| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0160/Э |
| Дугаар | 00169 |
| Огноо | 2018-11-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 00169
Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгч Б.У , түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Аймгийн прокурорын газрын хууль цаазын ахлах зөвлөх Ц.Гэрэлбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баярсайханы Б.У т холбогдох эрүүгийн 1815002550175 дугаартай, 163/2018/0160/Э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б.У
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.У нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Б.Н зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйлгүй гэв.
1815002550175 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Хохирогч Б.Н ийн өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр би Булган аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн Авзагын “Цагаан дов” гэх газарт гэртээ байсан. Нөхөр Б.У малдаа явж ирээд хоёр хүүхдийнхээ төлбөр мөнгийг аваад явна гэж бодоод л сууж байна уу гэх мэт зүйл яриад үүнээс болж бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би чи яахаараа үргэлж ингэж байдаг юм бэ гэхэд чи дарвалзлаа энэ тэр гээд намайг гэрийн баруун талын орон дээр сууж байхад гараараа зүүн нүд рүү нэг удаа маш чанга цохьсон ба би уйлаад болиоч гэхэд чи ориллоо, гэрээс зугтах гээд байгаа юм уу гээд бакалан гуталаа тайлчихаад гараараа цохиод байсан..., зүүн гараараа нэг удаа, мөн энд тэндээс базаж, барьснаас болж бие хөхөрсөн. Зүүн талын хавирганы орчимд бакал гуталаараа нэг удаа цохьсон. Тухайн үед зүүн талын цээж өвчтэй, зүүн нүд хөхөрч хавдсан, гар, хөл хөхөрсөн өвчтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуудас/,
Гэрч Г.*******ын өгсөн: “... ер нь байнга зоддог. Манай дүү Б.У тай суухдаа дагавар том болсон хоёр хүүхэдтэй суусан. Хүүхдийн сургуулийн төлбөр болон мөнгөний асуудал гарахаар маргалдаж үүнээс болж зодоод байдаг. Хамтран амьдарсан 6 жилийн хугацаанд манай гэр бүлийнхэн зодсоныг мэдээд 4 удаа очиж авч явж байсан. Өнгөрсөн зуны 7 дугаар сарын сүүл 8 дугаар сарын эхээр зодож хавиргыг нь хугалсан бөгөөд сумын нэг эмэгтэй түүнийг замын унаанд суулгаж өгч гэртээ ирж байсан..., тухайн үед ирэхэд бөөрөн дээр нь бакалны мөр гарчихсан, мөр нь хөхөрсөн, гар, хөлийн булчин олон удаа хөхөрч, няцарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 9392 дугаар: 1.Б.Н биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцарал, цус хуралт, зүүн нүдний алимны дотор салстын цус харвалт, зүүн шууны цус хуралт, зүүн шилбэний шарх, зөөлөн эдийн няцарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаар саринуулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 30 хуудас/,
Яллагдагчаар Б.У ын өгсөн: 2013 оноос хойш энэ эхнэр Б.Н тэй хамтран амьдарч байгаа. Албан ёсоор бид 2 гэрлэлтээ батлуулаагүй. Дундаасаа бид 2 хүүхэдгүй. 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр эхнэр бид 2 гэр бүлийн асуудлаас болж маргалдаад тэгээд би уурандаа эхнэрээ гараараа зүүн нүднийх нь орчимд нэг удаа цохьсон. Тэгээд хөлөөрөө зүүн сүвээний орчимд нь нэг удаа өшиглөчихсөн юм. Тэгээд биед нь хөхрөлт гэмтэл үүссэн байсан. Тэгээд эхнэр маань гэртээ 2 хоног хэвтэж байгаад Улаанбаатараас эгч нар нь цагдаад хандсан. Би эхнэрээ зодож биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би эхнэртээ учруулсан гэмтлийг эмчлүүлэх хохирол мөнгийг бүгдийг нь барагдуулсан. Эмчилгээнд нь 550000 төгрөг өгсөн. Сүүлд нь 1800000 орчим төгрөгийг 3 удаа хувааж өгсөн. Одоо хохирол гомдолгүй болгосон ба одоо бид 2 учраа олоод хамт амьдарч байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 35 хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 хуудас/,
Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 23/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 хуудас/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 хуудас/
Хохирол төлбөр төлсөн баримт /хх-ийн 43-44 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.У нь 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Б.Н зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, өөр хорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.У ын холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.У ыг хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.У т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9, 36.2 дугаар зүйлийн 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.У ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.У нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН