Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00215

 

 

 

 

 

     

 

Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2022/02527 дугаар шийдвэртэй, Г-ын нэхэмжлэлтэй А-д ХХК-д холбогдох 24,334,943 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 1,522,372 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Г.У 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр А-д ХХК-тай 19033030/02 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулж, гэрээний 2.2-т зааснаар 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 30,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 16,118,500 төгрөгийг тохиролцсон хуваарийн дагуу төлж дуусгавар болгосон. Хариуцагч А-д ХХК нь гэрээний дагуу захиалгын орон сууцыг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан улсын комист хүлээлгэн өгч ашиглалтад оруулах байсан. Гэтэл хариуцагч орон сууцыг хугацаанд нь ашиглалтанд оруулаагүйгээс 2020 оны 09 дүгээр сард орон сууцандаа хэмжилт хийлгүүлэн 10 дугаар сард нүүж орсон. Гэрээний 4-т хариуцлагын талаар тусгасан байх бөгөөд 4.2-т гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг ашиглалтад өгөх хугацаа 60 хоног, түүнээс дээш хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үнийн дүнгээс 0.1 хувиар алданги тооцохоор тохирсон. Иймд 2020 оны 01 дүгээр улирлыг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон дээрх гэрээний заалтыг баримтлан 2020 оны 06 дугаар сараас байр ашиглалтад орсон 2021 оны 09 дүгээр сар хүртэл тооцоход нийт 457 хоног байх тул 1 хоногийн алдангийг 76,118.05 төгрөгөөр тооцсон. Энэ хугацаанд нийт 8 удаагийн Засгийн газрын хөл хорио тогтоосон байдлыг харгалзан нийт 278 хоногийн алданги 21,160,943 төгрөгийг нэхэмжилж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр орон сууцны 1 м.кв-ыг 1,150,000 төгрөгөөр үнэлэн 66.19 м.кв-аар харилцан тохиролцон 76,118,500 төгрөгийг төлж дуусгасан. Э ХХК нь сууцны өрөө тасалгааны хэмжээс хийж дутуу м.кв нь 2.76 м.кв болохыг тогтоосон бөгөөд үүнийг гэрээнд заасан үнийн дүнгээр тооцоход 3,174,000 төгрөг болж байна. Тиймээс гэрээний дээрх заалтыг үндэслэн 3,174,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд үүргийн гүйцэтгэл хангуулахаар 21,160,943 төгрөг, орон сууцны м.кв-ын зөрүүд 3,174,000 төгрөг, нийт 24,334,943 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хэрвээ ажлын үр дүнд доголдол үүссэн гэж үзсэн тохиолдолд гэрээний 3.11-т улсын комисс хүлээн авч ашиглалтад орсон орон сууцыг харьяа дүүргийн үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт захиалагчийн жагсаалт хүргүүлэхээс өмнө захиалагч тал өөрийн зардлаар хэмжилт хийлгэж энэ тухай гүйцэтгэгчид мэдэгдээд 30 хоногийн дотор метр квадратын зөрүүг авахаар заасан. 2 удаагийн хэмжилтээр орон сууцны метр квадрат нь 66.21 м.кв гэж нэхэмжлэгчид тодруулж өгсөн. Иймд метр квадратын зөрүүг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Барилгыг барих хугацаанд Засгийн газрын 8 удаагийн тогтоолоор 88 хоногийн хугацаанд ажил хийх боломжгүй байсан. Түүнчлэн барилга 0 градусаас доош нөхцөлд, цас бороотой үед барилгын ажил явуулах боломжгүй байсан. Ингээд 211 хоногийн хугацаанд ажил явуулах боломжгүй, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл үүссэн гэж Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас гэрчилгээг олгосон. Гэрээний 3.7-д хүндэтгэн үзэх шалтгаанаар ажлын гүйцэтгэл хойшилж болно гэж, 3.8-д дээрх үндэслэлээр хугацаа хэтрүүлсэн гэж алданги төлөх үндэслэлгүй болно гэж тус тус заасан. Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: Гэрээгээр 66.19 м.кв талбай бүхий орон сууцыг тухайн үеийн зах зээлийн үнээс хямд, нэмэгдсэн өртгийн албан татвар авахгүй байхаар тохиролцон орон сууцны нийт метр квадрат талбайн үнийг 10 хувиар бууруулж худалдан борлуулсан. Орон сууцыг хүлээлгэн өгөхдөө уг гэрээний дагуу НӨАТ-ын баримт өгөхгүй байхаар тохирсон боловч захиалагч НӨАТ-ын баримт авах шаардлага удаа дараа тавьж байсан тул 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 69,198,636.36 төгрөг, НӨАТ-ын 6,919,863.64 төгрөг, нийт 76,118,500 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголттой баримтыг хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч нь уг баримтаар НӨАТ-ын буцаан олголтод 1,522,372 төгрөгийг авсан. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу компанийн олох ёстой байсан орлого болох 1,522,372 төгрөгийг буцаан гаргаж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: НӨАТ-ын баримт авахгүй гэж хөнгөлөлттэй үнээр орон сууц аваагүй. Хариуцагч компанийн зүгээс НӨАТ-ын баримт өгөхгүй гэснийг тухайн үед Г.Ухүлээн зөвшөөрсөн. Хариуцагч байгууллагаас орон сууцны гэрээг шалгуулаад НӨАТ-ын баримтаа ав гэж залгасан тул манай нөхөр очиж НӨАТ-ын баримтыг авсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар төлбөрийн баримт олгох ёстой. Үүнийгээ нэхэмжилж байгааг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасныг баримтлан хариуцагч А-д ХХК-иас 21,160,943 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.У-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,174,000 төгрөгт холбогдох хэсэг болон 1,522,372 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 347,750,77 төгрөг, хариуцагчаас төлсөн 39,308 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 267,755 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг худалдах худалдах авах гэрээ байгуулсан байна гэж буруу дүгнэсэн. Учир нь уг гэрээгээр хариуцагч нь тодорхой хугацаанд ажлын үр дүнг гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх тухай заасан ба гэрээний 3.17-д хариуцагч нь өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнд 1 жилийн бататгаат хугацаа буюу ажлын үр дүнгийн талаарх гомдлын шаардлага гаргах хугацааг гэрээнд заасан. Мөн гэрээгээр тохирсон анзыг буруу тайлбарлаж дүгнэсэн. Гэрээний 4.2-д ...61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.1%-аар тооцон алданги захиалагч талд төлөхөөр заасан. Гэтэл анхан шатны шүүх анзыг дүгнэхдээ гэрээний нийт үнийн дүнгээс тооцож, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээгүй. Зөвхөн нэг талын эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасан. Хариуцагч 305 хоногийн хугацаанд хууль болон гэрээний 3.7.4-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нотлох баримтаар нотолсон байхад шүүх нотлох баримтыг үнэлээгүй. Хэрэгт авагдсан баримт болон гэрээгээр тохирсон хэмжээгээр анзын хэмжээг илт их гэж үзэх үндэслэлгүй тул алдангийн хэмжээг багасгах боломжгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Орон сууцыг 2020 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Гэтэл энэхүү үүргээ биелүүлээгүйгээс үүдэн 2021 онд ковидын нөхцөл байдал гарч ирсэн. Засгийн газраас бүх нийтийн бэлэнд байдалд шилжүүлж нийтийн хол хорио тогтоосон. Хариуцагч талын буруутай үйл ажиллагаанаас бол 2020 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулах байсныг 457 хоног алдах асуудал үүссэн. Анхан шатны шүүх Засгийн газраас тогтоосон 8 удаагийн хол хорионы хоногийг хассан. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй мөн алдангийг хэт их гэж үзэлгүй дүгнэсэн. Хариуцагч талаас анхан шатны шүүхэд ямар нэг байдлаар алданги хэт их байгааг багасгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргаагүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж хуулийг зөв хэрэглэсэн. Нэхэмжлэлийн шааардлага гаргахдаа Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн боловч шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд заасан гэрээ тул тухайн орон сууцыг хүлээн авах үедээ хэмжилт хийж дутуу м.кв байвал гомдол гаргах эрхтэй гэсэн. Гэтэл худалдан авч байгаа тал орон сууцыг хүлээн авч орсон тул дутуу м.кв-тай гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж хариуцагч талд ашигтай байдлаар тайлбарлаж 3,174,000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн. Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн ажил зогссон гэдгийг хариуцагч тал нотлоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.    Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2.           Нэхэмжлэгч Г.У хариуцагч А-д ХХК-д холбогдуулан алданги 34,786,154 төгрөг, орон сууцны талбайн зөрүү төлбөр 3,174,000 төгрөг, нийт 37,960,154 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасган алданги 21,160,943 төгрөг, орон сууцны талбайн зөрүү төлбөр 3,174,000 төгрөг, нийт 24,334,943 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч олох ёстой байсан орлого 1,522,372 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3.           Анхан шатны шүүх алданги гаргуулах шаардлагыг хангаж, эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн атлаа үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авсан тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэх үндэслэлээр орон сууцны талбайн зөрүү төлбөр гаргуулах шаардлагыг, хариуцагч хуульд заасан үүргийнхээ дагуу нэхэмжлэгчид нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголттой баримт олгосон, нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс шалтгаалан хариуцагчид хохирол учирсан гэж үзэхгүй, улмаар шаардах эрх үүсээгүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн энэ шийдвэрт зохигч гомдол гаргаагүй байна.

 

4.           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээг худалдах-худалдан авах гэрээ гэж буруу дүгнэсэн, ...анзыг гэрээний нийт үнийн дүнгээс тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...хариуцагчийн зүгээс хууль болон гэрээнд заасны дагуу 305 хоногийн хүндэтгэн үзэх шалтгаантай гэж нотолсоор байхад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалтыг хэрэглээгүй нь хариуцагчийг илтэд хохироосон гэжээ.

4.1.            Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Учир нь ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох ирээдүйд бий болох эд хөрөнгө нь захиалагчийн хүсэл зоригийн дагуу бий болдог буюу захиалагч тухайн эд хөрөнгийн хэлбэр хэмжээ, шинж чанарыг тодорхойлдог. Талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний агуулгаас үзэхэд орон сууцны зураг төсөл, зохион байгуулалт, хэмжээ, бүтээц зэргийг хариуцагч тодорхойлсон буюу нэхэмжлэгчийн хүсэл зоригоос үл хамаарч байх тул ажил гүйцэтгэх гэрээнээс илүүтэйгээр худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ирээдүйд бий болох эд хөрөнгийг худалдан авсан гэж үзэхээр байна.

4.2.            Алданги гаргуулах шаардлагын талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийхдээ зохигч гэрээгээр ямар үүрэг хүлээсэн, үүрэг гүйцэтгэх хугацаа, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр бичгээр тохиролцсон эсэх, үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх нөхцөл бий болсон эсэх зэрэг үйл баримтыг тогтоох нь ач холбогдолтой.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөх анзыг алданги гэнэ гэж, 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заажээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ бичгийн хэлбэртэй, уг гэрээний 4.2-т Гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг ашиглалтад өгөх хугацааг 60 хоног, түүнээс дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.1 хувиар тооцон алданги захиалагч талд төлнө гэж заасан байна.

Иймээс талууд үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол алданги төлөхөөр бичгийн гэрээгээр харилцан тохиролцсон гэж үзнэ.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхийг хуульчилсан байна.

Орон сууц захиалгын гэрээний 1.2-т зааснаар орон сууцыг 2020 оны 1-р улиралд багтаан барьж улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулах бөгөөд энэ үүргээ хариуцагч зохих ёсоор биелүүлээгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасан.

Хэргийн 2 дугаар хавтасны 77-82 дугаар талд авагдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтээр орон сууцыг ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн, орон сууцыг хүлээлгэн өгөх гэрээнд заасан хугацаа хэтрүүлснийг хариуцагч үгүйсгээгүй, гагцхүү зохигчийн маргааны зүйл нь орон сууцны нийт үнийн дүнгээс алдангийг тооцсон болон цар тахлын улмаас эдийн засгийн хүндрэл бий болсон, цаг агаарын тааламжгүй байдлын улмаас барилга угсралтын ажил гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх үндэслэл заан талууд мэтгэлцсэн байна.

Хариуцагч нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулж, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргийг хүлээсэн, уг үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул орон сууцны үнээс алданги тооцож шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцнэ.

4.3.        Анхан шатны шүүх Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг хасч хариуцагч нь үүрэг гүйцэтгэх хугацааг 278 хоногоор хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт нийцжээ.

Хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 76,118,500 төгрөг бөгөөд үүнээс дээрх хугацаагаар алданги тооцоход 21,160,943 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэгч алдангид 21,160,943 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримталж хэргийн нөхцөл байдлыг буюу хариуцагчийн алдангийг багасгах хүсэлт, энэ хүсэлтийн үндэслэлд заасан цар тахлын нөхцөл байдлын улмаас үүргээ гүйцэтгэх боломжгүй болсныг харгалзан алдангийг багасгаж, анхан шатны шүүхийн тогтоосон хэмжээний 50 хувиар буюу 10,580,472 төгрөгийг гаргуулах нь хууль зөрчихгүй гэж дүгнэв.

 

5.           Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг үндэслэсэн нь оновчгүй болжээ.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах үндэслэлийг зохицуулсан. Нэхэмжлэгч нь худалдан авсан орон сууцны талбайн хэмжээ гэрээнд заасан хэмжээнд хүрээгүй гэж үнийн зөрүүг шаардсан байх тул мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг баримтлах нь оновчтой.

 

6.           Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2022/02527 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А-д ХХК-аас 10,580,472 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.У-долгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,754,471 төгрөгт холбогдох хэсгийг болон 1,522,372 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын 267,755 гэснийг 184,238 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263,755 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.БЯМБАСҮРЭН