Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00195

 

 

 

 

 

 

 

2023 01 20 210/МА2023/00195

 

 

*** ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/04734 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *** , *** нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 6,878,909 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: *** , *** нартай 2019 оны 11 сарын 29-ний өдөр *** тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 11,200,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож **-** УБЯ улсын дугаартай Тоёота Приус маркийн авто машиныг барьцаа болгосон. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээ, мөн хуулийн 153 дугаар зүйлд заасан барьцааны гэрээ байгуулагдсан. Зээлдэгч *** хамтран зээлдэгч *** нар *** тоот зээлийн болон барьцааны гэрээний 4.2.1, 4.2.3-т тус тус заасныг зөрчсөн тул барьцааны зүйлийг *** ХХК-ийн үнэлсэн үнэлгээгээ 8,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсан ч зээлийн үлдэгдэл 6,878,909 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй. Зээлдэгч хамгийн сүүлд 2021 оны 05 сарын 14-ний өдөр хүүд 500,000 төгрөг төлснөөс хойш төлөлт хийгээгүй. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний хавсралт №1-д заасан графикт хугацааг удаа дараа хэтрүүлсэн тул гэрээний 3.5.4-д заасны дагуу зээл 6,872,907 төгрөг, хүүд 2 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг нийт 6,878,909 төгрөгийг төлөх үүрэгтэй. Зээлдэгч нарт 2022 оны 02 сарын 16-ны өдрийн №*** , 2022 оны 03 сарын 16-ны өдрийн №*** дугаар мэдэгдэх хуудас тус тус хүргүүлж, үүргээ гүйцэтгэхийг шаардаж байсан. Иймд хариуцагч нараас нийт 6,878,909 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: 2019 оны 11 сарын 29-ний өдөр урьдчилгаанд 2,800,000 төгрөгийг өгч, Тоёота Приус-20 маркийн автомашиныг худалдан авсан. *** ХХК-аас 24 сарын хугацаатай, сар бүр 636,000 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулсан боловч Ковид-19 цар тахал гарсны улмаас ажил, төрөлгүй зээлээ төлж чадахааргүй болсон. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрт 6,600,000 төгрөг төлсөн, автомашиныг 8,000,000 төгрөгөөр худалдсан гэж байна. Тухайн үед автомашин 17,000,000-18,000,000 төгрөгийн үнэтэй байхад яагаад 8,000,000 төгрөгөөр худалдсаныг ойлгохгүй байна. 2021 оны 02 сард автомашиныг хурааж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *** , *** нараас 6,878,909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125,013 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Шүүх талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон. Талуудын хооронд 2019 оны 11 сарын 29-ний өдөр №*** тоот Автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, гэрээгээр 11,200,000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн. Ингээд зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй тул үлдэгдэл зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 6,878,909 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан. Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан фидуцийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар 6,878,909 төгрөг нь фидуцийн зүйлээр төлөгдөж дууссан гэж дүгнэсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.4-т Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд энэ гэрээний 6.1-т заасан барьцааны зүйлийг *** ХХК үл маргах журмаар шилжүүлэн авч захиран зарцуулах эрхтэй бөгөөд хуульд зааснаар худалдан борлуулна. Барьцаа хөрөнгийг хураан авах, худалдан борлуулахтай холбогдон гарсан тээвэрлэлт, хадгалалт, үнэлгээ, бусад бүх хураамж, төлбөрийг зээлдэгч хариуцна гэж, гэрээний 6.2-т Энэ гэрээ дуусгавар болох хугацаанд барьцааны зүйлийг хадгалах, *** ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх түүний чанар, үнэлгээг бууруулахгүй байх, бүрэн бүтэн байдлыг хариуцахыг Барьцаалуулагчид тэдгээрийг өмчлөх, эзэмших эрхийн бичиг баримтын эх хувийг *** ХХК-д хадгалахыг тус тус хариуцахаар талууд тохиролцов гэж заасан нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2, 157.1.3, 157.1.4, 157.6.1-д заасан барьцааны гэрээний барьцаалагч, барьцаалуулагчийн эрх үүргийг тодорхойлж заасан гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүх фидуцийн гэрээ гэж дүгнэсэн нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлж, улмаар хууль хэрэглээний алдаа гаргаж шийдвэрлэсэн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Нөгөөтэйгүүр, барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг бус үндсэн гэрээ болох зээлийн гэрээний биелэгдээгүй үүргийг шаардаж байгаа. Зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй байхад фидуцийн гэрээгээр үүрэг дуусгавар болсон гэж үзсэн нь үндэслэлгүй.

4.б. Шүүх талуудын маргаагүй асуудлыг буруу дүгнэсэн. Шүүхийн шийдвэрт ...уг автомашиныг *** ХХК-аар үнэлүүлэхэд 8,000,000 төгрөгөөр үнэлэгдэж, гуравдагч этгээдэд худалдсан. Уг машины торгууль, үнэлгээний зардал, оношилгоо, татвар зэргийг төлсөн гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэжээ. Нэхэмжлэгч барьцааны зүйлийг *** ХХК-аар үнэлүүлэхэд 8,000,000 төгрөг гэж үнэлсэн бөгөөд энэ үнийн дүнтэй хариуцагч маргадаг ч хамтран зээлдэгч буюу түүний эхнэр энэ талаарх баримттай танилцаж, зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн бичиг үйлдсэн байдаг. Дээрх 8,000,000 төгрөгөөс барьцаа хөрөнгийг хураан авах, худалдан борлуулахтай холбогдон гарсан тээвэрлэлт, хадгалалт, үнэлгээ, бусад бүх хураамж, төлбөрийг зээлдэгч хариуцна гэсэн заалтын дагуу машины торгууль 1,065,000 төгрөг, тээврийн хэрэгслийн оношилгоо 22,000 төгрөг, татвар 171,312 төгрөг, хөрөнгийн үнэлгээний зардал 100,000 төгрөгийг суутган авч, үлдэгдэл 6,653,763 төгрөгийг зээлийн төлбөрт суутган тооцсон. Энэ талаар анх зээлдэгч нарт хүргүүлсэн мэдэгдэх хуудаст тодорхой дурдсан. Тус мэдэгдлийг хүлээн аваад ямар нэгэн тайлбар эсэргүүцлийг шүүхэд шилжүүлэх хүртэлх хугацаанд илэрхийлээгүй. Уг үйл баримтын талаар буюу суутгалын дэлгэрэнгүйн талаар хариуцагч хурал дээр лавлан асуусан тул нэхэмжлэгч дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн. Үүнтэй холбоотойгоор хариуцагчийн зүгээс тодорхой тайлбар хэлдэггүй бөгөөд миний машины торгууль 1,000,000 гаруй төгрөг байсан байх гэх тайлбарыг шүүхэд мэдүүлдэг. Нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч өөрийн тайлбараар давхар нотолсон тохиолдолд энэ талаарх бичгийн баримт заавал шүүхэд гарган өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2.   Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** , *** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 6,872,907 төгрөг, зээлийн хүү 2 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг, нийт 6,878,909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 33, 53-59/

 

3.   Талууд 2019 оны 11 сарын 29-ний өдөр Автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр *** ХХК 11,200,000 төгрөгийг 30 хоногийн 2,7 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлдүүлэх, *** , *** нар уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүг буцаан төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 6-9/

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

3.а. Зээлдүүлэгч *** ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 11,200,000 төгрөгийг 2019 оны 11 сарын 29-ний өдөр зээлдэгч *** ийн дансанд шилжүүлж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлжээ. /хх 13-арын нүүр/

3.б. Нэхэмжлэгч талаас *** зээл, хүүгийн тооцоо гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. /хх 14/ Уг баримтад зээлдэгч нар зээлийн гэрээний үүрэгт нийт 12,005,764 төгрөгийг төлсөн талаар тусгагдсан, үүнээс 8,000,000 төгрөг нь хариуцагч нарын эзэмшил, ашиглалтад байсан **-** УБЯ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг бусдад худалдан борлуулсан үнэ гэж нэхэмжлэгч тайлбарласан, хариуцагч нар үүнийг баримтаар няцаагаагүй.

 

4.   Дээр дурдсан гэрээний 6.3 дахь заалтад ...**-** УБЯ улсын дугаартай, Тоёота Приус маркийн автомашины гэрчилгээг *** ХХК-ийн нэр дээр бүртгүүлэх, зээлдэгч зээл, бусад холбогдон гарах төлбөрийг бүрэн төлж дуусгаснаар тээврийн хэрэгслийн гэрчилгээг зээлдэгчийн нэр дээр шилжүүлэх... нөхцөлийг тусгасан, мөн *** ХХК нь 2022 оны 02 сарын 24-ний өдөр уг автомашиныг хураан авч, бусдад худалдан борлуулсан зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулагдсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Учир нь, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээгээр барьцаа хөрөнгийг барьцаалагчийн нэр дээр шилжүүлэх шаардлага тавигддаггүй болно.

Иймд ...анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5.   Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ ... биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж зохицуулсан.

Иймд өмнө дурдсанчлан үүрэг гүйцэтгүүлэгч *** ХХК нь **-** УБЯ улсын дугаартай, Тоёота Приус маркийн автомашиныг 2022 оны 02 сарын 24-ний өдөр үүрэг гүйцэтгэгчээс бодитойгоор гаргуулан авч, бусдад худалдан борлуулсан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон тул зээлийн гэрээний үүрэгт нийт 6,878,909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв.

 

6.   Нэхэмжлэгч нь машины торгууль 1,065,000 төгрөг, тээврийн хэрэгслийн оношилгоо 22,000 төгрөг, татвар 171,312 төгрөг, үнэлгээний зардал 100,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргаагүй тул ...шүүх талуудын маргаагүй асуудлыг буруу дүгнэсэн... гэх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй, уг давж заалдах гомдол нь зээлийн гэрээний үүрэг шаардсан маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.

 

7.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/04734 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 12 сарын 14-ний өдөр урьдчилан төлсөн 125,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.НЯМБАЗАР