Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
Хэргийн индекс | 130/2016/0058/Э |
Дугаар | 2017/ДШМ/001 |
Огноо | 2016-12-21 |
Зүйл хэсэг | 099.1., |
Улсын яллагч | М.Отгонжаргал |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2017/ДШМ/001
Т.Сд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолтой, Т.Сд холбогдох эрүүгийн 201604000216 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.А, шүүгдэгч Т.С, хохирогч Х.М нар оролцов.
Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1972 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 44 настай, Баян-Өлгий аймгийн Буянт сумын 1 дүгээр багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, *************регистрийн дугаартай, Ш балта овогт Тийн С нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Буянт сумын 1 дүгээр багийн иргэн Х.Мыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “1. Шүүгдэгч Ш овогт Тийн Сыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Шүүгдэгч Т.С нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг анхааруулсугай.” гэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.С шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Буянт сумын 1 дүгээр багийн иргэн Х.Мыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдон хэргээ шүүлгэсэн боловч миний бие шүүхийн шатанд хохирогч Х.Мтай сайн дураар эвлэрч, түүнд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан.
Хохирогч Х.М бид нэг суманд хамт зусаж, намарждаг сайн найз хүмүүс бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогч эвлэрснээ мэдэгдэж, хүсэлтээ шүүх хуралдаанд мэдэгдэж, эвлэрүүлэх арга хэмжээ авах талаар хүсэлтээ хэлсэн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Гэвч шүүхээс хэргийг эвлэрснээр шийдвэрлээгүйд гомдолтой байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д тус тус зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зохицуулалттай. Шүүх хуралдаанд улсын яллагч “гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл нь болохгүй” гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтад ямар ч хамааралгүй гэж үзэж байна.
Иймд миний бие урьд өмнө гэмт хэрэг, зөрчил гаргаж байгаагүй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан холбоо, хохирлыг төлсөн байдлыг харгалзан үзэж, Баян-Өлгий аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний эрх зүйн байдлыг минь дээрдүүлж, надад холбогдох хэргийг хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч бид хоёрыг биечлэн оролцуулж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Т.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид анхан шатны шүүх хуралдаанаар хоорондоо эвлэрсэн. Бид багаасаа хамт өссөн найз улсууд, сайн дураар эвлэрсэн байхад анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байсан. Гэмт хэрэг үйлдэх үедээ архи уусан тохиолдолд хөнгөлөлт байхгүй гэсэн. Үүнд гомдолтой байна. Бид нас тогтсон, гэр бүлтэй, нэг нутгийн хүмүүс. Давж заалдах шатны шүүхээс биднийг эвлэрүүлж өгөхийг хүсэж байна.” гэв.
Хохирогч Х.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Бид сайн дураараа зодолдсон, одоо би найзынхаа хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. Шүүгдэгч хохирлыг төлж өгсөн. Би эмнэлэгт хэвтсэн. Бид анхан шатны хурлаас өмнө эвлэрсэн.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Шүүгдэгч Т.С нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Буянт сумын 1 дүгээр багийн иргэн Х.Мыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх Т.Сыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчтой эвлэрч хохирлыг барагдуулсан боловч согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж дүгнэж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.С нь хохирогч Х.Мтай сайн дураараа эвлэрсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр бүрэн нотлогдож байгаа боловч анхан шатны шүүх Т.Сыг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж дүгнэж, түүнийг торгох ялаар шийтгэж шийдвэрлэн, шүүгдэгчийн хуульд заасан эрхийг зөрчиж, эрх зүйн байдлыг нь дордуулан, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл журмыг тодорхойлохдоо “яллагдагч шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан” нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуульчилжээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл журмыг тодорхойлохдоо “хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан” бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болохоор хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийг хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгоход “согтуугаар гэмт хэрэг үйлдсэн” гэх эрх зүйн үр дагавар нөлөөлөхгүй юм.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан зохицуулалтыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийг “өөрийн үйлдлээ ухамсарлах чадваргүй байсан гэж дүгнэн” эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болохгүй гэж ойлгох нь зүйтэй юм.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн агуулгаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаар /уншиж сонсгосноор/ шүүгдэгч нь ялтан болж байгаа бөгөөд хуульд ялтан нь хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1. Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Сд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Т.Сд урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлсүгэй.
3. Энэхүү магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Д.КӨБЕШ