Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00085

 

 

 

 

 

 

 

2023 01 06 210/МА2023/00085

 

 

*** ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Энэбиш , шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 02-ны өдрийн 101/ШШ2022/04596 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *** ын нэхэмжлэлтэй, хариуцагч *** , *** нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 186,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** , хариуцагч нарын өмгөөлөгч ***, ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: *** , *** нар нь 2020 оны 12 сард бизнесийн эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байна 150,000,000 төгрөг зээлдүүлээч гэж гуйсан. Ингээд 2020 оны 12 сарын 25-ны өдөр 150,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай эхнэр *** тай нь зээлийн гэрээ байгуулж зээлдүүлсэн. Зээлийг хугацаандаа төлөхгүй бол гэрээний 6.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тусгасан. Зээлдэгч нар гэрээний хугацаанд хүүг төлж байсан боловч үндсэн мөнгөнөөс нэг ч төгрөгийг төлөөгүй. Гэрээний хугацаа дуусахад *** , *** нар үндсэн мөнгөө төлөх гэсэн чинь мөнгө бүтэхгүй байна гэрээг үргэлжлүүлэн сунгаж хоёр найз нь хүүг нь төлж байя гэсний дагуу гэрээг сунгаж *** , *** нар зээлийн хүүг сар бүр тогтмол төлж байсан. Ингээд *** нь 2021 оны 12 сарын 25-ны өдөр *** гийн нэр дээр байсан зээлийн гэрээг өөрийн нэр дээр болгон зээлдэгчийг сольж гэрээг 6 сараар байгуулсан. Тус гэрээний хугацаа 2022 оны 06 сарын 25-ны өдөр дуусч *** ас мөнгөө шаардахад хүнээс мөнгө зээлэх гээд хөөцөлдөөд бүтэхгүй байна хугацаа сунгаж өгөөч гэхэд нь итгэн 45 хоног хүү тооцохгүй байхаар тохирч хугацааг 2022 оны 08 сарын 09-ний өдөр хүртэл хугацааг сунгасан. Гэтэл хугацаа дуусахад *** дахин хугацаа өгөөч гэх болсон. Иймд *** , *** нараас зээл 150,000,000 төгрөг, 2022 оны 06 сарын 25-ны өдрөөс 2022 оны 08 сарын 12-ны өдрийг хүртэлх 48 хоногийн алданги 36,000,000 төгрөг, нийт 186,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч нар хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсанаар 2020 оны 12 сарын 25-ны өдөр *** нь *** тай зээлийн гэрээ байгуулан 150,000,000 төгрөгийг авсан нь үнэн. Мөнгийг дансаар биш бэлнээр хүлээн авсан. Зээлийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2021 оны 06 сарын 25-ны өдөр дууссан. Хариуцагч нар 2021 оны 01 сарын 25-ны өдрөөс 2022 оны 05 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд бэлэн болон дансаар нийт 134,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. *** аас зээл авсан хугацаанд хил гааль хаагдан, бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. *** нь хариуцагч нарын санхүүгийн хэрэгцээг далимдуулж, шударга бусаар хэт өндөр хүү тогтоон их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүүгийн хэмжээг бууруулж өгнө үү. 2021 оны 12 сарын 25-ны өдөр дахиж гэрээ байгуулсан боловч мөнгө шилжиж ирээгүй байхад хүү, алданги тооцон нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Анх байгуулсан гэрээний хугацаа дууссан тул хүү, алданги тооцох ёсгүй. Хариуцагч нар үндсэн зээлээс 15,500,000 төгрөг дутуу талаар маргаагүй. Хэрэв гэрээг сунгасан бол гэрээ дүгнэсэн акт байх ёстой. 6 сарын хүү нь 45,000,000 төгрөг ба үлдэгдэл мөнгө 15,500,000 төгрөг боловч одоо 200,000,000 орчим төгрөг нэхэмжилж байгаад гайхаж байна. Ковид-19 цар тахлаас шалтгаалан бараа таталт удааширсан. Мөн 2021 оны 12 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон талаар нэхэмжлэгч тал нотолж чадахгүй байна. Мөн лангуу барьцаалах талаар гэрээ байгуулах ёстой байсан. Нэхэмжлэгчийн зүгээс 0,5 хувийн хүү тооцож гэрээнд гарын үсэг зуруулсан нь үндэслэлгүй гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *** гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 96,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 89,500,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч *** д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,087,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** гаас 640,450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *** д олгож шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар хариуцагч нартай харилцаж байсан тухай үйл баримтыг нотлох, цаашлаад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох зорилгоор фейсбүүк чатад үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх үндэслэлгүй шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан атлаа хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, төлбөр тооцооны асуудалд үндэслэлгүй буруу дүгнэлт хийсэн. Хэрэв үзлэг хийж хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг бүрдүүлсэн бол хариуцагч нар үндсэн зээлээ төлөөгүй, үндсэн зээлээ төлөх хүсэл зоригоо илэрхийлж байсан үйл баримтуудыг тогтоогдохоос гадна 2022 оны 6, 7, 8 сарын байдлаар үлдэгдэл төлбөрийн талаар хэрхэн харилцаж байсан үйл баримт мөн тогтоогдох юм.

4.б. Анх зээлийн гэрээг *** тай бичгээр байгуулсан боловч зээлийн гэрээг сунгах байдлаар гэрээг шинэчилж түүний нөхөр болох *** гэрээ байгуулсан. Гэвч анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж чадаагүй. 2020 онд авсан зээлийн гэрээний дагуу 2022 оны 06 сар хүртэлх хугацаанд сар бүр хүүнд 7,500,000 төгрөг төлөхөөр тохиролцож, хариуцагч гэрээгээр хүлээсэн хүү төлөх үүргээ ухамсарлаж, зээл авсан өдрөөс хойш тогтмол хүү төлсөөр ирсэн. Хэрэв анхан шатны шүүх болон хариуцагч нарын хэлсэн үнэн бол төлсөн төлбөр нь үндсэн зээлээс хасагдах байсан. Гэвч талууд 2022 оны 06 сар хүртэл үндсэн зээл 150,000,000 төгрөгөөс хүү тооцож, өгч авалцсан нь үндсэн зээл болох 150,000,000 төгрөг төлөгдөөгүй буюу өмнө нь төлсөн гэх төлбөрүүд нь хүүгийн төлбөр байсны илэрхийлэл юм.

4.в. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ...зээлдэгч бус этгээдтэй дахин гэрээ байгуулснаар хариуцагч *** тай байгуулсан гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэх үндэслэлгүй... гэж, мөн ...нэхэмжлэгч нэхэмжлэлдээ өр шилжсэн талаар дурдаагүй... гэж хуулийг буруу тайлбарлаж дүгнэсэн. Хариуцагч нараас шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ бид дараах байдлаар мөнгийг төлсөн, ...*** , *** бид нэг гэр бүлийн хүмүүс... гэж бичсэн байдаг. Гэтэл шүүх эхнэр *** тай байгуулсан гэрээний хугацааг *** тай байгуулсан 2021 оны 12 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр сунгагдсан гэж үзэхгүй хэмээн хэт өрөөсгөл дүгнэлт хийсэн. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино... гэж заасан. *** тай байгуулсан 2021 оны 12 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ нь өмнөх 2020 оны зээлийн гэрээний хугацааг харилцан тохиролцож сунгасан нэмэлт гэрээ бөгөөд энэ нь Иргэний хуулийн 199 дүгээр 199.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл байсан. Нөгөөтэйгүүр, харилцан тохиролцож нөхөр *** нь өөрийн эхнэрийн өр төлбөрийг шилжүүлж авч байгаа явдал гэдгийг нотолно. 2021 оны 12 сарын 25-ны өдрийн гэрээний хавсралтад хүү *** гэж 2022 оны 01 сараас 06 сарын хооронд төлж, гарын үсэг зурсан байдлаар нотлогдоно. Энэ өдрийн гэрээгээр мөнгөн хөрөнгийг бодитоор өгөөгүй, харин гэрээг сунгаж, үүргийг өөртөө шилжүүлж авсан талаар нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд хангалттай тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд амаар гаргасан зохигчийн тайлбар нотлох баримтад тооцогддог.

4.г. Мөн хэргийн 12 дахь талд ***-ын өөрийн гараар бичсэн ...*** би лангуугаа өгч чадахгүй болно. Энэ лангуугаар бид нар өөрсдөө ажиллаж амьдарч байгаа. Иймд одоо 150 сая зээлж авсан мөнгөний оронд лангуу өгөх боломжгүй. Хүсэлт гаргасан: /***-ын гарын үсэг/ 2022.08.09... гэх баримтыг хариуцагч тал үгүйсгээгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ уг гэрээг үнэлээгүйгээс шалтгаалж *** д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож хариуцлагаас чөлөөлсөн. Мөн 2021 оны 06 сарын 25-ны өдрөөс 2022 оны 06 сарын 25-ны өдөр хүртэлх 6 сарын хүүд төлсөн 44,500,000 төгрөгийг хариуцагчийн төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдлээс хасаж тооцсон. Иймд хамтран хариуцагч ***-ыг хариуцлагаас чөлөөлсөн хэсгийг өөрчилж, зээлийг түүнд хамтран хариуцуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нараас 186,000,000 төгрөг гаргуулах, эсхүл анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5.   Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн дурдсан хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, процессын алдаа гаргасан зүйл байхгүй. Талуудын хооронд байгуулагдсан эхний гэрээгээр эхнэр *** зээлийн гэрээ байгуулж 150,000,000 төгрөг авсанд талууд маргаагүй. Дараагийн буюу 2 дахь зээлийн гэрээг *** тай байгуулсан. Анхан шатны шүүх тус 2 гэрээний эрх зүйн үр дагаврыг зөв, оновчтой тайлбарласан. Иргэний хууль болон гэрээнд мөнгийг шилжүүлж өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан. Хэдийгээр *** , *** нар гэр бүлийн харилцаатай боловч тус тусдаа эрх зүйн харилцаанд оролцох чадвар, чадамжтай субъектүүд юм. Хоёр дахь гэрээгээр мөнгө шилжүүлж өгөөгүй атлаа өгсөн мэтээр тусгаж, мөнгө шилжүүлсэн эсэхэд маргадаггүй. Анхан шатны шүүх 2 дахь гэрээнээс хүү тооцохгүй, учир нь бичгээр байгуулагдаагүй гэж дүгнээгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан гэрээ байгуулагдаагүй учраас 2 дахь гэрээний үр дагавар яригдахгүй гэх дүгнэлт хийсэн гэжээ.

 

6.   Хариуцагч *** давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч *** гаас 96,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 15,500,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдсэн 81,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул давж заалдах гомдол гаргаж байна.

6.а. Анхан шатны шүүх алдангийг тооцохдоо буруу аргачлалаар бодож гаргасан. Гэрээний хугацаа дуусаж шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 1 жил 79 хоног буюу 444 хоног хэтэрсэн тул 1 хоногт 750,000 төгрөгөөр, 444 хоногт 333,000,000 төгрөг, үүний 50 хувь нь 75,000,000 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгч алдангид 36,000,000 төгрөгийг нэхэмжилсэн тул уг шаардлагын хүрээнд алдангид 36,000,000 төгрөг төлөх үүрэгтэй талаар дурдсан. Гэтэл дээрх хугацаанд сар бүр 7,500,000 төгрөг төлсөөр байхад яагаад гэрээний хугацаа дууссан буюу 2021 оны 06 сарын 25-ны өдрөөс эхлэн үндсэн зээл 150,000,000 төгрөгөөс алданги тооцож байгааг ойлгохгүй байна.

6.б. Нэхэмжлэгч нь 2020 оны 12 сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусахад үргэлжлүүлэн *** тай зээлийн гэрээ байгуулан ...сар бүр хүү төлөөд явж бай... гэж тохиролцсоны дагуу сар бүр 7,500,000 төгрөг төлөөд явж байхад шүүх уг мөнгийг үндсэн зээлээс хасаж тооцохгүйгээр шууд алданги тооцож байгаа нь үндэслэлгүй.

6.в. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зээлийн хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх ашигт илт хохиролтой туссан бол шүүх хасаж болохоор зохицуулсан. Цар тахалтай, хил гааль хаагдсан, бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалтай, нэхэмжлэгчийн зүгээс санхүүгийн хэрэгцээг далимдуулан өндөр хүү тогтоосон байхад шүүх дээрх байдлыг харгалзан хүүг багасгаж өгөх ёстой гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 96,500,000 төгрөгөөс 81,000,000 төгрөгийг хасаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: 150,000,000 төгрөг зээлсэн, түүнээс 135,000,000 төгрөгийг буцаан төлсөн. Бид хүүтэй мөнгө зээлээгүй, үлдсэн 150,000,000 төгрөгийг хүүгүй зээлсэн гэх агуулгыг илэрхийлсэн. Гэхдээ хүү төлсөн мөнгөнөөс алданги тооцсон гэх зөрүүтэй агуулга байна. Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжтой. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид хүлээлгэн өгснөөр гэрээ байгуулсанд тооцно. Гэрээ сунгах, нэмэлт гэрээ байгуулах зэрэг асуудлыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар харилцан тохиролцож хийдэг. Иймд агуулгын хувьд хүлээн зөвшөөрч, хүү төлж байсныг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэл тогтоогдсон тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2.   Нэхэмжлэгч *** нь хариуцагч *** , *** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 150,000,000 төгрөг, алданги 36,000,000 төгрөг, нийт 186,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ ...зээлдэгч нар зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүүг төлж байсан, зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч нарын хүсэлтээр гэрээний хугацааг сунгасан боловч зээлээ буцаан төлөөгүй... гэх агуулгаар тайлбарлажээ. /хх 1/

Хариуцагч *** нь дээрх шаардлагаас 15,500,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг ...2020 оны 12 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 134,500,000 төгрөгийг буцаан төлсөн, зээлийн хүүг зээлдэгчид хэт хохиролтойгоор тогтоосон, Ковид-19 цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдсон, харин 2021 оны 12 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу *** аас мөнгө аваагүй... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргасан бол хариуцагч *** нь татгалзлын үндэслэлээ ...2021 оны 12 сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан боловч уг гэрээний дагуу зээл олгогдоогүй... гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ. /хх 60, 115-116, 119/

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1, 25.1.3-т зааснаар хэргийн оролцогч нь үзлэг хийлгэх ажиллагааг гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.

3.а. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох зорилгоор хариуцагч талтай цахимаар /messenger/ харилцаж байсан гэх нийт 37 хуудас нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч, үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасныг шүүх ...хүсэлтэд дурдсан *** , *** гэх хаяг нь хариуцагч нарын эзэмшдэг хаяг гэж үзэх боломжгүй. Энэхүү хаягийг төлбөргүйгээр дурын этгээд холбогдох системд үүсгэх боломжтой... гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. /хх 66, 67-104, 107-108/

Учир нь, шүүхийн зүгээс *** гэх цахим хаяг хариуцагч ***-ын эзэмшдэг хаяг мөн эсэх, мөн *** гэх цахим хаяг нэхэмжлэгч *** ын эзэмшдэг хаяг мөн эсэх талаар тодруулах боломжтой байсан.

Түүнчлэн, хариуцагч *** нь өмнө дурдсан *** гэх цахим хаягийг эзэмшдэггүй гэж маргаж, түүнийгээ нотолсон талаарх баримт хэрэгт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

3.б. Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хариуцагч талтай цахимаар /messenger/ харилцаж байсан гэх 37 хуудас нотлох баримтыг хүлээн авч, хэрэгт хавсаргасан атлаа түүнийг нотлох баримтын шаардлага хангуулах буюу үзлэг хийлгэн бэхжүүлэх хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахгүй орхиж шийдвэрлэснийг хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.

3.в. Нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн дээрх нотлох баримтыг үзлэг хийн бэхжүүлснээр зохигчдын маргаж байгаа үйл баримт буюу зээлийн гэрээний хугацаа сунгагдсан эсэх, хариуцагч *** зээлийн гэрээний үүрэг хүлээх эсэх талаар эрх зүйн дүгнэлт өгөх боломжтой болох юм.

 

4.   Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, залруулах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 02-ны өдрийн 101/ШШ2022/04596 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *** аас улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 12 сарын 14-ний өдөр урьдчилан төлсөн 1,088,000 төгрөг, хариуцагч *** гаас улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 12 сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 596,250 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

 

Д.НЯМБАЗАР