Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 00173

 

   Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Ч.Г , түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2018/0162/Э индекстэй, 1815002650177 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ч.Г  

Холбогдсон хэргийн талаар:

Ч.Г  нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган сумын Нэгдсэн эмнэлэгт гээгдэл эд хөрөнгө буюу “HUAWEI MATE LITE” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас иргэн Г.Н 870000 /найман зуун далан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Г ы өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.  

1815002650177  дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Г.Н ийн өгсөн: “...Би уг утсыг Мэдрэлийн тасгийн 2 номерийн өрөөнд хэвтэж байхдаа хэвтэж байсан орон дээрээ үлдээгээд явчихсан байсан ба гэртээ харьсны дараа уг утсаа үлдээсэн гэдгээ санасан юм. Би эмнэлэгт хэвтэж байсан хамаатныхаа Бат-Орших гэх хүн рүү залгаж миний хэвтэж байсан өрөөнд ороод миний гар утас байгаа эсэхийг шалгаад өгөөч гэхэд байхгүй байна гэсэн. Би уг гар утсыг 2018 оны 06 дугаар сард Булган аймгийн Skytel-ийн салбараас 870000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би өөрийн гар утсаа мартаж гарсан. Би алдсан утсаа харвал танина...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/,

Гэрч Б.Баярмаагийн өгсөн: “...манай ээлжийн асрагч, мэс заслын тасгийн асрагч, сувилагч Ч.Г  гэх хүн гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Гэрч Ж.Оюунчимэгийн өгсөн: “...Би уг утсанд дугаар хийж ашигласан нь үнэн. Уг утасны эзнийг олохын тулд сим карт хийхээр мэдэгддэг гэхээр нь уг дугаарыг ашигласан. Уг утсыг манай төрсөн ээж болох Ч.Г  нь 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасгийн үүдний цагаан сандал дээрээс олсон гэж надад хэлж байсан. Би утасны эзнийг хайж олтолоо ашиглаж байсан. Тухайн үед явж байсан сувилагч н.Ганцэцэг, асрагч н.Төгсжаргал нарт утас олсон талаараа хэлж байсан. 2018 оны 08 дугаар сарын сүүлчээс 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ашигласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/,

Гэрч Г.Мөнхгэрэлийн өгсөн: “...Хөх өнгийн Huiwai маркийн гар утас олсон гэж надад хэлж байсан. Тухайн гар утсыг эмнэлэг дээрээс олсон гэж хэлж байсан. Хэзээ олсоныг сайн санахгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/,

Гэрч Д.Ганцэцэгийн өгсөн: “... Тийм зүйл байхгүй. Хэрэв утас олсон талаар хүн хэлсэн бол би энэ талаар мэдэх байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуудас/,

Яллагдагчаар Ч.Г ы өгсөн: Би 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр буюу ажлаараа орж өөрийн тарьсан огурцыг эмнэлэгийн ажилчидад зарчихаад гэр лүүгээ харих гээд Мэдрэлийн тасгаар нэвт гарч явахад Мэдрэлийн тасгийн урт сандал дээр хар хөх өнгийн гар утас байсан ба тухайн үед ойр хавьд ямар нэгэн хүн байгаагүй. Тэгээд би тэр утсыг нэг нь хаясан байх гэж бодоод Мэдрэлийн тасгийн сувилагчийн постон дээр тавьчихаад явсан. Тэгээд эргээд 17 цагт ажил дээрээ ирэхэд нөгөө утас миний тавьсан газар байсан. Тэгэхээр нь би хүн нь сураглаж ирэх байх гээд өөрийнхөө хувцасны шүүгээд хийгээд 11 хоносон. Манай охин 2018 оны 8 дугаар сарын 22-ны үед Улаанбаатар хотоос ирсэн байсан ба тухайн үед манай охин утсаа хаясан байсан. Тэгэхээр нь би нөгөө олсон утсаа охиндоо хүнийг нь асуугаад иртэл барьж бай гээд өгсөн. Тэгээд байж байтал Булган аймгийн цагдаагийн газраас манай охин руу залгаад хулгайд алдагдсан утсанд таны дугаар байна гэж хэлсэн байсан. Тэгээд цагдаа дээр ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/,    

Алдагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-39 хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Г  нь 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган сумын Нэгдсэн эмнэлэгт гээгдэл эд хөрөнгө буюу “HUAWEI MATE LITE” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас иргэн Г.Н 870000 /найман зуун далан мянга/ төгрөгийн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт болжээ.    

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар мэдүүлсэн мэдүүлэг  нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотолвол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Ч.Г  нь эд хөрөнгийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ч.Г  нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ч.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ДЭЛГЭРМӨРӨН