Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 39

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,              

Нэхэмжлэгч: ЮХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 189 дүгээр шийдвэрийн Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., С.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Манай компани нь Төв аймаг Баян-Өнжүүл, Баянцагаан сум Үнэгт гэх газарт 981.35 гектар талбай бүхий хэсгийг ашигт малтмалын хайгуулын XV-011206 тоот тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу эзэмшин, үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Тус компани нь Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж жил бүр геологи, хайгуулын ажлыг хийж тайлан төлөвлөгөөг Ашигт малтмалын газар болон Мэргэжлийн хяналтын албаар хянуулан ажиллаж ирсэн.

ЮХХК, ЭХХК оноосон нэрийн тухайд: “Э” ХХК-ийн оноосон нэрийг 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс ЮХХК болгон өөрчилсөн бөгөөд холбогдох өөрчлөлтийг хуулийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. /хувьцаа эзэмшигчдийн хувьд өөрчлөлт ороогүй, зөвхөн оноосон нэр өөрчлөгдсөн/ 

Лицензийн төлбөрийн тухайд:

“Э” буюу ЮХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн лицензийн төлбөрөө 11 дэх жилдээ байнга тогтмол  төлж ирсэн. Түүнчлэн 2016-2017 оны ээлжит лицензийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7-д заасан хугацаанд Хаан банк дах ӨХХК-ийн 511 113 0245 тоот данс хоорондын тооцоогоор 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төлсөн.

Гэтэл манай компаний нэр дээрх Төв аймаг Баян-Өнжүүл, Баянцагаан сумын Үнэгт нэртэй 982 гектар газарт эзэмшдэг 11026 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл(лиценз)-ийг 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 189 дүгээр шийдвэрээр төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалсан байсан.

Манай компаний зүгээс Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03 тоот албан бичгээр хандахад холбогдох мэргэжилтэн нь төлбөрийг төлсөн боловч нэгэнт шийдвэр гарсан тул тусгай зөвшөөрлийг сэргээх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Манай компани нь Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяад 2016 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 04/16 тоот албан бичгээр гомдол гаргасан. Уг гомдлыг судлан үзээд Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1/19 тоот албан даалгавар гаргасан. Албан даалгаварт:

- Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 189 дүгээр шийдвэрийн “Э” ХХК-д тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож, сэргээх шийдвэр гаргах,

- Ашигт малтмалын хайгуулын XV-011206 тоот тусгай зөвшөөрлийн хавсралтанд тэмдэглэл үйлдэж сунгах, “Э” ХХК-д албан ёсоор мэдэгдэхийг Кадастрын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Одончимэгт үүрэг болгож 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор эргэн танилцуулах, хяналт тавихыг ХШҮСМХ-ийн дарга Т.Батболдод үүрэг болгож шийдвэрлэсэн байдаг.

Тухайн үед Кадастрын хэлтсээс дээд даргын өгсөн үүргийг биелүүлэхгүй байсаар улмаар бүтцийн өөрчлөлт хийгдэж байгаа, удахгүй шийдвэрлэнэ гэсээр асуудлыг удаашруулж өнөөдрийг хүртэл асуудал хэвээр байна.

Манай компаниас дахин 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 16/007 албан бичгээр АМГТГ-т гаргасан гомдолд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/1485 тоотоор Б.Баатарцогт дарга хариу өгсөн. Тэнд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд Хаан Банк дах ӨХХК-ний 511 113 0245 тоот данс хоорондын тооцоогоор лицензийн төлбөр төлсөн тухай тодорхой бичиж тэмдэглээгүй бөгөөд Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 189 дүгээр шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлтэй байх тул танай гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн.

АМГТГ-ын даргын албан бичигт төлбөрийг хугацаандаа төлсөн болохыг үгүйсгээгүй ба тусгай зөвшөөрлийн хэд дэх жилийн төлбөрийг төлсөн тухай тодорхой бичиж тэмдэглээгүй гэх хуулинд заагаагүй үндэслэлээр ашигт малтмалын хэрэг эрхлэх газар нь нэг асуудлыг хоёр өөрөөр тайлбарлаж биднийг олон дахин чирэгдүүлж, үйл ажиллагааг хэвийн явуулахад байнга саад учруулж байгаад гомдолтой байна.

Тусгай зөвшөөрлийнхөө төлбөрийг олон жил төлсөөр, өндөр зардал бүхий хайгуулын ажлын үр дүнг бүхэлд нь үгүйсгэж, манай компаний эрх ашгийг, цаг хугацаа, эдийн засгийн хувьд ноцтой хохироож байгаа үйлдэл нь өөрөө хууль зөрчиж байна.

Иймд Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 6/1550 тоот ЮХХК-ний Төв аймгийн Баян-Өнжүүл, Баянцагаан сумын нутагт Үнэгт гэх газарт байрлах XV11206 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сэргээхийг АМГТГ-т даалгаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Төв аймаг Баян-Өнжүүл, Баянцагаан Үнэгт нэртэй 981.35 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын XВ-011206 дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Э” ХХК-д олгогдсон  байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үзэхэд “Э” ХХК нь оноосон нэрээ сольж ”Юүри Эм” ХХК болгон өөрчилсөн байна.

”Юүри Эм” ХХК нь өөрийн эзэмшиж байсан Төв аймаг Баян-Өнжүүл, Баянцагаан Үнэгт нэртэй 981.35 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын XВ-011206 тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасан хугацаанд бүрэн төлөөгүй бөгөөд энэхүү шалтгаанаа ашигт малтмалын хайгуулын ХВ-011206 тоот тусгай зөвшөөрлийн 11 дэх жилийн төлбөрийг 9 хоног хоцроож алдангийн хамт 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд Хаан банк дахь ӨХХК-ний 511 113 0245 тоот данс хоорондын тооцоогоор лицензийн төлбөр төлсөн гэж байгаа боловч ямар дугаартай тусгай зөвшөөрлийн хэд дэх жилийн төлбөр тухай тодорхой бичиж тэмдэглээгүй байна.

Төрийн захиргааны байгууллагаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн тул холбогдох нотлох баримтыг ирүүлэх тухай мэдэгдлийг Кадастрын хэлтсээс 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 6/907 тоотоор мэдэгдэж байсан байна.

Нэхэмжлэлд дурдагдсан албан даалгаврын тухайд бол 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 03 тоотоор Кадастрын хэлтэст, 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 04/16 тоотоор Ашигт малтмалын газрын даргад /хуучин нэрээр/ гомдол гаргасныг судлан үзээд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн албан даалгавар гарсан байдаг. Албан даалгавараар Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 189 дүгээр шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэр гаргах, тусгай зөвшөөрлийн хавсралтанд сунгах тэмдэглэл үйлдэж “Э” ХХК-д мэдэгдэхийг Кадастрын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчид үүрэг болгож хугацааг 2016 оны 07 дугаар сарын 20-ны дотор Газрын даргад үүрэг болгож шийдвэрлэсэн байдаг. Хэдийгээр албан даалгавар гарсан боловч тухайн үедээ биелэгдээгүй болно.

ЮХХК нь ашигт малтмалын хайгуулын ХВ-011206 тоот тусгай зөвшөөрлийн 11 дэх жилийн төлбөрийг 9 хоног хоцроож алдангийн хамт 2016 оны 02 дугаарсарын 02-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд Хаан банк дахь ӨХХК-ний 511 113 0245 тоот дансаар хоорондын тооцоогоор лицензийн төлбөр төлсөн гэж байгаа боловч ямар дугаартай тусгай зөвшөөрлийн хэд дэх жилийн төлбөр тухай тодорхой бичиж тэмдэглээгүй байна. Иймд ЮХХК-ийн нэхэмжлэлийгбүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын ЮХХК-ний Төв аймаг Баян-Өнжүүл, Баянцагаан сум Үнэгт гэх газарт эзэмшиж байгаа ашигт малтмалын хайгуулын XV011206(11206) дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 189 дүгээр шийдвэрийн Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

          Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгч ЮХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 189 дүгээр шийдвэрийн Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Төв аймгийн Баянцагаан сумын нутаг дэвсгэрт Үнэгт нэртэй 981.35 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-011206 тоот тусгай зөвшөөрлийг анх 2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Э ХХК-д олгожээ.  

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 6/907 дугаар албан бичгээр ээлжит жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг Э ХХК-д хүргүүлж, улмаар 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 189 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэж үзэж Э ХХК-ийн ХҮ-011206 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.  

Бодит байдал дээр Э ХХК нь ХҮ-011206 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн 11 дэх жилийн төлбөрийг 9 хоног хоцроож алдангийн хамт 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хаан банк дахь Өсөх зоос ХХК-ийн 5111130245 тоот дансаар хоорондын тооцоогоор төлсөн болох нь нэхэмжлэгч болон хариуцагчаас гаргаж өгсөн санхүүгийн баримтаар тогтоогдож байна. 

Хариуцагчаас “лицензийн төлбөр төлсөн гэж байгаа боловч ямар дугаартай тусгай зөвшөөрлийн хэд дэх жилийн төлбөр төлсөн тухай тодорхой бичиж тэмдэглээгүй” гэж маргаж байх боловч Э ХХК-ийн геологич Ж.Баяраа нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 6/907 дугаар мэдэгдлийг хүлээж аваад холбогдох мэргэжилтэнүүдэд төлбөрөө төлсөн талаар уулзаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан “Ашигт малтмалын газрын нэг цэгийн үйлчилгээний төлбөр хариуцсан мэргэжилтэн У.Сүхбаатар над руу алдангиа тооцоод төлбөрөө төлөөрэй гэж утсаар ярьсан. 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр манай нягтлан бодогч Өсөх Зоосоос лицензийн төлбөрийг хийсэн. Маргааш нь 2 дугаар сарын 03-ны өдөр лицензийн төлбөр цуцлагдсан гэсэн. Би төлбөрийн баримтаа авч очиж, У.Сүхбаатар мэргэжилтэнд хэлэхэд тэрээр баримтыг хараад лиценз хариуцсан мэргэжилтэн Тунгаа гэдэг хүнтэй уулз гэсэн. Надад Тунгалаг мэргэжилтэн манай алдаа байна гэж хэлсэн. Өсөх Зоос гүйлгээний утгыг нь хараагүй байсан. Би удаа дараа хандахад хүсэлтээ гарга гэсэн. Би 3 дугаар сарын 06-ны өдөр хүсэлтээ өгсөн” гэх гэрчийн мэдүүлэг, Ашигт малтмалын газрын мэргэжилтэнээр ажиллаж байсан С.Тунгаагийн “Санхүү дээр очиход Эвэнт плэннер ХХК, Шэйвүүд ХХК хоёрын хоорондын тооцоогоор төлбөрөө төлсөн хуулга манай санхүүгийн баримтанд байсан. Санхүүгийн мэдээ нь өдөртөө өгөөгүйгээс болоод манай алдаа байна гээд тусгай зөвшөөрөл сэргээх тухайн албан бичгийн төсөл бичээд ахлахаар хянуулаад, шийдвэр гаргагчийн төсөл дээр зурахаас өмнө эрх зүй хуулийн тасгийн даргаар заавал хянуулдаг. Тэр үед хянан зөвлөх комисс байгуулагдсан байсан. Маргаантай асуудлыг уг комиссоор оруулна гэхээр нь бид нар компанийг ингэж чирэгдүүлж болохгүй, харин ч уучлалт гуйгаад сэргээж өгөх ёстой гэж хэлж байсан. Би ажлаа өгөхдөө дараагийн хүндээ хэлсэн. Энэ залуу байнга ингэж явдаг байсан” гэх шүүх хуралдаанд гаргасан гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. 

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс төлбөр төлсөн эсэхийг хянан шалгалгүйгээр 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 189 дүгээр шийдвэрээр Э ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 31.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална, 34.4.Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно. 34.7.Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасантай тус тус нийцэхгүй байна. 

Мөн Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн албан даалгавараар Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 189 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох, сэргээсэн шийдвэр гаргаж 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор Газрын даргад танилцуулах талаар Кадастрын хэлтэст даалгаж байсан байна. 

Иймд хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн байхад Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг үндэслэн Э ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлээ. 

Түүнчлэн Э ХХК нь хуулийн этгээдийн нэрээ 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ЮХХК болгон өөрчилж, нэрээ бүртгүүлэхээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандаж байсан болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хүсэлт зэргээр тогтоогдож байгаа болохыг дурьдах нь зүйтэй байна. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.4, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ЮХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын  2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 189 дугаартай шийдвэрийн Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         О.ОЮУНГЭРЭЛ