| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0177/Э |
| Дугаар | 177 |
| Огноо | 2018-10-03 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Р.Машлай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Р.Машлай,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
хохирогчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
хохирогч Б.Э
гэрч Р.Г,
шинжээч эмч М.Аригуунтөгс,
шүүгдэгч Д.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Д Чэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807003620147 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс буриад, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт татагдахын өмнө “Алтан гадас трейд” ХХК-нд барилгын туслах ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Налайх дүүргийн 1 дүгээр хороо Баянзүрхийн 14-908 тоотод оршин суух, регистрийн УД88092236 дугаартай, Боржигон овогт Д Ч нь 2018 оны 6 дугаар сарын 23-наас 2018 оны 6 дугаар сарын 24-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Эргэн дурсахуй бааранд Б.Э рүү пивоны шил шидэж улмаар нүүрэн тус газар нь онож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Ч нь 2018 оны 06 дугаар сарын 24-ний шөнө Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эргэн дурсахуй бааранд үйлчлүүлж байхдаа баарны бүжгийн талбайд бүжиглэж байссан Б.Эийн нүүр рүү пивоны шил хүчтэй шидэж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Чийн өгсөн: “Би “Эргэн дурсахуй” бааранд найзын хамт ороход хадам эгч Р.Гтэй бааранд таарсан. Хохирогч Э манай эгчтэй жаахан маргалдахаар нь би очиж салгасан. Гэтэл хохирогч над руу дайраад бид хэд гадаа гарсан. Тэгээд хохирогч нарыг зогсож байхад би очоод “ах нараа больё” гэхэд хохирогч намайг “чи цаашаа зайл” гэж хэлсэн. Би баарнаас гарч зогсож байгаа буцаж орж ирэхэд баарны үүдэнд хохирогч Э зогсож байхаар нь пивоны шил шидсэн” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Эийн өгсөн: “Би 2018 оны 06 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Налайх дүүрэгт байрлах “Эргэн дурсахуй” бааранд Дэлгэрбаяр, Содбаяр, Содгэрэл нарын хамт орсон. Баарны бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад нэг залуутай шүргэлцээд ам мурийсан. Тэр залуутай зодолдсон зүйл болоогүй. Надтай маргалдсан залуу баарнаас гараад явсан. Би найз нарын хамт бүжгийн талбай дээр зогсож байхад шүүгдэгч миний зүүн нүд рүү пивоны шил маш хүчтэй шидэж гэмтэл учруулсан. Эмнэлэгт очиж зүүн нүдний дээд доод талд оёо тавиулсан. Миний биед хүнд гэмтэл учирсан” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Р.Гийн өгсөн: “Би бааранд бүжиглэж байхад хохирогч намайг өдөөд байсан. Би тэнд байсан хүмүүсээс санаа зовоод “цаашаа” гэж хэлсэн. Хохирогч миний хажууд зогсож байгаад бөгс илсэн” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч М.Аригуунтөгсийн өгсөн: “Хохирогчийн биед ямар гэмтэл учирсан, уг гэмтэл ямар зэрэгт хамаарч байна гэсэн асуулттай тогтоол ирсэн. Үүний дагуу ирсэн баримтад тулгуурлан гэмтлийг дүгнэсэн. Цаашид гарсан шинж тэмдгээс шалтгаалж гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгт 7.34.1-д зааснаар 25 хувиар алдагдуулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна. Хоншоор ясны хугарал хүндэвтэр зэрэгт хамаарна. Нүдний даралтыг харааны бууралтаар гэмтлийн зэргийг тогтооно. Нүдний даралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварт хамаарахгүй.” гэх мэдүүлэг болон улсын яллагч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан:
Мөрдөн байцаалтад гэрч Ц.Дэлгэрбаярын өгсөн: “Манай эхнэр Г бааранд бүжиглэж байхад танихгүй өндөр залуу ирээд ойрхон бүжиглээд өдөөд байхад нь боль гэхэд уг залуу гараа далайгаад муудах гээд байхыг нь манай дүү Ч хараад ирж маргалдсан гэсэн. Тэгээд салаад баар хаах үед гарч ирээд Ч буцаж орж пивоны шил шидсэн байсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 18 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 317 дугаар:
“1. Эийн биед зүүн нүдний ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн хоншоор ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,
/хх-ийн 23 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 848 дугаар:
“1. Эийн биед зүүн хоншоор ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, зүүн нүдний хараа бууралт /0.15/, хүүхэн харааны өргөсөл, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, шарх бүхий гэмтлүүд учирчээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна”
2. Эийн биед учирсан зүүн хоншоор ясны хугарал гэмтэл нь хүндэвтэр зэрэгт, зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, хамар ясны хугарал гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна.
3. Э нь зүүн нүдний хараа бууралттай /0.15/ байх бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгт 7.34.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 25 хувиар алдагдуулна.” гэх дүгнэлт,
/хх-ийн 31-33 дугаар/
Хохирлын баримтууд, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд эвлэрлийн баримт зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Б.Эийн “шүүгдэгч миний зүүн нүд рүү пивоны шил хүчтэй шидэж гэмтэл учруулсан”, шүүгдэгчийн “Б.Э миний биед халдаагүй түүнийг айлгах гээд пивоны шил шидсэн” гэх мэдүүлэг болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн судалсан шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргийг дүгнэхэд шүүгдэгч Д.Ч нь 2018 оны 06 дугаар сарын 24-ний шөнө Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эргэн дурсахуй бааранд үйлчлүүлж байхдаа баарны бүжгийн талбайд бүжиглэж байсан Б.Эийн нүүр рүү пивоны шил хүчтэй шидэн цохиж түүний эрүүл мэндэд зүүн хоншоор ясны хугарал бүхий хүндэвтэр, зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, зүүн нүдний хараа бууралт /0.15/, хүүхэн харааны өргөсөл, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, шарх бүхий хохирол санаатай учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Д.Чэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.
Хохирогчийн мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гаргаж өгсөн баримтуудаас хуулийн шаардлага хангасан эмчилгээний зардал 3.153.293 төгрөг, шатахууны үнэ 452.000 төгрөг буюу нийт 3.520.493 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, үүнээс хохиролд төлсөн 2.400.000 төгрөгийг хасч тооцон үлдэх 1.205.293 төгрөгийг хохирогч Б.Эөд олгох нь зүйтэй байна.
Харин хохирогч Б.Эийн ажилгүй байсан үеийн цалин 3.660.000, өмгөөлөгчийн хөлс 500.000, гар утасны засварын 180.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна.
Учир нь 1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллахаар заасан ба хэрэгт ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ авагдаагүйгээс МИРАТОРГ гэх компаний тодорхойлолт нийгмийн даатгалын хуулбарыг үндэслэн ажилгүй байсан үеийн цалин болох нэхэмжилсэн 3.660.000 төгрөгийг гаргуулах боломжгүй байна.
2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д “...Өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд ажлын байртай, банкинд харилцах данстай байна.”, Хуульчийн мэргэжлийн дүрмийн 2.4 дүгээр зүйлийн 8-д “...хуульч нь хууль зүйн үйлчилгээнээс олсон орлогоо мэдүүлж түүнд ногдох татвараа төлөх үүрэгтэй” гэж заасан ба өмгөөлөгчийн зардал гэж 500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа ч хэрэгт дээрх хуулийн шаардлагад нийцсэн баримт авагдаагүй байна.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч хохирогч нарын пивоны шил нүүр рүү шидсэн, цохисон гэсэн мэдүүлэг, улсын яллагчийн судалсан СД бичлэг зэргээс үзэхэд хохирогчийн гар утасны эвдрэл гэмтэл шүүгдэгчийн хохирогчийн нүүр рүү шидсэн пивоны шилтэй холбоогүй байна.
Гэхдээ хохирогч цалин, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Д Чийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Чэд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Чэд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Чэд мэдэгдсүгэй.
5. Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Эөд 2.400.000 төгрөг төлсөн, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргасугай.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Д.Чэд оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.
8. Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Чийн нэр хөрөнгөнөөс 1.205.293 төгрөг гаргуулан хохирогч Б.Эөд олгож, хохирогч Б.Э нь ажилгүй байсны цалин болон цаашид гарах хохирлыг Д.Чээс жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Чэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ