| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0135/Э |
| Дугаар | 00164 |
| Огноо | 2018-11-07 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 00164
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Ц.Сувдаа,
хохирогч Г.*******,
шүүгдэгч О.А , түүний өмгөөлөгч П.Ган-Очир, С.Батмөнх-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сувдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 132/2017/0135/Э индекстэй, 1715000080009 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, А овогт О.А
Холбогдсон хэргийн талаар:
О.А нь /яллах дүгнэлтэнд бичснээр/ 2017 оны 06, 07 дугаар саруудад Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Тосонгийн тохой” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль экологид 32.528.090.94 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.*******ийн өгсөн: Шүүгдэгч О.А нь 2017 оны 06, 07 дугаар саруудад Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Тосонгийн тохой” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль экологид 32.528.090.94 төгрөгийн хохирол учруулсан байгаа. Үүнээс техникийн нөхөн сэргээлтэнд 19.000.000 төгрөг зарцуулж хохирол барагдуулсан. Бодитоор төрийн санд 800000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 12 сая гаруй төгрөг байна. Иймд үлдэгдэл хохирлоо төлчихвөл өөр гомдол, санал байхгүй гэв.
1715000080009 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Гэрч Б.*******ийн өгсөн: Би найзаараа дамжуулж Төв аймгийн Заамар суманд уурхайд ажил байна гэхээр нь О.А той утсаар холбогдоод 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр О.А ын уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй газарт ирсэн. Намайг ирэхэд үйл ажиллагаа явуулж эхлэх гээд техникүүдээ татаж байсан. Тэгэхдээ гэрийн хажуу талд өргөн 10 см урт, 20 см орчим гүн 7 см орчим газрыг ухсан байсан ба өөр газар ухаагүй байсан 7-8 хоног буюу 2017 оны 06 дугаар сарын 17-18-ны үед цагдаа нар ирээд үйл ажиллагааг зогсоогоод 1 тракторын комьпютерыг нь аваад явсан тэгэхээр нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот руу яваад 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ирэхэд ажиллаж байсан. Намайг явснаас хойш бид нарын гэрийн байрлаж байсан газраас баруун хойд талд ухсан байсан газар мөн булдезороор ухсан байсан газрыг булаад хөндий газар ухаад мөн наад талд нь газрыг ухсан хэдэн метр гүнтэй урт, өргөнтэй ухсан талаар мэдэхгүй байна. Уг газарт 2 эксковатор 3 ковут, норд бенз, шороогоо буудах 3 ширхэг буу байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/,
Гэрч Б.*******ыг өгсөн:...Би О.А ын уурхайд ажилд орохдоо байнгын байрласан 10-аад тооны хүнийг хариуцан ажиллаж байсан. Миний хийж байсан ажил бол хүмүүсийг ажлаа хийж байгааг шалгах юм. Уг уурхайд 2017 оны 07 дугаар сарын эхээр очиход шалгалт ирсэн гээд үйл ажиллагаа явуулаагүй зогссон байсан. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ажиллаад наадмын баярын өдрүүд эхлэхэд үйл ажиллагаа зогсоосон. Тэгээд наадмын дараа 2-3 хоног ажиллаж байхад цагдаа нар ирээд үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон. Тэрнээс хойш О.А нь ажиллаж байсан газраас нүүсэн гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,
Гэрч Х.*******ын өгсөн: 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдрийн үед шиг санаж байна. Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт О.А ын ажиллуулах гэж байгаа уурхайд очиход дөнгөж буух гээд гэрээ барих гэж байсан. Тэгээд хэд хоногийн дараа байрласан газрынхаа зүүн талд нэг карьер ухаж байхад цагдаа нар ирээд шалган эксковаторын комъпютерийг нь авч яваад үйл ажиллагааг нь зогсоосон. Тэрнээс хойш 10 гаран хоног ажиллахгүй байж байгаад 2017 оны 07 дугаар сарын эхээр эксковаторын комьпютерийг аваад ажиллаж эхэлсэн. 2-3 хоног ажиллаж байгаад эксковаторын сум нь эвдрээд ажиллахаа больсон. Наадмын баярын үед таарсан болохоор ажиллахгүй байж байгаад 2017 оны 07 дугаар сарын 17-18-ны өдрийн үед намайг уурхай дээр очиход ажиллахаа болиод нүүсэн. Тэрнээс хойш дахин ажиллаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,
Гэрч Ц.*******гийн өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 17-нд ирсэн. Ирээд 2 хонож байна. Эксковаторын операторчин хийж байгаа. Ковш, шар хово, усан буу зэрэг техникүүд ажиллаж алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/,
Гэрч С.*******ийн өгсөн: 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр намайг ажилд ороход Туул голын хажууд жижиг карьер ухаад булаад дахиад бид нарыг байрласан газрын зүүн талд газар ухаж байсан. Тэгээд мэргэжлийн хяналтын газраас хүмүүс ирээд үйл ажиллагаа зогсоогоод явсан. Маргааш өдөр нь цагдаа нар ирсэн. Ажиллана гэж хүлээгээд 6-7 хонохоор нь би гэр лүүгээ яваад 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ажиллахаар ирэхэд дахиад нэмж 2-3 газар ухсан байсан. Тэгээд цагдаа нар ирэхээр нь би ажлаасаа гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/,
Гэрч Ц.*******ын өгсөн: 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр намайг ажилд ороход Туул голын хажууд хоёр карьер ухаад гаргасан байсан. Нэг нь гэрийн баруун хойд талд, нэг нь гэрийн зүүн талд ухсан байсан. 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улсын мөрдөн байцаах газраас шалгалт ирээд үйл ажиллагааг зогсоосон. 10 гаран хоног зогсоод 2017 оны 06 дугаар сарын 20-нд гаргаад үйл ажиллагааг явуулж эхлэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/,
Гэрч Г.*******ийн өгсөн: О.А гэх хүнийг сайн танихгүй. 2017 оны хавар нэр нь дуулдах болсон. 2017 оны 06 дугаар сараас эхлэн О.А нь Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Тосонгийн тохой” гэх газарт ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бус үйл ажиллагаа явуулж байсан. Уг газар нь голын хамгаалалтын бүсэд багтах учраас ямар нэгэн зөвшөөрөл олгохгүй юм. Энэ талаар усны тухай хуулинд заасан байдаг. Голын эрэгээс 200 метр орчим зайнд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж болохгүй шаардлагатай бол нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж болно. Би О.А ын хууль бус үйл ажиллагаанд цагдаагийн байгууллагад шалгаж байгаа учраас ямар нэгэн акт тавьсан зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/,
Гэрч Т.*******ийн өгсөн: Би 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 3-р багийн нутаг давсгэрт ахлах мөрдөн байцаагч Намсрайжавын хамтаар Туул голын эрэгт Алтны уурхайд очиж хэргийн газрын үзлэгийн зургийг авч байсан. Тухайн үед би 2-оос 3-н өөр уурхайд хэргийн газрын үзлэгийн зураг авч ажилласан. Тухайн үед авсан гэрэл зургийн маргааш өдөр нь угааж өгөхдөө 2 уурхайн хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийг хооронд нь хольж угаасан байсан..., хавтас хэргийн 18, 19 дүгээр хуудаст байгаа зургуудын сүүлийн 8-н зураг нь өөр уурхайн зураг угаагдаж холилдсон байна гэх мэдүүлэг /хх-ийн 232 хуудас/,
Гэрч Д.*******ийн өгсөн:...тухайн газарт алт угааж байсан..., яг хэдэн грамм алт гаргасныг хэлж мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 234 хуудас/,
Гэрч Б.гийн өгсөн:...Экскаватор, ковш, усан буу, хова маркийн машин механизм ашиглаж үйл ажиллагаа явуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 235 хуудас/,
Яллагдагчаар О.А ын өгсөн:...тухайн Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг Тосонгийн тохой гэх нэртэй газарт ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, алт олборлох гэж үзсэн боловч ямар нэг алт олборлож чадаагүй.
Шинжээчийн “Грийтвишн ХХК”-ийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлт, Байгаль орчинд учруулах хохирлын үнэлгээний 32.528.090.94 төгрөгийн хохирол гэх дүгнэлт /хх-ийн 40-85 хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 хуудас/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-19 хуудас/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч О.А нь 2017 оны 06, 07 дугаар саруудад Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Тосонгийн тохой” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль экологид 32.528.090.94 төгрөгийн хохирол учруулсан факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.*******, гэрч Б.*******, гэрч Б.*******, гэрч Х.*******, гэрч Ц.*******, гэрч С.*******, гэрч Ц.*******, Т.*******, Д.*******, Б. нарын мэдүүлэг, Шинжээчийн “Грийтвишн ХХК”-ийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлт, Байгаль орчинд учруулах хохирлын үнэлгээний 32.528.090.94 төгрөгийн хохирол гэх дүгнэлт /хх-ийн 40-85 хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч О.А хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос техникийн нөхөн сэргээлт хийж 19202148 төгрөгийг барагдуулсан бөгөөд биологийн нөхөн сэргээлтээс 800000 төгрөг төлсөн үлдэх 12595942.94 төгрөгний хохирлоо төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтанд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлөхөө илэрхийлж байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэлүүдийн үнийг гаргуулах шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч О.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А овогт О.А хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч О.А од хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.А оос 12595942.94 төгрөгийг гаргуулж, хохирогч Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.
5. 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 5/114 дугаартай Хаан банкны 5029406582 тоот дансны гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгосугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН