2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2026/08717

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 06 25 191/ШШ2026/08717

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: *** дүүрэг, *** дугаар хороо, *** хэсэг, *** байр, *** тоот хаягт оршин суух, Ж*** овогт М***-ны Ц*** /РД:***/-ы хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х*** овогт А***-ийн Эрдэнэцэцэг /РД:***/-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ахжархын оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

М.Ц*** шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Иргэн А.Э***, фейсбүүк хаяг нь ***, утас: *** нь Баянзүрх дүүргийн Офицеруудын ордны хажуу талд Тоосгон дэлгүүрийг ажиллуулж, бараа татах мөнгө дутаад байна гэж хэлээд, 2025.03.01-ний өдөр өөрийн Хаан банкны *** тоот дансаар 2,000,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлсэн боловч дахин зээл хааж буцаан аваад өмнөх мөнгөтэй хамт өгнө хэмээн 10,200,000 төгрөгийг авсан боловч хэд хоног хүлээх болчихлоо, хүлээж байгаад Хотын даргын тушаалаар дэлгүүр нураагдаад гэж холбогдон, өөр газар дэлгүүр түрээсэлнэ гэж хэлснээс хойш утсаа авахгүй, дахин холбогдох боломжгүй байна. Түүний охин Б.Э***-ийн фейсбүүкээр холбогдож, ээжийг нь асуусан боловч мэдэхгүй, холбогдох боломжгүй байна гэсэн. Иймд, А.Э***-ийн оршин суугаа хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2026.04.29-ний өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2 х/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 3 х/,

-2026.04.29-ний өдрийн 280 дугаартай *** дүүргийн *** дугаар хорооны Засаг даргын ам бүлийн болон оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 4 х/,

-Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 5-6 х/,

-Гэрэл зураг /хх-ийн 7 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Э***-ийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар М.Ц*** шүүхэд хүсэлт гаргажээ.

 

А.Э*** нь өөрийн Хаан банкны *** тоот дансаар zeel гэх утгатайгаар нийт 4,200,000 төгрөгийг М.Ц***-аас авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү мөнгөтэй холбоотой нэхэмжлэл гаргах М.Ц***-ы шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 5-6 х/,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд М.Ц***-ы хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Э***-ийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х*** овогт А***-ийн Э*** /РД:***/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар А.***-ийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА