| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2026/07327/И |
| Дугаар | 191/ШШ2026/08712 |
| Огноо | 2026-06-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2026/08712
2026 06 25 191/ШШ2026/08712
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: *** дүүрэг, *** дүгээр хороо, *** тойруу-6, *** тоот хаягт байрлах, Х*** ХХК /РД:***/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б*** овогт Г***-ын З*** /РД:***/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ахжархын оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Х*** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ц*** шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Г.З*** нь манай байгууллагатай 2022.07.26-ны өдөр БЗГ/2022-51555 тоот зээлийн гэрээ байгуулж зээлийн гэрээний хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарь баталгаажуулж, гэрээний үүрэг, гүйцэтгэх хугацаа, хэмжээг тодорхойлж баталгаажуулсан. Гэвч зээлдэгч нь 2023.11.29-ний өдөр 50,000 төгрөгийн төлөлт хийж, тус өдрөөс хойш зээл төлөх үүргээ гүйцэтгээгүй байна. Зээлдэгчид зээлийн гэрээний хугацаагаа биелүүлэх, албан шаардлага, мэдэгдэл, утсаар болон бүртгэлтэй мэйл хаяг руу нь мэйл илгээсэн боловч хариу өгөхгүй байх, яаралтай үед холбоо барих дугаар буюу гэр бүлийн гишүүдээс мэдээлэл авахад ойрд холбогдохгүй байгаа, утасны дугаараа сольсон, холбогдвол хэлнэ гэхээс өөр зүйл хэлээгүй, оршин суугаа хаягаар нэхэмжлэл гаргасан боловч хаягт оршин суудаггүй талаар шууданчийн магадалгаа, хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн 197/ШЗ2026/10397 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд Г.З***-ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2026.04.21-ний өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3-4 х/,
-Улсын бүртгэлийн *** дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 5 х/,
-2026.04.22-ны өдрийн 6181 дугаартай Х.Х***, Т.Т***, Б.Э***, З.Ц*** нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 6 х/,
-Харилцагчийн анкет /хх-ийн 7 х/,
-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 8 х/,
-2022.07.26-ны өдрийн №БЗГ/2022-51555 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, түүний хавсралт /хх-ийн 9-11 х/,
-Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 12 х/,
-Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026.01.23-ны өдрийн 197/ШЗ2026/10397 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 13-14 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.З***-ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Х*** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ц*** шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022.07.26-ны өдрийн №БЗГ/2022-51555 дугаартай Барьцаат зээлийн гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.З***-ын оршин суух хаягийг *** дүүрэг, *** хороо, *** гудамж, *** тоот гэж тодорхойлсны дагуу Х*** ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 7,670,814.09 төгрөг гаргуулахаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хандсан байна.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026.01.23-ны өдрийн 197/ШЗ2026/10397 дугаартай шүүгчийн захирамжаар Г.З*** нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 13-14 х/,
Г.З*** нь Х*** ХХК-тай 2022.07.26-ны өдөр №БЗГ/2022-51555 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан 5,054,700 төгрөгийн зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Х*** ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 9-12 х/,
Г.З*** нь 2022.07.26-ны өдрийн №БЗГ/2022-51555 дугаартай Барьцаат зээлийн гэрээнд тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй... болох нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026.01.23-ны өдрийн 197/ШЗ2026/10397 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Х*** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ц***-ийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд Х*** ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.З***-ын оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б*** овогт Г***-ын З*** /РД:***/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Г.З***-ыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА