| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0157/Э |
| Дугаар | 00171 |
| Огноо | 2018-11-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 00171
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Ц.Сувдаа,
шүүгдэгч Б.П , түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сувдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.П холбогдох 163/2018/0157/Э индекстэй, эрүүгийн 1815002890162 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, урьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 18 дугаар магадлалаар 1 /нэг/ жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Л овогт Б.П
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.П нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт хохирогч Х.Г ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П өгсөн: 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хажуу дэлгүүрээс тамхи авах гээд ортол байхгүй байсан. Тэгээд доод дэлгүүрээс тамхи авах гээд явж байтал *******, Ганзориг 2 зогсож байсан. ******* манайд ороод тамхи татчих гээд гэрт нь тамхи татаад байж байтал хохирогч Х.Г орж ирээд агсан тавиад намайг ална гээд дайраад байсан. ******* бид хоёр болиулах гээд дийлэхгүй байхаар нь би ширээн дээр байсан ус буцалгагч аваад цохьсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
1815002890162 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Хохирогч Х.Г өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 26-ны орой 21 цагийн орчимд Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6а-10-2 тоотод байрлах гэртээ ирэхэд цоожтой байсан. Манай хашаан дотор байдаг баз болох *******ы гэрт ороход тэрээр танихгүй хоёр хүний хамт байж байсан. Тэд архи уусан байдалтай согтуу байсан. Согтуу хүмүүс ярилцаж байхад л хажуугаас орж ирээд л үг сөрцгөөсөн юм шиг байгаа юм. Сууж байсан ус буцалгагчаар миний толгойн оройн хэсэгт тас буугаад явчихсан. Нүүр ам руу цус урссан, их цус гарсан. Үүний дараа эхнэр ирж цагдаа дуудсан. Намайг цохьдог залуу ус буцалгагчаар миний толгойг цохьчихоод зугтаагаад буцаад ороод ирсэн байсан..., надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,
Гэрч Л.*******ийн өгсөн: “... Чи энэ эмийг оруулаад өгчихөөд байдлыг харчихаад ир гээд оруулсан чинь Гантуяа гарч ирээд Ганзориг ахын толгойноос цус гарч байна. ******* ах толгойн дээр нь алчуураар дарчихсан байна гэж хэлсэн. Бид хоёр гайгүй байх гэж бодоод ажил руугаа явчихаад 30-40 минутын дараа эргэж ирээд харсан чинь их цус гарсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Би ямар асуудал болсон талаар асуухад манай нөхөр энэ залуу намайг цохьсон гэж хэлсэн. Тэр залууг Б.П гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/,
Гэрч Т.*******ы өгсөн: “... Б.П тай нэг шил архи уусан. Би их согтоод тасарчихсан байсан. Үүнээс хойш би юу болсон талаар санахгүй байна. Миний санаж байгаагаар толгойг нь цэвэрлэж байснаа санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,
Гэрч Н.*******гийн өгсөн: “... Б.П , ******* бид нар Ерөөл нэртэй нэг шил архийг манай гэрт хувааж ууж дуусгаад Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6а-10-2 тоотод байрлах *******ы гэрт орсон бөгөөд би хэсэг унтсан. Нэг сэрээд харахад Х.Г ийн толгойноос цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 221 дугаар: Магадлуулагч Х.Г биед зулайд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 31-32 хуудас/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 хуудас/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 хуудас/,
Шийтгэх тогтоол, магадлалын хуулбар /хх-ийн 46-78 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.П нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт хохирогч Х.Г ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.П холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.П хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.П д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Б.П нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн ус буцалгагч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгахыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л овогт Б.П хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.П нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн ус буцалгагч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж тус тус шийдвэрлэсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН