Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/325

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгчид Н.Нямсүрэн, М.Эрдэнэ-Очир нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Ү.Болдбаатар,

Нарийн бичгийн дарга Х.Заяа,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Шүүгдэгч П.Оын өмгөөлөгч Б.Отгонцэцэг, В.Энхболд,

Шүүгдэгч Э.Мгийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч П.О, Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М нарт холбогдох эрүүгийн 1838005340295 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч П.Онь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Э.Мгийн цээж, гарын шууны тус газарт хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Э.М нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн П.Оыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Онь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Э.Мгийн цээж, гарын шууны тус газарт хутгалж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
       Шүүгдэгч  Э.М нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн П.Оыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч П.Оын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “… Э.Мг цохиход би газар унасан. Тэгтэл Э.М намайг гэрээс чирж гаргаж байгаад дахиад зодож байсан. Аавын гэрээс гарахдаа аяга тавагны шүүгээн дээр байсан эрээн иштэй хятад улсад үйлдвэрлэсэн, ахуйн зориулалттай хутгыг аваад гутлынхаа түрийнд хийгээд буцаад хадам эмээгийндээ яваад очтол Э.М дахиад намайг хэл амаар доромжлоод ална шүү гээд заналхийлээд зодоод байхаар нь би түрүүндээ байсан хутгаар Э.Мгийн цээж рүү 1 удаа хутгалсан юм. Э.М бид хоёр ноцолдож байхдаа гарынх нь шуу хэсэгт хоёр удаа хатгуулчихсан байсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Э.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би П.Оахыг эхэлж нэг цохиж унагаад гэрээс чирж гаргаж байгаад дахиад нилээн хэдэн удаа цохиж, өшиглөсөн...Тэгээд П.Оах юу ч ярилгүй яваад өгсөн. Би буцаж гэртээ ороод сууж байтал П.Огаднаас дахиад ороод ирэхээр нь би П.Оахад хандан чамайг ална шүү, манай эгчийг битгий архи ууж зовоогоод бай гэж хэлээд дахиад нэлээд хэд цохисон…Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...П.Оахыг эхлээд би цохиод гэрээс чирж гаргаж байгаад зодсон. Тэгэхэд манай эгч бид хоёрыг салгасан. П.Оах тэгээд хашаанаас гараад яваад өгсөн ...П.Оах хэсэг хугацааны дараа буцаад ороод ирсэн. Тэгэхээр нь би гэрээс чирж гаргаад бид хоёр хоорондоо бие, биенийгээ цохиж байтал П.Оах гутлынхаа түрийнээс хутга гаргаж ирээд миний цээжний зүүн хэсэг рүү нэг удаа, гарын шуу хэсэг рүү хоёр удаа хутгалсан...Одоо надад гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг,

Хохирогч П.Оын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....Манай хадам дүү Э.Мтэй маргалдаж, муудалцаад Э.М бид хоёр гэрээс гарч зодолдсон. Би Э.Мд зодуулчихаад өөрийн дунд охиноо аваад өөрийн төрсөн аав Пүрэвжавын гэрт очоод буцаад хадам эмээгийнд очиж Э.Мтэй дахин зодолдсон...Одоо гомдол саналгүй...” гэх мэдүүлэг,

     Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Би ээжийнхээ гэрт дүү Э.М, ээж болон 4 хүүхдийнхээ хамт байж байтал 04 цагийн үед манай нөхөр гаднаас халамцуу орж ирсэн. Манай нөхрийг гаднаас ороод ирэнгүүт манай дүү Э.М манай нөхөрт хандан, та яагаад манай эгчид гар хүрч архи уугаад тэнээд байдаг юм гэж хэлээд босож ирээд манай нөхөртэй барилцаад авсан. Тэгээд манай дүү Э.М манай нөхрийг зодоод гэрээс чирээд гаргасан. Тэгсэн манай нөхөр яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа манай нөхөр гаднаас дахиад ороод ирсэн, орж ирэхдээ манай дүү Э.Мд хандан чи яагаад манай амьдралд оролцоод байгаа юм бэ гэж хэлсэн чинь манай дүү босож ирээд дахиад барилцаад автал, манай нөхөр П.Огутлынхаа түрийнээс хутга гаргаж ирээд Э.Мгийн цээжний хэсэг рүү 1 удаа, гарын шуу руу нь 2 удаа хутгалсан. Тэгсэн Э.Мгээс цус олгойдож гараад байхаар нь би хүн алчлаа, болиоч гэж хашгирахад П.Ояваад өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/,

     Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…2018 оны 07 дугаар сарын 5-ны өдөр би ажил дээрээ байж байтал 17 цаг 30 минутын үед ... хүн хутгалуулсан цус алдаад байна гэсэн дуудлага ирсэний дагуу бага эмч Наранцогт, Мөнх-Үйлс, Амаржаргал, сувилагч Туяа нарын хамтаар очиход Э.М нь биеийн байдал хүнд, зүүн гарын шуу, тохойн үений орчим хоёр зүсэгдсэн шархнаас их хэмжээний цус алдсан байдалтай, зүүн талын суганы шугамаар зургаа, долдугаар хавирганы орчим зүсэгдсэн шархнаас их хэмжээний цус алдсан байдалтай, ухаан балартсан байшингийн гадаа хэвтэж байсан. Хүргэн ахтайгаа маргалдаад хутгалуулчихлаа л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-23 дугаар хуудас/,

        Гэрч Э.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Анх дуудлагаар очиход маш их хэмжээний цус алдсан байдалтай, байшингийнхаа үүдэнд хэвтэж байсан. Хажууд нь Туяа сувилагч, төрсөн эгч Сарантуяа нар байж байсан. Бид нар тухайн хутгалуулсан хүнд цус тогтоох тариа хийж, алдсан цусыг нөхөх шингэн хийсэн. Тэгээд гэрт нь Э.Мгийн хутгалуулсан цээж болон гарын шуунд нь оёдол тавьж эмнэлэгт авчирсан. Тэр шөнөө аймгийн нэгдсэн эмнэлгийн тасагт дуудлага өгч, аймгаас мэс заслын эмч нарын баг ирээд уушгинд гуурс тавих ажилбар хийсэн. Хүргэн ахтайгаа маргалдаад хутгалуулчихлаа л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-25 дугаар хуудас/,

        Гэрч Г.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “… Э.Мгийн эгч Сарантуяа хашааны цаанаас намайг дуудаад манай дүү хүнд хутгалуулчихлаа цус алдаад байна ороод ирээч гэж хэлэхээр нь би Э.Мгийн эмээгийн хашаанд яваад ортол Э.М байшингийн үүдэндээ цус алдсан зогсож байсан ...Манай хүргэн П.Охутгалчихлаа л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/,

        Гэрч Л.П-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…манай эхнэр хоол хийх гэж байгаад хутгаа хайгаад олоогүй. Тэгээд би П.Оманай хутгыг аваад явсан юм байна даа гэж эхнэртэйгээ хоорондоо ярьж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-30 дугаар хуудас/,

  Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 335 тоот дүгнэлтэд:

1.2 Э.Мгийн биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх болон зүүн тохой, шуунд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг үедээ үүсгэгдсэн байна.

4. Э.Мгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 40 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 334 тоот дүгнэлтэд:

1.2. П.Оын биед духанд шарх, зүүн зовхи болон зүүн шагайн үенд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг үедээ үүсгэгдсэн байна.

4. П.Оын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй  гэх дүгнэлт /ХХ-ийн 36 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, шүүгдэгч Э.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838005340295 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Э.М, П.Онар нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 64, 68 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогч Э.М, П.Онар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

      Шүүгдэгч П.О, Э.М нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч П.Онь ам бүл 6, эхнэр, 2 сараас 10 насны хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.М нь ам бүл 4, эх, дүү нарын хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

     Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч П.О хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, шүүгдэгч Э.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Э.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      5. Эрүүгийн 1838005340295 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-д урьд авсан хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч П.О урьд авсан хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ХҮРЭЛБААТАР

                                      ШҮҮГЧИД                         Н.НЯМСҮРЭН

                                                                                            М.ЭРДЭНЭ-ОЧИР