Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2019/0048

 

2019 оны 01 сарын 24 өдөр  

Дугаар 221/МА2019/0048

Улаанбаатар хот

 

“Х б” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Л.С нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0718 дугаар шийдвэртэй, “Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/00718 дугаар шийдвэрээр: ... Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7, 22 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн дүнг хүлээн авч баталгаажуулах, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд илүү төлсөн 2 851 472 953.00 төгрөгийн шимтгэлийг дараа төлөх шимтгэлд тооцон суутгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч “Х б” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6, 28 дугаар зүйлийн 28.2.6, 114 дүгээр зүйлийн 114.1, 115 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь “Нийгмийн даатгалын ерөнхий даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дугаар “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг хэрэглэх тухай заавар”-ын 3.9 дэх заалтыг бүрэн хэрэгжүүлж, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нэхэмжлэгчийн холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хүлээн авч баталгаажуулж, илүү төлсөн 2,85 тэрбум төгрөгийн шимтгэлийг суутган тооцох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 0718 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх нь шийдвэрийн үндэслэлдээ Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь заалтад 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр агуулгын шинжтэй том өөрчлөлтийг оруулсан нь өмнө нь зөвхөн даатгуулагчийн төлөх шимтгэлийн тухай байсныг ажил олгогчийн төлөх шимтгэлийн хэмжээний талаар нэмсэн явдал байлаа ингээд “ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно” гэсэн. Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын 2-т “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д заасан ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг хамруулахгүй” гэж заасан. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь А/84 дугаартай зааврын 3.9 дэх заалтаар нийгмийн даатгалын шимтгэл төлөх хэмжээг ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байхаар зохицуулсан дээр дурдсан Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолыг зөрчсөн гэж (Шийдвэрийн 9-р хуудас) үзсэн нь хууль хэрэглээний хувьд зөв биш гэж үзэж байна. Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь заалтад 2015 онд өөрчлөлт оруулж “ажил олгогчийн хувьд төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн дээд хэмжээг Засгийн газар нь жил бүрт тогтоохоор” заасан. Харин Засгийн газрын тогтоол нь 1996 оны 80 дугаар тогтоол нь аль 1996 онд батлагдсан байгаа. Түүнчлэн тус хуулиар нийгмийн даатгалын шимтгэл төлөх дээд хэмжээг Засгийн газар жил бүр тогтоох тухай заасан байхад Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоол 2015 онд үйлчлэх боломжгүй. Засгийн газар нь өөрөө хуулийг биелүүлэх үүрэгтэй.

2. Анхан шатны шүүхээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаас чиглэл өгсөн гэх эсхүл Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга А/84 дугаар тушаалыг захиргааны актаар (Хууль зүй, дотоод хэргийн яам) бүртгүүлээгүй байгаа зэрэг нь 2015 оны А/84 дугаартай зааврыг аж ахуйн нэгж хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй.Учир нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь 2015 онд А/84 дугаартай тушаалаар зохих зааврыг батлан, 21 аймагт сургалт хийж нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч адилхан шимтгэл төлнө гэсэн тул хуульд захирагдах үүрэгтэй энгийн нэг аж ахуйн нэгж нь энэхүү зааврыг мөрдөх үүрэгтэй бас уг заавраар олгогдсон эрхийг эдлэхийг хүссэн.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь 2015 оны А/84 дугаартай заавар нь хууль бус гэсэн тайлбарыг удаа дараа өгөх боловч энэхүү зааврыг хүчингүй болгосон эсхүл хууль бусд тооцсон албан ёсны шийдвэр гараагүй. Харин шүүхээр маргаж байх хугацаанд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүчингүй болгосон. Энэ хугацаанаас хойш А/84 дугаар шийдвэртэй маргах тохиолдолд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь энэ шийдвэр хүчингүй гэж үзнэ. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9 дэх үйлчлэлийг зогсоосон Нийгмийн даатгалын газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар чиглэлийг илт хууль бус болохыг тогтоосон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1076 дугаар захирамж хуулийн хүчин төгөлдөр мөн зарим нэг хуулийн этгээд нь энэхүү зааврыг албадан хэрэгжүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт хандсан байгаа. Эдгээр бүх үндэслэлээр нэхэмжлэгчийн хувьд үнэхээр л Нийгмийн даатгалын ерөнхий газрын А/84 дугаартай зааврыг заасан хугацаанд хэрэгжүүлэх боломжтой гэж итгэж, үндэслэлээ болгон шүүхэд хандсан. Гэтэл шүүхээс энэ бүх баримт, фактад дүгнэлт хийсэнгүй.

Нэхэмжлэгч хууль зөрчөөгүй харин Нийгмийн даатгалын ерөнхий газар илүүтэй Засгийн газрын хэрэгжүүлээгүй үүргийг Нийгмийн даатгалын ерөнхий газар биелүүлсэн нь буруу гэж үзэхгүй байгаа ба хэрэв үнэхээр хууль бус гэж үзэж байгаа бол хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох болохоос бус уг шийдвэрийг зарим аж ахуйн нэгжид хэрэгжүүлж харин зарим нэгэнд үйлчлэхгүй тэгш бус үйлчлэх учиргүй гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан үзэж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

“Х б” ХХК-аас “2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн дүнг хүлээн авч баталгаажуулах, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд илүү төлсөн 2 851 472 953.00 төгрөгийн шимтгэлийг дараа төлөх шимтгэлд тооцон суутгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлгаргасан байна.

Нэхэмжлэгчээс А/84 дүгээр тушаалаар батлагдсан “... зааврыг бүрэн хэрэгжүүлэн уг зааварт нийцүүлэн гаргасан 2015 оны 07 дугаар сараас хойших хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүлээн авч баталгаажуулах” нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын үүрэг байх тул ажил олгогч нь хэн байхаас үл хамааран А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврыг заасан хугацаанд нь хэрэгжүүлэх үүрэгтэй гэх агуулгаар маргажээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ын 3.9-д “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байхаар мөрдөж эхэлнэ ...” гэж заасан.

Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлагдаж, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн бөгөөд энэ хуулиар Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн “Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг ... даатгалын хэлбэр тус бүрээр ялгавартайгаар тогтооно” гэсэн заалтыг “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг ... Засгийн газар жил бүр тогтооно” гэж өөрчлөн найруулсан байна.

Дээрх хуульд зааснаар Засгийн газар л нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох эрхтэй байх бөгөөд Нийгмийн даатгалын газрын дарга нь энэ тохиолдолд Засгийн газрын тогтоолыг баримтлах учиртай. Иймд Засгийн газрын тогтоолоос зөрүүтэй Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын А84 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан зааврын 3.9-т зааснаар нэхэмжлэгчийн тайланг хүлээн авч баталгаажуулаагүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын 1 дэх заалтаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 1996 онд баримтлах дээд хэмжээг 80,000 төгрөг байхаар тогтоосон бөгөөд уг тогтоолын 2-т ажил олгогчийн хувьд энэ хэмжээг хамааруулахгүй байхаар заажээ. Үүний дараа Засгийн газраас 1998 оны 92 дугаар тогтоолоор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар шинэчлэн тогтоож, өмнө гаргасан 1996 оны 80 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгосноор Засгийн газрын 80 дугаар тогтоолын 2 дахь заалт 2017 оны 251 дүгээр тогтоол батлагдан гарах хүртэл хэвээр үйлчилж байжээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн хуулийн 19 дүгээр зүйлийн 4-д ажил олгогч, даатгуулагч нь илүү төлсөн шимтгэлийг эгүүлэн авах буюу дараа төлөх шимтгэлд тооцон суутгахыг зохицуулсан хэдий ч энэ маргааны хувьд “Х б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох нь дээд дурдсанаар Засгийн газрын бүрэн эрхийн асуудал бөгөөд Засгийн газраас тухайн үед уг хэмжээг шинэчлэн тогтоогоогүй, өмнөх тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар тушаал гаргаж, нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байхаар тогтоосон нь хууль дээдлэх үндсэн зарчимд нийцээгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн илүү төлсөн гэх нийгмийн даатгалын шимтгэлийг дараа төлөх нийгмийн даатгалын шимтгэлд тооцуулахад үндэслэл болсон дээрх А/84 дүгээр тушаалыг мөн газрын даргын 2018 оны А/187 дугаар тушаалаар хүчингүй болгосон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0718 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ