2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2026/08720

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 06 25 191/ШШ2026/08720

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: *** дүүрэг, *** дугаар хороо, *** гудамж, *** тоот хаягт оршин суух, Б*** овогт П***-ийн Н*** /РД:***/-гийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б*** овогт М***-ын Т*** /РД:***/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ахжархын оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

П.Н*** шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Иргэн М.Т*** *** дүүргийн *** дугаар хороо, *** гудамж, *** тоот хашаанд амьдарч байсан. 2019.05.01-ний өдөр хашаа зарна үнэлгээг 10,000,000 төгрөг гэж тохиролцож бэлнээр 7,000,000 төгрөгийг өгсөн. Ковид гарсан тул нотариат ажиллахгүй гэсэн үндэслэлээр гар бичмэлээр баталгаажуулж мөнгө өгсөн. 2,000,000 төгрөгийг банкаар өгч, нийт 9,000,000 төгрөгийн тооцоо хийж газрын гэрчилгээг 2019.07.01-ний өдөр шилжүүлэхээр болсон, үлдэгдэл 1,000,000 төгрөгийг шилжүүлж өгье гэсэн. Түүнээс хойш 7 жил өнгөрсөн. Энэ хугацаанд зөндөө хэлж гуйсан. *** утсаар холбогдоход одоо шилжүүлнэ гэж хэлээд өнөөдрийг хүрсэн. Өөрийнхөө тодорхой хаягаа хэлэхгүй байна. Миний дүү Солонгост байгаа удахгүй ирнэ гэж хүлээлгэсэн. Надтай мөнгө авснаас хойш нэг ч удаа уулзаагүй. Утсаар ярьж 10,000,000 төгрөг нэмж өг тэгвэл шилжүүлж өгнө гэж хэлдэг. Эсвэл наад хашаанаас нүүж болно гэж доромжилдог. Би анх цаг тухайд нь түрээс төлдөг байсан. Худалдаж авснаас хойш тооцоог бүрэн дуусгасан. Чингэлтэй дүүргийн газрын албанд хандаж шалгуулахад Г***-ын Р*** гэдэг хүний нэр дээр байсан, гэрчилгээний дугаар нь ***, энэ хүн нас барьсан байна гэж надад хэлсэн.

Иймд, М.Т***-ын оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2026.05.04-ний өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3 х/,

-2026.05.05-ны өдрийн 404 тоот *** дүүргийн *** дугаар хорооны Засаг даргын ам бүлийн болон оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 4 х/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 5 х/,

-Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 6 х/,

-Гар бичвэр /хх-ийн 7 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Т***-ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар П.Н*** шүүхэд хүсэлт гаргажээ.

 

М.Т*** нь өөрийн Хаан банкны *** тоот дансаар хашааны мөнгө гэх утгатай, 2,000,000 төгрөгийг П.Н***-ээс авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү мөнгөтэй холбоотой нэхэмжлэл гаргах П.Н***-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 6-7 х/,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд П.Н***-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Т***-ын оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б*** овогт М***-ын Т*** /РД:***/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар М.Т***-ыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА