| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2026/07329/И |
| Дугаар | 191/ШШ2026/08713 |
| Огноо | 2026-06-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2026/08713
2026 06 25 191/ШШ2026/08713
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: *** дүүрэг, *** дүгээр хороо, *** тойруу-6, *** тоот хаягт байрлах, Х*** ХХК /РД:***/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г*** овогт Ц***-ын З*** /РД:***/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ахжархын оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Х*** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ц*** шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Ц.З*** нь манай байгууллагатай 2023.02.10-ны өдөр ЗХ-БЗГ/2023-92989 тоот зээлийн гэрээ байгуулж зээлийн гэрээний хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарь баталгаажуулж, гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа, хэмжээг тодорхойлж баталгаажуулсан. Гэвч зээлдэгч зээлийн гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй буюу 2024.02.07-ны өдөр 44,200 төгрөгийн төлөлт хийснээс хойш зээл төлөх үүргээ гүйцэтгээгүй байна. Зээлдэгчид зээлийн гэрээний хугацаагаа биелүүлэх, албан шаардлага, мэдэгдэл, утсаар болон бүртгэлтэй мэйл хаяг руу нь мэйл илгээсэн боловч хариу өгөхгүй байх, яаралтай үед холбоо барих дугаар буюу гэр бүлийн гишүүдээс мэдээлэл авахад ойрд холбогдохгүй байгаа, утасны дугаараа сольсон, холбогдвол хэлнэ гэхээс өөр зүйл хэлээгүй. Оршин суугаа хаягаар нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа оршин суудаггүй талаар шууданчийн магадалгаа, хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн 311/ШЗ2026/00581 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд Ц.З***-г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2026.04.21-ний өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3-4 х/,
-Улсын бүртгэлийн *** дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 5 х/,
-2026.04.22-ны өдрийн 6204 дугаартай Х.Х***, Т.Т***, Б.Э***, З.Ц*** нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 6 х/,
-Харилцагчийн анкет /хх-ийн 7 х/,
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 8 х/,
-2023.02.10-ны өдрийн №ЗХ-БЗГ/2023-92989 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, түүний хавсралт /хх-ийн 9-12 х/,
-Завхан аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026.02.24-ний өдрийн 311/ШЗ2026/00581 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 13-15 х/,
-Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 16 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.З***-ийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Х*** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ц*** шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Х*** ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.З***-ийн оршин суух хаягийг *** аймаг, *** сум, *** баг, *** гудамж, *** тоот гэж тодорхойлон зээлийн гэрээний үүрэгт 1,061,648.75 төгрөг гаргуулахаар Завхан аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд хандсан байна.
Завхан аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026.02.24-ний өдрийн 311/ШЗ2026/00581 дугаартай шүүгчийн захирамжаар Ц.З***-г нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлтэй боловч амьдардаггүй... гэх багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 13-15 х/,
Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэдэг нь түүний байгаа газрыг тодруулах талаар нэхэмжлэгч өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авсан боловч үр дүн гараагүй ба тухайн этгээдийн хаягийг төрийн оролцоотойгоор олж авах шаардлагатай болсныг хэлдэг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд талуудын зарчим үйлчлэхгүй тул шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлт, өөрийн санаачилгаар бүрдүүлэх эрхтэй байдаг тул тус шүүхийн 2026.05.13-ны өдрийн 191/ШЗ2026/27802 дугаартай шүүгчийн захирамжаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.З***-ийн оршин суух хаягийн лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсэн.
Шүүгчийн захирамжийн дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г*** овогт Ц***-ын З*** /РД:***/-гийн Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлжээ.
Дээрх лавлагаагаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.З***-г *** аймаг, *** сум, *** баг, *** гудамж, *** тоот хаягт оршин суудаг гэж тодорхойлсон тул уг хаягаар 2026.05.29-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлэхэд 2026.06.24-ний өдөр өөрөө гардаж авсан байх тул түүнийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хуульд заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэх боломжгүй. /хх-ийн 20-21 х/
Иймээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г*** овогт Ц***-ын З*** /РД:***/-г эрэн сурвалжлуулах тухай Х*** ХХК-ийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Шүүх хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г*** овогт Ц***-ын З*** /РД:***/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн Х*** ХХК-ийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА