2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2026/08722

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 06 25 191/ШШ2026/08722

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: *** дүүрэг, *** дугаар хороо, *** гудамж, *** тоот хаягт оршин суух, Ө*** овогт Б***-ын А*** /РД:***/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б*** овогт Р***-ийн Б*** /РД:***/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ахжархын оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Б.А*** шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие 2025.11.21-ний өдөр малын арилжаа наймаа гэсэн группт *** гэсэн фейсбүүк хаягтай 14 бяруу үхэр зарна, *** аймаг утас ***, *** гэсэн зарын дагуу холбогдсон. 19 бяруун үхэр зарна манай нөхөртэй ярь гэж дугаарын өгсөн. Нөхөртэй нь ярихад 6,000,000 төргөг хийчих банкны өр төлөх гээд яаралтай мөнгө хэрэгтэй байна ирж бяруугаа авахдаа үлдэгдэл мөнгөө авна, эхнэр бид хоёр гээд бичиг баримт, паспортын зураг, малын бичиг, хаягийг чатаар явуулсан. Тэгээд *** Р.Б*** гэдэг дансанд 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Өвөл хүйтэн байна үхрээ ирж ав гэж байн байн хэлдэг байсан. Би 2025.11.29-ний өдөр Хэнтий аймгийн Дархан сумаас Дорнод руу явсан. Хэнтий аймаг дээр очсон чинь банкны үлдэгдэл мөнгөө төлөх гээд суман дээр ирсэн байна үлдэгдэл мөнгөө өгчих малын бичиг аваад бярууг чинь ачихад бэлдээд байж байя гэсэн. *** аймгийн *** сумын *** дүгээр баг, *** гэдэг газар хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд үлдэгдэл мөнгө болох 8,000,000 төгрөгийг *** тоот данс руу шилжүүлсэн. Нийт 14,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд яваад очиход утас нь холбогдохгүй, алга болсон. Мал зарна гэсэн групп дээр зар оруулсан чинь луйварчин, залилагч байсан, надаас өөр 10 гаруй хүнийг луйвардаж, залилсан байсан. Таньдаг цагдаагаас асуухад Р.Б*** нь *** хотод амьдардаг, ***-д байрлах, хашаа байшин, *** *** давхар, *** тоот байраа ББСБ-д тавьсан, *** гэдэг хүнтэй нийлж олон төрлийн луйвар, залилан хийдэг, 10 хэдэн хүнийг луйвардаж, залилсан, 10 гаруй утасны дугаартай, 20 гаруй данстай хүн гэсэн. Иймд, Р.Б***-ийн оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2026.05.07-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3 х/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 4 х/,

-Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 5 х/,

-Р.Б***-гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 6 х/,

-Гэрэл зургууд /хх-ийн 7-11 х/,

-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 12 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.Б***-ийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Б.А*** шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Р.Б*** нь өөрийн Хаан банкны *** тоот дансаар үхэр гэх утгатайгаар нийт 7,900,000 төгрөгийг Б.А***-ээс авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү мөнгөтэй холбоотой нэхэмжлэл гаргах Б.А***-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 5-11 х/,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд Б.А***-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.Б***-ийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа аймгийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б*** овогт Р***-ийн Б*** /РД:***/-г эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Р.Б***-г эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа аймгийн Цагдаагийн байгууллага болох Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА