| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2016/0019/З |
| Дугаар | 18 |
| Огноо | 2017-01-05 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 18
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Э,
Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар
Гуравдагч этгээд: Б.УБХХК, ЗБХХК, МХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах “Хөх тэнгэр” хотхоны 44а байрны 7 тоот 148.4 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр Этыг улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах “Х” хотхоны 44а байрны зоорийн давхарт байрлах 171, 172 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр Э-Г улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тус тус гаргаж өгөхийг хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. в, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, гуравдагч этгээд ЗБХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, Х. н, Б.УБХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч в овогтой Э миний бие МХХК-тай гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах Хөх Тэнгэр хотхоны 44А байрны 7 тоот 148,44 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 7 байрны зоорийн давхарт байрлах 171, 172 тоот автомашины зогсоолыг захиалан бариулж төлбөр тооцоог бүрэн барагдуулсан билээ.
Орон сууц захиалах гэрээний дагуу МХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч нарын зүгээс Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 8406 тоот захирамжаар миний биеийг дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон болно.
Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын зүгээс дээрх үл хөдлөх хөрөнгүүдэд барьцааны эрх бүртгэгдсэн хэмээн гэрчилгээг миний нэр дээр бүртгэхээс татгалзсан нь хууль ёсны эрх, ашгийг хөндөж байна.
Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн бөгөөд барьцаалагч банктай ямар нэгэн эрх зүйн харьцаа үүсээгүй, түүнчлэн банкны өмнө ямар нэгэн үүрэг хариуцлага хулээгээгүй болно.
Иймд иргэн Б овогтой Э миний нэр дээр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасан шийдвэрт гаргаж өгөхийг хүсье...” гэжээ.
Хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
Иргэн Б.Э нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу хаягт байрны 44А байрны 7 тоот орон сууц, зоорийн давхарын 171, 172 автомашины зогсоолыг МХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013614, Ү-22060014054, Ү-2206014056 дугаарт бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд Улаанбаатар хотын банктай байгуулсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн барьцааны гэрээ бүртгэлтэй байдаг. Мөн нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 2/16085 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20.5-д “Энэ хуулийн 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” хэмээн тус тус заасан байдаг.
Иймд барьцаалагч болох Улаанбаатар хотын банк, ЗБзахиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны зөвшөөрөлгүйгээр дээрх бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй байна.
Иймд иргэн Б.Эын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.
Гуравдагч этгээд “Мфикс Капитал” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Иргэн Б овогтой Энь манай компанитай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж тус гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 44А байрны 7 тоот 4 өрөө орон сууц болон 44А байрны зоорийн давхрын 171, 172 тоот автозогсоолыг худалдан авч төлбөр тооцоог бүрэн барагдуулсан. 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 8406 дугаар захирамжаар Ба овогтой Эыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 44А байрны 7 тоот, 4 өрөө орон сууц болон 44А байрны зоорийн давхарын 171, 172 тоот автозогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон. Иймд манай компаний зүгээс иргэн Б.Эын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Гуравдагч этгээд Б.УБХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“Б.УБнь МХХК-тай 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ЗГ0002/100519 дугаар зээлийн барьцааны гэрээг байгуулсан. Зээлийн барьцааны гэрээг байгуулах үед нэхэмжлэгчийн маргаж буй Хан-Уул дүүрэг, 11-р хороо, 44А байрны 07 тоот 4 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өмчлөгчөөр МХХК бүртгэгдсэн байсан. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байна... гэж заасны дагуу улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Мөн зээлийн барьцааны гэрээний 3.1-т зааснаар барьцаалагч МХХК нь барьцааны зүйлтэй холбоотой банкинд мэдэгдээгүй ямар нэг өр, төлбөр, барьцаа, маргаан, үүрэг хариуцлага байхгүй болохыг баталж гэрээг байгуулсан болно. Иймд хуульд заасны дагуу зээлийн барьцааны гэрээ байгуулагдсан.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хөтлөх журмын 4.4.2-т Хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж барьсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын нэрсийн жагсаалт ... зэргийг тодорхой тусгасан “Захиалгаар бариулсан орон сууцны жагсаалт”-ыг улс, аймаг, нийслэлийн мэргэжлийн комиссын актын хамт албан бичгээр урьдчилан ирүүлж болно гэж заасны дагуу маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авахад нэхэмжлэгч Б.Эын хөрөнгө оруулагч болохыг баталсан жагсаалтыг МХХК-иас ирүүлээгүй болох нь харагдаж байна. Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх.. гэж заасны дагуу барьцаалагч Улаанбаатар хотын банкнаас зөвшөөрөл авах нь зүйн хэрэг юм. Иймд дээрх үл хөдлөх хөрөнгүүдэд барьцааны эрх бүртгэгдсэн байна хэмээн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулахаас татгалзсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлдэл үндэслэлтэй байна.
Барьцаалагч банктай ямар нэгэн барьцаа үүсгээгүй, банкны өмнө ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээгээгүй болно гэсэн тухайд:
Нэхэмжлэгч Б.Э нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 44А байрны 07 тоот 4 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болоогүй учир Улаанбаатар хотын банктай ямар нэгэн барьцаа үүсгээгүй, зээлийн барьцааны гэрээг уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч МХХК-тай байгуулсан болно” гэв.
Гуравдагч этгээд ЗБХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Тус банк нь “Мфикс Капитал” ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж, 1,400,000.00 (Нэг сая дөрвөн зуун мянган) ам.долларыг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн.
Мөн “Мфикскапитал” ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр №Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ” байгуулан уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:
- Зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлийн орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт;
- 205 автомашины гараж
- Зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон “Мфикс Капитал” ХХK-ийн бараа материалын үлдэгдэл.
Мөн тус банк нь 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г “Си Эм Эс Эл”- ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан юм.
Үүнд:
- “Мфикскапитал” ХХК-ийн өмчлөлийн Ү-2206008712 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000016259 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн 44А тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга;
- “Мфикскапитал” ХХК-ийн өмчлөлийн Ү-2206008713” тоот улсын бүртгэлийн дугаартай, 000016260 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн 44Б тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга;
- “Мфикскапитал” ХХК-ийн эзэмшлийн 1/52 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий эзэмших эрхтэй газар;
Харин 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Мфикскапитал” ХХК-ийн өмчлөлд 44А, 44Б, 44В, 44Г дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ээр 44АБВГ дүгээр байрны 1-205 тоот автозогсоолыг нэг бүрчлэн барьцаалсан байна.
Тус банкны “Мфикскапитал” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156-р зүйлийн 156.1, 156,2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицуулалтын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд юм.
Гэтэл “Мфикс Капитал” ХХК нь иргэн Б.Этай 2010 оны 02 дугаар сарын 05 ны өдөр 195 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, тус банкны барьцаанд бүртгэлтэй хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “Blue Sky” хотхоны 44АБВГ дүгээр байрны 171, 172 тоот автозогсоолуудыг худалдсан байна.
Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж заасныг мөн Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.6-д “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй” гэсэн зохицуулалтуудыг илтэд зөрчсөн хууль бус хэлцэл юм.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Б.Э нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 8406 тоот шүүгчийн захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсноос үзэхэд энэ нь тус банкны 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т017/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу үүссэн барьцааны эрхээс хойш болсон үр дагавар байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Эын өмчлөх эрх нь тус банкны барьцааны эрхээс хойно үүссэн учир “Мфикс Капитал” ХХК-ийн өмчлөх эрхийг Б.Эад шилжүүлэн бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу Капитрон банкнаас зөвшөөрөл авахыг бүртгэлийн байгууллага (Бүртгэгч) мэдүүлэг гаргагчаас шаардах эрхтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Б.Э нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд мэдүүлэг нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.
Гэтэл нэхэмжлэгч Б.Э нь уг хуулийн шаардлагыг бүрэн биелүүлээгүй буюу мэдүүлэгт хавсаргах шаардлагатай баримт бичгийг хавсаргаагүй учир түүний бүртгэлийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл хууль ёсны байна. Иймд нэхэмжлэгч Б.Эын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь тус шүүхэд “Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах “Хөх тэнгэр” хотхоны 44а байрны 7 тоот 148.4 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр Эг улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахыг хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгах, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах “Хөх тэнгэр” хотхоны 44а байрны зоорийн давхарт байрлах 171, 172 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр Э-Г улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний 12 дугаар тогтоолоор Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болж өөрчлөгдсөнөөр тус газрыг 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 6759 дүгээр шүүгчийн захирамжаар эрх залгамжлагчаар тогтоосон болно.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.Э нь 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Мфикс Капитал” ХХК-тай 195 дугаар “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 44А байрны 1 дүгээр орц, 4 дүгээр давхарт 4 өрөө, 148,44 м.кв орон сууц, 171, 172 тоот автомашины зогсоолыг захиалан бариулж гэрээнд зааснаар 148.000 ам долларын үнийг бүрэн төлсөн, энэ талаар “Мфикс Капитал” ХХК маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.
Төлбөрөө бүрэн төлсөн нөхцөлд орон сууцны өмчлөх эрхийн бичгийг “Мфикскапитал” ХХК нь захиалагч иргэн Б.Эад шилжүүлэн өгнө гэж гэрээндээ заасан атлаа ийнхүү шилжүүлж өгөөгүй, улмаар Б.Эын нэхэмжлэлтэй “Мфикс Капитал” ХХК-д холбогдох өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 8406 дугаар захирамжаар Б.Эыг Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “Blue sky” хотхоны 44А байрны 7 тоот 148.44 мкв талбай бүхий орон сууц, 171, 172 тоот автомашины гражийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталснаар Б.Э дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогджээ.
Нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст хандахад “Мфикс Капитал” ХХК-ийн “Капитрон банк” ХХК-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан.
“Мфикс Капитал” ХХК нь нэхэмжлэгч Б.Эын захиалан бариулсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамжны 44А байрны 7 тоот 148.4 мкв үл хөдлөх хөрөнгийг 90 хувийн гүйцэтгэлтэйгээр 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013614 дугаарт өмчлөлдөө бүртгүүлж, улмаар “Улаанбаатар хотын банк” ХХК-тай байгуулсан 2010 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ0002/100319 тоот зээлийн гэрээ, 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ЗБГ0003/100519 тоот зээлийн барьцааны гэрээ, уг зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗНГ0003/100519 /1/ тоот гэрээг, мөн 44А байрны зоорийн давхарын 171, 172 тоот автомашины зогсоолыг 90 хувийн гүйцэтгэлтэйгээр 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014056, 2206014054 дугаарт өмчлөлдөө бүртгүүлж, улмаар ЗБХХК-тай байгуулсан 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээ, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээ, түүнд өөрчлөлт оруулсан, 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Т07/141 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ”, 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Нэмэлт гэрээ”-г тус тус бүртгүүлжээ.
Тодруулбал Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрх ашиг нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх” гэж зааснаар эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахын тул барьцаалагчаас зөвшөөрөл авсан байхыг шаардана, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгохыг хориглоно” гэсэн үндэслэлээр хариуцагч Улсын бүртгэлийн байгууллага Б.Эын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан хэдий ч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөн тул нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарлах, зөрчих үндэслэлгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Blue sky” хотхоны 44А байрны 7 тоот орон сууц, зоорийн давхрын 171, 172 тоот авто огсоолын өмчлөгчөөр тогтоогдсон, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан “мэдүүлэг гаргагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол бүртгэхээс татгалзана” гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул мөн зүйлийн 14.2-т “бусад үндэслэлээр бүртгэхээс татгалзахыг хориглоно” гэж зааснаар татгалзсан нь үндэслэлгүй, түүнчлэн мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар шүүхийн шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдсөн гэж үзэхээр байх тул 24.8-д “...хариуцагч байгууллага мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно” гэж зааснаар өмчлөгчөөр бүртгэн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгах үндэслэлтэй байна.
Харин Мфикскапитал ХХК-ийн ЗБХХК болон Б.УБХХК-ийн өмнө хүлээсэн барьцаагаар хангагдах зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй, улсын бүртгэлд бүртгэгдсэн барьцааны гэрээ хэвээр үлдсэн бөгөөд барьцааны гэрээтэй холбоотой маргаан нь иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан бөгөөд уг маргааныг иргэний шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.
Иймд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах “Хөх тэнгэр” хотхоны 44а байрны 7 тоот 148.4 мкв талбай бүхий 4 өрөө орон сууц, 44а байрны зоорийн давхарт байрлах 171, 172 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр Э-Гулсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахыг хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 19 дүгээр зүйлийн 19.2, 24 дүгээр зүйлийн 24.4, 24.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах “Хөх тэнгэр” хотхоны 44а байрны 7 тоот 148.4 мкв талбай бүхий 4 өрөө орон сууц, 44а байрны зоорийн давхарт байрлах 171, 172 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр Э-Г улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргахыг хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ