Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/00114

 

 

 

 

 

 

 

2023 01 09 210/МА2023/00114

 

 

*** ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 19-ний өдрийн 181/ШШ2022/02348 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *** ын нэхэмжлэлтэй, хариуцагч *** д холбогдох, үндэслэлгүй хөрөнгөжсөн 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2015 оны 09 сарын 02-ны өдөр хариуцагч *** гийн Төрийн банк дахь *** дугаар дансанд 15,000,000 төгрөгийг *** ийн өмнөөс шилжүүлсэн. Гэвч тус мөнгийг миний бие *** т өөрт нь өгөх ёстой байсныг сүүлд мэдсэн бөгөөд миний бие *** д ямар нэгэн өглөг байгаагүй тул дээрх андуурч хийсэн 15,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: *** бид хоёр найз нөхдийн, харин *** бол *** тай гэр бүлийн харилцаатай хүмүүс. 2013 оны 07 сарын 06-ны өдөр *** хороонд байрлах орон сууцны барилгаас 1 давхрын 80 м.кв үйлчилгээний зориулалттай орон сууцыг *** , *** нар надаас худалдан авсан. *** , *** нараас би үндэслэлгүйгээр нэг ч төгрөг аваагүй. Харин ч надаас үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч, шүүхийн шийдвэр гарчихаад байхад өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөхгүй явж байгаа. Миний худалдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгө одоо нэхэмжлэгч *** ын нэр дээр шилжсэнийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдсэн. Нэхэмжлэгч нь надаас үндэслэлгүйгээр 15,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байх тул хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *** гээс 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *** ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** гээс улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** т олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогч болох хариуцагч *** , хариуцагчийн өмгөөлөгч *** нарын шүүх хуралд оролцох, мэтгэлцэх эрхийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч *** нь эмчийн магадлагаа, мөн өмгөөлөгч миний бие 2022 оны 10 сарын 19-ний өдрийн 11 дэх хурлаар *** ы нэхэмжлэлтэй, *** д холбогдох иргэний хэргийн шүүх хуралтай давхацсан тул шүүх хуралдааны мэтгэлцэх зарчмыг хангаж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамт шүүх хуралдаан болохоос өмнө бичгээр өгсөн. Гэвч шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.

4.б. Мөн хариуцагч *** гийн гэрч оролцуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар гэрч оролцуулахаар шийдвэрлэж болох байтал ...хариуцагч нь *** гийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой ямар нөхцөл байдлын талаар гэрчийн мэдүүлэг авахуулах талаараа өөрийн хүсэлтдээ тусгаагүй... үндэслэлээр хангаагүй байна. Хариуцагч *** нь гэрч оролцуулах хүсэлтдээ ...*** ын нэхэмжилж буй мөнгөний талаар манай нягтлан бодогч ажилтай *** г гэрчээр оролцуулах хүсэлтэй байна... гэж тусгасан байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, буцааж өгнө үү гэжээ.

 

5.      Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ирж чадахгүй тохиолдолд тухайн хүндэтгэн үзэх шалтгааныг нотолж шүүхэд ирүүлэх ёстой. Гэвч хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтдээ хавсаргасан баримт нь тэдгээрийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг нотлоогүй. Тухайлбал, хариуцагч *** эмнэлгийн магадлагаа ирүүлсэн боловч 2022 оны 10 сарын 17-ны өдөр өвчний учир ажлаас чөлөөлсөн агуулгатай байсан. Шүүх хуралдаан 2022 оны 12 сарын 19-ний өдөр болсон. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаан болох өдөр хариуцагч өвчтэй байсныг нотлоогүй. Мөн хариуцагчийн өмгөөлөгчөөс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх агуулгатай хүсэлт ирүүлсэн. Хүсэлтдээ хавсаргасан баримтад 11 дэх хурал буюу *** гийн нэхэмжлэлтэй, н.Энхтуяад холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцож байгаа гэсэн боловч тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгааг нотлох баримт ирүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн гэж шүүх үзээд хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй. Мөн гэрч асуулгах хүсэлт гаргасан боловч гэрчийг хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг мэдэж байгаа тохиолдолд асуулгана. Гэтэл ямар асуудлыг тодруулахаар гэрч асуулгах хүсэлт гаргасан нь тодорхойгүй бөгөөд хувь хүний данс руу шилжүүлсэн 15,000,000 төгрөгтэй холбоотой асуудлаар компанийн нягтланг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан. Түүнчлэн, өмнө нь хариуцагч болон түүний өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх, боломжоор хангаж 2022 оны 09 сарын 21-ний өдөр, 2022 оны 10 сарын 05-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг тус тус хойшлуулсан. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэл тогтоогдсон тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2.   Нэхэмжлэгч *** нь хариуцагч *** д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 10/

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...*** гийн данс руу 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн, гэвч тус мөнгийг *** т өөрт нь өгөх ёстой байсныг сүүлд мэдсэн, *** д ямар нэгэн өглөггүй... гэж тайлбарласан бол хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...*** , *** нар гэр бүлийн харилцаатай, *** , *** нар надаас орон сууц худалдаж авсан боловч шүүхийн шийдвэр гарчихаад байхад төлбөрөө төлөхгүй байгаа, миний бие нэг ч төгрөгийг үндэслэлгүйгээр аваагүй... гэж тайлбарлан маргасан байна. /хх 1, 10/

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1, 25.1.3-т зааснаар хэргийн оролцогч нь гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлт гаргах эрхтэй.

Дээр дурдсан эрхийн хүрээнд хариуцагч нь өөрийн татгалзлыг нотлох зорилгоор *** гаас мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх ...хариуцагч нь *** гаас хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой ямар нөхцөл байдлын талаар гэрчийн мэдүүлэг авахуулах тухай өөрийн хүсэлтдээ тусгаагүй... үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. /хх 63, 75-76/

Учир нь, хариуцагч нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ ...*** ын нэхэмжилж байгаа мөнгөний талаар манай нягтлан бодогч ажилтай *** г гэрчээр оролцуулах хүсэлтэй... гэж ямар нөхцөл байдлын талаар гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтэй байгаагаа тодорхой дурдсан байна. /хх 63/

Иймд ...гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлтийг хангахгүй орхисон нь буруу... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

4.   Харин ...хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн, шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хангаагүй... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь:

4.а. Хүсэлтэд хавсаргагдсан Эмнэлгийн магадлагаа нь *** г 2022 оны 10 сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлсөн агуулгатай байх тул 2022 оны 10 сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

4.б. Хүсэлтэд хавсаргагдсан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүх хуралдааны тов гэсэн баримтаар хариуцагчийн өмгөөлөгч *** нь *** ы нэхэмжлэлтэй, *** д холбогдох шүүх хуралдаанд оролцож байгаа гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

5.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 19-ний өдрийн 181/ШШ2022/02348 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 12 сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

 

Д.НЯМБАЗАР