Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 554

 

Ц.Г, Ц.О  нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогч Д.М, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Э-А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаар магадлалтай, Ц.Г, Ц.О  нарт холбогдох 2034000560057 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, малчин, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ц-ийн Г.

Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, боловсрол, мэргэжилгүй, урьд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Б овогт Ц-ийн О.

Шүүгдэгч Ц.Г, Ц.О  нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч Ц.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.О ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас элдээгүй үлдсэн 176 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 22 /хорин хоёр/ хоногийн хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-ад оногдуулсан 2 жил 22 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ад оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөр наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Хот тохижилт үйлчилгээний газар эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 6 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Ц.О ын өмчлөлийн 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий нас гүйцсэн 1 тооны адуу, шүүгдэгч Ц.Г-ын эзэмшлийн 4.100.000 /дөрвөн сая нэг зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 1664 ТӨВ улсын дугаартай Тоуоtа prius 11 маркийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Төв аймгийн прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор Б.С-Э бичсэн эсэргүүцэлдээ “... Шүүгдэгч Ц.О , Ц.Г нарыг бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 1-р багийн нутаг “Айргийн ам” гэх газарт оршин суух иргэн Д.Аийн эзэмшлийн 10 тооны эр ямаа, 5 тооны борлонг хулгайлж 1.500.000 мянган төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж хэргийг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Г, Ц.О  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн   1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг “Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Ц.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.О ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 22 хоногийн ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 6 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Ц.О ын өмчлөлийн 1.200.000 төгрөгний үнэ бүхий нас гүйцсэн 1 тооны адуу, шүүгдэгч Ц.Г-ын өмчлөлийн 4.100.000 төгрөгний үнэ бүхий 16-64 ТӨВ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын төсөвт оруулахаар тус тус шийдвэрлэсэн байна.

Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хохирогчийн өмгөөлөгч А.Мөнхтулга эс зөвшөөрч гомдол гаргаснаар тус аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэхээр байна.

Тухайлбал: Хохирогч Д.А-ийн гаргасан “26 тооны ямаагаа алдсан гэх” гомдлын дагуу нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдэгдсэн байж болзошгүй гэх бодит үндэслэл байгаа бол хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор хэргийн газарт үзлэг хийж, гэрэл зургийн аргаар бэхжүүлэхэд Ц.О ын зааснаар “Төв аймгийн Лүн сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн тийн 2 км асфальтан замаар явж, тус сумын 3 дугаар багийн нутаг Хогийн цэг гэх газарт очиж хогийн цэгийг ертөнцийн зүгээр баруун хойд хогон дотор улаан, улаан буурал, улаан халзан, хар улаан, зээрийн улаан, хар, хошуу цагаан сартай улаан, зээрэн, хар халзан, улаан зүсмийн нийт 12 тооны ямааны толгойг булсан гэх, ... мөн Ц.О  нь Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн нутаг Байт гэх газар байрлах модон жижиг амбаарт шар өнгийн авдран дээр 3 ширхэг ямааны махыг хулгай хийсэн ямааны мах байв” гэснээр гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийг тайлбарлан, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийг сануулан гэрч Т.Цэнд-Аюушаас мэдүүлэг авахад “Ганбат маргааш Улаанбаатар хот орж машинаа янзлуулна мөнгө байхгүй гээд Отгонбаттай хэдэн ямаа хийнэ гээд орой хониноос 10 орчим тооны ямаа хийгээд шөнө 23 цагийн үед Ганбатын Приус-11 маркийн 16-64 ТӨА улсын дугаартай автомашинтай Отгонбат бид гурав 12 тооны ямааны мах арьсыг Баянхангай сумын гуанзан дээр мал, мах авдаг ченжид мах, арьсаа нийлүүлээд 1.200.000 төгрөгөөр өгөөд маргааш нь мөнгөө авахаар болоод гэртээ ирсэн, ... 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө 09 цагийн үед Отгонбат, Ганбат хоёр хониноосоо 3 тооны ямаа хийгээд сумын төв оруулж зарна гээд махыг нь манай гэрийн хажуу талын амбаарт хийсэн байсан” гэх мэдүүлдэг, яллагдагч Ц.Г, О нараас гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг авахад хохирогч Алтангэрэлийн 15 тооны ямааг хулгайлсан болохоо хүлээн зөвшөөрөн мэдүүлэг нь мөн дээрх хэргийн газрын үзлэг гэрч Цэнд-Аюушийн мэдүүлгээр давхар нотлогдсон байдаг.

Цагдаагийн газрын мөрдөгч дээрх нотлох баримтуудад үндэслэн Ц.О , Ц.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж ирүүлснийг прокуророос хянаад тухайн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж прокурорын, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Хэдийгээр хохирогч Д.А нь 26 тооны ямаагаа алдсан талаар гомдол гаргаж, хохирогчийн мэдүүлэгтээ энэ талаараа дурдаж малын А данс болон гар бүртгэлийг хэрэгт хавсаргасан боловч Д.Аийн 26 тооны ямаанаас 15 тооны ямааг Ц.Г, Ц.О  нар нь бүлэглэн хулгайлсан болох нь нотлогдон тогтоогдож, үлдсэн 11 тооны ямааг бүлэглэн хулгайлсан болох нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгахад нотлогдон тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн зохицуулалтын дагуу Ц.Г, Ц.О  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу бусдын 15 тооны малыг хулгайлсан гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болно.

Мөн шүүгдэгч Г, О нарын гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Цэнд-Аюушийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль сануулж гэрчээр мэдүүлэг авсаар байхад түүнийг гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгах, гэрч Цэнд-Аюушийн мэдүүлэгт “Баянхангай сумын махны ченжид хэдэн тооны ямааны мах арьс өгсөн талаараа тодорхой мэдүүлсэн байхад дахин ченж нараас мэдүүлэг авах гэсэн ажиллагаануудыг явуулах шаардлагагүй байна гэж үзэв.

Иймд Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл гаргаж байна” гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Э-А шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хохирогч нар 22 тооны ямаа алдагдсан гэдэг боловч бусад эх сурвалж, нотлох баримтаар нотлогддоггүй, мал тооллогын дүн, хохирогчийн тэмдэглэгээ, хэрэг гарсны дараа очиж тоолсон тоо зөрүүтэй байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу хохирогч гомдлын эх сурвалжаа зааж чадаагүй учир нотлох баримт болгохгүй гэсэн дүгнэлтийг хийж, 15 тооны ямаа хулгайлсан үйл баримт хангалттай тогтоогдож байгаа учир гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дүгнэлтийг хийсэн байна. Харин эх сурвалж зөрүүтэй байгаа байдлыг үндэслэж шийдвэрлэсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг баримталж шийдвэр гаргасан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болох байсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хохирогч М шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна. Тухайн өдөр хэсгийн төлөөлөгчийн тоолсон тооцоо, миний өөрийн хөтөлдөг гар дэвтэр зэргээс үзэхэд 26 тооны ямаа алдсан болох нь тогтоогддог” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нар нь 15 тооны ямааг хулгайлсан болохоо мэдүүлж, уг үндэслэлийн дагуу яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг нээсэн. Мөн тухайн гэмт хэргийн идэвхитэй үйлдэл дээр оролцсон н.Цэнд-Аюушд хууль сануулж, хуулийн дагуу мэдүүлэг авахад хамтран оролцсон болох нь нотлогдоогүй гэж үзсэн. Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг бүрэн шийдвэрлэх боломжтой байхад давж заалдах шатны шүүх хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцааж шийдвэрлэсэн гэж үзэж гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх  нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.С-Э бичсэн эсэргүүцлийг үндэслэн Ц.О , Ц.Г нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Ц.О , Ц.Г нарыг бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 1-р багийн нутаг Айргийн ам гэх газраас иргэн Д.Аийн эзэмшлийн 10 тооны эр ямаа, 5 тооны борлонг хууль бусаар авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ц.О , Ц.Г нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч буйг тодорхойлон, хэргийг зөв зүйлчилсэн байна.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн олон тооны мал гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш мал гэж ойлгодог байсан бол 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар “олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно” хэмээн хууль тогтоогч энэ зүйл, хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулсан билээ.  

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалбал Ц.О , Ц.Г нар бусдын 10 тооны эр ямаа, 5 тооны борлонг хулгайлсан гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд түүний тайлбарт 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнө үйлдэгдсэн байх тул анхан шатны шүүхээс Ц.О , Ц.Г нарын үйлдлийг хүндрүүлэх шинжгүйгээр мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийснийг 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Харин давж заалдах шатны шүүх хулгайд алдсан гэх малын тоо толгойн талаар хэрэгт өөр өөр баримт авагдсан, хулгайлагдсан гэх ямааны тоог зөвхөн хохирогчийн мэдүүлэгт тулгуурлан тогтоогдсоныг дахин шалгах шаардлагатай гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Шүүх нотлох баримтуудыг үнэлж хэргийн үйл баримтыг тогтоохдоо хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, эргэлзээгүй байдлаар тогтоох ёстой бөгөөд уг шаардлагыг хангаагүй давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэв.

Иймд дээрх үндэслэлээр прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаар магадлалыг хүчингүй болгож, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.С-Э-ийн бичсэн эсэргүүцлийг хангасугай.

 

ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                     ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                С.БАТДЭЛГЭР

                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН