| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2026/07499/И |
| Дугаар | 191/ШШ2026/08715 |
| Огноо | 2026-06-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2026/08715
2026 06 25 191/ШШ2026/08715
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: *** дүүрэг, *** дугаар хороо, *** тауэр, оффис, *** тоот хаягт байрлах, О*** ББСБ ХХК /РД:***/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б*** овогт У***-ын Э*** /РД:***/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ахжархын оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
О*** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А*** шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Манай О*** ББСБ ХХК нь У.Э***-той 2024.12.25-ны өдөр зээлийн гэрээ байгуулан зээлийн эрх нээсэн. 2024.11.24-ний өдөр Zary.mn-ээc 2,000,000 төгрөгийн худалдан авалтыг зээлдэгч У.Э*** авсан. Гэвч хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээн үүргээ биелүүлэхгүй удаа дараа холбогдоход зээлээ огт төлөхгүй байсан тул Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад 2025.09.05-ны өдрийн 197/Ш32025/51115 тоот шүүгчийн захирамжаар У.Э*** нь *** дүүрэг, *** хороо, *** хороолол, *** байр, *** тоот хаягт оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд У.Э***-г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2026.04.24-ний өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2 х/,
-Улсын бүртгэлийн *** дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 3 х/,
-2016.06.10-ны өдрийн *** дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 4 х/,
-2026.02.10-ны өдрийн А/048 дугаартай Х.Х***-д олгосон итгэмжлэл /хх-ийн 5 х/,
-2026.04.28-ны өдрийн С-1/2517 дугаартай Ж.А***, Д.Б***, М.М***, Э.Ё*** нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 6 х/,
-2024.12.02-ны өдрийн Cust-2022-19665 дугаартай Цахим зээлийн гэрээ, түүний хавсралт /хх-ийн 7-9 х/,
-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 10 х/,
-Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025.09.05-ны өдрийн 197/ШЗ2025/51115 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 11-12 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Э***-ийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар О*** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А*** шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн иргэний үнэмлэхийн хуулбарт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Э***-ийн оршин суух хаягийг *** дүүрэг, *** хороо, *** хороолол, *** байр, *** тоот гэж тодорхойлсны дагуу О*** ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 2,275,999 төгрөг гаргуулахаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хандсан байна.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025.09.05-ны өдрийн 197/ШЗ2025/51115 дугаартай шүүгчийн захирамжаар У.Э*** нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 11-12 х/,
У.Э*** нь О*** ББСБ ХХК-тай 2024.12.02-ны өдөр Cust-2022-19665 дугаартай Цахим зээлийн гэрээ байгуулан зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах О*** ББСБ ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 7-9 х/,
У.Э*** нь иргэний үнэмлэхийн хуулбарт тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... болох нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025.09.05-ны өдрийн 197/ШЗ2025/51115 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, О*** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А***-ын шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд О*** ББСБ ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Э***-ийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б*** овогт У***-ын Э*** /РД:***/-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар У.Э***-г эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА