц эгч хоёр байсан. Гэнэт хүмүүс хэрэлдэж маргалдах дуу чимээ сонсогдсон. Э бид 2 юу болсон юм бол гээд гэр лүү орж ирэхэд миний нагац ах Д, Ц эгч хоёр хоорондоо маргалдаж байсан. Д ах зүүн талын орон дээр сууж байсан. Ц эгч голын орон дээр сууж байсан. Ц эгч Д ахыг доромжилж харааллын үг хэлэн шүлсээ цацаж байсан. Тэгээд Ц эгч босож галын хажууд байсан 4 л ус авч Д ах руу шидэх гэхэд Э савтай усыг барьж болиулсан. Дахиад хажуудаа байсан үнсний сав авч Д ах руу шидсэн. Д ахын толгойд нь цохисон. Д ахын толгойноос цус гарсан. Ц эгч, Д ах нар хоёулаа миний нагац юм. Ц эгч Д ах хоёр хоорондоо маргалдаж Ц эгч Д ах руу үнсний сав шидэж биеийн толгой хэсэгт цохиж баруун нүдний дээд хэсэгт хөмсөг нь язарч цус гарсан байсан. Миний нагац эгч Б цусыг нь тогтоосон.” /хх-ийн 23-25 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Т.Б-ы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Намайг гадаа сууж байхад Д, Ц хоёр хоорондоо хэрэлдэж байгаа дуу сонсогдож байсан. Ц нагац нарыг ална, тангараг тасарна, надад архи өг гэж чанга дуугаар дуугарч байсан. Удахгүй миний хүүхэд Д ахын толгойноос цус гарч байна гэж намайг дуудсан. Намайг гэрт ороход Д ахын толгойноос цус гарсан байдалтай байсан. Харин Ц сумын төв рүү явсан байсан. Д нь миний төрсөн ах, Ц нь миний эгчийн охин, миний зээ юм. Тухайн үед хэрүүл болж байхад Янсанжав, Э нар байсан. Д-ын биеийн толгой хэсгээс цус гарч, баруун талын нүдний дээд талд хөмсөг язарсан байсныг миний эгч Б тогтоож байсан. Д нь урьд өмнө нүдээ эмнэлэгт үзүүлсэн гэж надад юм ярьдаггүй байсан. Нүд нь эрүүл байсан. Нүдний шил зүүддэггүй байсан. Нүдэндээ эмчилгээ хийлгэж байна гэж хот, аймаг сум явж байгаагүй.” /хх-ийн 27-29 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Б.Э-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “ ...Ц эгчийг гарья гэхэд архи авч ир гэж чангаар дуугарсан ба архи байхгүй гарья гэхэд гарахгүй Д ахтай хэрэлдэж сууж байгаад босож галын хажууд байсан 4 литр савтай ус авч Д ах руу шидэх гэж байхад нь би савтай усыг нь барьж болиулсан. Дахиад хажууд нь байсан үнсний сав авч Д ах руу шидэхэд Д ахын нүдэн дээр цохиж цус гарсан ба та яаж байгаа юм бэ гэхэд Ц эгч Д руу шүлсээ цацаж хэл амаараа доромжлоод гараад яваад буцаж орж ирээд дахин шүлсээ цацаж доромжилоод машинд суугаад сумын төв рүү явсан. Өөр зүйл болоогүй.” /хх-ийн 30-31 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Ц.Д-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүргэн Н-гийн охиний хөшиг тайлах ёслолд оролцсон. Орой найр тарах үед хадам дүү Хгийн гэрт хонохоор явсан ба өглөө эрт Н-гийн гэрт ирэхэд манай нөхөр Дагвын баруун нүд улаасан, дээд хөмсөг нь язарч зүсэгдсэн нүдний доод хэсэг нь хөхөрсөн байсан. Би яасан юм бэ гэхэд Ц над руу үнсний сав шидчихсэн юм гэж хэлсэн. Би Д-д нүдээ эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй байх гэхэд манай нөхөр зүгээрээ гэж хэлээд үзүүлэхгүй байсан. Маргааш өдөр Д надад миний нүд юм харахгүй байна гэсэн. Тэгээд Улаангомд нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд нүдний болор мултарсан байна гэж А эмч хэлсэн.” /хх-ийн 32-33 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Т.Б-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 7 дугаар сарын 23-ны орой би ...Насанбуянгийн гэр лүү ороход Д ах, Ц хоёр маргалдаж байсан. Хажууд нь Я, Э хоёр байсан. Наад хоёр хүнээ болиул гэж хэлчихээд гараад гэрлүүгээ ороод байж байхад Насанбуянгийн хүүхэд Янсанжав гэрт орж ирээд надад Ц эгч Д ахын нүд рүү цохичихлоо та ороод ир гэж хэлсэн. Би яваад ороход Д ах баруун талын орон дээр доошоо харсан байдалтай сууж байсан. Би очиж яасан бэ ах гэхэд Ц Д ах руу үнсний сав шидчихлээ гэж Янсанжав хэлсэн. Ахын хөмсөгнөөс цус гарсан байдалтай, хөмсөг нь зүсэгдсэн байсан. Би цаас авч цусыг нь арчиж цус тогтоох арга хэмжээ авсан. Ц гараад сумын төв рүү Д-н машинд суугаад явчихсан байсан. Маргааш өглөө нь Д ахын нүд хавдаж доод хэсгээрээ хөхөрсөн дээд хэсгийн язарч, зүсэгдсэн шарханд нь тав тогтсон байсан. Д ах урьд өмнө нь нүдэндээ эмчилгээ хийлгэж байгаагүй нүд нь эрүүл байсан.” /хх-ийн 34-35 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Ц.Д хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би 2018 оны 7 дугаар сарын 23 нд манай хадам ах Н-ы охин Ш-ийн хурим болж Тэс сумын 11-р багийн зүүн Нурга гэдэг газар Т-ын гэрт очиж найралсан. 16 цаг болж байхад найр дуусаж Тэс сумын 9-р багийн нутагт Хоо шороот гэдэг газар Н-гийнд ирж найралсан. Орой 18 цагийн орчимд би Халзааг гэрт нь хүргэж өгөх гээд Гүүрийн амны баруун талд хүргэж өгөөд буцаж Н-гийнд ирэхэд Ц гэрийн гадаа зогсож байсан. Гэр дотор хүмүүс маргалдах хэрэлдэх чимээ сонсогдсон би Н-гийн гэрийн гадна зогсож байхад Ц над руу ирж машин унаа хаяад явсан байна, таны машинд сууж сумын төв орно гэж хэлээд миний машинд сууж сумын төв орсон. Тухайн үед Ц архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ц гэртээ бууж хоцорсон ямар нэгэн цус гарсан зүйл анзаарагдаагүй орой болсон харанхуй байсан.” /хх-ийн 36 тал/ гэх мэдүүлэг,
шүүгдэгч Ц.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “ Би 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр манай дүү Насанбуянгийн охин Ш-ийн хуримын ажил болсон. Би 2018 оны 7 дугаар сарын 23-ны өглөө Тэс сумын төвөөс 05 цаийн үед Н-гийн гэрт очсон 06 цагийн үед охиноо ирж авсан. Бид нар хөшиг тайлах еслолд 09 цаг 30 минутын үед хөшиг тайлахаар 10-р багийн нутаг хүүхдийн овооны хажууд Баттулга гэдэг айлд очиж найр хийсэн. Бид нар буцаж 17 цагийн үед Н-гийн гэрт ирсэн. Би найранд явж ирээд Н-гийн гэрт унтсан. Орой сэрэхэд найрны хүмүүс тарчихсан байсан. Долгио ах сумын төв явах гэж байна гэж хэлэхэд би хамт явна шүү гэж хэлээд босоход Н Б хоёр 0,5л Улаанбаатар нэртэй нэг шил архи гаргаж өгсөн. Тэр архийг Н, Б Д бид хэд ууж байхад гаднаас Д ах согтуу орж ирсэн. Би Д ахад "Д ах наашаа суу" гэхэд Д надад "Чи юу юм бэ, бэлэвсэн авгай, янхан яатуу, чиний үхсэн дүү чинь миний үхэр хулгайлж байсан, та нарт юу байсан юм бэ тураалууд" гэж доромжилсон. Тэгэхээр нь би "Д ах та болиоч иим сайхан найр хурим болж байхад та ингэж болохгүй шүү дээ" гэхэд намайг дахин харааж "Бэлэвсэн авгай, янхан, яатуу" гэж хэлэхэд миний уур хүрч, “та миний нагац ах байж намайг ингэж доромжилж байна” гэхэд намайг түлхсэн. Би уур хүрч Н-гийн гэрийн галын баруун талд байсан 4-н литрийн савтай ус авч шидэх гэхэд хажууд байсан Э барьж болиулсан. Дахиж баруун гараараа хажууд нь байсан шилэн үнсний сав авч шидэхэд Д ахын баруун талын хөмсөгний дээд хэсэгт цохигдож цус гарч байсан. Би тэгээд Долгио ахын машинд сууж сумын төв явсан. Би Д ах руу үнсний сав шидсэн үйлдэлд буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Т.Д бид хоёрын хооронд урьдын өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Урьд өмнө нь зодолдож, маргалдаж байсан асуудал байхгүй. Тэр өдөр Т.Д ах бид хоёр хэн хэн нь архи уучихсан, согтуу байсан. Би Д ахыг хот явах гэж байна гэж сонсоод замын зардал авч бай гэхэд “би наад 120.000 төгрөгөөр чинь яах юм, хуулийн байгууллагад хандаж байж хохирол зардалаа гаргуулж авна" гэж хэлсэн. Түүнээс хойш би боломжоороо нэг сая төгрөг өгье гэж хэлсэн боловч зардал 5 сая төгрөг гарсан гэж хэлсэн. Шүүх хурлаас өмнө би өөрөө биеийн эрүүл мэндийн байдлаас хот яваад ирсэн тул одоогоор боломж муу байсан тул 130.000 төгрөг Д ахад өгсөн байгаа. Би буруу үйлдэл гаргаж Д ахад гэмтэл учруулсан тул гарсан бүх хохирлыг яаралтай төлж барагдуулах арга хэмжээ авах болно. Надад торгох ял оногдуулж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна” гэх мэдүүлэг,
Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Хохирогч Т.Д нь баруун нүдний болор мултрал, хараа бууралт баруун хөмсөгт сорви гэмтлийн дараа баруун нүдний хараа 0,02 болсон байна. Энэ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хохирогч Т.Д-ын биед учирсан баруун нүдний болор мултрал, хараа бууралт баруун хөмсөгт сорви зэрэг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хохирогч Т.Д нь урьд нүдний архаг хууч өвчтэй тогтоогдоогүй. Хохирогч Т.Д нь баруун нүд одоо 0,02 байна. Хохирогч Т.Д нь баруун нүдний харах чадвар цаашид нэмэгдэх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. Хохирогч Т.Д-ын баруун нүдний гэмтэл зүүн нүдэндээ нөлөөлөхгүй. Хохирогч Т.Д баруун нүдэнд учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.34.7-р хүснэгтэнд зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 20 хувь алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх 1045 дугаар дүгнэлт, хохирогчийн амбулториар эмчлүүлэгчийн эмнэлгийн карт, Сондра эмнэлгийн тодорхойлолт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд хамаарна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, тэдгээрийн мэдүүлгүүд өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх үнэлж, хэргийг хянан шийдвэрлэв.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ц.Ц нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр дүү Ш.Н-гийн охины хөшиг тайлах найранд оролцсон байх ба орой нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.Н-гийн гэрт хохирогч Т.Д-тай хэрэлдэж маргалдан, улмаар хохирогч Т.Д-ын зүүн талын чих руу нэг удаа алгадаж, тамхины үнс хийдэг шилэн сав шидэхэд хохирогчийн нүдэн тус газар онож, хохирогчийн биед “баруун нүдний болорын мултрал, хараа бууралт, баруун хөмсөгт сорви зэрэг гэмтэл” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл учирсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хохирогч Т.Д-ын биед “баруун нүдний болор мултрал, хараа бууралт, баруун хөмсөгт сорви гэмтэл, гэмтлийн дараа баруун нүдний хараа 0,02 хувь болсон” болохыг 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1045 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 53-54 тал/ нотолсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч Ц.Ц хохирогч Т.Д руу үнсний сав авч шидсэн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэрэгт өртөгдөх үед хохирогчийн баруун нүдний хараа 0,4 хувь байсан бөгөөд гэмтлийн дараа 0,02 хувь болж буурсан нь тогтоогдож байх тул Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар тушаалаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2, 4.7.34.7-д тус тус зааснаар хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр буюу 20 хувь тогтонги алдагдсан гэж үзэх тул шинжээч эмчийн 1045 дугаар “хохирогчийн биед хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл учирсан” гэх дүгнэлт үндэслэлтэй.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан тул прокуророос “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирчээ.
Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Ц.Ц-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч Ц.Ц, хохирогч Т.Д нар нь архи ууж согтуурхсаны улмаас өөрсдийн үг, үйлдлээ хянах чадвараа алдаж, өөр хоорондоо маргалдаж, хэрэлдэн, бие биенээ үл хүндэтгэн хэл амаар доромжилсон зүй бус үйлдэл тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсныг тэмдэглэх нь зүйтэй.
Энэ хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.
Хохирогч Т.Д-ын биед хүндэвтэр гэмтэл учирсан нь хэргийн баримтаар нотлогдсон тул энэхүү хохирогчийн эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд буюу Т.Д-д хүндэвтэр хохирол учирсан гэж, уг хохирлыг арилгахтай холбоотой үүссэн үр дагавар буюу эмчилгээ, оношлогоо хийлгэсэн, эм тариа авсан, замын зардлыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцов.
Тодруулбал, хэргийн 88-89, 117-118, 121-124 дугааар хуудаст авагдсан нотлох баримтуудаар үзлэг, оношлогоо, хагалгаа, эмчилгээнд 4.402.000 төгрөг, эм тарианд 107.500 төгрөг, замын зардалд 373.000 төгрөг, нийт 4.882.500 төгрөгийн бодит зардал гарсан тул энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Д-д учирсан хохирол, хор уршгийг 4.882.500 төгрөгөөр тогтоох эрх зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц хохиролтой холбоотой 130.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн тул үлдэх 4.752.500 төгрөгийг шүүгдэгч Ц.Ц-гаас гаргуулж, хохирогч Т.Д-д олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Ц нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Ц-гийн хувийн байдал тогтоосон гэрч Н.Б, Н.А нарын “одоогоор Тэс сумын ахлах нэгдүгээр сургуулийн дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаа. Одоо Тэс сумын 6-р багт гурван хүүхдийн хамт амьдардаг, нөхөр Ц гэж хүн байсан элэгний өвчинөөр нас барсан. Ц нь ааш зан сайтай хүнд тусархуу урьд өмнө ямар нэгэн хэрэг төвөгт холбогдож байгаагүй. Гурван хүүхэдтэй өрх толгойлон амьдардаг юм. Нийгмийн харилцаанд идэвхи санаачилгатай оролцдог. Архи согтууруулах ундаа хаяа хэрэглэдэг. Урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. Төрийн одон алтан гадас одон, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй” гэх мэдүүлгүүд, иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Увс аймаг Тэс сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 40 тоот тодорхойлолт, Увс аймгийн Тэс сумын Тооромт багийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 715 тоот тодорхойлолт /хх-ийн 37, 38-39, 78, 82, 83, 87 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Ц нь Тэс сумын 6-р багт ам бүл 4, 3 хүүхдийн хамт өрх толгойлж амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон байна.
Шүүгдэгч Ц.Ц-д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон хувийн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасны дагуу шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр нөхөн төлөх байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд буюу сард 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгч Ц.Ц нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Цгийн хохирогч Т.Д руу шидсэн шилэн үнсний сав 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсон байх ба уг тамхины үнс хийх зориулалттай шилэн сав нь 8000 төгрөгийн үнэлгээтэй, эвдэрч гэмтээгүй дахин ашиглах боломжтой болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар, хэргийн 57 дахь талд авагдсан Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн гаргасан Эд хөрөнгийн зах зээлийн үнийн тодорхойлолт баримтаар тогтоогдож байна. Иймд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тамхины үнс хийх зориулалттай шилэн савыг эзэмшигч буюу иргэний нэхэмжлэгч Т.Б-д буцаан олгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Ц-гийн Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-д 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-д оногдуулсан 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-д шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ц.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохиролд 130.000 төгрөг төлсөн, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ц-гаас хохиролд 4.752.500 /дөрвөн сая долоон зуун тавин хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж, хохирогч Увс аймаг, Улаангом сум, 1 баг 12-15 тоотод оршин суух ОО55011071 дугаар регистртэй Б овогт Т-ын Д-д олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тамхины үнс хийх зориулалттай шилэн савыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч, иргэний нэхэмжлэгч Т.Бд буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Ц-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА