Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/02125

 

 

 

 

 

 

 

 

2022 12 16 210/МА2022/02125

 

 

*** ТӨХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 24-ний өдрийн 184/ШШ2022/03234 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *** ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *** д холбогдох, цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 1,353,569 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** , *** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний ****** дугаартай, ****** кодтой хэрэглэгч *** нь цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 2017 оны 08 сарын 13-ны өдрөөс 2020 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл 1,353,569 төгрөгийг төлөлгүй байгууллагыг хохироож байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрөө төлөхийг хэрэглэгчийн бүртгэлтэй дугаарт мессежээр удаа дараа илгээж, хэрэглээг түдгэлзүүлж, авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ хийхийг зөвлөх зэрэг шат дараалсан арга хэмжээнүүдийг авсан боловч одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагчаас 1,353,569 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: *** миний бие 2017 оны 02 сард хэрэгт холбогдож 2019 оны 11 сард суллагдан гарч ирээд 2020 оны 01 сард цахилгаанаа залгуулаад гэртээ эргэн ирсэн боловч тогоо залгуулж чадалгүй 2020 оны 04 сард гадаадаас ирсэн гэж худал хэлж тогоо залгуулсан. Тогны төлбөр тухайн үед 400,000 төгрөг гэж байгаад 1,000,000 гаран болсон. Би 2020 оны 05 сард барилга дээр ажиллаж байгаад бэртээд ажил хийж чадахгүй байж байтал Монгол улс даяар хөл хорионд орж одоо гайгүй болох нь гэж байтал барилга дээрээс унаж нуруугаа хугалж, дагз цуурч ажил хийх боломжгүй болоод төлбөрөө төлөх боломжгүй болсон. Ер нь бол хорих ангид байх хугацааны төлбөрийг би байгаагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин 2020 оны 03 сараас хойшхи төлбөрийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *** гээс цахилгаан эрчим хүчээр хангасны төлбөрт 902,332 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ТӨХК-д олгож, нэхэмжлэлээс 451,237 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,607 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 26,205 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 24-ний өдрийн 184/ШШ2022/03234 дугаар шийдвэрийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч *** ТӨХК нь хариуцагч *** д холбогдуулан 2017 оны 08 сарын 13-ны өдрөөс 2020 оны 11 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 1,152,126 төгрөг, алданги 201,443 төгрөг, нийт 1,353,569 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч *** нь дээрх шаардлагын зарим хэсгийг ...эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил хийх боломжгүй болсон, хорих ангид байх хугацааны төлбөрийг зөвшөөрөхгүй... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Талууд 2020 оны 01 сарын 31-ний өдөр ****** тоот Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулж, нэхэмжлэгч *** ТӨХК нь цахилгаан эрчим хүчээр хангах, хариуцагч *** нь цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрийг төлөх, гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутам 0.3 хувийн алданги төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна.

 

4.   Хариуцагч *** , гэрээнд дурдагдсан *** тоот айл өрх 2017 оны 08 сарын 13-ны өдрөөс 2020 оны 11 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 1,152,126 төгрөгийн цахилгаан эрчим хүч хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /хх 17-19, хх 37-38/, Авлага баталгаажуулах маягт /хх 36/ зэрэг баримтаар нотлогдож байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *** нь хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг төлөх үүргийг хүлээнэ.

Эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилгүй байгаа, хорих ангид хоригдож байсан гэх нөхцөл байдал нь хариуцагч *** г Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ-ний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

5.   Нэхэмжлэгч нь алданги гэж 201,443 төгрөг шаардаж байх боловч алдангийн тооцоолол тодорхойгүй, ямар дүнгээс ямар хугацаанд хэрхэн тооцсон нь ойлгомжгүй байх тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

6.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч *** ТӨХК-аас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 24-ний өдрийн 184/ШШ2022/03234 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч *** гээс 1,152,126 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ТӨХК-д олгож, үлдэх 201,443 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...26.205 төгрөг... гэснийг ...32,201 төгрөг... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 11 сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 14,187 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Д.НЯМБАЗАР