| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0180/Э |
| Дугаар | 180 |
| Огноо | 2018-10-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Р.Машлай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн,
улсын яллагч Р.Машлай,
хохирогч Б.Б,
шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Буурал овогт Э. Мд холбогдох эрүүгийн 1807005180176 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрсөн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Тэрэл Жаргал” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 06 дугаар хороо Усан сангийн 02 дугаар гудамжны 11 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн РМ87051919 дугаартай, Буурал овогт Э. М.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Э.М нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цагийн орчимд Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Ган-Хад” гэх газар өөрийн гэртээ эхнэр Б.Быг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Э.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.М нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цагийн орчимд Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Ган-Хад” гэх газар өөрийн гэртээ эхнэр Б.Быг бичиг үсэг мэддэггүй мал” гэж хэллээ гэх шалтгаанаар түүн рүү удирдлага авч шидэж, нүүр толгой болон толгойн орой хэсэгт хэдэн удаа цохиж, зүүн хөлийн шилбэ, баруун гуянд нэг нэг удаа өшиглөж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Мгийн өгсөн: “Болсон явдлыг хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Мгийн яллагдагчаар өгсөн “2018 оны 9 дүгээр сарын 13-ны өглөө Б эрт бага хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд том охин Энхзаяагийн хичээлийг давтуулж байхдаа надад хүүхдийн шүлэг цээжлүүлчих гэхээр нь “за” гээд суугаад байсан чинь “эргүү малаа хурдлаач” гэсэн. Тэгээд би шүлгийг нь уншуулж байгаад гацчихсан чинь “бичиг үсэг мэддэггүй мал” гэхээр нь уур хүрч “чи ер нь дандаа хүн доромжилж байх юм” гээд зурагтны удирдлага авч шидээд, босож очоод нүүр толгой болон толгойн орой хэсэгт хэдэн удаа цохиж зүүн хөлийн шилбэ, баруун гуянд нэг нэг удаа өшиглөж зодсон” гэх мэдүүлэг,
/хх-ийн 29-32 дугаар тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бын өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 13-ны өглөө нөхөр бид хоёр бага охиныгоо цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд гэртээ ирээд би нөхөртөө “Чи охиныхоо шүлгийг цээжлүүлчих, би гэрээ цэвэрлье” гэхэд манай нөхөр дуугарахгүй байхаар нь “Чи уншиж чаддаггүй юм уу” гэж хэлэхэд манай нөхөр тухайн үед барьж байсан зурагтны удирдлагаа над руу шидсэн ч намайг оноогүй. Тэгээд бид хоёр түүнээс болоод маргалдаад нөхөр маань намайг зуухны хажууд аягаа угаагаад зогсож байхад гараараа шилбэ, гуя, толгой руу цохьсон. Би нөхөртөө цохиулчихаад эгч рүүгээ утсаар залгаж “Намайг зодоод байна, ирээд аваачээ” гэж хэлсэн. Манай эгч манай гэрт ирээд цагдаа руу залгаад дуудлага өгсөн. Түүний дараагаар өдрийн 12 цагийн үед хэсгийн цагдаа, хорооны нийгмийн ажилтан ирсэн” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Бын өгсөн “2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр би өглөө эрт бага хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд том охин Энхзаяагийн хичээлийг давтуулж байхдаа нөхөр Мд “хүүхдийн шүлэг цээжлүүлчих би гэрээ цэвэрлэе” гэхэд дуугарахгүй байхаар нь “чи уншиж чаддаггүй юм уу” гэж хэлтэл манай нөхөр эхлээд зурагтны удирдлага авч шидэхэд намайг шүргэж хоолны шүүгээ онож таг нь салж унасан, тэгээд босож ирээд нүүр болон толгойн хэсэгт нэг нэг цохиж зүүн шилбэ, баруун гуянд нэг нэг удаа өшиглөж зодсон. Би тэр үед бэр эгч Цэцэгням руу утсаар залгаж нөхөр зодсон тухай хэлсэн” гэх мэдүүлэг,
/хх-ийн 04-07 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Э.Цэцэгнямын өгсөн “2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 10 цаг 50 минутанд би Налайх дүүрэгт ажил дээрээ байж байсан чинь миний гар утас руу манай нөхрийн дүү Б залгаад “М намайг зодоод байна ирж аваач” гэж хэлэхээр нь би Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс рүү залгаж Тэрэлжийн цагдаа руу залгаж дуудлага өгсөн юм. ...Намайг очиход Бын нүүр хөхөрсөн, хөл нь доголсон байдалтай, хувцас нь цус болсон байдалтай байсан юм” гэх мэдүүлэг,
/хх-ийн 08 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Х.Саулегийн өгсөн “Б.Б нь 2018 оны 6 дугаар сарын 16-ны орой түргэнээр ирж эмнэлэгт ажиглалтаар нэг хоноод өглөө би үзэж 2018 оны 6 дугаар сарын 17-ны өглөө стор нээж хэвтүүлсэн. Анх ирэхдээ доошоо цус алдсан тул умайн хөндийг цэвэрлэж эмчилгээ хийгээд хэвтрийн дэглэмтэй 3 хоног хэвтээд гарсан. Ураг 4-5 долоо хоногтой бага байсан ба цус алдалт, бага зулбалт гэсэн оноштой байсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 16 дугаар тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №08шэ/460 дугаар:
/хх-ийн 30 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 34 дүгээр тал/
Аюулын зэргийн үнэлгээний маягт,
/хх-ийн 42-43 дугаар тал/,
Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ,
/хх-ийн 46-54 дүгээр тал/,
Өвчтний түүх,
/хх-ийн 56-69 дүгээ тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Э.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бд хөнгөн хохирол учирсан бөгөөд нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй төдийгүй түүний мөрдөн байцаалтад өгсөн “гомдол санал байхгүй, эмчилгээнд зардал гараагүй ” гэх мэдүүлгийг үндэслэн Э.Мг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шудрага ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримт, хохирогчийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан ялтан Э.Мд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал тавьсныг хүлээн авах үндэслэлгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал, учирсан хохирол зэргийг харгалзан түүнд 240 цагийн хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Буурал овогт Э. Мг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Мг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Э.Мд мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Э.М нь цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ